Шинэчлэлийн засгийн газрын ажлын талаар:
Цаг хугацаатай уралдсан нь урагшилж, зууралдсан нь зутардаг.
Хийсэн бүтээсэн маань нүдэнд харагдаж, гарт баригдаж байгаа.
Үг нь үнэн, үйл нь үнэн зөв байж, урдах ажилдаа эзэн нь болж чадвал, худлаа зүйл аяндаа хүчгүй болно гэж боддог байлаа
Хүн ёсны нийтлэг ухамсар, мэдээлэл шингээх чадамж нь нүүдэлчин монголчууд бидэнд маш сайн хөгжсөн.
Улс оронд маань хиймэл хямралыг бий болгоод байгааг эдийн засаг гадарладаг хүн бүр л ойлгож байгаа.
ШЗГ-ын ажил үр ашгаа өгч, Алтанхуяг гэдэг хүний нэр сонсогдох болсон нь зарим нэг хүмүүсийг сандарган хөдөлгөж эхэлсэн
Өмнөх ЗГ “Чингис бонд”-той тэнцэх хэмжээний өр халамжинд тараасан байсныг манай ЗГ төлж барагдуулсныг хэн ч ярьдаггүй.
Нийгмийн сөрөг сэтгэлгээ, бусдыг үгүйсгэх, гүтгэх буруу өрсөлдөөний тухай:
Нэг л мэдэхэд бид нийгмээрээ юуг ч үл хүлээн зөвшөөрөгч, муучлагч, шүүмжлэгч, үл итгэгч олонлог болж хувирсан.
Буруу болгоноо бусдаас эрж, нийтлэг үнэт зүйл зорилго гэх зүйлгүй болж буйгийн бодит шалтгаан бол бохир өрсөлдөөн.
Эх орон өв соёлоо ярьдаг хүмүүсийг галзуу, хийе, бүтээе, хөгжье, урагшилъя гэснийгээ авлигач хулгайч гэдэг.
Бидэнд нийгмийн эерэг сэтгэлгээний маш том өөрчлөлт хэрэгтэй байна.
Төрд итгэх итгэл алдуурч буй талаар:
Төрийн нэг эд эс болох хариуцлагатан буюу албан тушаалтны хариуцлагагүй үйл ажиллагааг төрийн буруу гэх нь маш том эндүүрэл.
Монгол төр өөрөө бохир тоглоно гэж логикийн хувьд байхгүй.
Хүчний байгууллагууд улс төржих болсон тухайд:
Хүчний байгууллагууд урьд хожид байгаагүйгээр улс төржих болсон талаар дотор нь ажилладаг туршлагатай ажилтнууд санаа зовон ярьж байна.
Дарга, улс төр хоёр солигдоно. Харин үнэт зүйл, зарчим оршин тогтносоор байна.
Шоронжсон тогтолцоо оршиж, үйл ажиллагаа нь улам нарийсч улс төрийн нам дамжсан бүлэглэлүүдийн эрх ашигт үйлчилдэг болж.
АТГ шалгаж байгаа нэрийдлээр хүмүүсийг улайм цайм гүтгэн доромжилдог, нийгмийн нэр хүндээр нь ялладаг газар болж.
Төрийн байгууллагаас зориулж мэдээлэл хийгээд эсвэл шалгаж байна гээд эхлэхээр хүмүүс шууд итгэдэг юм байна
Монгол төрийн нэр хүндийг явуургүй жижиг улс төр, нам дамжсан бүлэглэлүүдийн шуналд ашиглуулж байгаатай би хувьдаа эвлэрэхгүй.
Асуудлыг зөвхөн энэ байгууллагын алдаа мэтээр харвал өрөөсгөл, эрх мэдэлтнүүд л ашиг сонирхолдоо нийцүүлж нэр хүндийг нь унагаж байна.
Одоо шүүх, прокурорынхон хүртэл АТГ-ын хараат шахуу болчихлоо, хэрэг хараат байх боломжгүй болно.
Шүүмжлэлтэй хандахаар намайг ч гэсэн эргэн тойрныхноор нь дамжуулаад л машиндчихаж байгаа юм.
Харамсалтай нь бизнесийнхэн, улс төрийнхнийг АТГ-аар шалгуулдаг байдал одоо бүр нам руу ороод ирлээ.
Энэ машин эр бяраа үзүүлж биднийг, бизнес эрхлэгч нараа машиндаад дараа нь нийгэмд айдас хүйдсээс өөр ямар үр дүн бий болгов?
Сайнд саад үгүй, саард зам үгүй.
Нам дамжсан бүлэглэлийн талаар:
Хүмүүс намайг ямар ч үнээр хамаагүй албан тушаалд үлдэх хүсэлтэй хүн байна гэж харж байсан.
Эрх ашгаараа нэвт сүлбэлдсэн нэг хоёрхон хүний том эрх ашиг, том мөнгөний тоглолт байсныг өнөөдөр та бүхэн нүдээ жаахан томсгоод харвал ив ил байна
Улс төрийн зохиомол айдас хүйдсийн цаана нам дамжсан бүлэглэлүүдийн маш олон ашиг хонжоо бий.
Өдийг хүртэл тэдэнтэй бохир ажлууд дээр нь хамтарч нэгдээгүй учраас намайг золиослох ажиллагааг зохион байгуулсан.
Х.Тэмүүжингээс эхлээд олон хүн энэ бүхний золиос болсныг хүмүүс эхнээсээ ойлгож эхэлж байгаа нь сайн хэрэг.
Би ард түмнийхээ хүлээлгэсэн итгэл, намынхаа эв нэгдлийг эрхэмлэн тэвчиж, олон удаа дуугүй өнгөрүүлсэн.
Нэг муу хүн зохиож бий болгоод зургийг нь өндөрт өргөн ард түмнээр чулуу шидүүлж байгаад доогуур нь ард түмнийхээ халаасыг онгичдог.
Өөрсдийн зохион байгуулсан бүх муу зүйлсээ надтай цуг далд оруулах хүсэл байгаа нь ойлгомжтой.
Бүх муу муухай болохгүй бүтэхгүйгээр ард түмэнд айдас төрүүлж байгаад доогуур нь халаасыг нь тэмтрэх зорилготой байгаа.
Төрсөн үр хүүхэд, найз нөхөрлөлөөр нь барьцаалж ялладаг түүх надаар дуусаг гэсэндээ би энэ бүхнийг ярилаа.
Цаг хугацаа бүгдийг шүүж, зөв бурууг ил болгоно. Үнэн их хүчтэй.
Ардчилсан намын талаар:
Манай намд ужиг өвчин гэж байхгүй. Монголд ардчиллыг нутагшуулж, хүний эрх, эрх чөлөөг дээдэлж ирсэн нам.
Хэн нь зорилго үнэт зүйл зарчмаа баримталж, хэн нь зөвхөн хувийн эрх ашгаа нэгдүгээрт тавьж байгааг үйл явдлууд маш тодоор харуулж байна.
Цаашид ч АН хагаран бутрах биш эвлэлдэн нэгдэх ажлыг өөрийн чадах хэмжээгээр хийх болно.
Бүхэл бүтэн намыг татан оролцуулаад яллаж болохгүй. Нэг хоёрхон л хүний явуулга шүү дээ.
Намайг унагах ажил бол эртнээс эхэлсэн л дээ. Давхар дээл гээд л...
Огцруулах кнопыг заримыг нь эсрэг даруулж, заримыг нь гаргаад явуулж байгаа цаад хүчийг нь л тодорхойлох хэрэгтэй.
Үйл явдлууд шалтгаангүйгээр өрнөдөггүй.
Дэнзэнгийн талаар:
Дэнзэн төрийн хяналт шалгалтын тал дээр, залуу хүүхэд зоригтой ажиллаж олон хүний булхайг илчилж чангатгасан нь золиослогдох нэг шалтгаан нь болсон байх.
Үнэндээ бол Дэнзэн манай өнөөгийн нийгмийн золиос болсон залуу.
Би Дэнзэнгийн өмнө нь буруутай мэт санагдаад уулзахаар эвгүй байдаг. Харамсмаар...
Ардчилсан нам доторх зөрчил, 17 оны сонгуулийн талаар:
Бид тархигүй мэт ойлгомжгүй нөхцөл байдал дунд амьдарч байна.
Шунал, шүүмжлэл хоёрт таг хүлүүлчихээд хоорондоо тархигүй хэрүүл хийгээд хөдөлгөөнгүй суугаад байна.
Стратегийн ордууд дахь хувь, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлье гэж ярилцах нь бүү хэл бүр эсрэгээрээ бүгдийг нь зарж үрвэл эдийн засгаа аварна гээд сууж байгаа нь зөв шийдэл үү.
Ер нь цаг хугацаагаар тайлбарлагдах олон зүйлс бидний нүдэн дээр далд хэлбэрээр ил өрнөж байна.
Нөхдөө таньсангүй гэдэг үгийг олон хүнээc сонссон.
Н.Энхбаяр гарч ирээд гарын үсэг зурахад МАН айж сандарсан, манайхан сонгуулийн ялалт баталгаажлаа гэж баярласан.
Геополитикийн хувьд:
Томоор нь харвал дэлхийн улс төр, эдийн засагт маш том хувьсгалын үйл явц өрнөж байна. Эрх мэдэл, эдийн засгийн ноёрхол тив алгасан нүүдэллэж байна.
Энэ шинэ ноёрхлыг айл гэрээр авч үзвэл шинэ гэрийн тулгуур хоёр баганынх нь голд Монгол Улс маань тулга нь болон оршиж байгаа нь маш том хариуцлага.
Хүнд үйлдвэрлэл, эрчим хүч, байгалийн баялгаар тодорхойлогддог байсан дэлхийн эдийн засаг, нано технологи оюуны өндөр түвшний бизнес дээр суурилдаг болж өөрчлөгдөж байна.
Манай Засгийн газар Оюу толгойтой ойлголцох гэж хоёр жил ажилласан. Дээрдээ ч үгүй, дордоо ч үгүй.
Анхны хөрөнгө оруулалт хоёр тэрбум гаруй ам.доллараар нэмэгдсэнийг бид хүлээн зөвшөөрөөгүй. Ер нь бол Оюутолгойгоос бидний олох ашиг тун бага.
Хариуд нь Оюу толгой Монгол бол найдваргүй улс гэдгийг олон улсад хангалттай сурталчилсан.
Таван толгойн асуудлаар:
Өнгөрсөн хоёр жилд Таван толгой маш сайн ажилласан. Энэ ордын олборлолт гурав дахин, борлуулалт хоёр дахин өссөн.
Гагцхүү зах зээл дэх үнэ л тааруу байгаагаас ашиг бага харагдаж байгаа.
Орд маань өөр эзэнтэй болсноор түүхий эдийнх нь үнэ дэлхий даяар өснө гэж байхгүй.
Монгол хүн гэдгээ ухамсарлаж эх орондоо ашигтай шийдлийг олоосой гэж хүсч байна.
МАН-тай яагаад хамтраагүй талаар:
МАН-ыг сольж шинэ салхи, шинэ бодлого, шинэ арга барил хүсч АН-ыг сонгосон ард иргэдийн сонголтыг хүндлэх хэрэгтэй биз дээ.
Мөн 20 гаруй жил үзэл бодлоосоо болж хавчигдан гадуурхагдаж байсан АН-ын мянга мянган гишүүдийн итгэлийг яах вэ гэдэг асуудал байсан.
Зарим чухал мэдээллийг золиос гарган байж иргэддээ ойлгуулъя гэж шийдсэн.
Шинэчлэлийн Засгийн газар буруу зөрүү нэрийг зүүгээд огцорсон ч бидэнд бүх бурууг нялзаах гэж зүтгэж байгаа жинхэнэ шалтгаанууд одоо ил болж эхэлж байна.
Ер нь бид дээр дооргүй аливаа асуудлыг маш соргогоор, өргөн хүрээнд харж байх хэрэгтэй.
Одоогийн Засгийн газрын талаар:
Бид яаж ч хүнд хэцүү байдалд орлоо гэхэд хүний халаас руу хүүхэд, эхчүүдийн халаас руу орох болоогүй.
Бүр болохоо байчихсан байна гэж харуулах гээд байгаа юм уу, эсвэл ингэж харагдуулж байж Оюутолгой, Таван толгойгоо зүтгүүлэх гээд байгаа юм уу.
Хувь хүнийх нь хувьд бол би Сайханаагаа үнэлдэг, өөрийнхөөрөө бай гэж зөвлөдөг.
Чөлөөт асуултын хариуд:
Хувь хүний хийж чадах зүйлс, хамтын хүчээр хийж чадах зүйлс хоёрын цар хүрээ харьцуулшгүй өөр.
Хамтдаа 25 жил Монгол Улсынхаа хөгжил дэвшил, хүний эрх, эрх чөлөөг бэхжүүлэхийн төлөө зүтгэсээр байгаа журмын нөхдөдөө талархаж явдгаа илэрхийлмээр байна.
Хоёрхон жилийн дотор сүүлийн 20,30 жилд хоосон ярьж хойш суусан хүмүүсийн эхлүүлээгүй ажлыг бодитоор барьж, бүтээж, эхлүүлж, шийдвэрлэн зүтгэхэд хамтран зүтгэсэн журмын олон нөхөд, “Шударга ёс эвсэл”, бие даагчид, ИЗНН, бүх хот аймаг, сум дүүргийн удирдлагууд болон төрийн бүх шатны албан хаагчдадаа талархал илэрхийлье.
Монголчууд бид сэтгэл, зорилго, зүтгэл гурваа нэгтгэвэл хөгжил дэвшил хажууханд байна.
Цэцэрхэл, хийрхэлд автан үгүйсгэн гутаасаар суувал улам гүн шаварт шигдсээр байхыг цаг хугацааны явцад олон үзэгдэл нотоллоо.
Монголын минь хувь заяа их. Хамтдаа урагшилъя.
Шинэчлэл гэдэг бол сэтгэл гаргах хийх ажил юм.
Сэтгэгдэл бичих