20 нас хүртэл шилжилтийн насны шинж гэгддэг батга. Харин 20 нас өнгөрснөөс хойш хүүхэд байхдаа зүгээр байсан хүнд хүртэл гэнэт “насанд хүрсэн хүний батга” гарч, зарим тохиолдолд бүр олон жил эдгэхгүй үргэлжлэх тохиолдол бий. Ийм батга гарах нь зөвхөн тослог арьстай хүний асуудал биш юм. Дух, шанаа гэх мэт амархан хуурайшдаг хэсгээр гарах нь олонтоо ч арьсны онцлогоос ерөнхийдөө хамаарахгүй. Сорвигүй эдгэх төрлийн батга байдаг ч ихэнхдээ эдгэсэн ч том сорви үлдэж асуудал болдог.
Шалтгаан
Батга дөнгөж гарч эхэлж байхад арьсны уутанцрын амсар хэсгээр байх үхэжсэн арьснаас бүрдэх давхарга зузаарсан байдалтай байдаг. Яваандаа энэ зузаан давхарга уутанцрын амсрыг бөглөж , арьсны тослог будаа шиг хэлбэрийн батга болж арьсан дээр товгор үүсэх нь цагаан батга. Ийм батга бага зэрэг исэлдэж харлаад, арьсны нүх сүв бага зэрэг онгойход харагдах нь хар батга. Улмаар арьсны тослогоор хооллодог бактери батга гарсан нүхэнд үржиж, үрэвсэл үүсгэснээр улаан батга болж хувирдаг. Ийм үрэвсэл хүндэрч хавдаад арьсан дээр том том улаан бэрсүү үүсгэснийг үрэвсэлт батга гэдэг. Арьс хэт их тослог ялгаруулах, дааврын тэнцвэр алдагдсанаас гарах өөр төрлийн батгууд бий ч ихэвчлэн ихэнх батга үхэжсэн арьс арьсны нүх сүвийг ингэж бөглөснөөс үүсдэг байна.
Эдгээхийн тулд
Батга гарахаас сэргийлэх, багасгахын тулд юун түрүүнд тослог хүнс идэхээс зайлсхийх хэрэгтэй.
Ялангуяа, эмэгтэйчүүд идэх дуртай нарийн боов, жигнэмэг тослог ихтэй байдаг бөгөөд ийм хүнс их идээд байвал арьсны тос ялгаруулах явц хэт идэвхижих эрсдэлтэй. Эсрэгээрээ ахиухан идэж байвал зүгээр хүнсэнд Б-гийн төрлийн аминдэмээр баялаг хүнс. Б аминдэмтэй хүнс түлхүү хэрэглэснээр арьс шинэчлэгдэх явцыг хурдасгаж, тэр нь арьсны үхэжсэн хэсгийн түрж, илүү эрүүл сайхан арьстай байхад тусална
.
Б-гийн төрлийн аминдэмд Б1, Б2, наиацин буюу Б3, Б6, Б12, пантотений хүчил буюу Б5, фолийн хүчил, биотин гэсэн 8 төрлийн аминдэм багтана. Бууцай зэрэг ногоон навчит хүнсний ногоонууд, яншуй, элэг, өндөг, банана, мөн сүү бяслаг зэрэг сүүн бүтээгдэхүүн Б аминдэмээр баялаг байдаг. Зөв хооллохоос гадна зөв цагийн хэмнэлтэй унтаж сэрж дадвал элэгний хэвийн үйл ажиллагааг дэмжиж, стрессийг бууруулснаар, гоо сайхан арьстай байхад тусалдаг.
Мөн сүүлийн үед хэт ягаан туяа арьсны эрүүл давхаргыг гэмтээж, батга үүсэх нөхцөл бүрдүүлдэг гэгдэж байна. Тиймээс ялангуяа хэт ягаан туяа идэвхитэй цагаар нарны тос, нарны малгай өмсөж арьсаа хамгаалж дадах нь чухал. Хүнс, нарны хамгаалалтаас гадна арьсаа нарийн ширхэгтэй хөөсөөр зөөлөн угааж, 2 долоо хоногт дор хаяж нэг удаа скрабаар гуужуулж зөв цэвэрлэж байж дээр өгүүлсэн үхэжсэн арьсны хэсэг зузаарахаас сэргийлж, нян бактери үүрлэх нөхцлийг арилгана.
Сэтгэгдэл бичих