Саяхан даа, Иракт байхаа, алба хаасан манай цэргүүд буцах болохдоо онгоц дүүрэн чулуу авчирч Нарантуул ОУХТ дээр зараад баяжиж бурзайсан тухай уншсан. Тэнд цуг алба хааж байсан бусад орны цэргүүд “Энэ монголчууд чулуу түүгээд байх юм. Ямар учиртайм бол?”
гэж мэл гайхаж байсан гэлцдэг. Тэгсэн тэр чулуунууд нь хөөрөг хийдэг чулуунууд байсан болтой юм билээ.
Хөөрөгний тухай бичих болбаас эхлээд хамрын тамхины тухай өгүүлэх нь зөв юм.
Хамрын тамхи /snuff/ гэдэг нь энгийн тамхины навчийг хатааж тоосонцор болтол нь нунтагласны дээр нь анхилуун үнэрт өвс, ургамал нэмэн хольж бий болгосон нунтаг зүйл юм.
Хамрын тамхи үнэрлэдэг хуурай хэлбэртэй байхаас гадна шүдний буйланд нааж амтлаж хэрэглэх зориулалттай зуурмаг хэлбэртэй байдаг байна. Анх хамрын тамхи хэрэглэж байсан тухай 1493 онд Америкт очиж байсан Рэймон Пэйн хэмээх ламын дуртадгалд өгүүлсэн байдаг. Улмаар 1560-аад оны үед хамрын тамхи Европт ихэд дэлгэрч моодонд ороход Францын хатан хаан Екатерина Медичи их үүрэг гүйцэтгэсэн байдаг. Түүний толгой их өвддөг байсан бөгөөд өөрийн Элчин сайд Жак Никогийн зөвлөснөөр хамрын тамхи хэрэглэснээр толгойн өвчин нь зүгээр болсон гэлцдэг. Хамрын тамхи хэрэглэх моод газар нутаг хамарсаар 16-18-р зууны хооронд Ази тивд ирж Хятад, Япон, Төвд, Энэтхэгт зэрэг орнуудад ихээр тархжээ. Хамрын тамхийг үнэрлэж найтаах нь эрүүл мэндэд сайн гэж ухуулснаар баян, ядуугүй бүгд л хэрэглэж байж. Орчин цагийн анагаах ухаан хамрын тамхи нь харшил үүсгэх, үнэрлэх чадварыг бүрэн алдагдуулах, тамхинд агуулагдах никотин нь амьсгалын замын эрхтэнүүдийн хавдар үүсгэх боломжтой гэх мэтээр тодорхойлж байна. Туршлагтай хамрын тамхичид хамрын тамхийг тодорхой, тохирсон хэмжээнд хэрэглэвэл сэтгэл сэргээж сайхан болгодог гэлцэх нь бий.
Хамрын тамхийг дагаад түүнийг агуулах сав буюу өнөөгийн хөөрөг хэмээх зүйл үүсэж хэлбэр, дүрс, хийц маяг, хийх материал нь өөрчлөгдөж иржээ. Анхны хөөрөгнүүдийг малын шир, мод, төмөр, мөнгө, шил шаазан гэх мэт янз бүрийн материалаар хийдэг байдаг бөгөөд тэдгээр нь алт, мөнгө, эрдэнэсийн металл, чулуугаар чимэглэгдсэн байдаг байж. Улмаар явсаар хөөрөг өнөөгийн чулуун биет төрхөө олжээ. Өнөө үед хөөргийг чvнчигноров, гартаам, мана, хаш чулуунууд, болороор, улаан, цагаан шүрээр хийх нь элбэг.
Монгол хөөргийг Манжийн дарангуйллалын үед манжууд нэвтрүүлсэн гэх яриа байдаг аж. Манжийн нэг томоохон төрийн зүтгэлтэн Монгол Улсыг Манжийн эрхшээлд бүрэн оруулахын тулд “...Өвөрт нь хүйтэн чулуу /хөөрөг/, аманд нь хүйтэн чулуу /гаанс/, орой дээр нь хүйтэн чулуу /отго жинс/ залж монгол эрчүүдийн цөсийг дарах нь зөв юм!
” гэж айлдсан түүх байдаг. Бас нэгэн өөр эх сурвалжид “... Хятадууд “Монголчуудын цөсийг хэрхэн дарах вэ?” гэхэд нь нэгэн Дао лам “Толгойд нь Буддыг хийгээд, өвөрт нь чулуу хийчих. Тэгээд тэд номхорно, өвөртэй чулуутай хүн давхиад байж чадахгүй
” гэж айлдсан гэдэг. Хөөрөгний үүслийн талаар ард түмний дунд бас нэгэн яриа явдаг. Тэр нь “Манжууд монголчуудын хүн амыг өсгөхгүй байх зорилготойгоор хөөрөг, хамрын тамхийг өргөнөөр хэрэглээнд оруулсан гэдэг. Учир нь "хүүхэн сонирхсон эр хамрын тамхи татах үед сэрэл буурч, секс хүсэх хүсэл дарагддаг байсан
” гэдэг. Эдгээр эх сурвалжууд баталгаатай эсэх нь тодорхойгүй ч хөөргийг манжууд Монголд нутагшуулсан гэдэг нь ортой юм билээ. Монголын шуналтай тайж, ноёдод зэрэг цол өгөхийг зэрэгцээ түүнийг нь тодорхойлох, бусдаас ялгаруулах зорилгоор отго жинс, хөөрөг бий болгож энгийн ардаас ялгагдах зэрэг дэв, зиндааг тодорхойлдог хэрэгсэл болгосон байдаг.
Аливаа трэнд, брэнд хөгжиж төрхөө өөрчилж л байдаг. Хөөрөгийг үнэлэхэд түүний толгой, нуух, халбага, ухалт, хэлбэр, чулууны бүтэц, хэдэн жилийн настай, хэн хэрэглэж байсан түүх зэрэг нь чухал гэж үздэг байна. Бурханч лам Б.Пүрэвбат нэгэнтээ дээр үед хөөрөгийг зөрүүлж тамхилсан арилжаа наймааны хоёр тал гэрээг “тамгалсан”-тай адилтгаж үздэг байсан мэтээр ярьсан байсныг уншиж билээ. Харин тийм эх сурвалж хаанаас олсныг нь мэдсэнгүй. Зарим нутагт тийм ёс байсныг үгүйсгэхгүй. Ер нь тэгээд аливаа зүйлийг брэнд болгох, зах зээлийн үнийг нь өсгөх зорилгоор домогжуулах, хийсвэржүүлэн үлгэржүүлэх үзэгдэл манайд их газар авсан байдгийг та бүхэн мэднэ дээ. Хөөргийг тойруулж хүчирхэг домог, далдын хүчийн талаар элдэв түүхийг хөөрөгний уран дархцуул, хөөрөг, чулууны арилжаа хийдэг наймаачид зохиож ам дамжин ярьсаар иржээ. Хөөргөөр хүн эмчилсэн л гэнэ, хөөрөг нь өмнөх эзнийхээ энергийг хадгалаж байдаг тул түүнийг барьж байгаа хүндээ сайн сайхан зүйл, эрүүл энх, эд хөрөнгө авчирдаг, халуун элсэн цөлд харангалж хатаж үхдэггүй, ийм тийм чулуун хөөрөгтэй айлд хүүхэд тогтдог гэх мэт яриа энд тэнд сонсогддог.
Юутай ч хөөрөгний соёл бол хэзээ ч монгол соёл байгаагүй. Харин урд зүгээс манайд нутагшуулсан хэрэглээ бол мөн.
Зарим нэг нь Хүннгүийн үеийн хөөрөг гэж ирээд ярихыг сонсохоор инээд хүрдэг. Хүннүгийн үед хөөрөг байтугай хамрын тамхи ч үүсээгүй байсан юм билээ. Чингис хаан бол хөөрөг хэрэглэх байтугай тийм зүйл байдгийг мэдэхгүй байсаар л дууссан
. Орчин цагийн Цагаан сарын бөх үзэх бүрт манай төрийн өндөрлөгүүд Бөхийн өргөөний индэр дээр суучихсан бүгд гартаа нэг нэг чулуу атгачихсан байж байгааг байнга л хардаг. Тэд чухам өөрсдөө хаанахын, ямар соёл түгээж байгаагаа мэддэг болов уу? Ер нь манай сайд, дарга нар, олигархиуд хөөрөгний гарал үүсэл, үүх түүхийг мэддэг эсэхэд би эргэлздэг. Үнэхээр тийм мундаг, эртний монгол соёл, ёс заншил юм бол гаднын том том төрийн айлчлалын үеэр ирж байгаа зочид гийчидтэй яагаад хөөрөг зөрүүлж тамхилдаггүй юм бол? Би л лав Ц.Элбэгдорж Владимир Путинтай, Си Жи Пинтэй, З.Энхболд С.М.Нарышкинтай хөөрөг зөрүүлж тамхилж байгааг нь хараагүй. Эсвэл тамхилдаг ч юм болов уу?
Ийм юм хум бичээд байхаар хүмүүс намайг хөөрөггүй болхоороо ингэж байгаа юм гээд хямдхан сэтгэх л байх. Надад шүрэн толгойтой, халтар манан хөөрөг байсан. Арваад жилийн өмнө ахдаа бэлэглэсэн. Одоо ч хөөрөгтэй болоё гэж боддоггүй. Гэхдээ би хөөрөг муу, хөөрөг хэрэглэх буруу гэдэг талаас нь бичих гэж зорьсонгүй. Бид чинь “Хогийн муу солонгосын соёл олон ангит кинунуудаар манайд нэвтэрлээ!”, “Муусайн хятадууд манай морин хуурыг, уртын дууг ЮНЕСКО-д өөрийн өв соёл гэж бүртгүүлэх гэж байна!” гэдэг үндсэрхэг ард түмэн өөрсдөө чухам яг ямар гарал, үүсэлтэй, үүх түүхтэй эд зүйл хэрэглэж байгаагаа мэдэж баймаар санагдсан. Ер нь хөөрөг манай эртний соёл юм бол бид яагаад гүйж очиж ЮНЕСКО-д өв соёл энэ тэр гэж бүртгүүлэхгүй байгаа юм бол?
Эцэст нь хэлэхэд хөөрөглөж тамхилдаг найзууд аа, үе үе хөөрөгөө угааж байгаарай, эсвэл ядахад “Ариун”-ын нойтон салфеткаар арчиж байгаарай. Бас л их олон гар дамжих юм билээ шүү.
PS: Нэг удаа Буянгийн Жагаагаас сэтгүүлч “Жаргалсайхан гуай, Та хөөрөг барьдаг уу?” гэхэд нь Жагаа “Үгүй. Тэр хогоор яадаг юмб?! ... Үххсэн баръя гэвэл уулнаас очоод нэг чулуу аваад нүхлээд өвөртлүүл өвөртлийшт” гэж билээ.
Сэтгэгдэл бичих