Нийтлэл 03 сарын 06, 2015

Монгол улс: Германы Commerzbank компанийн нүдээр харахад

             Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ITB Berlin 2015 арга хэмжээний албан ёсны хамтран зохион байгуулагч орны хувиар Герман улсад айлчлал хийх үеэрээ Германы ерөнхий канцлер Ангела Меркелд хоёр улсын ашигт малтмалын салбарт хамтран ажиллах гэрээг эрчимтэй хэрэгжүүлэхэд уриалаад, илүү өргөн хүрээнд эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээр хийх тухай санал болгосон. Герман улсын хувьд Монгол улс эдийн засаг,стратегийн ямар ач холбогдолтой орон бэ? Германд хоёрдугаарт орох олон улсын санхүүгийн үйлчилгээний “Commerzbank”  компаниас 2014 оны 10-р сард гаргасан Төв Ази болон Монголын эдийн засгийн талаарх дүгнэлтийг сийрүүлэн хүргэж байна:

   

       Монгол:  Хүн ам сийрэг ч, бүрэн дүүрэн хүчин чадалтай улс

Монгол улс сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж байна. Эдийн засгийн жилийн дундаж өсөлт 8.1%-тай байгаа нь 2000 оноос хойших дэлхийн эдийн засгийн өсөлтөөс хоёр дахин илүү байгаа юм. Түүнчлэн нэг хүнд ногдох ДНБ-ийн хэмжээ нэмэгдэж 4000 ам.долларт хүрсэн нь Хятадын тал хувьтай тэнцэж байна.

Тус улсын эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч бол уул уурхайн салбар, улсын дэд бүтцийн дэд төсөл, барилгын салбарт оруулсан гадаадын хөрөнгө оруулалт. Гадаадын хөрөнгө оруулалтыг хүлээн авдаг гол хүлээн авагч нь 6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай Оюу толгой зэсийн уурхай юм. Уурхайн өргөтгөлийн эхэн үед зэс, алтны баяжмал олборлож байсан бол өргөтгөл дууссаны дараа Монгол улсын зэсийн үйлдвэрлэл хоёр дахин нэмэгдэх боломжтой гэж үздэг. Зэс нь тус улсын уул уурхайн экспортын хамгийн чухал бараа бүтээгдэхүүн билээ.

 Монгол улс нь зэс, алт, нүүрсний арвин баялаг их нөөцтэй улс. Гэвч эдгээр нь маш бага хэмжээнд ашиглагддаг бөгөөд тус улсын эх газарт байрлах байршил нь экспортлоход хүндрэл учруулдаг. БНХАУ-ын байгалийн баялаг, түүхий эдийн эрэлт хэрэгцээ ихэссэн, байгалийн баялгийн үнэ өссөн зэрэг нь сүүлийн үед тус салбарыг хөдөлгөөнд оруулаад байгаа.

Түүнчлэн Монгол улсын ашиглагдаагүй арвин их газрын тосны нөөц нь тэднийг наанадаж л эрчим хүчний хараат бус байдлаас гаргах чадалтай. Харьцангуй доогуур төвшинд эхэлсэн түүхий газрын тосны үйлдвэрлэл жилийн дотор тасралтгүй нэмэгдсээр байгаа. Өнгөрсөн жилийн хувьд нийт экспортын 12%-ийг газрын тос эзэлсэн байна.

 Ашигт малтмалын салбарыг цаашид хөгжүүлэхийн тулд гадаадын хөрөнгө оруулагчдыг тогтвортой эрх зүйн орчноор хангаж өгөх шаардлагатай. Монгол улсын Засгийн газар Хөрөнгө оруулалтын шинэ хууль баталсан нь чухал алхам болсон. Мөн байгалийн баялгийг экспортлоход тулгардаг тээврийн зардлыг бууруулахын тулд дэд бүтцийн төслүүдийн хүрээг тэлэхээр төлөвлөж байна. Хятад улс болон тэдний боомтууд руу холбогдсон төмөр зам баривал дэлхийн бусад улсад байгалийн баялгаа экспортлох боломж нээгдэнэ.

 Ашигт малтмалаас гадна ноос ноолууран бүтээгдэхүүн өнөөг хүртэл үндэсний гол экспортын бүтээгдэхүүн байсаар ирсэн. Монгол улс тус салбартаа Хятадын дараа орох хоёр дахь том үйлдвэрлэгч орон билээ. 2013 онд ноос ноолууран бүтээгдэхүүн нь экспортын бараа бүтээгдэхүүний 6%-ийг эзэлж байжээ.

 Монгол улс Хятад, Орос хэмээх хоёр том хөрштэй. Монголын нийт экспортын барааны 90%-ийг Хятад хүлээн авдаг бол Хятад, Орос нь тус улсын импортын барааны гуравны хоёрыг хангадаг байна. Харин Герман Монгол улсын импортын 3.4%-ийг эзэлдэг бол Монгол улс нь Герман руу бага хэмжээгээр л экспорт хийдэг.

        Монгол улсын эдийн засаг

 Тус улсын эдийн засаг харьцангуй бага буюу 11,5 тэрбум ам.долларын (2013) ДНБ-тэй. 2011-2013 он хүртэлх эдийн засгийн өсөлт нь хурдацтай, бусад оронд үлгэр жишээ болохуйц байсан. Эдийн засгийн өсөлтөд 2011 онд хувийн хэвшлийнхэн ихээхэн нөлөө үзүүлсэн бол 2012, 2013 онд төрийн санхүүжилттэй дэд бүтцийн төслүүд голлох үүрэг гүйцэтгэсэн.

Сүүлийн 18 сард Монгол улс дахь гадаад хөрөнгө оруулалт 65%-иар буурч, валютын элэгдэл 35%-д хүрэв. Төв банк нь одоогоор 1 тэрбум ам.долларын нөөцтэй байгаа аж. Улсын өр хурдацтай өсч, эдийн засаг суларч байгаа нь эдгээртэй холбоотой юм.

Улс төрийн хүчнүүд, Монгол улсын нөлөө бүхий гурван нам хоорондоо болон дотооддоо тэмцэлдэж эхэлсэн. Ингэснээр хувийн хэвшлийнхэн Монголын засгийн газарт итгэх итгэлээ алдаж эхлэв. Тэд хөгжлийн хурдасгуурыг буруу тооцоолж, Стратегийн аж ахуйн нэгж, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулийг батлах гэж яарсан нь гадаадын хөрөнгө оруулагчдыг зугтахад хүргэсэн.

Сүүлийн хэдэн сарын хугацаанд Засгийн газар шүүмжлэлтэй олон хуулийг хүчингүй болгож, дахин хэлэлцэж, баталсан. Ингэснээр хөрөнгө оруулалтын сан богино хугацаанд сайжирч байгаа аж. Рио Тинтотой хийсэн Оюу толгой төсөлд хөрөнгө оруулах дараагийн гэрээ нь алдсанаа эргүүлэн олох чухал гэрээ болж мэднэ.

Геополитикийн хувьд, Монгол улс БНХАУ, ОХУ-тай харилцаагаа сайжруулахаар хүчин чармайлт гарган ажиллаж байна. Мөн БНХАУ-ын дарга Си Жиньпиний сүүлийн айлчлал Монгол улсын байгалийн нөөц баялагт илүү их оролцох хүсэлтэй буйг нь харуулсан. Үүнээс дөнгөж 10 хоногийн дараа л ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол улсад айлчилсан бөгөөд Орос Монгол Хятад гурван улсын хооронд гурван талт гэрээ хийхээр уриалсан билээ.

        Германы гадаад бодлогод Төв Ази, Монгол улсын үзүүлэх ач холбогдол

Бүс нутгийн байрлал улам бүр чухал болж буй нь дан ганц байгалийн баялаг, эрчим хүчний чухал нийлүүлэгч гэдгээс гадна Европ болон Азийн  дунд байрлах газарзүйн чухал байршилтай нь холбоотой. Үүний нэг жишээ бол Төв Ази болон Монголын нутгаар дамжин өнгөрөх Европ, Алс Дорнодыг холбосон тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх ажил юм.

Герман Монгол улс нь дипломат харилцаа тогтоосноос хойш олон салбарт амжилттай хамтран ажиллаж байна. Энэ жил Герман Монголын коллежийг хамтран байгуулсан. Мөн байгалийн баялгийн тухайд хамтын ажиллагааг бий болгохоор ажиллаж байна. Экспортлогч, өндөр технологитой Герман улс, байгалийн баялгийн хувьд дэлхий дээрх хамгийн баян улсуудын нэг Монгол улсын хамтын ажиллагаа эрчимтэй өргөжиж байна.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon