Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ эрчим хүчний үнэ чөлөөлөх нь зөв байсан гэж мэдэгджээ. Монголд эрчим хүчний үнэ, тарифф нэмэгдсэн болохоос чөлөөлөгдөөгүй. Үнэ чөлөөлөх гэдэг нь зах зээлийн эдийн засгийн онол дахь “чөлөөт үнэ” гэсэн ойлголттой холбоотой ба үүнд тодорхой болзлууд тавигддаг. Манай улсын эрчим хүчний салбарт энэ ойлголт хамаарахгүй болох талаар дор тайлбарласан бий.
Чөлөөт үнэ ба зах зээлийн талаар
2024 оны аравдугаар сарын 31
Нэгд, зах зээлийн ҮНЭ гэдэг юм зах зээл буюу эрэлт нийлүүлэлтийн механизмд хамаарна. Чөлөөт зах зээл гэдэг нь товчдоо нэг буюу цөөн тоглогч үнэд нөлөөлөх боломжгүй чөлөөт өрсөлдөөн бүхий бүтцийг хэлж байна. Хоёрт, монополь үнийг чөлөөлөх гэдэг нь үнэ нэмэхийг биш харин зах зээлийн тэнцвэрээр илүү дор түвшинд үнэ тогтох боломжийг хэлнэ. Тэр утгаараа чөлөөт зах зээл, өрсөлдөөн огт байхгүй салбарт үнэ чөлөөлөх гэдэг ч, мөн чөлөөлөх нэрээр нэмнэ гэдэг нь ч улаан цагаан тархи угаалт, улстөрийн манипюляц болно.
Манай улсын эрчим хүчний салбар өрсөлдөөнөөр үнэ тогтоох түвшинд очсон зах зээл биш гэдгийг уг нь тайлбарлахад илүүц. Тийм зах зээлийн анхан шатны шинж entry, market access буюу зах зээлд нэвтэрч өрсөлдөөнд нэгдэх боломж нээлттэй байх хэрэгтэй байдаг. Наад захын жишээ V цахилгаан станц гэхэд Монголын өмнөө барих инженерчлэлийн компани Солонгос, Япон хөрөнгө оруулагчидтай нийлж салбарт нэвтрэх гэж хэдэн жил үзээд чадаагүй. Багануурт эрчим хүчний станц барих ажил мөн л ашиг сонирхлын зөрчилтэй группийн акцаас болж зогссон. Мөн зах зээлд зах зээлийн тэнцвэрээр үнэ тогтохын тулд хүчтэй эрэлт бүхий динамик хэрэгтэй байдаг. Өнөөдөртөө эрчим хүчний хомсдол яригдаж байгаа авч Монголд үйлдвэрлэл хөгжөөгүй тул маркет үүсгэх эрэлт нь байхгүй. Эрэлттэй зах зээл ядаж л төрийн төсвийг данхайлгаж, бизнесүүдийг дампууруулахаа болихоос эхэлж үүснэ. Гуравт, зах зээлд хэрэглэгчдэд ашигтай шударга үнэ тогтохын тулд нэг тоглогч дураар үнэ тогтоох боломжоос хамгаалагдаж байх хэрэгтэй байдаг. Гэтэл Монголд эрчим хүчний салбарт шинээр нэмэгдэж буй Бодь групп гэхэд зүгээр л өөрийнхөө хүнийг нийслэлийн орлогчоор хээв нэг томилчихсон, нөгөөх нь -Хүн алчихаагүй л бол болоо биз дээ гээд зогсож байна. Өнөөдөр явж буй үнэ нэмэх лоббины ард аль нэг хувийн тоглогч байхыг үгүйсгэх аргагүй. Ийм авлигажсан салбарт зах зээл, чөлөөт үнэ гэдэг юм тогтох ч боломжгүй, орших ч боломжгүй.
Тогтох ч боломжгүй, орших ч боломжгүй салбарт реформ хиймэгц эрчим хүчний хямрал дэгдэх, эргээд улсын эрчим хүчний системээс ч их үнээр хямралыг туулах тохиолдол нэг бус удаа гарсан. Дэлхий дахинд эрчим хүчний салбарын реформ харьцангуй шинэ түүх ба 1980аад онд хийсэн Чилийн реформоос эхэлдэг. 1980-аад оноос хойш реформ хийхийн зэрэгцээ салбарт хангалттай өрсөлдөөн үүсгэж чадаагүй Белги, Итали зэрэг орнуудын туршлага, нэн ялангуяа нийлүүлэлтийн үнийг хяналтаас алдаж АНУ-ын Засгийн газрыг 25 тэрбум доллароор шатаасан Калифорнийн эрчим хүчний их хямралаас хойш улс орнуудад бодлогын болон академийн түвшинд шууд хувьчлал, реформ санал болгохоос татгалзах хандлагатай болсон. Санал болгох бол улс, салбар, засгийн газрын түвшинд багцаар хэрэгжүүлэх “сурах бичиг, гарын авлага” маягийн хөтөлбөр цогцоор нь дэвшүүлэн тавих болов. Ийм гарын авлага хөтөлбөрт улстөрийн болон зах зээлийн суурь институцийн хөгжил заавал нөхцөл болж багтах тул үүнд манай улс тэнцэхгүй гэж үзэж болно. Тэгэхээр өнөөдрийг хүртэл эрчим хүчний реформ хийсэн улс орнуудаас нөхцөл хангаагүй зарим нь дампуурч, эрчим хүчний хямрал, доголдолд орсон талаар Доржханд, Цэнгүүн нарын хулхи реформистууд яагаад огт дурддаггүй билээ? Ерөөсөө мэдэхгүй байж болох юм. Зарим хүний үгийн сан, ярианы агуулгаас эдийн засаг мэдэх ойлгох эсэх нь ер нь мэдэгдэнэ. Гадарлаж байгаа зарим нь бол зориуд нуун дарагдуулж буй нь мэдээж.
Тэр дундаа эдгээр хүмүүс нүүрсний станцуудын сүйрлээр ард түмнийг айлгах атал сэргээгдэх эрчим хүчний зардлын асуудлыг огт хөнддөггүй нь хачирхалтай. Монголын эрчим хүчний системийн хүчин чадлын 9 хувийг нийлүүлдэг атал нийт орлогын 35 хувийг авдаг амттай бизнес мөн л нөгөө MCS Ж.Оджаргал нарын сэдсэн схем. Ийм баялаг зувчуулагчдыг баялаг бүтээгчид гэж тархи угааж шүтүүлж байхад араар нь иргэд бидний төлсөн цахилгааны төлбөр үйлдвэрийн зуух, системийн шинэчлэлд биш эдний хармаанд орж байдаг. Энэ талаар хөндөж ярьдаг Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нарын цөөн хэдэн хүнтэй. Энэ мэт сэргээгдэх гэхээсээ “сэргэлэн” бизнесүүд бол улс орондоо нийцэхгүй ногоон үзлийн элдэв төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх байдлаар амьдардаг хүмүүсийн оролцоотой хийгддэг ажил.
Тэгээд цахилгаан дулааны станцын алдагдлыг яах вэ, зогсчих гээд байгаа бус уу гэж асууж таарна. Үнэ чөлөөлөх биш үнэ нэмэхийг бол манай улс зугуу зугуухан хэрэгжүүлсээр ирсэн. 2001, 2005, 2008, 2022 онуудад нэмсэн шигээ тодорхой индексээр нэмэхийн тулд ингэж мэдэх мэдэхгүй юмаа улс даяар ярьж шоудах ямар ч хэрэггүй байлаа. Энэ нь эсрэгээрээ гай болов. Эрчим хүчний зохицуулах хороонд үнийг индексжүүлж нэмэх аргачлал, журам нь бэлэн батлагдаад хэвтэж байдаг. Тэрийгээ хэрэгжүүлэхэд л болох юм. Нөгөө талаар эрчим хүчний салбарын нийлүүлэлт талын алдагдлыг бууруулах арга замыг эрэлхийлэлгүйгээр шууд хэрэглэгч талд үүрүүлж буй талаар иргэд, мэргэжилтнүүд олон талаас хөндсөөр байна. Үүнд түгээлтийн алдагдал, хулгай, салбарын авлига гээд олон асуудал хөндөгдөж таарна. Түүнчлэн улсын төсөв төлөвлөхдөө хурал форум, үзвэр ший, оффисын худалдан авалт, барилга байшинд хоёр, гурван их наядаар зардал нэмэгдүүлсэн атал эрчим хүчний 280 тэрбумын алдагдал санхүүжүүлж чадахгүй хэмээх бүр тусдаа нэг асуудал ч байна.
Эцэст нь Монгол Улс эрчим хүчний реформ гэдэг юмыг ерөөсөө хийж чадахгүй улс уу гэдэг асуултад хариулъя. Реформ гэдэг юм ерөөсөө зах зээлийн чадварыг сорьдог тул чадах эсэхээ эхлээд мах, талх, такси, энэ гурван үндсэн зах зээл дээрээ шалгах хэрэгтэй. Эрэлт нь динамик, өрсөлдөөн үүсэхэд хялбар, нийлүүлэлт ч хийгдэхэд хялбар бүтээгдэхүүнүүд тул хамгийн тохиромжтой. Ийм наад захын хэрэглээгээ ч одоогийн байдлаар монголчууд бид зах зээлийн механизмд оруулж чадаагүй явна. Мах гэхээр ченж оролцох ёсгүй гэнэ. Комплекс зах зээлд дундын шат дамжлага заавал үүсэх ёстой. Гурил гэхээр Амарбаясгалан гарч ирээд асар зовлонтой юм ярьдаг. Такси бол 1990-ээд онд явж байсан шар таксинаас хойш ерөөсөө коммунист эдийн засгийн хамгийн том хохирогч болсон салбар. Нөхцөл байдал ийм тул эрчим хүчээр улстөр хийж байгаа Цэнгүүнд гадна дотнын ах нарын түлхээсээр ард түмний аж амьдралд амин чухал салбар руу орохоос өмнө талхны зах зээл дээр эрэлт нийлүүлэлтийн муруй зурж, тэнцвэрт үнэ олж сураарай гэж зөвлөх байна. Доржханд, Гантөмөр хоёрт бол манайхаас хэдэн мянган жилийн өмнөөс хэд дахин өндөр түвшинд хөгжсөн хэдэн триллион долларын зах зээл бүхий орнууд ч аргыг нь бүрэн гүйцэд олоогүй байгаа эрчим хүчний реформ ярьж МАНгасын аманд унахаасаа өмнө хэдэн бор нээлттэй хувьцаат компаниудынхаа тайланг хуулийн дагуу гаргуулдаг болчих гэж зөвлөх байна.
Энэ гурваас гадна Монголд зах зээлийн хөгжлийн потенциалтай хоёр гурван түүхий эд бий: Нөгөө л зэс, нүүрс. Эрчим хүчний сайд Чойжилсүрэн эрчим хүчний салбарт реформ хийж, олон нийтэд нээлттэй компани болгоно гэж ярьжээ. Энэ хүнд мөн хэлэх зөвлөгөө байна: Эхлээд дэлхийд хамгийн эрэлттэй, хамгийн борлуулалттай зэс, нүүрс хоёроо амьд зах зээл, олон нийтийн компани болгоод үзүүлчих. Энийг чадахгүй бол эрчим хүчийг чадахгүй нь мэдээж учраас. Ер нь тэгээд амьдрал, зах зээл хоёр мах, гурил хоёроосоо эхэлдэг билээ.