Төрийн бүтэц 4 жил тутмаар өөрчлөгдөж, урт хугацааны тогтвортой бодлого хангагдаагүйгээс төрийн албан хаагчдын залгамжлал буюу Төрийн институцийн дархлаа алдагдаж, алба хаагчдын сэлгээний эргэлт хэт ойртон, төрийн захиргааны санах ой (Institutional memory) үгүй болсон.
Төрд ажиллах алба хаагчдын карьерын өсөлтийн уламжлалт загварчлалыг хэрэгжүүлэх боломжгүй болгосноос үүдэн төрийн алба хаагчдын төрд итгэх итгэлийг алдагдуулж, тухайн хугацаандаа ашиг сонирхлын зөрчилд өртөмтгий, урт хугацааны баталгаагүйн улмаас авилгад автамхай, бодлого болон хууль хэрэгжих системгүй болох үндэс болж байна.
Нэгэнт залгамжлалгүй болсон Төрийн институцэд Мэдлэгийн капитал үнэ цэнэгүй болж, тухайн цаг үеийн засаглалыг төлөөлөх хэсэг бүлэг этгээдийн хяналтгүй авирлалын сүлжээ болон хувирсан. Иймдээ ч аль ч төрийн байгууллага нийгэмд үйлчилдэг Төрийн машины тасралтгүй ажиллах систем нь бус, харин түр хугацаагаар саатан өнгөрөх “дараачийн ээлжийн” төсөв шулаачид гэж нийгэмд харагдах болсон.
“Албан тушаалын ханш”, “Тэр даргын шахаас”, “Мотортой хүн”, “Найраатай мест”, “Цавчааны ажил”, “Шагналын албан тушаал”, “2 дугаар ээлжийнхэн” гэх мэт нэршил, нэр томьёо бараг албан ёсны болж хэрэглэгдсээр удаж байна
. Бид ч үүнд байх ёстой мэт дасан зохицож. Харахад төдийлөн ач холбогдолгүй мэт боловч энэ их эмх замбараагүй төрийн алба хаагчийн сэлгээ нь өөрөө төр, нийгмийн хөгжилд ямар хор уршигтайг тайлбарлах илүүц.
Хувийн хэвшлийнхэн шинэ ажилтан аваад шууд хөдөлмөрийн харилцааны үр шим авах ямар ч бололцоогүйгээ мэддэг тул ажилтнуудаа тогтвортой хөгжүүлэх бодлогод багагүй хөрөнгө оруулалт хийж байдаг. Тухайн нэг ажилтнаас хөдөлмөрийн эцсийн үр шимийг авахад бэлэн болох хүртэл дор хаяж 3 жил шаардагдана.
Үүнийгээ ч ухамсарладаг тул байгууллагын Хүний нөөцийг, ялангуяа мэргэшсэн ажилтны бэлтгэлийг урт хугацааны хөрөнгө оруулалтын төрөлд оруулж жишдэг.
Гэтэл төр яахаараа дандаа алдагдалтай, чанаргүй, найдваргүй бүхний цуглуулга болох ёстой гэж?
Тэр дундаа хамгийн голлох хөшүүрэг болох Хүний нөөцийн бодлого хамгийн найдвартай, хамгийн баталгаатай, урт хугацааны дархлаагаар хангагдсан байж гэмээнэ "Төрийн машин" алив алдаагүй, тасалдалгүй, тогтмол, найдвартай ажиллагаагаар хангагдаж байх учиртай юм.
Бид нэг бол Сингапур гэх мэт улс орны загварыг судалж Төрийн албаны цалинг өсгөх, үгүй бол Баруун Европынхны Төрийн байгууллагын алба хаагчид шиг цалин бага ч эмнэлэг, сургууль, орон сууц, аялал амралт, тэтгэврийн сангийн халамжийн давуу эрхийг эдлэх гэх мэт боломжийг олгох замаар Төрийн албанд орох босгыг өндөрсгөх шаардлагатай
. Тэгж гэмээнэ маш хүчтэй өрсөлдөөнд оруулж байж сонгон шалгаруулах системийг бүрдүүлнэ. Энэ хэрээр Төрийн алба хаагчийн карьерын өсөлтийн бодлогыг зөв тодорхой болгож, хариуцлагыг чангатгана.
Төрийн албаны нэр хүндийг сэвтүүлсэн алба хаагчийг өөрийг нь төдийгүй ойрын төрөл саданг 15-20 жилээр төрийн аль ч албанд орох эрхгүй байх хориг тавьдаг болгосон ч буруутахгүй болов уу.
Чингэхдээ сахилга шийтгэврийн механизм нь албан тушаалтны үзэмжээр эсхүл хамтран ажиллагсдынх нь явуулгаар дарангуйлан хэлмэгдүүлдэг буруу ишилсэн сүх шиг байхааргүй, шударга ёс, ижил үйлчлэлтэй, хууль эрх зүйгээр хамгаалагдсан байх ёстой.
Бид Төрийн алба хаагчдыг ам уралдан муулж, нийгмийн бүхий л бухимдлаа тэдэн рүү хаягласнаар нийгэмд бугшсан авилга арилахгүй нь тодорхой. Алдаа гаргасан албан тушаалтнууд доод шатны ажилтанруугаа бухаж өөрөө нэр цэвэр үлддэг, сонгууль бүрээр бүтэц, бүрэлдэхүүнээрээ буснидаг, нэгэнт өнөөдөр нь баталгаагүй хүний ирээдүй итгэлгүй байдаг тул нам, засаг дагаж намирч хувирсан үеийнхнээ яаж ч зүхээд Авилгын хөрсийг бий болгож буй асуудлаа шийдэхгүй л бол Төрийн алба хаагчид тогтворгүй хэвээр, Мэргэжлийн удирдлага бий болно гэж бараг үгүй
. Хэрэв Төр менежер юм бол төрд ажиллах менежерүүд амьдралаар шалгарч шүүгдсэн, хамгийн шигшмэл алба хаагчдаас л бүрдэж байж Төр нэр хүндтэй, дархлаатай, үүрд мөнх бат бэх орших үндэс нь байх болно.
Сэтгэгдэл бичих