Нийтлэл 02 сарын 14, 2015

ӨРИЙН ПАНЗ

           Ѳрийн тааз гэсэн хачин хошин, чамин нэр томъё хэрэглэн УИХ сар гаруй шоудаж, үнэт цагаа популизмд зарцуулан дэмийрцгээв. Наад ѳр шир ярихаа болиод ажлаа хийгээчээ гэж Ерѳнхийлэгч бухимдан хашхирсан боловч үл тоомсорлов. Цаг идэгчид маань, НИЙГМИЙН ЦАГийг тарган үхрийн сээрний мах шиг гулгуулж, Булганы Сайханы айраг шиг залгилсаар эцэст нь хѳгжлийг чѳдѳрлѳсѳн, тѳслийн зээлжих боломжийг хаасан айхтар гэгчийн шийдвэр гаргаж орхив.Тэр ѲРИЙН ТААЗ гэгчээ баталгаажуулж байгаа юм байхаа. Бусад улс орны сонгодог парламентуудад, улс орныхоо хѳгжлийн таатай нѳхцѳл бүрдүүлсэн хууль батлах гээд иймэрхүү аж ахуйн шалдир булдар асуудлаар хѳѳцѳлдѳж, түүнийгээ чухалд тооцон маргалдаж, цэц булаалдан мэтгэлцэж суух зав байдаггүй л юм билээ. Сѳрѳг хүчин алга боллоо л гэнэ, УИХ нь Засгийн газрынхаа сѳрѳг хүчин нь болчхоод оруулсан санал болгоныг нь нохой мордож унагаад байгаа юм биш үү! Ийм тэнэг засаглал дэлхийд байхгүй, мѳрий тавьсан ч болно

        Ер нь л маш их заваан юм болж байна. Ѳѳрсдийгѳѳ хамгийн чухалд бодсон утга учиргүй амбиц, олны ѳмнѳ маш мундаг болж харагдах гэсэн тэнэглэл, шинэлэг санаанд толгой тархи нь эргэдэг зѳнѳглѳл, гүйцэтгэх засаглалаа мундагдан захирах гэсэн увайгүй оролдлого, эдийн засгийн сонирхол юм уу эсвэл бѳгс хагасаараа холбогдчихсон  хэн нэгнийхээ лоббийг ѳргѳсѳн хувийн сонирхол...Энэ заваан юмруу түлхээд байгаа үндэслэлүүдийг нь тоочоод байвал барагдахгүй. УИХ-ын гишүүдийг би мэдлэггүй гэж энэ удаа басамжлахгүй, тэд маш сайн мэдэж байгаа, учрыг нь ч ойлгож байгаа.Мэдээд буруу хийгээд байгаа нь, мэдэхгүй буруу хийснээс хэдэн зуу дахин аюултай гэдэгт л учир нь байгаа юм. Гадаад ѳр, ѳрийн тааз, ѳрийн босго гэлцэж, маань мэгзэм шиг давтан, ард олныг алмайруулан айлгаж, ѳрѳнд баригдсан хужаа шиг болгон номхруулж орхив. Гадаад ѳрѳѳ ингэж тунхаглаад байдаг улс орон манайхаас ѳѳр даанч байхгүй, учир нь нуух хаахдаа ч биш, ѳр гэж юу вэ гэдгийг л тэд агуулгаар нь маш сайн ойлгож, ѳрийг удирдаж чаддагт л байгаа юм. Манай мундагчууд болхоор угаас ѳрѳнд дургүй монгол үндэсний менталитетийг овжин гэгч нь ашиглаад хэсэг бүлэг нь нѳгѳѳ хэсгээ татан унагах эвгүй дэгээ болгон ашиглахыг оролдов. Ѳрийн таазаар ард олныг айлгаад байгаа нь ѳѳрсдийн тавьсан ѳр, тѳсвѳѳс гувчуулсан санхүүгийн луйвраа маш уран аргаар нуувчид хийх гэсэн санаа гэж ч бас хар буумаар. 

Хойд хѳршѳѳ  л хар, ой тойнд багтамгүй гадаад ѳртэй, зѳвхѳн жилийн ѳрийн тѳлбѳр нь л гэхэд 150 шахам миллярд доллар гээд бодоод үз, гэтэл тэд ѳрийн тухай Дум дээрээ ярьж байна уу, мэдээж үгүй. Бас л манайх шиг тѳсѳвт нь цоорхой үүсэн, тал талаасаа улс тѳр, эдийн засгийн хоригт орчихсон ядруу л байгаа улс. Тѳсвѳѳ 15% танана гэж зарлахдаа тѳрийн тэргүүн нь гүйцэтгэх засаглалдаа хандаж, халамжруу битгий хуруу дүрээрэй гэж захиж байгаа харагдсан. Манайх шиг одонтой эхийн хэдэн бор цаасруу ѳлѳв долов хийж, олон хүүхэдтэй айлын амьжиргааны тогооруу ѳнгийж харагдаагүй. Монголчуудын дээдийн тэнгэр шиг шүтдэг Америк ч гэсэндээ 20 триллионы ѳртэй юм гээ биз дээ, тэрийгээ зарлаад, тунхаглаад байна уу гэвэл хэзээ ч үгүй. 

Ѳр гэдэг ухагдахуунд хандаж байгаа эрхэм ноёдын ойлголт бас их сонин. УИХ-ын гишүүдийн ойлголт бодит байдлаас гажуу, гэхдээ тэд жинхэнэ утгыг нь дээд зэргээр мэдэж, маш сайн ойлгож байгаа л даа, зориуд л давхар стандарт хийгээд байна гэмээр. Ѳр гэж ойлгохгүй УИХ-ын эрхэм гишүүн гэж байхгүй биз дээ та минь, за май, энэ бол аргумент!

Тэр ѳрийн тааз гэгчдээ гадаад дотоод бүх ѳр, дээр нь зээл, бүр тѳлѳгдѳѳд явж байгаа зээлийг хүртэл шахаж оруулаад, хүүе цаана чинь таазаа цоолчихлоо гэж инээдтэй юм ярин шогшроод байгаа юм. Гэтэл соёлтой орнууд Засгийн газрын ѳрийг л үндэсний орлого юмуу эсвэл нийт бүтээгдэхүүнтэйгээ харьцуулж ярьдаг байхын, гэхдээ их чухал зүйлд тооцдоггүй. Энийг ч эрхэм гишүүд мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Соёл иргэншилтэй зарим улс орнууд болохоор тѳлбѳрийн хугацаа нь хэтэрсэн зээлийг л ѳр гэж тооцдог байна. Эрхэм гишүүд энийг ч мэдэж байгаа. Гэтэл тэр ѳрийн тааз гэдэгт нь гарцаагүй орж тооцогдох ёстой жинхэнэ ѳрийг болохоор багтааж оруулсангүй, сэжигтэйгээр орхигдуулав, тэр талаар хүний урманд ганхийх гишүүн гарсангүй. Хуучин сайд байсан Улаан л харин хэдэн ч удаа наад ѳрийн тооцох аргачлал чинь буруу байна аа гэж дуугарч харагдсан, тэхэд бусад нь нохой хуцсан чинээ ч цочсонгүй гүлдийцгээв. Тэр тооцоогүй ѳр нь балансын дебетийн ѳр авлага юм. 

Би Орост эдийн засаг, санхүүгийн  дээд боловсрол эзэмшсэнийхээ ачаар тийм ѳрийг дебеторская задолженность гэдийн гээд оросоор хэлчхэж ч бас дѳнгѳнѳ. Энгийнээр тоймловоос, технологи оруулна, үйлдвэр барина гээд тѳсвѳѳс санхүүжилт аваад тѳслѳѳ гүйцэтгэлгүй ѳѳр зүйлд зарцуулчихсаны ѳр юм. Энэ бол шуудхан хэлэхэд санхүүгийн луйвар, эвэртэн туурайтнуудын хийдэг ажил, далд эдийн засгийн суурь капитал, олигархуудын тѳсѳвт тѳлѳх ёстой ѳр, шуудхан хэлэхэд санхүүгийн луйвар. УИХ-ын гишүүдий мѳн мэдэн будлиад дуугараагүй, анхаарлыг ѳѳр зүйлд чиглүүлэн саармагжуулаад ѳнгѳрсний учир энд л байна даа. Улсын тѳсѳвийг гувчуулж, ард олныг ядууруулах үндсэн шалтгаан болон зогссон гол ѳрѳѳ ѳрийн тааз гэсэн чамин нэр томъёогоор хаан далдалж орхив. Гайхамшигтай нарийн сүлжээ юмдаа, аймаар. Хугацваа нь дууссан зээл, аль хэдийн ѳрд бичигдэх ёстой хэдэн миллярд долларыг далдалдаг нарийн механизм байнаа л гэсэн үг. Монголд далд эдийн засаг, улс орны эдийн засгаас хавьгүй хүчтэй болчихсон юм шиг байна.

      Хойд хѳрш. Иймэрхүү луйврын механизм хаана ч байна, хойд хѳршид ч байна, гэхдээ муугаар бусдыг дууриах албагүй биз дээ, ялангуяа энэ хүнд нѳхцѳлд. 

Саяхан, ОХУ-ын ерѳнхийлэгч В.Путин Думын дээд танхимд үг хэлэв. Тэр дебеторская задолженностийг разбазаривание ( ѳрийн панз)  гэж нэрлэн Засгийн газраа хатуу шүүмжлэв. Ѳрѳѳр бас панз хийж болдог байх нь энээ. Тѳсѳл хэрэгжүүлнэ, инноваци хийнэ гэж амлаж тѳсвѳѳс санхүүжилт авчихаад тэрийгээ хийхгүй, эх үүсвэрийг хувьдаа ашигтай юманд зарцуулчихдаг практикийн тухайд юм. Дебеторская задолженность гэдгээс 4 триллион рубль олоод авах боломжтой гээд Счётная плата гэгчдээ мониторинг хийхийг үүрэгдэв. Он дамжсан хагас гүйцэтгэлтэй дутуу баригдсан барилга, манайх зарцаасан барилга гээд байгаа ш дээ, тэндээс 3 триллион рубль олох боломжтой юм гэнээ. Орон нутгийн губернаторууд нь хѳлс нь чийхарч гар нь салганаж байгаа харагдав. Рейтинг нь 85%-тай леадерийн хатуу үг иймэрхүү л жинтэй буудаг юм байна, гүүн зэлний гадас шаадаг муна шиг. Ийнхүү зѳвхѳн хариуцлага тооцох аргаар л 7 триллион босгох үүд нээчхэв. Хѳрш маань ингэж чадаж байна. Тэднийг шүүмжилдэг, басамжилдаг, шоолдог бид тэхэд яаж байна? Ѳрийн тааз гэж инээдтэй юм ярьж, түүнийгээ нѳхѳх мѳхѳх хэмээн ашиггүй юм хѳѳцѳлдѳж гүйцэтгэх засаглалын ажлыг уяж, хѳлийг нь чѳдѳрлѳж суух уу?  Хойд хѳрш шиг ѳрийн панзны учрыг гаргаж хариуцлага тооцож мѳнгѳ босгох уу?   Энэ 2-ын аль нь дээр вэ, эрхэм гишүүд ээ! гэж асууя. Энэ бол бага ангийн бодлого!

 И.Цэрэнхүү

Цахим Ѳртѳѳ

Сэтгэгдэл бичих

arrow icon