Нийтлэл 03 сарын 09, 2015

Moody’s монголын банкны системийн хэтийн төлөвт сөрөг үнэлгээ өглөө

Дэлхийн 3 том үнэлгээний компанийн нэг Moody’s Хөрөнгө Оруулалтын Үйлчилгээ Монголын банкны системийн хэтийн төлөвийг сөргөөр харж байгаа тухай мэдээлэл гаргалаа.

 “Монголын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч нь уул  уурхайн потенциал боловч уруудаж буй нүүрсний үнэ, гадаад зах зээлийн эрэлт хэрэгцээ буурч байгаа нь Монгол улсын үндэсний орлого болон гадаад худалдааны байдлын хэтийн төлөвд нөлөөлсөөр байна”

гэж Moody-ийн дэд ерөнхийлөгч, аналист Хьюнхи Парк хэлжээ.

Улмаар дараах 5 хүчин зүйлээр Монголын банкны системд дүгнэлт өгсөн байна:

  • Одоогийн нөхцөл байдал: Уруудаж байгаа
  • Санхүүжилт болон хөрвөх чадвар: Уруудаж байгаа
  • Үл хөдлөх хөрөнгийн боломж болон хөрөнгө мөнгө: Уруудаж байгаа
  • Үр ашиг ба бүтээмж: Уруудаж байгаа
  • Системийн дэмжлэг: Тогтвортой

Moody’s-ийн хэлж байгаагаар ирэх 12-18 сарын турш гаднын шууд хөрөнгө оруулалтын зогсонги байдал болоод макро эдийн засгийн хумих бодлогын дүнд монголын эдийн засгийн өсөлт суларна. Гадаад валютын бага нөөц нь валютын ханш болон инфляцийн түвшинд дарамт учруулах магадлалтай тул Монгол Банк мөнгөний хатуу бодлогыг дэмжих шаардлагатай. Хэдийгээр Оюутолгойн далд уурхайн асуудлаар Рио Тинтотой зөвшилцөлд хүрч чадвал гадаадын шууд хөрөнгө оруулалтад эерэг нөлөөтэй ч бүх асуудлын гарц бол биш. Бодит эдийн засагт гаднын шууд хөрөнгө оруулалт бодитой нөлөө үзүүлэхэд нэлээн хэдэн улирал шаардлагатай бөгөөд дараагийн 12-18 сард банкнуудад тулгарч мэдэх асуудалд шийдэл болж чадахгүй гэжээ. 

Үнэлгээнд Төрийн банк болоод арилжааны хамгийн том 4 банк багтсан агаад  агаад, үнэлгээнд хамрагдсан арилжааны банкууд өнгөрсөн оны 3-р улирлын байдлаар салбарын нийт зээлийн 65 хувь, хадгаламжийн 66 хувийг эзэлж байна. Baseline credit assessment буюу зээлжих чадварын нэг үзүүлэлт болж тусдаа хэмжигддэг суурь зээлийн чадамжийн үнэлгээгээр  Хөгжлийн банк болон  Хаан банк b2, Худалдаа Хөгжлийн банк, Төрийн банк болон Хас банк b3 үнэлгээг авсан байна.

 

BCA гэдэг нь:

BCA нь яг ч зээлжих чадварын үнэлгээ биш. Зээлжих чадварын үнэлгээ тооцоход хэрэглэгддэг “Үнэлэх үйлчилгээний бүрдлүүд”(Inputs to Rating Services)-ийн нэг хэсэг.  Засгийн газар юм уу ямар нэг гуравдагч этгээдийн “онцгой дэмжлэг”-гүйгээр дефолт зарлалгүй, хэвийн зээл олгох чадварыг хэмждэг.  Магадлалын хэмжүүр болохын хувьд тийм дэмжлэггүйгээр ямар хэмжээний дефолт хийгдэх эрсдэлтэйг хэмжихгүй. Засгийн газартай хийсэн хамтын ажиллагааны ямар нэг гэрээ, эсвэл одоо үргэлжилж буй засгийн газрын татаас BCA-н нэг бүрдэл болж тооцогддог, тиймээс уг санхүүгийн байгууллагын бие даасан санхүүгийн чадварын тооцоонд багтсан гэж үзэж болно. “Онцгой дэмжлэг” гэдэг нь санхүүгийн байгууллагыг төлбөрийн чадваргүй болохоос сэргийлсэн байнгын бус, онцгой дэмжлэгийг хэлж буй.  Олон улсын урт хугацаанд хамаарах зээлжих чадварын үнэлгээ том үсгээр тэмдэглэгддэг бол BCA үнэлгээ нь түүнтэй харгалзах түвшинг жижиг үсгээр тэмдэглэдэг. Доорх зурагт  BCA нь "Үнэлэх үйлчилгээний бүрдэл"-ийн бас нэг хэсэг Банкны Санхүүгийн Чадавхийн Үзүүлэлт(BSFR-Bank Financial Strength Rating)-тэй хэрхэн харгалзахыг үзүүлж байна. Зурагт харуулж байгаачлан BCA үзүүлэлтийн хувьд 19 зэрэглэлтэй үнэлгээний сүүлээсээ 4, 5 дугаар зэрэглэлийг монголын 5 банк хүртсэн гэсэн үг.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon