Нийтлэл 02 сарын 15, 2015

Хятадын нүүрсний салбар - Шинэ татварын нөлөө Өвөр Монголд

Хятад улс төрийн авилгатай хатуу тэмцэж байгаагийн үр дүнд эдийн засаг дахь тендерийн гаралтай захиалга буурч барилга, дэд бүтцийн салбарын өсөлт удааширч ирээд буй. Энэ нь хойд Хятадын эдийн засгийн өсөлтөд шийдвэрлэх нөлөө үзүүлж ирсэн нүүрс болон бусад хүнд аж үйлдвэрийн салбарт ихээхэн сөрөг нөлөө үзүүлж, 2014 оны байдлаар Хятадын нүүрс үйлдвэрлэлийн салбар сүүлийн 10 жилд анх удаа өмнөх жилээс багассан дүнтэй гарсан тухай өмнө мэдээлсэн.  Ийм нөхцөл байдал дунд Хятад улс салбарт шинэ татвар нэвтрүүлээд байгаа. Шинэ татвар Өвөр Монгол, Шаньси, Шэньси мужийн үйлдвэрлэлд шийдвэрлэх нөлөө үзүүлнэ гэж шинжээчид үзэж байна.

 

Хятад улс оны эхнээс тонн тутамд 2-10 хувийн хэлбэлзэлтэй, нүүрсний үнэ цэнээс хамаарах татварыг бүх орон даяар үйлчлэхээр нэвтрүүлсэн. Уг татварыг газрын борлуулалтаас хэт хамааралтай орон нутгийн төсөвт нэмэрлэх орлогын эх үүсвэрийн нэг болгох, ойлгомжгүй, эмх замбараагүй янз бүрийн төлбөр хураамжийг нэгмөр цэгцэлж, нэгдсэн татварын системд оруулах зорилготой гэж засгийн газар тайлбарлаж буй.  Орон нутаг болон мужууд өөрийн татварын хувийг тогтоох боломжтой агаад илүүдэл нийлүүлэлт, сул эрэлтийн нөлөөн дор эрүүл мэнд сайнгүй байгаа салбартаа ихэнх муж 2-3 хувийн бага хувиар татвар тогтоосон байгаа юм.  Оны эхний сард 2-3 хувиар тогтоосон мужуудад татварын ачаалал багасч гарчээ.

 

Харин 3,7 тэрбумын салбарын бараг 65 хувийг үйлдвэрлэн гаргадаг Өвөр Монгол, Шэньси болон Шаньси мужууд 9 болон 6,1 хувиар хамгийн өндөр хувь тогтоосон нь анхаарал татаж байна.  Нэг тонн тутамд 2-5 юан байсан татвар 6-9 хувь болж өснө гэсэн үг.  Энэ бүсүүдэд татвар өндөр тогтоосон нь жижиг компаниудад татварын дарамт үзүүлж,  компаниудын төвлөрлийг нэмэгдүүлэх бодлоготой холбоотой байж болзошгүй.  Өвөр Монгол, Шэньси Шаньси мужийн нүүрс олборлолтын салбар бусад бүстэй харьцуулахад салбарын үр ашгийг нэмэгдүүлэх, компанийн удирдлагыг төвлөрүүлэх засгийн газрын бодлогоор Шинхуа зэрэг харьцангуй цөөн, улсын компаниудын удирдлага дор төвлөрөөд байгаа.  Жишээ нь уурхайгаас гадна төмөр зам, эрчим хүчний үйлдвэрүүдийг нэгтгэсэн Шинхуа групп бүх Хятадад хамгийн бага зардлаар нүүрс үйлдвэрлэгч юм.

 

Хуучин төлбөрүүдийг арилгаж, 2-3 хувиар тогтоосон мужуудад татварын дүн багассан дүнтэй мэдээ гарсан байгаа ч Өвөр Монголд шинэ татварын хувь нэвтрүүлж, бусад төлбөр хураамж арилснаар эцсийн дүндээ татварын ачаалал ямар болсон нь одоогоор статистик дүн мэдээлэгдээгүй байна. 1-р сарын байдлаар Өвөр Монголын нүүрс олборлолтын салбар өмнөх оны мөн үеэс 41 хувиар буурсан дүнтэй гарснаас бол сайнгүй нөлөө үзүүлж байж болзошгүй гэж таамаглахаар байна. Улсын үйлдвэрүүдийн олборлолт нэг сарын дотор 43 хувь буурсан бол орон нутгийн олборлогчдын борлуулалт сарын дотор 62,2 хувь буурчээ.

 

Дэлхийн хамгийн том нүүрс хэрэглэгч Хятадын нүүрс олборлолт. Үнэ унаж, шинэ татвар нэвтэрч, Шинхуа группын олборлолтын мужид татварын өндөр хувь тогтоогдож, үйлдвэрлэл, борлуулалтын хэмжээ огцом унасан цаг үе дор Тавантолгойн хэлэлцээр үргэлжилж байна. Нүүрсний салбар илүүдэл нийлүүлэлттэй, борлуулалтын үнийн уналт зогсохгүй байгаа ийм үед мега төслийн хэлэлцээрийн дүнд ямар үнийн болзол, хэдэн жилийн хугацаатай тохиролцоонд хүрч байгаа нь төслийн багийн хэвлэл мэдээлэлд өгсөн мэдээллээр бол энэ 7 хоногт зарлагдах төлөвтэй.  

Сэтгэгдэл бичих

arrow icon