Монголын эдийн засгийн хямрал дахь түр зуурын нөхцөл байдал
Дэлхийн санхүүгийн хямралаас шалтгаалаад эдийн засгийн онолын номлол хүртэл өөрчлөгдөж магадгүй байгаа үед манайхан энэ, тэр номлолыг авч хэрэгжүүлж байна гээд сууж байна.
Мэдээллийн технологи асар хурдацтай хөгжиж, дэлхий ертөнц глобальчлагдан кибер экономик ноёлж байгаа үед үндэсний валютаа үнэгүйдүүлэхээс аварч байна гээд эдийн засгаа форматлаад, дахин сэргээж recovery хийж чадах юм уу. Харин ч бүр төгрөгийн нэрлэсэн бус бодит ханш доод хэмжээндээ хүртэл унах магадлалыг нэмж байна.
Монгол Улс 2008 онд дэлхийн 112 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны бараа эргэлт 2007 оныхоос 44.1 хувиар өсч, импортын дүн экспортын дүнгээс 710.1 сая ам.доллараар давсан байна. Гэхдээ энэ тоон үзүүлэлтээс харахад нийт экспортын өсөлтөд эрдэс бүтээгдэхүүн болон алтны экспортын өсөлт голлон нөлөөлсөн байхад импортод мөн л адил эрдэс бүтээгдэхүүн, үндсэн ба төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүн, машин механик тоног төхөөрөмжийн импортын өсөлт голлон нөлөөлсөн байна.
Үүнээс харахад хэрэглээний зах зээлийн бараг 80 шахам хувийг импортын бараа бүтээгдэхүүнээр хангадаг манайд өргөн хэрэглээний барааны эргэлт хэр буурч, түүнийгээ дагаад хэрэглэгчид тулгуурласан эдийн засгаа татаж унагаж байгааг харж болох байна.
Хямралаас үнэхээр түргэн гаръя гэж бодож байгаа бол зээлийн уян бодлогоор жижиг, дунд үйлдвэрүүдээ дэмжээд, хямралтай байгаа энэ үед хөөсөрсөн эдийн засгаа механикаар буулгах гэж оролдох биш, харин ч Хятад шиг хөөсийг нь тэтгэх замаар хэрэглээг урамшуулах богино хугацааны тактикаар эдийн засгаа дэмжих стратеги үр дүнтэй. Тухайлбал, 90-ээд оны эхэн үеийн Хироно сан гуайн лекцүүдээс эргэн харахад авах санаанууд их байна лээ. Дэлхийн банкнаас энэ тавдугаар сард гаргасан дэлхийн эдийн засгийн тоймд Зүүн Азийн эдийн засгийн өсөлт 2007 онд 11.4, 2008 онд 8 хувь хүрч байсан бол 2009 онд 5.3 хувь буюу -6.1 хувиар буурахаар тооцоолсон байна. Харин Дэлхийн банкнаас 2008 оны 12 дугаар сард хийсэн тоймдоо Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 2009 онд 7.5 болохоор тооцоолж буйгаа зарлаж байсан. Гэтэл хэдхэн сарын дараа буюу энэ оны дөрөвдүгээр сард Монгол Улсын эдийн засгийн өсөлт нь бүр 2.7 хувь болох прогнозтой байгаа гэж зарлаж байна. Энэ нь өмнөх онуудын өсөлтөөс даруй -7.2 хувиар буурна гэсэн үзүүлэлт юм. Мөн хэдхэн сарын өмнө л Монгол Улсын Засгийн газраас 2009 онд ДНБ-ны бодит өсөлтийг 10,1 хувь хүргэх зорилт тавьж байсан. Гэтэл нөхцөл байдал энэ богинохон хугацаанд ямар хурдан өөрчлөгдөж, дэлхийн эдийн засгийн индикатруудаар хүртэл тооцоолж чадахгүй байгааг харж болох байна. Иймээс энэ нөхцөл байдалд дүгнэлт хийж хэт холыг харсан бодлого хэрэгжүүлж байна гээд бүр том алдах биш, тухайн нөхцөлд таарсан богино хугацааны тактик авч хэрэгжүүлэх нь зүйтэйг дахин дахин нотолж байна! Иймээс дэлхий хавтгай болж, глобальчлагдаж байгаа энэ үед манай банкныхан тэр дундаа Монгол Банк амиа бодсон протекционист байдлаасаа даруй ангижрах хэрэгтэй.
Хэрэв тэгэхгүй гэвэл монгол бид энэ жижигэрсэн, алцганасан байдлаасаа болоод геополитикийн хувьд том алдаж, хэнд нь харьяалагдсан байх бол. Эдийн засгийн аюулгүй байдал бүхний үндэс суурь шүү, мэддэг байлгүй дээ даанч.
Геополитикийн халуун бүс ба дэлхийн шинэ хүчний хуваарилалтад Монголын оруулах нөлөө
2008 онд манай экспортын барааны гүйцэтгэлийн 64.6 хувь, импортын барааны гүйцэтгэлийн 38.3 хувийг БНХАУ эзэлж байна. Мөн 2008 онд зэсийн баяжмалын экспортыг 100 хувь, молибдений баяжмалын 51.3 хувь, боловсруулаагүй нефть бүтээгдэхүүний болон чулуун нүүрсний дийлэнх хэсгийг өмнөд хөрш рүү гаргасан байна.
Үүнээс том эдийн засгийн хүрээнд авч үзвэл манайх өмнөд хөршийн бүх талын түүхий эдийн хэрэгцээг хангагч стратегийн томоохон сонирхол бүхий бүс болон хувирч байгааг харж болно.
Хураангуйлбал, дэлхийн шинэ хэт гүрэн болж буй Хятад улс хямралын дараагаас өөрийн ноёрхлоо бусдаас хамааралт бусаар тодорхойлох боломж бүрдэж, ашиг сонирхлоо гуравдагч этгээдээр хөндүүлэхгүй, эдийн засгийн зохиомол өсөлтөө тэтгэх үүднээс боловсруулах үйлдвэрлэл асар их хүрээтэй өсөх нь тодорхой байна. Хуучин манайхан ноос ноолуур, арьс шир гэх мэт малын гаралтай бүтээгдэхүүний экспортын тухайд ярьж, түүндээ ихээхэн ач холбогдол өгдөг байсан үеэс шал өөр нөхцөл байдал өмнө тулгарч байгааг ойлгох нь зүйтэй. Геополитикийн хувьд Монгол Улс одоо дэлхийн нэгдүгээр дайны өмнөх үеийнх шиг хүчний шинэ хуваарилалтын асар эгзэгтэй үед тулж ирээд байна. Магадгүй манай улс төр, эдийн засгийн нөхцөл байдал биднээс хамаарахаа нэгэнт байсан байж болох бодит бус айдас бүрэлдчихсэн байж болзошгүй. Энэ нь хэн нэгнийг худалдагдсан гар хөл гэж хэлээгүй, хэн байхаас үл хамаараад гадаад хүчний хуваарилалт, тохиролцооноос шууд хамааралтай байдаг түүхэн цаг үеийн асуудлыг хэлж байгаа юм. Хүн бол цаг хугацааны бүтээгдэхүүн байдаг тул ямар ч гарцгүй. Манай улс ашигт малтмалын хувьд хамгийн гол стратегийн бүтээгдэхүүн болох ураны нөөц, түүнийг хэрэгцээнийхээ хэрээр илүү дутуу болзол, нөхцөлгүйгээр дур зоргоор ашиглах боломжит нутаг дэвсгэр гэдэг утгаараа хэт гүрнүүдийн /Орос, Хятад/ анхаарлыг татаад байгаа. Бид хоёр толгой, хямрал гэх мэт хэлэлцэх зуур бидний болон бусад гуравдагч геополитикийн түншүүдийн маань анхаарал их суларч байгаа. Нэвтрэх шанс ч олдохгүй байх шиг. Р.Болд гуайн элчин байхдаа хэвлэлд нийтлүүлсэн өгүүлэл, түүхэн харилцааны талаарх монологийг эс тооцвол анхаарал татахуйц бодит ил оролдлого алга. Мөн сонирхуулахад өнгөрөгч оноос World Growth Mongolia төсөл хэрэгжиж хэд хэдэн судалгаа хийсэн байсан. Хийгээд байгаа бодлогын зөвлөмж хэр чансаатай, хэнд зориулагдсан гэж...
Путин ба "Уранжсан нүүрсүүд"
Монгол Улс ураны нөөцөөр дэлхийд гуравт орж байна.
Магадгүй цаашаа тэргүүн байрын төлөө өрсөлдөхийг ч үгүйсгэх аргагүй бөгөөд энэ утгаараа геополитикийн асар том сонирхол бүхий бүс болж байна. Энэ үүднээсээ ч Олон улсын Атомын эрчим хүчний агентлагийн захирал Мохамед Эльбарадай манай улсад айлчлаа биз. Мөн Монгол дахь ураны хамгийн том ордын хайгуулын лицензийг эзэмшдэг Канадын Western Prospector групп хувьцааныхаа бараг бүгдийг нь худалдахаар зарлаад, худалдан авагч тал нь манай урд хөршөөр тодроод байгааг хэлэх байна. Түүнчлэн нэмж хэлэхэд саяхан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны харьяа Стратегийн судалгааны хүрээлэнгийн "хэт" залуус болон Австри дахь элчин сайд Жаргалсайханы Энхсайханы шууд оролцоотойгоор "Төв, Зүүн Азийн аюулгүй байдлын орчны өнөө, хэтийн төлөв: Улаанбаатар-Шинэ Хельсинк" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг ГХЯ-нд зохион байгуулсан. Энэ нь хөндлөнгөөс харахад ердийн эрдэм шинжилгээний хурал юм шиг боловч, цаад том агуулгаараа Шинэ Хельсинк гэх томьёоллыг дэвшүүлэн тавьснаар Монгол Улс гадаад бодлогодоо томоохон урхагтай үр дагавар бий болгож байгаагаа анзаарсан болов уу. Үүнийг анзааргүй байх гэж хөнгөмсөгөөр найдах боловч Ерөнхий сайдын ОХУ болон Европт хийсэн айлчлал, зарим ярилцлага, мэдээллүүдээс ажихад ураны үүцээ задлахаа зарлаад, түүнийхээ ашиглалтад олон орны төлөөллийг оролцуулах, яаж ашиглах арга зүйгээ Олон улсын Атомын эрчим хүчний агентлаг зэргээр заалгах гэж байгаа гэх агуулгатай мэдээллүүд шил шилээ дараад гарлаа.
Түүнчлэн ОХУ-ын Засгийн газрын дарга В.В.Путин Японд айлчлах завсартаа Монголд өдрийн зоог бариад мордлоо. Гэхдээ энэ нь 2005 оны тавдугаар сард БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын дөрвөн орлогчийн нэг хатагтай У И-гийн Японд хийж байсан айлчлалаа гэнэт хаяж, Улаанбаатарт буугаад "Өөртөө тусалдаг хүнд бурхан тусалдаг
"гэж хэлж байснаас шал өөр нөхцөл байдалд байсныг тэмлэглэх нь зүйтэй. Манай улсад ирэхийн өмнө Японд гурав хоногийн айлчлал хийхдээ Владимир Путин Японы Ерөнхий сайд Таро Асотай цөмийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээг үзэглэсэн. Уг гэрээгээр оросууд цөмийн үйлдвэр байгуулахдаа Наран улсын ноу-хау, технологийг авч ашиглан, хариуд нь Японд цөмийн түлшээ ахиухан нийлүүлэх, уран баяжуулах хүчин чадавхаараа гар сунгах нөхцөл боломжийг бүрдүүлж, нэг үгээр хэлэхэд "харилцан ашигтай гэрээ" болохыг хоёр тал аль аль нь дүгнэж байгаа. Гэтэл В.В.Путин Монголд "захиалсан" зоогоо барих явцдаа Монголын Засгийн газрын тохируулагч агентлаг Цөмийн энергийн газар, ОХУ-ын атомын энергийн улсын "Росатом" корпораци хоорондын санамж бичигт гарын үсэг зурж, уг асуудлыг цогцоор шийдвэрлэхээ баталгаажуулаа. Эндээс хөндлөнгийн дүгнэлт хийхэд ОХУ-ын Японтой хийсэн цөмийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээний гол өгөгдэхүүн болох Японд "цөмийн түлшээ ахиухан нийлүүлэх, уран баяжуулах хүчин чадавхаараа гар сунгах" гэх болзолт нөхцөл нь хаана, хэнд байгаа вэ гэдгийг ойлгоход маш хялбар байна. Өөрөөр хэлбэл, Путин Таро Асотай хаанахын, хэний, аль хавьцаа булаастай ураны баяжмалаар хангах талаар том тохиролцоо хийчих вэ? Аль тэртээх Оросын Хаант улс-Японы эзэнт улс хоорондох Орос-Японы дайнаас хойш тус хоёр улс удаа дараагийн ил, далд хэлэлцээрээр өөрийн нөлөөллийн хүрээгээ тогтоох, тохиролцохдоо Монголчуудын оролцоогүйгээр тухайн нутаг дэвсгэр дэх асуудлыг шийдээд л явж ирснийг түүх бэлхэнээ гэрчилдэг. Мөн
ерээд оны эхээр Япончууд манайд Эзэн Чингис хааны онгон хаана байгааг олж өгч туслаж байна гээд бас нилээдгүй жил манай зүүн аймгуудын нутгаар асар нууцлал бүхийхайгуулыг П.Очирбат гуайг Ерөнхийлөгч байх үед билүү хийж байсан шүү.!
Иймээс л энэ муусайн Японуудыг нэг бүрчлэн сайн судлах, зангийн нь мэдэх судалгаатай байх хэрэгтэй гээд байсны учир минь тэр шүү дээ.
Энэ нь сүүлийн арав гаруй жил Япон манайхыг асар их тусалж, дэмжиж байсны учир нь ил болж байх шиг бөгөөд тэд Монгол дахь оросын нөлөөллийг нэгэнт хүлээн зөвшөөрч, түүнд нийцэх бодлогоо баримтлахаар шийдснээ илэрхийлж байгаа гэж хэт яаруу дүгнэж болох л юм... Тухайлбал, Японы Парламентийн Зөвлөхүүдийн танхимын гишүүн бөгөөд шинэчлэлийн клубын ахлагч Мацушито Шимпей Монголын эрдэс баялаг, тэр дундаа ураны нөөцийн талаарх судалгаа байгаа эсэх, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд нөхцөл байдлын болоод эдийн засаг, хүний нөөцийн хөгжил бэлэн эсэх талаар Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Никай Тошихиро болон Ашигт малтмал, эрчим хүчний худалдааны агентлагийн дарга Ишида, Худалдааны бодлогын газрын дарга Окада нарт асуулга тавьж, мэдээллийг нь 2008 оны 12 дугаар сарын 11-нд Парламентын хуралдаандаа сонссон гэдэг. Тэрхүү өндөр ач холбогдол өгч байж хийсэн хуралдааны гол гаргалгаа нь Япон, Монгол орны харилцаа, хамтын ажиллагааг "ойрхон бөгөөд ойрхон" улс болгох, "газрын баялагийн дипломат харилцааг" хөгжүүлэх гэж маш тодорхой "хоржин" томьёолсон нь дөт замаар Монголын уранд хүрэх гарцаа оросоор дайруулж нээх нэг хувилбар байсан байж болох юм. Мэдээж энэ хийсэн дүгнэлтээ баталгаажуулах ёстой. Тухайлбал, ОХУ-д цөмийн эрчим хүчээ хөгжүүлэх том төлөвлөгөө байгаа. Хуучин ЗХУ-ын үед цөмийн 32 блок барьсан байдаг бол ойрын хугацаанд ОХУ 28 том цөмийн блок нэмж барихаар төлөвлөөд, түүндээ асар их хөрөнгө, ураны баяжмал түүхий эдээр хангах шаардлага байгаа. Иймээс Японд илүүчлэх баяжмал хаанаас эх үүсвэртэй байх вэ?
Хамгийн сонирхолтой нь Монгол Улс урандаа түшиглэн ОХУ, Японтой хамтран ажиллахдаа "Шинэ Хельсинк" гэх нэрийн дор Монголын нутаг дэвсгэртээ үйлдвэр барихгүй, зөвхөн ураны баяжмал ухахад хамтрахаар шийдээд байгаа. Хачин хэрэг шүү.
Мөн Оросууд их өрийн тэглэгдсэн эсэх асуудлыг их л сонирхолтойгоор гарган ирж байна.Тухайлбал, маш өндөр түвшнээсээ эхэлсэн энэхүү аргачлалаа жирийн нэг албан хаагчийн амаар Парисын клубын төвшинд хүргэнэ гэх манайх шиг жижиг улсад томдсон улс төр хийчихлээ. Үүнээс хоёр гаргалгаа хийж болно. Нэгд, сая байгуулсан гэрээтэй холбогдуулан шинэ Орос хувь хүртэх, Хоёрт, эхэнд дурдсан асуудлаар хэт чанга барьцаалж, цаашид эдийн засгийн болоод дэлхийн хэмжээний геополитикийн асар их ашигтай ураныг бусад гуравдагч оронтой хуваалцалгүйгээр дангаарших сонирхол гэж болох байх. Үүнээс бас дахин өнцгийн дүгнэлт хийвэл, Монгол Улсад өдгөө хэн Увс, Сүхаатар, Ховд, Архангайн байхаас хамаараад Ерөнхий сайд байдаг жижигхэн улс төрийн хөг өнгөрч, Манай Ерөнхий сайд хэн байх нь олон улсын хэмжээнд анхаарагдах асуудал болж хувирч буй бүс нутгийн геополитикийн тааварлагдашгүй эрин үе ирж байх шиг байгааг нотлож байна. Дээрх үйлдэл.
Мөн саяхнаас хятадууд манайд улс төрийн айлчлал хийхдээ ОХУ-аас арай өөр тактик баримталдаг болж эхэлж байна. Тухайлбал, Монголд ОХУ-ын тэргүүд бүгд гурван сар гаруйхан хугацаанд шил шилээ дарж ирдэг болсон бол тэд Ерөнхийлөгчийн тангараг өргөхөөс эхлээд улс төрийн түвшнээ БНХАУ-ын Бүх Хятадын ардын хурлын Байнгын хорооны дэд дарга, Хянан шалгах хорооны дарга гэх мэт зиндааныхан айлчилж, айлчлалынхаа явцад хэт том асуудлууд шийдэх хөтөлбөр тусгагдаж, тэднийг манай Гадаад харилцааны сайд тосч авч, үдэж мордуулах жишээтэй... Түүнчлэн АНУ-ын Сенат Монгол Улсын талаарх баримтлах улс төрийн чухал баримт бичгийг баталсан
. Хэрвээ зөв стратеги гаргаж чадвал өөр юу ч биш зөвхөн уранаар дамжин Монгол Улс маш богино хугацаанд үсрэнгүй хөгжих гарц байна.
Хоёр толгойт бүргэд ба Медведев - Путин
ОХУ-ын Ерөнхийлөгч байхдаа Путин: ОХУ-Монголын хамтын ажиллагааг худалдаа, эдийн засгийн салбарт хөгжүүлэхэд анхаарч байна. Хоёр улсын худалдааг наандаж 1 тэрбум ам.долларт хүргэх хэрэгтэй. Тэр цагт бид ойлголцоход амар байх болно гэж хэлж байсан.
Гэтэл энэ онд Монгол, ОХУ-ын хоорондын худалдаа 1.2 тэрбум гаруй ам.долларт хүрч, мөн их хэмжээний урт хугацааны зээл олгогдон тэр хэрээрээ манай эдийн засагт хойд хөршийн нөлөөлөл бодитой болоод ирж байгаас харахад хойд хөршийн бодлого зөв хэрэгжиж, эдийн засгийн хямралийн түр зуурын байдлаар цаламдуулаад ирснийг харж болно. Нөгөөтэйгүүр Путин сая Монголд буугаад мордсон талаарх байр сууриа хэвлэлд өгсөн ярилцлагадаа илэрхийлсэн байсан. Тухайн ярилцсан сэтгүүлч: Худалдаа-эдийн засгийн түншийн хувьд Монгол Улсыг алдаж байна уу? гэж асуухад, В.В.Путин: "Мэдээжээр, өрсөлдөөн нэмэгдэж байгаа. Энэ нь зүйн хэрэг. Харин энэ нь Монголын чиглэлээр илүү үр бүтээлтэй ажиллахад ташуур өгөх ёстой." гэж маш товч хариулснаас Монгол дахь оросын нөлөөллийн хүрээ тэлэх нь илт байна. Иймээс орос хэлээ эргээд сурцгаа гэдэг ч зүйтэй. Энэ бүхнээс өнцгийн дүгнэлт хийвэл, Монголыг сүүлийн хорь шахам жилийн турш дэмжиж тусалж ирсэн америкийн жанжлалд дулдуйдсан өрнөдийн орнуудын бүлэглэлт дэмжлэг арга зүйн хувьд алдагдалд орж, олон хүчний шинэ хуваарлилтад Монгол хэрхэх нь онц сонирхолтой болж ирж байна. Саяхан ОХУ Гитлерийн германыг ялсныхаа баярыг Улаан талбайд сүр хүчин төгөлдөр тэмдэглэх үеэр ОХУ-ын ерөнхийлөгч Медведев генералуудтайгаа баруун талаасаа гар барьж мэндчлэх үетэй зэрэгцэн зүүн талаас Засгийн газрын нь дарга Путин генералуудтай нь гар барьж байлаа. Энэ дүр зураг Оросын төрийн бэлэгдэл Хоёр толгойтой бүргэдтэй тун төстэй харагдсан даг.
Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд, ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Улаанбаатарт үдийн тансаг зоог захиалахыг хүсэвч түүнд төлбөр хийх боломж тийм сайнгүй болсныг онцолъё. Сүүлийн дөрвөн жилийн дотор Орос санхүүгийн хувьд чадамжсан гэдэг ч манай л нөгөө голланд өвчинтэйн адилаар байгалийн хий, нефтийн үнийн өсөлтөөс хуримтлуулсан орлогоор санхүүгийн цунамид найдвартай далан болж чадахгүй байгаа гэдэг. Монголын стратегийн орд газруудад хөрөнгө оруулах хүсэлтэй Оросын том компаниуд санхүүгийн хүнд байдалд ороод байгаа. Орос улс стратегийн компаниудынхаа хувьцааг гадаадад алдахгүй байхын тулд тэдэнд 500 тэрбум ам. доллар зарцуулах хэрэг байгаа. Путиний хэтэвч үнэн хэрэгтээ маш нимгэн болжээ. Тэрбээр сул дорой харагдахыг хүсдэггүй. Гэхдээ л Монголд том мөнгө, тэдэнд бага л байдаг даа…
Ашигтай ордууд ба Хятаджсан зах зээл
Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг цаад хөрөнгө оруулагчидтай биш зөвхөн Монголд л төлөөлөн ажиллах Айвенхоу Майнз Монголия Инк ХХК гэх субъекттэй Монгол Улсын Засгийн газар гэрээ байгуулж, түүнийг нь УИХ соёрхон батална гэдэг нь үнэндээ тухайн ордыг ашиглахад хөрөнгө оруулагч нь тогтвортой бишээр өөрчлөгдөх үед Монголын талаас хамааралгүй байхаар шийдвэрлэгдсэн гэсэн үг. Энэ нь Хууль зүйн талаасаа маш эрсдэлийг дагуулж болох бөгөөд үндэсний аюулгүй байдалд шууд сөргөөр нөлөөлнө.
Магадгүй энэ нь Рио-гийн хувьцааны тодорхой хэсгийг эзэмшигчийн хийсэн тохирооноос хамаарч байж болох юм. Өөрөөр хэлбэл, Оюутолгойн орд ашиглалт, түүний цогцолбор ашиглалтад манай өмнөд хөрш ч юм уу хэн нэг өөр субъектийг асар их үүрэгтэй байх боломж олголоо гэсэн утга.
Мэдээж гэрээний эрх зүйн талаасаа лицензүүдийг эзэмшигч тал гэрээ байгуулах, бусад нь хувьцаа босгох замаар хамтын хөрөнгө оруулалт хийгдэж байгаа гэж тайлбарлах нь тэдний эрхийн асуудал. Гэхдээ гэрээний эрх чөлөөний талаас авч үзвэл гэрээ байгуулагч талуудын үүргийн гүйцэтгэлийг тодорхойлсон нь хэт тэгш бус байгаа юм. Мөн
Өмнөговь аймаг дахь Оюутолгой, Тавантолгойг хоёуланг ашиглаад, тэдгээрийг хойд, урд хөршдөө хувааж өгч эзэмшүүлээд эхэлбэл тус бүс нутаг /монгол/ геополитикийн хувьд дэлхийн бөмбөрцөг дээрх маш халуун цэг болохыг үгүйсгэхгүйгээр барахгүй хэзээ ч тусгаар тогтнохын амт шимтийг хүртэхгүй, гадаад бодлогоо бие дааж явуулахгүй хэмжээнд хүртлээ доройтож магадгүй.
Энэ бол бодитоор харагдаж буй хүчин зүйл бөгөөд эдийн засгийн чадавхиа сайжруулах гээд асар том үнэт зүйлээ золиосолж байж ч магад. Гэхдээ л хэн ч байсан бүгд эцсийн эцэст Хятадын зах зээлд тулгуурлана. Энэ бүхнийг зөвхөн нэг өнцгөөс нь авч үзэж харин ч хүчний тэнцвэрийг өмнөд хэсэгтээ бодитоор бүрдүүлж байна гэж харах нь маш аюултай буруу алхам. Эхний стратегийн гэрээ байгуулахад хэр нэгдмэл цул, арга зүйтэй байхаас тусгаар тогтнол урвуу пропорциональ болно. Харин үндэстэн дамнасан корпорацийн хувиар голлох хөрөнгө оруулагч субъектийн анх бүртгэгдсэн улстай нь болон хөрөнгө оруулагч талтай хамт олон талт гэрээ байгуулах нь манай улсын өөрийн оролцооны хувийг нэмэгдүүлэхэд хүндрэл учрах ч стратегийн маш өргөн боломжийг нээх болно.
"Монгол төр" гэж хэнийх вэ гэх тухайд
Эдийн засгийн ноёрхлоо тогтоосон цагт хэн улсын эзэн байх нь маргашгүй.
Бүх зүйлийн хөдөлгөгч хүч мөнгө байсан, байсаар байх биз. Саяхан л бид бүх шатны сонгуулийг нэг нам нь булингартуулаад өөртөө ашигтайгаар хийчихлээ гээд босч бариад, монголчууд нэг нэгнээ цааш харуулаад байснаа санаж байгаа байх. Тэгвэл Монголд эдийн засгийн ноёрхлоо тогтоочих гадны фактор яах эсэхээ шийдэхэд юу байв гэж. Магадгүй долдугаар сарын 1-ний үйл хэрэг хэдэн арван жилийн дараа Монголын нэн шинэ түүхэнд эрх чөлөөт тэмцлийн сүүлчийн үйлдэл гэж тэмдэглэгдэж магадгүй л байх.
Бороо гоулдоор жишихэд л энэ бол бодитой хүчин зүйл шүү. Тиймээс хүссэн ч, эс хүссэн ч бидний амьдарч буй яг энэ цаг үе маш их хариуцлагыг оноож байгаа. Энэ нь ойрын хэдэн жил аль хүчин, хэн тэргүүн байх нь хамаагүй улс төрийн хувьд тогтвортой, залгамж чанартай, улс орныхоо хожмын өдрийг бодон эв нэгдлийн цул байж, геополитикийн уран дипломат маневр хийх боловсон хүчний сонголттой, мэдээлэл сайтай байх нь туйлын туйлаас чухал байна. Үнэндээ "Монгол төр" гэж ярьж, хэлэх нь буруу. Энэ бол хэл зүйн болоод эрх зүйн талаасаа ямар нэг субъектэд оноогдсон, цаг хугацааны оноосон нэршил. Тухайлбал, эрт үед шинэ улс байгуулж, гүрний нэр, цол, оны тооллыг шинээр тогтоодогтой адил зүйл. Иймээс Монголын төр гэж ярьж, хэлэлцэх нь зүйтэй юм. Учир нь тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг хаа хамаагүй юм гэнэт өгүүлсэнгүй ээ. Зарим нэг томоохон улстөрчдийн хэлж заншснаар уг нэршил нь нийгэмд нөлөөлж, төрийн тэргүүдээсээ эхлээд иргэд хүртэл "Монгол төр" гэж хэлцдэг болоод байгаа. Энэ нь манай Монголын төрийн үнэлэмжийг нэмэгдүүлсэн, төрийн үүрэг оролцоо, хариуцлагыг төр түшигчдэд байнга мэдрүүлэх сайн талтай үйлдлийн илрэл болоод байгаа. Гэвч Монголын төр нь аль нэг цаг хугацааны болоод ямар нэг хүчин зүйлийн нөлөөллийн илрэл биш, байнгын тогтносон, мөнхөд орших, хүчирхэг гүрний нэр гэх том логикийн дагуу хүлээн авч хэрэглэх нь зохистой. Нөгөөтэйгүүр цаг хугацааны маш их ээдрээтэй энэ үед гадаад орны хүчтэй тулгалтаас бултах, булзааруулах, зөөллөх, өөрчлөх зэрэг хариу үйлдэл үзүүлж чадах хөзрийг Парламентийн засаглалтай байгаа энэ үед давуу боломж болгон ашиглах хэрэгтэй гэж боддог. Энэ нь хамтын удирдлагын тогтолцоогоор Монголын төр асуудлаа шийддэг гээд хатуу ширүүн бөгөөд олон ургальч хэв шинжит маш тодорхой оролцоог тулгараад буй хүнд нөхцөл байдалд зөв ашиглаасай гэсэн альтернатив юм. Энэ утгаараа манай монголчууд ойрын 6 жилд Парламентаа бүрдүүлэхдээ одоогийн хүчний тэнцвэрийг тэнцүүлсэн бүтэцтэй сонголтоо хийцгээх нь бидний хожмын өдөр зөв байж магадгүй. Мөн Ерөнхийлөгчөө Парламентаас сонгодог болгох нь ойрын үед хийгдэж болохгүй алхам бөгөөд энэ нь эцсийн дүндээ төрийн эрх мэдлийн хүчний харьцаа олон субъектэд одоогийнх шиг тодорхойгүй байдлаар хадгалагдаад явах нь дотоод улс төрийн нөхцөл байдлыг доройтуулах муу талтай ч, гадны тулгалтаас сөрөх цор ганц дархлаа байж магадгүй.
Иймэрхүү байдлаар л Монголын төр үеэс үе дамжин тусгаар тогтнон, аль нэгэнд уусчихалгүй тусгаар явж ирсэн байх агаад жинхэнэ утгаараа тусгаар тогтнолоо 1990-ээд онд эргүүлэн олж авахдаа улс төрийн бүх хүчнүүд нэгдэн маш зөв тактик баримталсан байдаг. Үүнтэй адилаар ажиллах стратегийг мартсан юм шиг үйлдэл, үйл ажиллагаа ойрын жилд удаа дараа явагдаад байгаа тул ийн дахин засамжлан илэрхийлсэн болно.
2009 оны 6-р сарын 15
Сэтгэгдэл бичих