Нийтлэл 03 сарын 02, 2015

Шүүхийн бүтэц зохион байгуулалтыг өөрчилвөл улсын төсвөөс жилд 8-10 тэрбум төгрөг зарцуулна

Үндсэн хуулийн цэцээс Шүүх байгуулах тухай хууль Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргажээ.

Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн шалтгаан нь:

  • Давж заалдах шатны шүүхийг тойргийн журмаар буюу гурав эсвэл хоёр аймгийн дунд байгуулсан
  • Дүүргийн иргэний болон эрүүгийн хэргийн шүүхийг дүүрэг дундын хэлбэрээр зохион байгуулсан
  • Дархан-Уул, Орхон аймагт захиргааны хэргийн шүүхийг байгуулахдаа Булган, Сэлэнгэ аймгийг хамруулсан

Үндсэн хуулийн цэцээс гаргасан шийдвэрийн дагуу Шүүх байгуулах тухай хуулийн зарим зүйл заалтыг хүчингүй болгосон байгаа. Энэ шийдвэрийн улмаас 2015 оны долдугаар сарын нэгнээс монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа дараах шатны шүүхүүдийн хувьд үйл ажиллагаа нь зогсох эрхзүйн үр дагавар үүсээд байгаа юм байна.

  • Давж заалдах шатны шүүхүүд,
  • Дүүргийн зарим шүүхүүд,
  • Захиргааны хэргийн анхан шатны зарим шүүхүүд.

Тиймээс хаврын чуулган эхлэхэд хууль тогтоох байгууллагын зүгээс Үндсэн хуулийн цэцтэй уялдуулан Шүүх байгуулах тухай хуульд зохих ёсны нэмэлт өөрчлөлт оруулахаар төлөвлөж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн хэмжээнд судалгаа хийгдэж байгаа аж.

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс урьдчилсан байдлаар гаргасан төсөөлөл:  

  • МУ-ын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 79 шүүхээс санал асуулга явуулсан. Санал асуулгаар монгол улсын шүүхийг дагнасан /хэргийн төрлөөр дагнах/ хэлбэрээр байгуулах нь зөв. Цаагшдаа дагнасан шүүхийн зохион байгуулалтаа хадгалья гэсэн үр дүн гарсан.
  • Үндсэн хуулийн цэцээс шүүхийг иргэдээс холдуулсан байна гэдэг шүүмж гарсан учраас шүүхийн үйлчилгээ, шүүхийг иргэдэд ойрхон болгоё.
  • Сэлэнгэ аймаг, Булган аймгийн хувьд захиргааны хэргийг шүүхийг зэргэлдээ аймагт байгуулсан. Үүнийг буцааж Булган, Сэлэнгэ аймагт байгуулах ямар бололцоотой байгааг судалж байна.  
  • Эрүүгийн болон иргэний хэргийн I болон II шүүх УБ хотод, III шүүх Багануурт, IV шүүх Налайх дүүрэгт байрлан үйл ажиллагаа явуулдаг. Цэцийн шийдвэр бүх дүүрэгт шүүх байгуулах тухай байсан учраас Үндсэн хуулийн цэцийн шийдвэрт нийцүүлэн бүх дүүрэгт шүүхийн үйлчилгээ явагддаг хэлбэрээр зохион байгуулалт хийхээр болсон. Ингэхдээ одоогийн байгаа шүүхийн дагнасан байдлаа хадгалсан хэлбэрээр явуулах ямар бололцоо байна гэдгийг судалж байна.  

Шүүхийн бүтэц зохион байгуулалтыг өөрчлөхөд гарах хүндрэл:

Эдийн засгийн өртөг, байгууллагын зохион байгуулалт, хүн хүчний бэрхшээл ихтэй. Энэ бүтэц зохион байгуулалтаа өөрчилж хуучин зохион байгуулалтад нь оруулж аймаг бүрт нь давж заалдах шатны, иргэний, эрүүгийн хэргийн шүүх байгуулах юм бол эдийн засгийн хувь үр ашиггүй болох юм байна. Нэг жилийн хугацаанд 8-10 тэрбум төгрөг зарцуулах, шүүхийн тоог 24 дахин нэмэгдүүлэх шаардлага гарч байгаа гэнэ.

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon