Өчигдөр Монгол орны төв талбайд бөөгийн чуулган болж, манайхаас өөр хаана ч харагдахгүй ховор сонин үзэгдэл үүссэн. Харин гишүүдэд бөөгийн үйл үйлчилсэнгүй, өнөөдөр Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын тогтоолын төсөл байнгын хороон дээр дэмжигдлээ.
Уг төсөлд дараах 2 хувилбар хэлцэгдэж байгаа:
- Тусгай ордыг ашиглах хамтарсан компани байгуулсан тохиолдолд төрийн эзэмшлийн хувь 20 хувь байхаар тогтоох
- 20 хувийн оронд роялти авч байх (Роялти авах хувилбарын тухай хялбаршуулсан тайлбарыг эндээс уншина уу)
Хэрэв төсөл аль нэг хувилбараар батлагдаж, стратегийн орд газар болвол хайгуулын талбайг 100 хувь эзэмшиж байгаа “Сентерра гоулд” олборлолт хийхэд бэлэн хүлээж байна. Зам харилцаа бусад бэлтгэл ажлаа хэдийнэ дуусгажээ.
Гэрэл зургийг: new.mn
Гацуурт стратегийн орд мөн үү? Ухах уу эс ухах уу?
Ашигт малтмалын тухай хуульд “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд” гэж
Үндэсний аюулгүй байдал, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний, эсхүл жилд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа буюу үйлдвэрлэх боломжтой ордыг хэлнэ
гэж заажээ.
Уул уурхайн яамны хувьд
“Тус ордыг стратегийн ордод хамруулах үндэслэл нь Монгол орны алтны металлогены мужлалаар Хойд Хэнтийн алтны бүсэд тогтоогдсон томоохон орд, алтны өндөр агуулга бүхий хүдэртэй, ирээдүйд тухайн бүс нутгийн хөгжилд нөлөөлнө, дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн, цаашид ордын хэмжээнд нөөц өсөх магадлалтай”
гэх тайлбар хэлж байна.
Ордын одоогоор тогтоогдоод байгаа алтны нөөц нь 50 тонн байгаа юм. Энэ ордод 9 жил олборлолт хийж 10 жил алт үйлдвэрлэнэ гэж төлөвлөсний дагуу жилд 5 тонн алт үйлдвэрлэнэ
. Өнөөдрийн алтны ханшаар тооцвол жилд 385 тэрбум орчим төгрөгийн алт үйлдвэрлэх юм. Монгол Улсын Ерөнхий сайдын 2014 оны арван хоёрдугаар сарын 19-нд УИХ-ын чуулганы хуралдаанд хийсэн мэдээллээр тус онд ДНБ 16,5 орчим их наяд төгрөгтэй тэнцэж байгаа. Үүнээс үзэхэд Гацуурт жилд ДНБ-ний хоёр гаруй хувьтай тэнцэх хэмжээний алт үйлдвэрлэхээр байна. Тэгэхээр нэг шалгуур дээр унаж байна.
Харин нөгөөх шалгуур нь эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний байх. Жилд 5 тонн алт гэдэг бол их хэмжээ. Хэр их вэ гэдгийг Монголбанкинд тушаагдсан алтны дүнгээс харж болно:
Үйлдвэрлэсэн бүх алтаа Монгол банкинд тэр даруй тушаана гэж үзэхэд өнөөгийн Монголбанкны жилд худалдаж авсан бүх алтны бараг хагастай нь тэнцэх хэмжээний юм. Эдийн засгийн хувьд ийм дүнтэй байгаа ч “Сентера Гоулд” Бороогийн уурхайд ажиллаж муу нэр, луу данстай болсны дээр Ноён уул соёлын өвөөр арвин тул “Мөнгө vs. Соёл” гэсэн маргаан үүсч, бөө бөөлөхөд тулаад буй. Олон нийт төдийгүй олон нийтэд мэргэжлийн дүгнэлт өгөх ёстой Археологийн Хүрээлэн үзэл бодлын зөрүүтэй тайлбар мэдэгдэл хийж байгаа нь нэрмээс болоод байна.
2 талын аргумент:
Ноён уулын модон дунд Сүжигт, Журамт, Хужирт гэсэн гурван амны эхэнд Хүннүгийн үеийн 200 гаруй булш бий
. Гацууртын орд газрын геологийн талбайд Сүжигт болон Ялбаг багтаад байгаа ба, эдний үндсэн чулуулагт алтны агуулга, алтны шороон ордын хэд хэдэн цэг илэрчээ.
Чингисийн талбайд хоёронтоо бөөлсөн эсэргүүцэгчид болоод УИХ-ын гишүүн Х.Болорчулуун зэрэг “Соёлын өв”-ийг хамгаалах талынхны хувьд
- Нэгдүгээрт олборлолт эхэлж тэслэгээ, дэлбэрэлт болоход цэвдэгт нөлөөлж булшнууд доргин археологийн дурсгалууд устаж мэднэ,
- Хоёрдугаарт хайгуулын талбайд Сүжигт багтаж байгаа учир цаашид ордын нөөц нэмэгдвэл Ноён уулыг ухахгүй гэсэн баталгаа байхгүй гэж эсэргүүцэж байгаа.
Алт олборлохыг дэмжиж буй талын хувьд яг ч өв соёл яахав, алтаа л ухаад авъя гэсэн байр суурьтай байгаа хэрэг бас биш. Уул уурхайн үндэсний ассоциацын тэргүүн Н.Алгаагийн хэлж буйгаар:
- Археологийн хүрээлэнгээс хийсэн судалгаагаар олборлох талбай дотор, археологийн судалгаа хийж болох гүнд ямар ч булш байхгүй гэсэн дүгнэлт гарсан
- Урт нэртэй хууль гарахаас өмнө өөр компани олборлолт хийж байсан нь нөхөн сэргээгдээгүй үлдсэн. Үүнийг ном ёсоор нь нөхөн сэргээх боломж гарна.
- Талбайн гадуур байгаа булш, олдворыг харин ч уул уурхайн компаниудтай хамтарч малталт явуулж, олон нийтийн хүртээл болгож, олборлолт дууссаны дараа аялал жуулчлалын төв болгох боломжтой.
- Шороон ордоос доош бүр гүнд байгаа хаданд өрөмдлөг тэсэлгээ хийх тул булш, эд өлгийн зүйл гэмтэхгүй
- Олборлолтыг дагаад тээврийн салбар өдөөгдөнө, 500 ажлын байр үүсэж, улмаар бүс нутгийн эдийн засгийг идэвхижүүлэх аж.
Ийнхүү Гацууртыг стратегийн ордод багтаах тухай төсөл олны анхаарал, маргаан дор үргэлжилж байна. Төсөл өнөөдөр УИХ-д байнгын хороон дээр дэмжигдлээ. Хэрэв УИХ-аар батлагдвал мөнгө, өв соёлын аль нэгийг гэсэн хоёр сонголттой дайн хийхээс илүү алт олборлолтын хамт булшнуудыг малтах, хамгаалах, арчлах ажлыг төлөвлөгөөтэй, хяналттай хэрэгжүүлэхэд олон нийтийн шаардлага, хяналт илүү хэрэг болох магадлалтай.
Mongoliin hamgiin super site!!! A.Super - g shutlee bishirlee
Yagaad zaaval gadaadiinhand gazaraa ugch yumaa uhuuldag yum be? Gants ord Mongolchuud niileed uhaad ediin zasagaa avarchihaj chadahgui baina uu? Ovoo malnuud yumaa!!!!
Tanai saitiig guitseh sait Mongold alga. Ene A.Super gedeg pseudonimtei hun uneheer super yum, ta nart ajlyn ondor amjilt husie