Хуулийн шинэтгэл (шинэчлэл гэж нэрлэж байгаач угтаа шинэтгэл юм л даа) гэх яагаад бүтэлгүйтээд, гацаанд орсны шалтгааныг практик болон онолын хувьд тайлбарлахыг оролдъё.
Ер нь бүх юм байгаа байгаа байрандаа байгаад байвал болно л доо. Гэхдээ ямар нэг байдлаар тухайн зүйл хөдөлгөөнд орохгүй бол үхжиж, үнэр орж, улмаар өөртөө зөв, болж байгаа мэт санагдах агаад, цаашлаад ойр орчимдоо байгаа бусдыг хөдөлгөхгүй, өөрийн дүрмээр байлгах гэж албадах, вирусаа халдварлуулж, өвчлүүлж эхэлдэг.
Яг энэ байдал манай хуулийн салбарт нүүрлээд даруй 13 жил болж байгаа. Б.Чимид багш нэгэнтээ над хүн ч, аливаа салбар ч дөрвөн жил тутам заавал жаахан ч гэсэн өөрчлөлтөд орж байх нь зөв байдаг гэж хэлж байсан. Тухайн үед өвгөнийг сонгуулийн жил байсан ч болоод тэрүү сонгуулийн тухай хэлж гэж бодоод өнгөрсөн ч, одоо бодохноо ихээ гүн логиктой үг байжээ гэж байнга боддог болсон.
Хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, хэм хэмжээний систем хууль мөн үү?
Монгол төрт ёсны түүхэн уламжлал нэн эртнээс хэтийдсэн үндэстэн гэдэг ч үнэндээ арван зургадугаар зуунаас хойш алдагдаж, жалгын сэтгэлгээ ноёрхох болсноор эрх зүйн төлөвшилтийн зохистой байдал алдагдсан тэр үеэс эхлэн Монголын хууль гурван хоног гэх сэтгэлгээний төлөвшил тогтчихсон. Энэ нь Монголын фёодалууд хэлэлцэн, уралцан байж нэг хууль, эрхийн акт гаргачихаад түүнийгээ нөгөө баталсан субьект нь өөрөө эхлэн зөрчснөөр үнэ цэнэгүй болгочихдогийг хэлсэн үг биз.
Тэгвэл одоо манай үед энэ нь яг хэвэндээ, бүр дордоод байна. Тухайлбал, социализмыг цогцлоох үед төрийн шийдвэр, намын даалгавар хоёрын аль нь хүчин чадалтай эрх зүйн баримт болохыг ялгалгүй явж ирсэн. Одоо бүр олон хууль, эрхийн актуудын давхардал, хийдэл, үйлчлэлийг яах эсэх нь арга зүйн хувьд шийдвэрлэгдээгүй, урсгалаараа л байсаар байна
. Зарим хуулийг одоо бүр журмаар зохицуулдаг болсон ч гэх шиг.
Ингэхээр хуулийн үйлчлэлийг уртасгах, алсын хараатай эрх зүйн зохицуулалт хийдэг, үзэл санаа, үзэл баримтлалыг явцууруулалгүй тухайн хуулийг агуулгын хүрээнд боломжит бүхий л хувилбараар ашигладаг байх, түүнийг заавал хэрэгжүүлдэг механизм, гол нь сэтгэлгээний хуваарийг бүрдүүлэх нь туйлын туйлаас чухал.
Үүнийг хуулийн амин сүнс гэнэ. Тэгж л би ойлгодог. Буруу биш гэдэгтээ итгэл төгс дүүрэн байна.
Тиймээс хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, хэм хэмжээний систем хууль мөн үү?
Саяхан нэг сайтад академич С.Нарангэрэл багш маань Аристотель, Күнз нарын хэлсэн “Ёс суртахуунтай, эрхэм чанараа сайтар сахидаг хүнд хуулийн хэрэг гэж байхгүй
” гэдгийг сануулаад,
“Хүний уураг тархинд ёс суртахууны өгөгдөл дамжиж, байдгаараа араатан адгууснаас ялгаатай. Ёс суртахуун гэдэг нь хүний эрхэм сайхан чанаруудын нийлбэр цогцолборыг хэлдэг. Ч.Дарвины хуулиар хүний ёс суртахуун удамшдаг гэж үздэг. Эцэг, эхийнх нь ген цусанд нь шингэдэг бөгөөд дээр нь хувь хүний ёс суртахуундаа өөрийн тавих хяналт, гэр бүлийн хүмүүжил их нөлөөлнө”
гэсэн байсан. Н.Лүндэндорж багш ч ингэж хэлдэг.
Эндээс харвал дэлхийг, улс орноо сайн сайхан байлгая гэвэл ёс суртахуунтай хүмүүсийг олон болгочихвол бүх зүйл сайхан болчих юм шиг...
Тийм бол түүхийн бүх цаг хугацаанд дэлхий ертөнц хүн ардаа ёс суртахуунтай болгож байхгүй, яагаад л эрэл хайгуул, өрнөл тэмцэл дунд байсаар ирсэн юм бэ? Асуудлын нууцыг мэдэж байсан юм бол хийж байхгүй яасан юм, хийж чаддаггүй юм бол бусдадаа хэлж байхгүй яасан юм...
Хариулт нь ямар зүйлийг ёс суртахуун гэж тухайн субьект хүлээн зөвшөөрөхөөс хамаг зүйл хамаарч байх шиг. Тэгэхээр тухайн ганц нэгхэн субьектын хувьд хүлээн зөвшөөрөгдсөн ёс суртахууны хэм хэмжээ нь гуравдагч этгээдэд, нийт олонхид ёс суртахууны хэмжүүр болж, хүлээн зөвшөөрөгдөж чадах уу гэдэгт гол учир нь байна.
Бүгдийг ёс суртахуунтай болгож байж хөгжил дэвшил, сайн сайханд хүрдэг ёстой юм бол бүх нийтийг хэн нэгний бодож олсон ёс суртахууны хэмжээ, шүүлтүүрт албадлагын аргаар сургах, барьж байх шаардлага бий болж байна. Үүний тулд тэр бодож олсон ёс суртахууны хэм хэмжээг ХУУЛЬ болгон албадлагаар мөрдүүлдэг.
Иймээс хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, хэм хэмжээний систем нь өөрөө хууль мөн үү? гэдэг асуултад би бол байж чадахгүй гэж ойлгодог.
Дээр ишилсэн зүйлүүдийг бүгд мэддэг юм шиг атлаа миний ямар утгаар хэлснийг минь ойлгоход танд хүндрэлтэй байгаа байх. Үүнтэй адил яг мөн чанартаа асуудлын гол бай хаа байгааг, шийдвэрлэх ёстой хүчин зүйлс, хэрэгжүүлэх субьект тодорхойгүй, цохилт очих ёстой обьект аль хавьцаа байгаагаа эхлэж тодорхойлоогүйгээс хайсаар, тэмцсээр шинэтгэл бүтэлгүйтсэн
байна.
Асуудлын мөн чанар, ХУУЛЬ, түүнийг заавал хэрэгжүүлдэг механизм, бүхэл систем, гол нь сэтгэлгээний хуваарийг бүрдүүлэх нь туйлын туйлаас чухал бөгөөд нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн үнэт зүйл хэм хэмжээ болж тогтох тэрхүү шинэтгэлийн процесс нь өөрөө зөвхөн институт-байгууламжийн бүтцийг л засамжлах явдал биш
гэдгийг л хатуу ойлгох ёстой!
Өөрөөр хэлбэл, шинэтгэл хийх хөрс нь шинэтгэлийг онолын болоод арга зүйн түвшинд хэрхэн хүлээн авах, олонхоор хүлээн зөвшөөрөгдөх хэм хэмжээний процесс, үргэлжлэх процесст сэтгэлгээний хуваарь, үндсэн хуульчлагдсан эрх зүйн бүлийн хамааралт-углуургат тогтолцооны механизмыг тооцох нь маш чухал процедур. Ингэж чадсангүй.
Яагаад мэдэмхийрээд байна аа гэж үү?
Өчүүхэн ч гэлээ аливаа зүйлийг хийж бүтээхийн тулд хэсэг хугацаанд уураг тархиндаа тунгааж, ядахдаа л ойролцоох уулын орой, бүр аргагүйдвэл хяр дээр нь гарч байгаад, юуг яаж, хэрхэн, хэнээр өдөөж байгаад өөрөөр нь хийлгэвэл ажил хэрэг болж, бүтээмжтэй, цаашид өгөөжтэй болох уу гэдгийг тунгаадаг биз дээ. Үгүй юм уу, ядаж л би тэгэхийг хичээдэг. Гадныхан замын зураг төлөвлөгөө гэх юм билээ.
2005 оноос манай хуулийн салбарыг ямар нэг байдлаар хөдөлгөөнд орохгүй бол цаашдаа өмхийрч, бүхэл бүтэн нийгэм төрийн институт-байгууламжийн хувьд хорлож, хөгжил дэвшил, бусад бүх салбарын түгжээ болох юм байна гэдгийг бид ухаарч эхэлсэн. Тэгээд эрэл хайгуулын боломж юу байж болох уу гээл хөвөж явахад одоо БНХАУ-д Элчин сайд байгаа Ц.Сүхбаатар ах хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар ирж, санал бодлыг дэмжсэнээр удалгүй бичил ажлын хэсэг байгуулсан юм. Энэ ажлын хэсэг хамгийн эхэнд НҮБ-ын Авилгалын эсрэг конвенцид нэгдэн оруулахаас эхэлсэн ч цаашдаа явах стратеги гэж байхгүй урсгалаар хөвсөөр үлдчихсэн. УИХ-ын чуулган дээр яг унадаг дааваан дээр З.Энхболд гишүүн хэдэн үг хэлж авч гарсан юмдаг.
Олон олон түрхэн гоёхон зуурын сайд нарыг дамжсаар ажлын хэсэг Ц.Нямдорж сайдын үед бодит дэмжлэг авч хууль сахиулах салбарын хөгжлийн стратегийг, төрийн үйлчилгээний стандарттай батлан гаргасан юм. Хоосноос найман сарын турш өрөөнд зүгээр шахуу сууж, сууж хууль сахиулах салбарын шинэтгэлийн бодлогыг тодорхойлох, хөгжлийн стратегийг боловсруулах судалгааны төсөөлөл гаргаад, манай дайчин Боннын Алтайн шаргуу зүтгэлээр Азийн сангийн санхүүжилтээр Их Тэнгэрт монголын нийт хуулийн байгууллагуудын ТОП удирдлагуудыг цуглуулж, хийж болох Шинэтгэлийнхээ төсөөллийг танилцуулсан юмдаг.
Тэгэхэд тэнд Их хурал, Засгийн газар, Дээд шүүх, Цэц, Прокурор, Өмгөөлөл, тэгээд гадны донор байгууллагуудын дарга нар гээд нийт хуулийн салбарын шийдвэр гаргагч 400 гаруй "ланжгар"-ууд нь цөм сууж байсан. Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын бүтэц зохион байгуулалтын дэд шинэтгэлийн төсөөллийг танилцуулмагц тухайн үеийн Улсын Ерөнхий Прокурор М.Алтанхуяг урдах ширээгээ шааж босч ирээд “Ийм юм байж болохгүй, хэн санаачилсан устга, тэр протоколыг нь ч гэсэн устга...” хэмээн чангаар хашгирч байлаа. Бүгдээрээ талийчаагүй, амьд сэрүүн тул санацгааж байгаа биз.
Мэдээж хажууд нь мөр зэрэгцээд сууж байсан хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд өөрийнх нь шийдвэрээр хурал зохион байгуулагдаж байхад эвгүй л байсан байлгүй сонсоход... Бас эвгүй ч гэсэн хэлэхэд Улсын прокурор тэгж загнахаар манай хэсэгт байсан одооны хамгийн том шүүгч болсон хоёр найз маань хурал дуусгалгүй Их Тэнгэрээс завсарлагаанаар явган буцаж байсныг тод санаж байна. Өөрсдөд нь ч хэлдэг.
Иймэрхүү хүндрэлүүд тулаад байсан болохоор бид ямар ч хамаагүй үнээр хуулийн салбарын шинэтгэлийг хөдөлгөөнд оруулах үүднээс хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний харьяа агентлаг, байгууллагуудын 2008-2021 он хүртлэх Хөгжлийн Стратегийг боловсруулан, төрийн үйлчилгээний стандарттай хамт батлан гаргаж хэрэгжүүлж эхэлсэн юм.
Тухайн хөгжлийн стратегийг боловсруулах явцад яаман дотроо ч амбицтай тулгарч, бүр арга ядаад Хөгжлийн стратегитээ яамныхаа стратегийг тусгалгүй салгаж батлуулж байснаа хэлэх байна. Хуулийн салбарын шинэтгэл эхлэхэд тухайн хөгжлийн стратеги зохих үүргээ гүйцэтгэсэн ба санасанд хүрдэггүйч, одоо ч хэрэгжилт явсаар байгаад баярладаг.
Хуулийн салбарын Хөгжлийн стратеги нь таван гол дэд бүтцийн шинэтгэлээс бүрдсэн ба хэрэгжих хугацааны хувьд богино, дунд, урт хугацааны гэсэн үе шатаар 2008-2021 он хүртэл төлөвлөгдсөн, арга зүйн хувьд олон орны харьцуулалт шинжилгээг хамарч чадсан нилээн шинэлэг бүтсэн юм.
Оролцооны хувьд яам, хуулийн салбарын нийт агентлаг, байгууллагуудын тус бүрийн дэд дарга, тамгын дарга, тэргүүлэх таван мэргэжилтнүүдээр дэд ажлын хэсгүүд гарган тухайн салбар бүрийн шийдвэрлэх асуудал юу байгааг нэг бүрчлэн нарийвчлан гаргуулж авснаараа амьдралд маш ойр, бодитой, хэрэгжих боломжийг бүрдүүлсэн. Байгууллага тус бүр нийт албан хаагчдаараа хэлэлцүүлж, асуудлаа тодорхойлсон болохоор нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээний түвшинд хүрч, амжилттай хэрэгжих суурь механизм болох байлаа.
Тухайн үедээ л агентлагуудын удирдлагуудыг өөрийнхөө байгууллагыг төсөөлөх хэмжээндээ хүртэл яаж хөгжүүлж болохоор байна тэр бүгдээ жагсаагаад ир гэхэд маш их гайхаж хүлээн авч байсан. Эцэст нь хэлэхэд аливаа бүх зүйл хувь хүмүүсийн фактор дээр тулгуурладаг, шийдэгддэг болохоор улсын нэгдүгээр хүн, манай нэгдүгээрхийн зөрчил дунд замхарчих шиг дүр зураг харагдсан. Тийм болохоор нэгдүгээр хүний маш ойрын хүрээлэлд нэгэнт хэвлэгдэн гаргасан драпт төсөөллөө өгөөд л явсан юм. Дараагийн процесс бүгдэнд ил. Тэгээд ч би мэдэхгүй.
Энд нэг зүйлийг тодруулахад аливаа шинэтгэлийг хэрэгжих бааз суурь, боломжит хөрс тооцоололт, шинжлэх ухаанч арга зүй, аргачлалын хувьд ашиглахаас гадна тухайн салбарын эд эс бүхэнд танигдаж, оролцоог нь хангаж, хүлээн зөвшөөрөгдсөн, улмаар нийтийн дэмжлэг авсан цагт бүтдэг юм байна гэдэг том сургамж авсандаа байнга баярлаж явдаг. Тухайн субьектын өдөөлтөөр асуудлаа шийдэх шилдэг шийдэл. Энэ үүднээс хуулийн салбарын шинэтгэлийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нар хоёр өөр талаас нь болохоос биш хамтдаа зэрэг эхэлүүлсэн юм шүү дээ уг нь. Үүнийг хүлээн зөвшөөрөх ёстой.
Иймээс хамгийн салхи ордоггүй, мөн тухайн салбарын ажлын онцлогоосоо шалтгаалан Төрийн албадлага, хүч түрэх байдлаар асуудалд хандаад сурсан уг салбарт шинэ хөрс суулгахын тулд нэг зүйлийг хүчээр, өөрийнх нь сурсан төрийн албадлагаар шийдэх ёстойг ухаарсан. Энэ бол сэтгэлгээний өөрчлөлт, сэтгэлгээний хуваарийг бүрдүүлэх юм.
Тэр нь хуулийн бүх байгууллагуудын алба хаагчдыг генерал дарга, манаач, цэвэрлэгч хүртлээ бүгд төрийн үйлчилгээний ажилтан гэх стандарчлагдсан нэг ижил түвшинд аваачиж, ямарч тохиолдолд Хүчээр “Инээмсэглэх” тогтолцоог бүрдүүлэх ёстой байв. Үндсэндээ захиргаа, удирдлагын баг нь нийт бүрэлдэхүүний 38 хувийг эзэлсэн байсан.
Олон нийтийг байнга сүр хүчээрээ дарж, стрессдүүлдэг, зан харилцааны хувьд байнгын шүүмжлэлд өртдөг салбарынханг харилцааны эелдэг байдалд сургаж шинэчлэх стандарт тогтоосноор бүхэл бүтэн улс, нийгмийн харилцааны бүх түвшинд сэтгэлгээний өөрчлөлт авчирах ёстой. Дагаад төрийн бүх албад шинэчлэгдэнэ.
Учир нь өндөр хөгжсөн ихэнх улс орнууд төрийн үйлчилгээний стандартыг нормативлосноор бүх нийгмээ өөрчлөх суурь дэвсгэр нь болсон байдаг
. Төрийн үйлчилгээний стандартыг тогтоож, ягштал мөрдүүлснээр авилга, хүнд суртал, чирэгдэл, эрх мэдлээ хэтрүүлэх, хууль зөрчих зэргээр хүний эрх зөрчих, иргэдийн ашиг сонирхолыг орхигдуулах үзэгдэл, ашиг сонирхолын зөрчлийг гаргуулахгүй, илтэд бууруулах, нийтээр жигших тогтолцоог бүрдүүлэхэд маш их үүрэгтэй нь олон улсад тогтоогдсон зүйл.
Үүнийг түргэн хугацаанд өндөр хөгжсөн бүх улс авч ашигласан байдаг. Барууныхан болон япон, солонгос зэрэг зарим хөгжингүй оронд жоохон асуудалд орооцолдчуул албан тушаалтнууд нь өөрсдөө огцроод огцроод өгдөг дөө, нэг тиймэрхүү.
Эцсийн дүндээ энэ бол миний эхэнд хэлсэн Нийтийн ёс суртахуунлаг тогтолцоог бүрдүүлэх явдал юм. Энэ зүйл ямар их чухалыг, ямар их ач холбогдолтойг төдийлөн ойлгохгүй байгаад маш их харамсдаг.
Энэ үйл явц хуулийн салбарын бүтэц, тогтолцоог хуульчлан зохицуулах, хэрэглэх хууль тогтоомжуудыг арга зүй, механизмыг шат дараатай шинэчлэн уялдуулахад маш зөв хөрс болох учиртай гэж миний хувьд итгэсээр байна. Буруу байж болох ч төсөөлөгдсөн төлөвлөлтөөр бол тийм байх учиртай. Өөр гарц байгаа юм уу, ийм шатлалт алхам авахгүй, тухайн салбарын дийлэнх олонхиор хүлээн зөвшөөрөгдөж, хамааралт бус нийт массын дэмжлэг бус, гол нь тухайн салбарынханыхаа дэмжлэгийг авахгүй бол юу ч бүтэхгүй.
Харин ч тухайн салбарынхандаа өөрийгөө хэрчүүлээд дуусах юм байна гэдгийг ойлгосон. Сая ч бас нотлох шиг боллоо. Тухайлбал, Даш.Ганболд 1999 онд Хууль зүйн сайд байх үедээ хуулийн байгууллагуудын гол хэрэглэдэг хүний эрх, эрүү, иргэн, захиргаа, шүүх, прокурор, өмгөөлөл, нотариат, тэдгээрийн процессын хуулиудын төслүүдийг ажлын хэсэг гарган Хууль зүйн яам боловсруулсан байсан ч уг нөхөр салбартаа хэрчүүлээд өнгөрсөн. (тэр мянга гаруй хуудастай төслүүдийг одооч би хадгалдаг.) Одоо энэ Тэмүүжинг хар. Нямдорж тооцоотой хүн тулдаа уг салбарт арав гаран жил ноёлсон байх гэж тус салбарынхан хэлцдэг үнэний ортой гэж боддог. Буруу ч байж болно, миний л ажиглалт ийм.
Дорлигжав яах нь өөрөөс нь шууд шалтгаална. Салбарынхаа эд эс байх уу, эсрэгцэлийг хариулан тонгороод шинэтгэлт хийх үү
гэдэгт... Ерөнхийлөгчийн тамгын дарга байхдаа анхнаас нь гар бие оролцон чиглүүлж байсны хувьд хийж л таарна.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Ug ni zuv l zuiliin talaar bichsen bn. Bayarlalaa Unentugsuu. Bichgiin hev chin taalagdav...