Хүн ам сийргээрээ Монгол дэлхийд нэгдүгээрт жагсаж, Баруун Сахара улс удаах байрыг эзэлдэг байх юм. Монголын урд дөрвөн нэр бүхий арал байдаг боловч тусгаар улс биш учир энэ жагсаалтад хамаагүй. Хүн амынх нь тал хувь нь гурван хотдоо амьдардаг гэхээр Монголыг цөл шиг эзгүй гэж ойлгох гаднынхан элбэг. Хүн амынх нь тал хувь нь гурван хотдоо амьдардаг гэхээр Монголыг цөл шиг эзгүй гэж ойлгох гаднынхан элбэг
. Ийм уудам нутагт тийм цөөхүүлээ амьдардаг гэж олон жил ярьсан. Харин ойрмогхоноос яндашгүй баялагтай гэдэг чимэг нэмэгдсэн энэ улсын засаг захиргааны нэгжийн асуудлыг сөхөж ярих цаг ирсэн санагдана.
Нэгэн зүйл: Divide et impera. Хуваагаад захир гэдэг хоёрхон үгэн дээр хүн төрөлхтний төрт ёс мянга мянган жил тогтож ирсэн нь үнэн. Захирах, захирагдах хоёрын захирагдах нь сул дорой байх ёстой бөгөөд хэд хэдэн сул доройг тус тусад нь захирсаар өнөөг хүрчээ.
Одоогийн аймаг, сум, баг гэсэн хуваарилалт нь 90 жил болчхож. Арван наймаас 21 болсон аймгийн түүх ч сонин.Үнэндээ Сэлэнгэ, Булган, Дорноговийн УИХ-ын мандат цөөдөөд, ганц нэг улс төрчдөд зориулж хийчихсэн өөрчлөлт байх гэж би харддаг. Даамай Говьсүмбэр аймаг одоо мандатгүй болсон юм чинь эргээд нэгтгэсэн ч гэмгүй. Хэрэв миний таамаг үнэн бол улс төрчид сонгогдохын тулд хуваагаад захир гэдэг сонгодог арга хэрэглэдэг нь бүр ч тод харагдана.
Хүн амын тал нь суудаг нийслэлээс 20 гишүүн, нөгөө тал нь амьдардаг хөдөөнөөс 56 гишүүн сонгогдоод УИХ-д ороод ирэхээр долоон сарын нэгэн болох нь ойлгомжтой. Харин энэ жил бага боловч хувь тэнцүүлсэн элемент орсон болохоор гайгүй өнгөрлөө. Хэрэв нийслэлд амьдардаг иргэд маань төсвийн хөрөнгө оруулалтын хуваарилалтыг анхааралтай хардаг бол дахиад долоон сарын нэгэн хиймээр санагдахуйц шударга бус хуваарилалт ажиглагдана. Нэг аймгийн гурван сум руу цахилгаан татаж байгаа нь энэ гээд таван тэрбум төгрөг зоочихсон, тэр сумдын төвд амьдардаг хүнийх нь тоонд хуваахаар нэг хүнд гурван сая гаруй төгрөг гарч байх жишээний. Эргээд яг тийм харьцаатай хөрөнгө оруулалтыг хотын нэг л дүүрэгт хийвэл хэдэн зуун их наяд төгрөг болох бол? Дээр нь татварын дөмөгхөн хэсгийг нийслэлийнхэн төлдөг. Хот, хөдөө гэж ялгах гэсэн юм биш, нэг хүнд ногдох төсвийн хөрөнгө оруулалт, төрийн үйлчилгээ гэх мэт аль ч талаас нь харсан одоогийн засаг захиргааны нэгж, тархай бутархай байдал нь эдийн засгийн үр ашиг муутай.
Хотыг чиглэсэн нүүдэл улам газар авч зарим сумын төв нь 60 өрхтэй, сургууль нь 48 хүүхэдтэй болжээ. Төрийн үйлчилгээний бүтэц харин бүтнээрээ. Тэнд заавал хүмүүсийг хүчээр барьж байлгах, баахан төсөв мөнгө зарж нэгж байлгах хэрэг зөвхөн улс төрчдөд л бий. Сумын засаг даргаас эхлээд УИХ-д нэр дэвшигч нарт тэр суманд нь хүн байна уу, ямар амь зуулгатай байна огт сонин биш. Гол нь тэнд нэжгээд мөнгө “угааж” болохоор л байх ёстой...
Нэгэн зүйл: 1930-аад онд Америкийн мафиудын толгойлогч нарыг татварын хэргээр буруутгаж, шийтгэж эхэлсэн тул мафиуд мөнгө олсон эх үүсвэрээ тайлбарлах хэрэг гарч, том жижиг хотуудаар дүүрэн угаалгын газруудыг өмчилж, орлогын эх үүсвэр мэтээр тайлбарлах болсон юм.
Ийнхүү хууль бус хөрөнгийн эх үүсвэрийг хууль ёсных болж хувиргах аргыг мөнгө “угаах” гэж нэрийдэх болжээ.
Хэд хэдэн шат дараалсан бичилтээр сумдаас мөнгө гаргаж авдаг аймгийн албан тушаалтнууд байсан, одоо ч бий.
“Социализмыг бүтээн байгуулах” туршилтын явцад орос мэргэжилтнүүд хов хоосон тал дээр сум байгуулж, сангийн аж ахуй, нэгдэл цогцлоохдоо байгаль орчин, хүнд ээлтэй гэхээсээ илүү цэрэг дайны, газарзүйн байрлалд илүү анхаарсан юм уу гэмээр санагддаг. Одоо тэгж байгуулсан газрууд нь эл хуль, хүнгүй болсон байх нь элбэг. Цэргийн бааз байсан хотхонууд бүгд балгас болжээ. Уг нь өөд нь татаад нэг бус нэжгээд сумын айл өрхийг багтаачхаар байр сав. Оруулаад суулгачих хүн нь алга даа гэж зэргэлдээ сумынх нь засаг дарга үнэнээ өчиж, өөр сумтай нийлбэл яасан юм гэхээр төв нь хаана байх юм, засаг дарга нь хэн болох юм гээд өөрийнхөө хувь заяатай холбоотой асуулт л тавих юм.
Сэлэнгэ, Дарханыг эргүүлээд нэгтгэх гэхээр аймгийн төв нь Дархан уу, Сүхбаатар уу гээд маргалдаад нийлдэггүй гэдэг яриа үнэний ортой л байх. Төсвийн хуваарилалтыг хүн амын тоотой уялдуулж, хөрөнгө оруулалтын аливаа ажлыг мөн л хүн амын нягтралыг харгалзаж хийдэг болмоор.
Тэгвэл хүчээр сумдыг нэгтгэх гэж явахгүй, өөрсдөө саналаараа нийлээд хот тосгон болоод асуудлаа шийдүүлээд явна шүү дээ. Дээр нь хотруу чиглэсэн хүн амын нүүдэл зогсоно. Зарим төрийн байгууллагыг тийм хот, тосгодруу нүүлгэвэл нийслэлдээ шавсан улс байхаа болино. Жишээ нь, Үндсэн хуулийн цэц, Татварын Ерөнхий газар, Дээд шүүх, Стандарт хэмжил зүйн газар заавал нийслэлд байх хэрэггүй шүү дээ. Хаана ч байсан ажлаа хийж дөнгөнө.
Нэгэн зүйл: Монгол Улсын Үндсэн хуулийн дөрөвдүгээр бүлэг тэр чигтээ засаг захиргааны нэгж, бүтэц, удирдлага, эрх зүйн үндэс гэх мэт зүйлийг багтаадаг. Тиймээс аливаа өөрчлөлтийг заавал УИХ-аар батлуулдаг хуультай.
Дархан сумаасаа 11 дахин их хүн амтай Бор-Өндөр багийг сум болгож салгах гэж хэдэн ч жил хэчнээн ч хүн гүйв. Хэрлэн-Баян улаан гээд нэг баг байна. Хүнгүй шахам болчихсон, социализмын үед тэжээлийн САА гээч юм байгуулаад одоо түүнээс нь үлдсэн юмгүй. Хаа нэгтээ суугаа 50 айл нүүгээд өөр 50 айлтай нийлж эдийн засаг, төрийн үйлчилгээгээ сайжруулъя гэхээр улс төр оролцдог энэ тогтолцоог өөрчлөхгүй бол, засаг захиргааны нэгжүүдийг цөөлж нэгтгэх болгонд УИХ-аар хэлэлцүүлэх нь зохимжгүй мэт санагдана.
Үндсэн хуулийг зохиохдоо газар нутгийн бүрэн бүтэн байдлаас өгсүүлээд олон юм бодолцон байж засаг захиргааны нэгжийн тухай бүлэг орсон байх, гэхдээ нэгдэх, нүүж суух, түүнийг нь баталгаажуулахад иргэд өөрсдөө шийдэж мэддэг байх нь чухал. Хүн амын тоотой нь харгалзуулж эмнэлэг, сургууль зэрэг төрийн үйлчилгээний байгууллагуудын төсвийг хуваарилдаг бол иргэдэд нэгдэх хүсэл аяндаа төрнө. Сум нэгдэж болж байгаа хойно аймгууд ч нэгдэх тухай яриа гаргаж болно шүү дээ. Өнөө гайхал мандат нь цөөрнө гээд гишүүд нь таг хөндөлсөөд хэвтчихнэ л дээ, гэхдээ наанаа шал өөр шалтаг шалтгаан тоочих биз. Чухамдаа эдийн засгийн үр өгөөж, зах зээл, хүний хөгжил, дэд бүтэц, үйлдвэржилт, төрийн үйлчилгээ, боловсрол, эрүүл мэнд гээд бүх л талаас нь авч үзвэл тархай бутархай 330 сумаас нийлж нэгдсэн 33 хот тосгон байсан нь дээр
. Харин хувааж байгаад захир гэдгээр улс төрчид тун дургүй байх болов уу. Эзгүй хээр талыг эзэгнэнхэн төрлөө би...
Сэтгэгдэл бичих