2014 оны Сүү ХК-ийн цэвэр ашиг өмнөх оноос 17,7 хувь өсөж 2,8 тэрбум төгрөг хүрчээ. Борлуулалт 38,1 тэрбум төгрөг, борлуулсан бүтээгдэхүүний өртөг 26,4 тэрбум төгрөг байсан байна. Цэвэр ашиг төлөвлөсний 89,4 хувьтай тэнцэж байгаад эдийн засгийн макро орчин, мөн Сэлэнгэ аймагт шинээр байгуулсан фермерийн зардал нэмэгдсэнтэй холбоотой гэж гүйцэтгэх захирал Б.Гантулга тайлбарлалаа.
Борлуулалтын хувьд өссөн дүнтэй гарсан нь шинэ сүү хэрэглэх хэрэглээний соёл өргөжиж, 2500 фермерээс өдөрт 50 гаруй тонн сүү татан авч боловсруулдаг Сүү ХК-ийн бүтээгдэхүүний үнэ цэнэ нэмэгдсэнтэй холбоотой. Мөн шинэ фермер ашиглалтад орсноор сүү татан авалтын тээвэр, хүн хүчний зардал буурчээ. Шинэ фермийн хувьд 15 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийснийг 7,6 жилийн дотор нөхөх төлөвлөгөөтэй байгаа агаад энэ онд фермийн үнээний тоог 1200 үнээ болгох зорилт тавьж байна.
Валютын ханшийн эрсдэл:
Сүү ХК 2013 оны валютын ханшны өсөлтийн улмаас гадаад долларын зээлийн хүү нэмэгдэж 4 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн. Харин 2014 онд энэ дүн буурсан ч 1,8 тэрбум төгрөгийг үйл ажиллагаа бус ердөө л валют хоорондын харьцах ханшаас болж алджээ. Жишээ нь 2010 онд зээлсэн 100 доллар төгрөгөөр 140 мянган төгрөг байсан бол 14 онд 190 мянган төгрөг болж, үүний хүүг төгрөгөөр борлуулалт хийсэн хөрөнгөөсөө төлөхөөс гардаг алдагдал гэсэн үг. Валютын зээлийн талаар захирал Б.Гантулга: Аж ахуйн нэгжүүд валютын зээлийн алдагдал хүлээдэг эрсдлийг бууруулахад төв банкны зохицуулалт хэрэгтэй
. Банкууд долларын зээл өгөх сонирхолтой байдаг нь валютын эрсдлийг нэмэхээс гадна үндэсний валютын байр суурьд сөрөг нөлөөтэй гэлээ.
Экспорт:
Сүү ХК Япон тал руу 5-р сар гэхэд цөцгийн тос экспортлох төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэ нь Монгол Японы хооронд сүүн бүтээгдэхүүний худалдаа хийгдэж байгаа анхны гараа болно. Монгол Японы хооронд эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээ EPA байгуулагдсан нь энэ удаагийн экспортын гэрээний хувьд Сүү ХК-д том нөлөөгүй ч импортлогч Япон аж ахуйн нэгжид эерэг нөлөөтэй.
Хувьцаа, ногдол ашгийн тухайд:
Сүү ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал 2015 оны 4 сарын 30-нд зарлагдаад байна. Хурлаар ашгийн хувь хэмжээнээс ногдол ашиг хуваарилах эсэх шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөлд шилжүүлэх тухай хэлэлцэнэ. ТУЗ-ын хувьд IFC буюу дэлхийн банкны олон улсын санхүүгийн корпорацаас зээл авахад хийсэн гэрээний хүрээнд IFC-тэй зөвлөлдөж ашиг хуваарилах, хэрхэн зарцуулах тухай шийдвэр гаргана.
Эх сурвалж: Bloombergtv.mn
Сэтгэгдэл бичих