Сая онлайнаар Уул уурхай бидэнд хэрэгтэй юу, үгүй юу гэдэг санал асуулга явж, айхавтар хэлэлцүүлэг явж байхыг харлаа. Угтаа бол шал утгагүй л яриа, ажил юм. Яагаад гэвэл нийт экспортынхоо 90 хувь илүүг мөн дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 20 хувь илүүг зөвхөн энэ салбараас босгож байгаа улсын хувьд үүнийг утгагүй гэхээс аргагүй. Энэ салбарын томоохон судлаачдын нэг Auty -ийн тодорхойлсноор байгалийн баялагт хэт хараат эдийн засаг гэдэг нь дээрх хоёр үзүүлэлтээр аваад үзвэл дотоодын нийт бүтээгдэхүүний 8 хувь харин экспортын 40 хувиас илүү гарсан байдаг гэнэ. Энэ нь хэдүүлээ энэ салбараасаа хэт хараат бөгөөд дээрх асуулгыг явуулах нь утгагүй юм гэдгийг батлан харуулах ажээ.
Гэвч энэ утгагүй юм гээд хаяхаасаа илүүтэй яагаад энэ асуулга явагдаж нийгмийг хамарсан сэдэв болов гэдэг нь хамгийн гол асуудал байгаа юм.
Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, соошил медиагаар явж байгаа иргэдийн санал сэтгэгдлийг ажиглахад:
- Өөрсдийн хувьд болохгүй бүтэхгүй байгааг зөвхөн Монголын удирдагчид болоод Уул уурхайн компаниуд хийж байгаа мэт сэтгэгдэл илэрхийлсэн нь давуутай байна. Ингэхдээ бас яг ярьж байгаа зүйлээ мэдэж байгаа эсэх нь туйлын эргэлзээтэй санал сэтгэгдэл бичигчдийн байр суурь трэнд болон нисэх нь харуусал төрүүлнэ.
Монголд л зөвхөн уул уурхайн салбар ийм асуудалтай тулгардаг юм уу гэвэл үгүй. Harvard болоод Quensland-ийн сургуулийн /энэ хоёрыг хужаагийн захиалгаар судалгаа хийсэн гэж ориг монгол хардлага гаргав даа, та хэд минь/ эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад
2008-2012 оны хооронд дэлхий даяар хөгжиж байгаа орнуудад хэрэгжиж байгаа төслүүдийн дөнгөж 30 хувь нь төлөвлөсөн цаг хугацаандаа ашиглалтад орж байгаа, харин 46 хувь нь хугацаанаасаа хоцорсон эсвэл зогссон байдалтай байгааг харж болно. Харин энэ зогссон 46 хувийн бараг тал хувийнх нь зогссон шалтгаан нь тухайн уурхай оршин байгаа орны олон нийт, иргэдтэй үл ойлголцсон байдлаас болсон буюу мэргэжлийнхний хэллэгээр бол техникийн бус шалтгаан / Non-technical problem / болсон гэсэн баргар үр дүн гарчээ.
Тэгэхээр монголчууд минь хэдүүлээ бас дэлхийгээс хойш хоцроогүй цуг алхаж байгаадаа баясаж болох юм шиг байна.
Бас хэдэн муусайн монгол дарга нар маань л зөвхөн улсаа худалдаж “Хужаа”-д зарах гээд байгаа биш юм шиг байна.
Харин дээрх төслүүдээ хойшлуулаад байгаа улсуудын хүн амынх нь бичиг үсэг тайлагдсан байдал, түүх соёл, интернет хэрэглээ, хүний хөгжлийн индексийн төвшинтэй нь харьцуулаад үзвэл дандаа манайхаас хол хойгуур байр эзлэх Латин Америк, Африкийн зарим хүнд гарын орнуудтай хэдүүлээ дүйж очоод байгаа нь л бидний ичиж үзмээр асуудал “эх оронч” үзэл төвлөрмөөр цэг ажээ. Учир нь гэвэл хэдүүлээ энэ “хойш” чангаагчдын эгнээнд манлайлдаггүй юмаа гэхэд дундаас дээгүүрт нь эрчимтэй цохиж яваа болно.
Төслүүд хойшлоо л биз үхсэн баас маниуст ямар хамаа байдаг юм. Муу сайн барууны гар хөл бологчид минь донгос гэх эрх нь танд бий. Гэхдээ энэ тоо баримт танд нэгийг бодогдуулах байх, өршөөнө биз. Хугацаанаасаа хойшилсон төслүүдийн дийлэнх нь дандаа эхлэл үе дээрээ зогсдог ба зарим төслүүд нь нэг өдөр хойшлоход 50,000 америк доллар алддаг гэсэн тооцоо ч хийсэн байх юм.
Энэ мөнгө бидний халааснаас гарахгүй юм чинь гэж бас л хэдэрлэх байх л даа, та нар. Гэвч хугацаа явах тусам тухайн төслийн босч ирэх зардал улам өсдөг нь зах зээлийн хууль юм. Тэгээд л оруулсан хөрөнгөө гаргаж авах хугацаа нь улам сунадаг. Монголын жишээн дээр авбал Оюу толгой уурхай анх эхлэхдээ 4 тэрбум байснаа зогсож зогсож хөдлөхдөө нэмээд 2 тэрбумыг нэхээд хэвтэж байгаагийн жишээ энэ.
Дашрамд дуулгахад RIO-ийн зүгээс хэрэв Оюу толгой 2015 оны 2-р улиралд хөдөлж эхлэхгүй бол ахиад 900 саяыг алдана гэж мэдэгдсэн байна лээ.
Нөгөө 2 тэрбум дээрээ нэмээд 900-ийн хэрүүл хийнэ, хэдүүлээ.
Би энд Оюу толгойг зөвхөн жишээлсэн юм шүү. Бусдыг нь яривал шууд сэтгэлээр унамаар яриа болно. Оюу толгой гацсан нэг өдрийн алдагдлын 34 хувийг хэдүүлээ үүрч байгаа. Тэгээд бидний авах ногдол ашиг тэр хэрээр биднээс алслаад холдчихож байгаа юм. Арван жил байсан бол 20 жил болж хүлээгдэх жишээтэй. Ер нь ч тэгээд өөрөө 34 хувийг эзэмшдэг төрийнх нь өмчийн компанийн захирал Оюу тойгойхонтой ясаа цайтал үзнэ энэ тэр гэж байгаа нь өөрөө өөрийнхөө гар луу хутгаар шааж шааж таашаал авдаг садист маягийн хүнээс л гарах авиртай дүйх юмуу даа, бараг л.
o Энэ бантан, жонхуу яагаад үүсээд байна вэ? Хэн юу хийх ёстой вэ гэдэг бол бидний цаашаа хөдлөхдөө зайлшгүй хариулах ёстой асуулт юм.
Уул уурхайн салбарт “оролцогч талууд” гэж ойлголт байдаг.
- Засгийн газар,
- Иргэний нийгэм,
- Компаниудыг нийлүүлээд ингэж нэрлэдэг хэрэг.
Хөгжиж байгаа бас Уул уурхай явуулах гэж ухандаж байгаа орнууд бүү хэл хөгжсөн уул уурхайг яралзуулж байгаа орнуудад ч энэ гурвын дунд үргэлж зөрчилдөөн явж байдаг юм. Гэхдээ үзэж тарах арга барил нь маниусаасаа шал өөр ахисан түвшинд судалгаа шинжилгээтэй явдаг нь гол ялгаа нь байдаг бөгөөд POP-дын үүрэг нөлөө тун бага байдаг нь үндсэн ялгаа. Энэ гурван нөхөр хийх ёстой ажил, ярих зүйл, шахаж шаардах юмаа зөв тодорхойлж байр байрандаа орохгүйгээр уул уурхайг амжилттай явуулна гэж санасны гарз болдог нь батлагдсан зүйл.
Энэ талаар дуусашгүй шахуу их судалгаа, арга аргачлалууд байдаг ч гэсэн ерөнхийдөө олон улсын хэмжээнд яривал энэ асуудал нэлээд хүндрэлтэй болоод ирж байгааг дээр дурдсан судалгаа болон бусад судалгаанууд тодорхой харуулдаг боловч шийддэг арга аргачлалууд шинээр бий болж хөгжин, хэрэгжээд үр дүнгээ өгөөд явж байгаа, мэдээж.
Тэгэхээр Монголын тухайд энэ гурван найзын асуудал их марзан бөгөөд үүнд бид нар голчлон төрийг л муулж дайрч дашилдагийг дээр дурдсан билээ. Энэ удаад маш товчоор энэ гурван нөхрийн ерөнхий дүр зургийг гаргах гээд үзье. Хойшид энэ талаар нэлээд хэдэн хуудас маазраа бичиж байж бүтэн дүр зургийг нь гаргах гэж оролдоно.
Манай муу муулуулах дургүй ч үргэлж муулуулдаг төр маань ч уул уурхайн маргаан дунд “өөр” сонирхлоор ч байдаг юм уу ороод явчих дуртай гэж жигтэйхэн. Ер нь дэлхийн уул уурхайн нөлөөллөөр амжилттай хөгжүүлж яваа орнууд ашгаа хэдэн төрлөөр хүртдэг бөгөөд үүнд хамгийн дургүй хэрэглэдэг арга нь манай төрийн хэрэглэх дуртай арга болох төр хувь эзэмших арга юм. Энд би ашигт малтмалын салбарын тухай ярьж байгаа бөгөөд газрын тос, байгалийн хий болон тэс өөр менежмент, зохицуулалт эзэмшил, засаглал шаарддаг салбар юм. Үүнийг би Norway загвар гээд мундаг нь аргагүй мэдээд байдаг хүмүүст зориулж хэлж байгаа юм. Яахав дээ, үсрээд л хужаа л гэнэ биз.
Яг уул уурхайн салбарын төрийн эзэмшлийн хувь ороод амжилттай явсан тавхан орны амжилттай жишээ байдаг бол төр нь ороод самарч хаясан жишээ хорвоогоор нэг байдаг.
Уг нь бол хашаа хороо, замыг нь зааж өгөөд хооронд нь нөгөө 2 талаа зохицуулаад явдаг улс орны төр гуай нар амжилттай яваад байгаа харагддаг. Та нар бас хурдан зөв байрандаа ор л доо, ядаж уул уурхайн асуудал дээрээ. Эсвэл та нар маань тийм лаг амжилттай удирддаг билүү? Мартчихаж.
Харин компаниудын тухайд RIO-с эхлээд Монголын олон нийтийг нэг бол хөгжсөн орнуудын иргэд шиг эсвэл Латин Америк, Африкийн зарим орны иргэд шиг бодож “андуураад” баахан буруу Public info цацаж хүлээлт үүсгэдэг юм байна гэсэн ойлголттой болоод байна. Үндсэндээ монголчуудад юу амлах ёстой вэ? Ямар арга барилаар ажиллах вэ? Юуг чадахгүй вэ? Юуг чадах вэ зэргээ зөв ойлгуулдаггүй юм байна. Нэг л их Алладиний шидэт дэнлүү шиг, эсвэл төрөөс нь илүү төрийн дүрд нь тоглох гээд баахан зүгээр мөнгө өгөх гээд байгаа юм шиг шуугиулаад байхаар чинь Монголын олон нийт, иргэд төрөө балбадаг синдромынхоо дагуу балбаад байхаас яахав дээ, та нарыг. Үүнийг нь манай “андуурагчид” улс төрчид шүүрч аваад баахан “хөөсрүүлсний” дараа нэг л их худлаа ярьсан хүний дүрд ороод балбуулж суугаа харагддаг. Хохино ч гэмээр юм шиг. Олон нийттэй харилцах ажлаа зөвхөн компанийн нийгмийн хариуцлагын хэсэг ажилтандаа даатгаад хэдэн төгрөг зарцуулснаараа хэмжээд яваад байвал та нар маань нээх удахгүй олон нийтийн “андуурал”-ыг дийлэхгүй л болох байх даа.
Байх ёстой байраа хурдан олол доо. Та нар л хамгийн хурдан байраа олох чадвартай, боломжтой, бяртай, хөнгөн шингэнүүд нь шүү дээ, тийм биз. Эсвэл та нар төр юмуу?
Иргэний нийгмийн тухайд бол яг үнэндээ хэдүүлээ уул уурхайгаас юу нэхэхээ, эсвэл хүлээж болохоо бас юугаа алдахаа “андуураад” байгаа юм бишүү.
Бидний хүсээд байгаа сайн сайхан зүйлсийн суурь нь уул уурхайгаас зөвхөн мөнгөн хэлбэрээр л ирнэ.
Тэр мөнгийг хэрхэн зөв зарцуулах нь уул уурхайн асуудал биш шүү дээ, найзуудаа. Мөн бас олон нийтээрээ ухаанаа уралдуулан уул уурхайгаас өөр хөгжлийн гарц гэж нэглээд твитэрт баахан RT эсвэл фэйсбүүкт баахан Like авдаг лаг лаг санаачлагууд болох супер мал аж ахуй, газар тариалангаас аваад аж үйлдвэрийн парк, IT монгол лаг толгойнуудыг хөгжүүлэх энэ тэр /сансар судлал ч билүү/ хүртэл чинь урд талд нь заавал мөнгө хэрэгтэй. Тэр нь монголын хувьд яг одоогоор уул уурхайгаас өөр эх үүсвэрээс гарч ирэхгүй гэдийг ойлго л доо. Bortuun сайдын бондод хүртэл уул уурхайгаас болохоос биш зүгээр л хэдүүлээгийн лаг монгол толгойд зориулж зээлсэн мөнгө ч биш л дээ, уг нь. Яг үнэндээ монгол улс 1970-аад оноос хойш уул уурхайн бүтээгдэхүүнээс хараат л амьдарч байгаа. Хэрэв хэдүүлээ хэнээс юуг хэрхэн нэхэж, яаж будаа болгохдоо биш яаж хамтран ажиллах ая талаа олохгүй төр болон компаниудаа барьж авч буруу зөвгүй балбаад байх юм бол мань хэдийн нөгөө хонио зарж эсвэл IT-чин болж орж ирэх гээд байгаа “супер санаа”-наас орж ирэх мөнгө чинь ч гэсэн хаачсан нь мэдэгдэхгүй алга болно гэж мэдээрэй.
За даа тэгээд “ургаагүй л бол олборлосон байдаг” гэж нэг үг байдаг юм билээ. Эсвэл таны уул уурхайг хараахдаа голлон хэрэглэж байгаа утас, IPad, Computer чинь ямар нэг модноос ургачихсан юм болов уу?
Уул уурхайн төслүүд хэрэгжсэнээр зөвхөн ногдол ашиг, татвар хураамж, Royalty-р ашгаа өгдөггүй бөгөөд тухайн төсөл хэрэгжихийн тулд зарцуулагдах зардал нь ч гэсэн манай хувьд ашиг олох асар том боломж юм. Зөвхөн олборлолтын зардлын 40 хувийг цахилгаанд, 40 хувийг цалинд зардаг гэсэн олон улсын нийтлэг тооцооллоор аваад үзвэл TT дээр нэг станц бариад Оюу толгойд зараад хэвтчихэд л алаад өгнө л дөө уг нь. Яагаад болдоггүй юм бүү мэд. Эрдэнэт үйлдвэр одоо ч оросоос цахилгаан хэрэглэдэг. Монгол ажилчдын авч байгаа цалин, монгол ханган нийлүүлэгчдийн улсад төлж байгаа татвараа хурааж, чадварын дээшлэлт энэ тэр гээд өөр маш олон илэрхийлэл байхад манай “андуурагч” дарга нар маань 200$ саяын dividend ярьж олон нийтийн эгдүүг хүргэж байх шиг, марзан ч юм уу даа.
“Уул уурхайг тойрсон асуудал бүхэн яг үнэндээ уул уурхайгаас бус харин түүнээс ашиг хүртэгчдээс үүссэн байдаг юм” гэнэ лээ.
Хэд хэдэн үргэлжлэл бий...
Г.Дамдинням
Сэтгэгдэл бичих