Монголын цагаар урд шөнө дэлхийн эдийн засаг үймээнтэй байлаа. Уг нь хөрөнгийн захад хувьцаа унахад хувьцаанаас илүү найдвартай бондын эрэлт нэмэгддэг зүй тогтолтой. АНУ-д энэ зүй тогтлын эсрэг бондын үнэ хувьцаатай хамт унасан нь жинхэнэ аюулын харанга дэлдэв. Өнөөдрөөс Хятад улс АНУ-ын импортод 84% тарифф ногдууллаа. Бондын зах хямарч, шинжээчдийн шүүмжлэл ширүүсмэгц Трамп өглөөдөө Хятадад ногдох тариффыг 125% болгон нэмэгдүүлэхийн хамт Хятадаас бусад оронд ногдуулах тариффыг 90 хоног хойшлуулснаар хөрөнгийн зах түр амсхийж сэргээд байна.
АНУ-ын талаас одоогоор 125% болгосон тариффыг 400% болгох санал хүртэл яригдаж байгаа бол Хятадын талаас “эцсээ хүртэл үзэлцэнэ” гэж мэдэгдлээ. Хоёр талын дайсагнал эдийн засгийн ердийн хэм хэмжээний хилийг нэгэнт давж, цаашид таамаглахад төвөгтэй дүр зураг үүсээд байна. Худалдааны дайн ингэтэл ширүүссэн учрыг ухахад цаг хугацааг ядаж 80 жилээр ухраах хэрэгцээ бий. Цаашид энэ нийтлэлд худалдааны дайныг “дайн” гэж товчилъё.
Чөлөөт худалдаа
Бидний нүдэн дээр өдрөөс өдөрт нуран унаж буй дэлхийн дэг журам ерөнхийдөө дэлхийн хоёрдугаар дайны дараа угсрагдсан архитектур юм. 1945 оныг хүртэл Дэлхийн банк, ОУВС, НҮБ тус тус байгуулагдсаны дараа 1947 онд зурагдсан GATT буюу тарифф худалдааны ерөнхий гэрээ Дэлхийн худалдааны байгууллагын эхлэл болно. 1989 онд Хүйтэн дайн дуусгавар болсноор АНУ-ын бодлого чөлөөт худалдаа, глобалчлалыг дэмжих талдаа болж, 1995 онд GATT гэрээг албан ёсоор WTO Дэлхийн худалдааны байгууллага болгон өргөжүүлсэн. Улмаар Хятад улс 2001 онд WTO-д албан ёсоор элссэн ба Дэн Сяопины эхлүүлсэн шинэчлэлийн бодлогын үр дүн гарч эхэлсэн энэ үеэс дэлхийн худалдааны чөлөөт системд нэгдсэнээр Хятадын эдийн засагт үсрэнгүй өсөлтийн дотоод гадаад нөхцөл болзол зэрэг бүрджээ.
Нэг даажинтай нь 2001 оноос Хятадын өсөлт ба Дэлхийн худалдааны байгууллагын уналт зэрэгцэн өрнөж ирэв. Өөрөөр хэлбэл АНУ ба Хятадын худалдааны давуу талын баланс энэ үеэс эхлэн солигдсон гэж үзэх үндэстэй. Улмаар 2001 онд эхэлсэн Доха хэлэлцээр 2008 оны санхүүгийн хямралаар гацаанд орж, улмаар бүс нутгийн, улс хоорондын хэлэлцээрүүдэд задрах үйл явц өрнөсөөр 2017 оны Трампын засаглалтай золгосон. Трамп эхний засаглалаасаа “Америк нэгдүгээрт” уриа дор протекшинизм буюу үндэсний үйлдвэрлэлийг хамгаалах бодлого зарлаж, 2018 оноос Хятадын худалдаанд тарифф тогтоож, Хятадаас хариу тарифф тогтоосноор хоёр орон албан ёсоор эдийн засгийн дайны харилцаанд орсон.
Дайны шууд шалтгаан мэдээж АНУ-ын худалдааны алдагдал. WTO-д гишүүнчлэх үедээ 250 орчим тэрбум доллар буюу дэлхийн экспортын 3.9 хувийг эзэлж байсан Хятадын экспорт 2018 онд 2.5 их наяд доллар болж даруй арав дахин нугарч, глобал экспортын 12.7 хувийг дангаар хангах болсон. АНУ-ын Хятадтай харьцах гадаад худалдааны алдагдал 2001 онд 83 тэрбум доллар байсан бол 2018 онд 420 тэрбум доллар болж өсөөд байлаа.
Шинэ дайн
Технологийн их гүрэн АНУ яагаад Хятадаас ийм их худалдааны алдагдал хүлээх болов гэж бол сонирхолтой асуулт. Дэлхийн эдийн засагт сүүлдэж үйлдвэржсэн орнуудад цалингийн түвшин бага, өртөг хямд байх цикл давтагдсаар ирсэн. Гэхдээ түүхэнд түрүүлж хөгжсөн орнууд технологийн давуу талаа хадгалж, сүүлдэж хөгжсөн орнуудад илүү анхдагч, хүнд үйлдвэрлэлийн хувь өсдөг зүй тогтолтой явж ирсэн байдаг. Энэ зүй тогтол үйлдвэрлэлийн хувьсгалын 4 дэх шат буюу технологийн шатанд хүрээд эвдэгдэв. 4 дэх шатанд хөгжлийн хурдатгал нэмэгдэж, сүүлдэж гараанаас гарсан орнууд өмнөхөө бүх салбарт гүйцэж эн тэнцүү өрсөлдөх болов. Нөгөө талаар Америк болон Европ Хятадыг шударга өрсөлдөөнөөр бус заль мэх, оюуны өмчийн хулгай, шударга бус дарамт шахалтаар давуу тал эзэллээ гэж буруутгадаг. Зарим судалгаанд Хятадыг оюуны өмчийн хулгайгаар АНУ-д 600 хүртэлх тэрбум долларын хохирол учруулсан гэж үзэх жишээтэй байна. АНУ-ын дотоод улстөрийн хямрал, зүүний үзлийн хэтийдэл мөн нэг хүчин зүйл болж таарах авч тэр талаар тусад нь авч үзэхгүй бол нэг нийтлэлд зай эс хүрэлцэнэ.
Худалдааны алдагдлаа протекшинист бодлогоор хамгаалах явдал АНУ-ын түүхэнд ч, дэлхийн эдийн засагт ч шинэ үзэгдэл биш билээ. Анхнаасаа нэгдсэн улс байгуулагдахдаа шинэ тутам үйлдвэржиж байсан Умардын протекшинизм ба хөвөн экспортлодог Өмнөд хоорондын зөрчлөөс улбаатай дайнаар гараанаас гарсан байдаг. Дотооддоо шинэ тулгар нэгдсэн улсаа муж улсуудаас хамгаалахын зэрэгцээ Европын төмөрлөгт тарифф тогтоож ган төмөрлөгийн үйлдвэрлэлээр гүйцэж түрүүлж байлаа. 1980-аад онд Японы автомашин, хагас дамжуулагчаас зах зээлээ хамгаалахын тулд доллартай харьцах иенийн ханшийг хүчээр шахуу өсгөж, Японы эдийн засгийг алдагдсан 10 жил рүү түлхэж байсан ч удаатай. Гэхдээ эдгээр протекшинист алхмууд энэ удаагийн АНУ, Хятадын худалдааны дайны хажууд бүс нутагт, эсвэл тухайлсан салбар доторх өрсөлдөөнөөр хязгаарлагдаж байв. Өнөөг хүртэлх хамгаалах бодлогоос энэ удаагийн дайн дор хаяж дараах шинжүүдээр ялгарч байна.
- Хамрах хүрээ: Урд өмнө дэлхийн эдийн засагт глобал үйлдвэрлэлийн бараг талыг эзлэх хоёр талын дунд бүх салбарыг хамарсан бүрэн хэмжээний дайн дэгдэж байсангүй.
- Харилцан хамаарал: Урд өмнө дэлхийн эдийн засагт ийм өндөр харилцан хамааралтай хоёр талын дунд дайн дэгдэж байсангүй. Liang, Ding(2019) судлаач нарын тооцоолсноор Хятадаас АНУ-д гаргах экспортын 60% нь АНУ-ын болон гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хийгдэж байх жишээтэй байна. Хятад улс худалдааны илүүдлээс орсон валютаар эргүүлээд АНУ-ын засгийн газрын бондыг худалдан авсаар энэ дүн даруй 759 тэрбум долларт хүрээд байна.
- Глобал хамаарал: Хоёр улсын хамаарлаас гадна дэлхийн эдийн засгийн хамаарал түүхэнд байгаагүй өндөр түвшинд хүрсэн. ОУВС-ийн тайланд дурдсанаар 1990 онд дэлхий нийтэд 1.7 их наяд доллар байсан шууд хөрөнгө оруулалтын нийт дүн энэ оны 2 сарын байдлаар 41 их наяд доллар болж өсөөд байна.
Энэ утгаараа дэлхий дахин ийм гүнзгий хамааралтай харилцааны агуулгад анх удаа ийм цар хүрээтэй дайн үзэж байна гэж дүгнэх үндэстэй. Дэлхий ийм гүнзгий хамааралд орсон 50 орчим жилд баялаг хуваарилалт, орлогын ялгаа мөн урд хожид байхгүй гүнзгийрснээр глобалчлалын эсрэг үзэл, популизм, үндэсний болон үндсэрхэг бодлого газар сайгүй эргэн сэргэсэн нь мөн Трамп ба түүний “Америк нэгдүгээрт” бодлогын хөрс болж өгөв. Эдийн засаг, худалдаанаас гадна улстөрийн хувьд энэ дайн мөн шинэ агуулгад өрнөж байна.
Супер хүчнүүд
Олон улсын харилцааны онолд тодорхойлдог great power буюу “их хүч”, “супер хүч” зэрэг ойлголтуудаар дэлхийн түүхэнд хамгийн их хүчний нийлбэр хоорондоо зөрчилдсөн үе дээр ирлээ. Дэлхийн нийт армийн зардал 2024 онд түүхэн дээд хэмжээ 2.44 их наяд доллар хүрсэн ба үүний 49% буюу тал хувийг АНУ, Хятад хоёр эзэлж буй. Олон улсын улстөр судлаач Миршаймерийн дүгнэснээр АНУ нь орчин үеийн улстөрийн түүхэнд бий болсон цор ганц “их гүрэн” бөгөөд бөмбөрцгийн баруун талыг засаглаж ирэв. Тэрээр чухамхүү Хятадын өсөлт дөнгөж эхэлж байсан 2001 онд БНХАУ нь бөмбөрцгийн зүүн хагаст АНУ шиг суперпауэрийн бодлого хэрэгжүүлэх ба энэ хоёр супер хүчний зөрчил хурцдана гэж таамагласан байдаг. Түүнчлэн коммунист ЗХУ ба капиталист АНУ зөрчилдөж байсан хуучин Хүйтэн дайнаас ялгаатай нь хоёр супепауэрийн нэг нь капиталист зах зээлтэй коммунист улстөрийн дэглэмтэй улс гэдгээрээ мөн ялгаатай. Тиймд өчигдрийн бондын зах зээлийн уналт шиг зах зээлийн харилцан хамаарал дунд хоёр их хүчний зөрчил үүссэн ярвигтай нөхцөл байдалтай хүн төрөлхтөн анх удаа нүүр тулгараад байна.
Дэлхийн энх тайвны хувьд bipolar буюу хоёр тулгуурт дэглэм илүү тогтвортой байдаг гэж үзсэн онолын дүгнэлтүүд байдаг ч тулгуурын тоонд өөрчлөлт гарч байх үед улстөрийн тогтворгүй байдал үүсдэг(Wayman, 1984). Энэ мэтчлэн олон талаас авч үзэхэд хоёр их хүчний дунд милитар дайн өрнөх эрсдэл өндөрссөн цаг үе авч мөн Миршаймер нарын дүгнэснээр далайгаар алслагдсан хоёр улс тул армийн дайнаас өмнө эдийн засаг худалдааны оронзайд дайтаж буй гэж дүгнэх үндэстэй. Өөрөөр хэлбэл энэ дайн эдийн засгийн хэлбэрт орсон их гүрний статусын төлөөх геополитик, улстөрийн дайн юм. Тиймдээ ч гаалийн тариффууд эдийн засгийн агуулгаа нэгэнт алдаж, хоёр талын харилцан үл буулт хийх хандлага, үзэл суртлын дайн мөн дээд түвшинд хүрч хурцдах болов.
Энэ мэтчилэн аль ч утгаараа дэлхийн түүхэнд шинэ тутам дайн өрнөж буй тул үйл явдлын өрнөл ба үр дагварыг урдчилан таамаглахад хэцүү нөхцөл байдал үүсээд байна. Өчигдрийн “хувьцаа-бонд-газрын тос-доллар” дөрвөл уналт жишээ нь урд өмнө барагтай ажиглагдаж байгаагүй хямрал юм. Ямартай ч ойрын үеийн өрнөл болон бусад сургамжаас баримжаалахад судлаач, шинжээчдээс энэ удаагийн дайн дор хаяж дараах эрсдэлүүдийг агуулж буй талаар сануулга, зөвлөмж гаргасаар байна.
- Дэлхийн эдийн засгийн агшилт(deadweight loss). ОУВС-аас эшлэвэл худалдааны дайнаар дэлхийн эдийн засаг 2020 онд 0.8%, АНУ-ын эдийн засаг 0.2% агшчээ. Трампын хоёрдох засаглалаар тариффын түвшин өмнөхөөс хэд дахин нэмэгдэж буй тул энэ хувь мөн нэмэгдэх магадлалтай.
- Баялаг хувийн хэвшлээс төрд шилжих. Гаалийн тарифф ногдуулах нь эцсийн хэрэглэгчдэд очих бараа бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлж, инфляцийг өсгөдөг ч төрөөс татах тарифф нэмэгдэж засгийн газрын зарцуулалтад ногдох болдог.
- Жижиг дунд үйлдвэрлэлийн хямрал. Хямд өртөгтэй түүхий эдийн импорт ашиглан үйлдвэрлэл явуулдаг бизнесүүд дампуурах эрсдэл. Өчигдөр ЖП Морганаас нийтэлснээр АНУ-ын жижиг дунд бизнесүүд хямрал дэгдэх магадлал 89% гэж үзэж байгаа аж. Хятад, АНУ-ын үйлдвэрлэгч бизнесүүдэд хоёр орноос харилцан импортлосон түүхий эд 30-40% эзэлдэг.
- Санхүүгийн захын хямрал. Протекшинист бодлогын дүнд ялангуяа монополь салбарууд хамгаалагдах, худалдааны алдагдал багасах зэрэг үр дүн гарах удаатай ч АНУ-ын хөрөнгийн захын хөдөлгөөн бизнесүүд болон хөрөнгө оруулагчид дайны үр дагаврыг сөргөөр төсөөлж байгааг баталсаар байна. Трампын тангараг өргөх ёслолоос хойш АНУ-ын 500 том компанийн үнэлгээг индекслэсэн S&P багц бараг 20% унасан нь мөнөөх 2001 оноос хойших хамгийн том уналт. Үүний дээр Хятадууд АНУ-ын засгийн газрын бонд(дээр дурдсан 759 тэрбум долларын өрийн бичиг)-оос худалдах операц хийвэл АНУ-ын засгийн газрын хүүгийн төлбөр жилд 30-40 тэрбум доллароор нэмэгдэх эрсдэл мөн шинээр үүсчээ.
- Олон улсын дэг журам, хуулийн засаглалын хямрал. Худалдаа эдийн засгаас том, тусдаа сэдэв бөгөөд Трампын эхний засаглалаас хойш их гүрэн АНУ “Америк нэгдүгээрт” бодлого хэрэгжүүлэх болсноор дэлхийн хоёрдугаар дайны дараа тогтсон олон улсын харилцааны дэг журам эвдэрч, дэлхийн улстөрд итгэлцэл, тогтвортой байдлын хүлээлт унаж буй талаар дээр дооргүй хэлцэгдсээр байна. Дэг журам эвдрэх тусам хоёр их хүчний дунд худалдааны дайнаас армийн дайн руу шилждэг түүхийг давтах эрсдэл улам нэмэгдэх болно.
Худалдааны дайн Монголд
Манай Монголын эдийн засаг сүртэй индастриал бүтэц, механизм гэж юмгүй тул Азийн хямрал, 2008 оны санхүүгийн их хямрал, ковидын хямрал гээд дэлхийн эдийн засагт дэгдсэн удаа дараагийн хямралд нэг л замаар, нэг л дүр зургаар өртдөг. Дэлхийн эдийн засаг хямрахад инфляц нэмэгдэж эцсийн хэрэглэгчдийн худалдан авах чадвар буурна. Хөрөнгө оруулагчид компаниудаас хөрөнгөө татна. Бонд, өрийн бичгийн хүү нэмэгдэж зээл үнэтэй болно. Компаниуд ирээдүйд оруулах хөрөнгөө татаж, энэ нь дам дамаа манай гол худалдан авагч Хятадын дотоодын хэрэглээ ба дэлхийн экспорт унахад хүргэнэ. Нүүрс, зэс түүхий эдийн үнийн уналтаас гадна ган, төмөрлөг, барилгын материалын салбарууд агшихад нүүрсний нийлүүлэлтийн хэмжээ мөн унахад хүрнэ. Энэ нь төсвийн орлого тасалдахад хүргэж windfall өндөр орлоготой үед огцом нэмсэн төсвийн зарлагаа санхүүжүүлж чадахгүйд хүрнэ. Төсвийн алдагдал нэмэгдмэгц Засгийн газраас өрийн бичиг гаргаж тэртэй тэргүй хямралд шахагдсан бизнесүүдтэй мөнгө булаацалдана. Энэ процесс аль хэдийн эхэлсэн ба энэ долоо хоногт Оюун-Эрдэнийн Засгийн газар 60 тэрбум төгрөгийн бонд арилжаад байна. Экпортын орлого буурахад долларын нийлүүлэлт хомсдож, төгрөгийн ханш унана. Унасан ханшийг мөнгө хэвлэж болон өрийн удирдлагын алдаагаар улам нэмж унагана. Амьдрах өртөг улам үнэтэй болно. Үүнийг бичиж буй агшинд Монголд инфляц 10.3%, ам.долларын албан ханш 3,529₮ хүрсэн байна.
Энэ зураглалыг дахин давтахгүйн тулд хоёр сонгуулийн цикл дамнан ивээсэн түүхий эдийн өсөлтийн циклийг ашиглан реформ хийх хэрэгтэй байсан ч энэ Засгийн газар яг эсрэгээр нь хийсээр энэ хүрсэн тухай өмнөх нийтлэлүүдэд тал талаас нь бичсэн тул энд гол алдаануудаас товч тоймлоё.
- Төсвийн зарлага. 2019 оны эцэст 11.6 их наяд байсан төсвийн зардал, цэвэр зээлийн дүн 2024 оны эцсээр 30.3 их наяд болж даруй 2.6 дахин нэмэгдсэн. Энэ зарцуулалт эдийн засгийн зориулалтаар гэхээсээ эрх мэдэл, засаглалыг төрийн төсвөөр худалдан авахад зориулагдсан. Тухайлбал төрийн албан хаагчийн тоо 200 мянгаас 230 мянга болж нэмэгдсэн.
- Мега төслийн санхүүжилт. Зах зээлийн реформ микро буюу бизнесийн субъектуудын өсөлтийг дэмжих чиглэлд хийгддэг бол Оюунэрдэнийн Засгийн газрын бодлого мега төслийн санхүүжилтээр төрийн өмчийн болон төсвийн клиентүүдийг санхүүжүүлэх чиглэлд хэрэгжсээр байна. Энэ нь мөн улстөрийн санхүүжүүлэгч клиентүүдийг төрийн төсвөөр худалдан авах эрх мэдлийн улстөр болно. Хөрвөх чадваргүй том төслүүд хямрал болоход орлогогүй зардлын дарамт төсөвт үүсгэж, Хятадын өрийн хамаарал улам нэмэгдэнэ.
- Нийслэлийн төсөв. Улсын төсвөөс үнэ тогтворжуулах, Хөгжлийн банк зэрэг хөтөлбөрт хувааж төсвийн сахилга бат алдагдсан алдаанууд энэ удаа нийслэл рүү шилжсэн. Улсын төсвийн хяналтаас гадуур 5.7 их наядын зардал, 1.6 их наяд төгрөгийн алдагдалтай хэт том төсөв нийслэлд тавьснаар нийслэл үндсэндээ хулгай дээрмийн шинэ үүр болсон. 600 сая төгрөгийн төсвөөр будаатай хуурга тараах бол наад захын жишээ.
Ийнхүү монголчууд бид дэлхийн эдийн засгийн түүхэнд дэгдэж буй хамгийн том, хамгийн ширүүн худалдааны дайныг цоорхой шуудайтай төсөв, үр ашиггүй нүсэр том төрийн аппарат, улсын мөнгөөр дур зоргоороо гараа угаадаг өлөн бөгөөд малан маанаг мээртэй угтаж байна. Дэлхийн худалдааны дайн эдийн засгийн гэхээсээ суперпауэр хоорондын хүчний зөрчил. Монголын эдийн засаг мөн экономиксын гэхээсээ эрх мэдлийн буюу политикал шинжтэй болсоор байна. Тиймд парламентад суудалтай намууд цаг үеийн сэрэмж, мэдрэмжтэй байж, улстөрийн гаргалгаагаар шинэ Засгийн газар байгуулж, эдийн засагт наад захын эдийн засгийн зарчмуудыг нь нэвтрүүлэх хүн Ерөнхий сайдаар томилж байж анх удаа эдийн засаг яригдана. Дайны байдалд хэн ч бүсээ чангалж, биеэ бэлддэг атал монголчуудыг бусдын тогоонд хуурсан будаатай хуурга булаацалдуулж, улам доройтуулж сууна гэдэг үндэсний эрх ашгийн эсрэг өдүүлж буй гэмт хэрэг мөн. Дэлхий дахинд өвөл айсуй!