Нийтлэл 02 сарын 17, 2015

Наймын хувин зээл

          Түрүүчийн удаа байрны үнийг хэн, хэрхэн өсгөсөн тухай бичсэн. Одоо харин байрны үнэ нэмэхгүй, төсвийн мөнгө үрэхгүй, байр орон сууц, хувийн байшинтай болгох тал дээр ард иргэдээ ТӨР нь яаж дэмжиж болох тухай бичье. Шууд хэлэхэд үүнийг би бодож олоогүй, зохиогоогүй, өөр олон улсад ижил төстэй хөтөлбөрүүд байдаг гэдгийг дурдах нь зүйтэй.

Байр орон сууц бол дэлхийн хаана ч дийлэнх гэр бүлийн хамгийн том худалдан авалт, хөрөнгө оруулалт болдог.Хүний наснаас барилгын нас хавьгүй илүү тул өв залгамжлах хөрөнгө ч болдог. Баян чинээлэг улсын иргэд хүртэл толгой дараалан байртай болж чаддаггүй. Учир нь хөлсний байранд амьдрах нь байр худалдаж авснаас эдийн засгийн хувьд илүү ашигтай болж хувирсан байдаг.

Өөрөөр хэлбэл хөгжлийн тодорхой түвшин хүртэл хувийн орон сууц нь ашигтай хөрөнгө оруулалт болж хүн болгон тэмүүлэхийн хирээр эрэлт, нийлүүлэлт өсөж , нийлүүлэлт талын хуримтлалын тодорхой хэсэг эрэлтээс давсан нийлүүлэлт болж, үл хөдлөх хөрөнгийн зах зээл олон тооны банк, санхүүгийн институциудын актив пассивд олноор тусгагдаж, зарим зээлээ төлж чадаагүй хэсгийн алдсан байр орон сууц зээлийн үлдэгдлийг хааж чадахааргүй үнийн зөрөө үүсээд эхлэхээр хөлсний байр ашигтай болдог байна. Монголын хувьд энэ хугарлын цэг хаана вэ гэж хэлэх хэцүү.Монгол гэр гэж универсал өрсөлдөгч байгаа цагт үл хөдлөх хөрөнгийн зах зээлд тоглох эрсдэлтэй хэвээр байх болов уу.

Дээр хэлсэнчлэн байр орон сууц хамгийн том хөрөнгө оруулалт учраас дийлэнх гэр бүлийн хувьд зээлгүйгээр худалдан авах бараг боломжгүй юм. Зээл гэдэг маань ирээдүйд олох орлогоороо барьцаалж одоо мөнгө авах... Харин хадгаламж бол өнгөрсөнд олсон орлогоо өнөөдөр хүртэл хадгалах... Нэг нь тодорхой бус, нөгөөх нь тодорхой. Хадгаламжийн түүхийг нь хараад ирээдүйд олох орлогыг нь багцаалж болно. Хадгаламжийн түүхгүй хүний ирээдүйн орлогыг харин яаж багцаалах вэ? Эрсдэлийг тооцохгүйгээр Монгол улсын иргэн бүрд байрны зээл өгч болно. Толгойтой болгон байртай болж ч болно. Зээлээ төлөх нь харин хэд бол? Төлөхгүй бол байрыг нь яах вэ? Зээл өгсөн банк нь зээлээ төлдөггүй эзнийг нь хөөж гаргаад байрыг нь яах юм?  Дайны дараа Европ социалист, капиталист хоёр ертөнцөд хуваагдаад аль аль нь нэгнийхээ давуу талыг харуулах гээд зүүн баруун Германд хөрөнгийг хамаагүй цутгажээ. Зүүн тал нь ч баахан барилга барьж баруун тал нь ч барьж. Зүүн нь улсын байр учраас мөнгө төлдөггүй, баруун нь хувийн байр учраас мөнгө төлж авна. Барууныханд банкнууд нь харамгүй зээл өгч. Ингээд 1960 аад оны дундуур баруунд бараг толгой дараалан зээлтэй, байртай болжээ. Тэр үед банкнууд үл хөдлөх хөрөнгөтэй байхыг хуулиар хориглодог байж. Гэвч нөгөө олон зээл авч байранд орсон хүмүүсийн тодорхой хэсэг нь зээлээ төлж чадахгүй болж банк эхнээс нь гудамжинд хөөж гаргаад байрыг нь зарах гэж үзэв. Олон банк бүр олон хүмүүсийг хөөгөөд гаргачихсан учраас байрны үнэ навс унаж өгсөн зээлдээ ч хүрэхгүй болов. Зарим банк дампуурлын ирмэгт туллаа. Ингээд хууль тогтоогчид арга буюу банкнуудад үл хөдлөх хөрөнгө эзэмших эрхийг нь нээж, банкнууд зээлээ төлөөгүй хүмүүсийг хөөж гаргахаа болиод түрээсийн хэлбэрт шилжих маягаар зах зээл нь тогтворжиж байсан түүх бий. Үүнээс сургамж авч, иргэдээ байр орон сууцтай болгох бодлогод эрс өөрчлөлт хийж зөвхөн хувийн байр орон сууцтай болох зорилго тавьсан иргэдийг дэмжих болсон байна. Харин тэр зорилго тавьсан гэдгийг нь юугаар хэмжив? 5,10 жилийн хугацаатай хадгаламж үүсгэж, тогтмол дүнгээр сар болгон хадгаламжаа тасралтгүй нэмэгдүүлсэн хүнд Төрөөс урамшуулал олгодог болжээ. Өнөөдөр ХБНГУ-д үйлчилдэг систем нь, хадгаламж дээр нь жил бүр зорилтот хадгаламжийн эцсийн дүнгийн 1 хувь, хамгийн ихдээ 1250 евроны урамшууллыг 8 жилийн турш олгодог байна. Үүн дээр хүүхдийн нэмэгдэл гэж бас 800 евро мөн л 8 жилийн турш. Манай 8 хувийн хүүтэй зээл бас л 8 гэсэн тоотой байдаг нь харин цэвэр тохиолдлынх...

Ийм байдлаар хадгаламжид суурилсан урамшуулал нь банкнуудад хадгаламж их хэмжээгээр үүсгэж, үүнийгээ дагаад банкны зээлийн хүү хадгаламжийн хүүгийн зөрүү багасан, аажмаар зээлийн хүү буурч нийт улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлж эхэлсэн байна. Сүүлийн хорин жилийн мэдээнээс үзвэл байрны зээлийн хүү жилийн 7.8 хувиас 5 хувь хүртэл буурсан байх юм. Дэлхийн II дайны дараагаас өнөөдрийг хүртэл барилгын хадгаламжийн кассууд нэг их наяад гаруй еврогоор 13 сая гаруй орон сууцны худалдан авалтыг санхүүжүүлсэн байна.

Европд Словак, Чех, Унгар, Хорват, Румын, Австри, Германд барилгын хадгаламжийн хуультай, хуульгүй ч  ийм арга өргөн нэвтэрсэн Франц, Люксембург, Бельги гэх мэт орнуудаас гадна Казахстан, Сингапур ч иргэдээ ийм маягаар дэмждэг байх юм. Сүүлийн үед Хятадын банкнууд ч барилгажилтын хадгаламж гэх бүтээгдэхүүн санал болгож байгаа нь хуулийн зохицуулалтаасаа урьтаж гарсан санхүүгийн бүтээгдэхүүний  анхны тохиолдол биш юм.

Барилгын хадгаламжийн урамшууллыг жил бүр төсвөөс гаргах шаардлага бас байхгүй.Төсвөөс тодорхой хэмжээний хөрөнгийг санд хуримтлуулаад, хүүг урамшуулалд зарцуулдаг байж болох юм. ОССК жишээ нь тэр санг удирдаад жилд олсон хүү, ашгийг барилгын хадгаламж үүсгэсэн иргэдэд хуваарилан зохицуулах ажлыг хийж болмоор санагдана. Татвар төлөгчдийн мөнгийг шууд май гээд ард иргэдийн тодорхой хэсэгт тараагаад байх нь шударга бус учраас ийм байдлаар шийдвэл төсөвт ч дарамтгүй, эдийн засагт ч нэмэртэй, банкнуудад ч ашигтай, нийгэмд хэрэгтэй л зүйл болмоор санагдана. Хадгаламж үүсгээд 5 жилийн турш сар бүр тодорхой мөнгө хийж байсан хүнд банк ч итгээд байр авахад дутсан мөнгийг нь дуртайяа зээлнэ.Байрны зээлтэй, 10 жилийнхээ хөдөлмөрийг шингээсэн хүн нэг газраа тогтвор суурьшилтай ажиллах нь дамжиггүй. Мөн ажил олгогчийн урамшууллын гэрээ гэдэг зүйлийг ч хуульчилж өгч болох. Ийм маягаар  яг өнөөдрийн байдлаар боловсон хүчний хурц дутагдалд орсон үндэсний компаниудад ч эерэг нөлөө үзүүлэх бас нэг хүчин зүйл бий болох юм. Уг нь Азид нийгмийн халамж нь корпоратив хэв маягтай, нэг ажилласан газраа тэтгэвэрт гартлаа ажилладаг, тэр хэрээр дадлага туршлагатай болдог, удирдлагын зүгээс ч хүндэтгэлтэй ханддаг, үр хүүхдүүд нь ч тэр л компанидаа үнэнчээр зүтгэж Төрийг нийгмийн халамжийн элдэв дарамтаас чөлөөлдөг. Монголд бас ийм байх боломжийг хадгаламжид суурилсан барилгажуулалтын бодлого нээх юм. Огт байр авъя гэж бодоогүй, тогтмол орлого нь байрны зээлийн хүү болон үндсэн зээлээ төлж чадахааргүй хүнийг бага хувьтай зээл гэж цочоож, байгаа хэдийг нь банканд хураалгах нь зөв гарц биш байх шүү, хууль тогтоогч, эрх баригчид  минь. Найман  хувийн зээлтэй иргэнээс  найман хувийн хадгаламжтай иргэн илүү илүү...

 

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2016-02-14

    ЗӨВ ШҮҮ

arrow icon