Нийтлэл 03 сарын 10, 2015

Гүйх нохойд гүйхгүй нохой саад

Улиг болсон сэдвээр бичих онцгүй. Гэхдээ халаас хоосон, тархи хоосон болсон болоогүй улс төрчид энэ сэдвээр оролдож насны хоол залгуулах санаатай бол би хоногийн хоол олчих юун буруу байх билээ (Оюутолгойгоос гапий улаан мөнгө өгөөгүй, гэхдээ өгвөл тоохгүй авна).

Дэлхий гэдэг гаригийн радиус барагцаалбал 6 371 км бөгөөд одоогоор хүн төрөлхтөн дөнгөж 4 км орчим гүн уурхай ашиглаж байна. Өрөмдлөгийн хувьд 12.3 км гаруй өрөмдлөг гурав бий. Үүнээс хоёр нь газрын тос, байгалийн хий олборлох зорилгоор өрөмдсөн цооног юм. Нөгөөх нь Зөвлөлт Холбоот Улс гэж байх үед шинжлэх ухааны зориулалтаар өрөмдсөн цооног, 12 262 метр хүрээд халалтаас үүдэн бүрмөсөн зогсоосон байдаг. Товчхондоо хүн төрөлхтөн амьдарч байгаа газрынхаа 0.05 хувь хүрэхтэй үгүйтэйг ухаж төнхөж ашиглаж иржээ. Одоогоор мэдэгдэж байгаа хамгийн эртний уурхай нь 43 мянган жилийн настай юм. Зарчмын хувьд манай дэлхийн 32 хувь нь төмөр, 30 хувь нь хүчилтөрөгч, 15 хувь нь цахиур гэж бодвол хаана ч ухсан төмөр олдох нь. Зэс, алт арай ховор ч бас л хаа сайгүй байгаа.

Үнэхээр уншигч таны сууж буй газар доор алт ч бий, зэс ч бий, чухам хэр гүнд байн вэ, хэр их концентрацитай вэ гэдэг нь л асуудал. Өрөмдөж баймааж л хаана юу байгааг магад сайн тогтоодгоос өөр сайн арга одоогоор бодож олоогүй бололтой юм. Өөөрөр хэлбэл бид өдөр тутам ямар баялаг дээгүүр хэнэггүй алхаж яваагаа мэдэхгүй, бидний хувьд бороотойд шавхай тогтдог, хавартаа шороо босдог, өвөлдөө цас хунгарласан л газар. Хатгасан хашаан дотор чинь гэрийн дайны алт олдвол харин таных биш.

Үндсэн хуулийн 6.1 заасныг үзвэл “газрын хэвлий дэх баялаг бол ард түмний мэдэлд” гэж баярлуулангуутаа  даруй  6.2-т нь “төрийн өмч мөн” гээд буцаагаад авчихсан.

Магадгүй зарим нэг нь төр бол ард түмэн гэх байх, тийм биш гэдгийг харин төр нь ч, ард түмэн нь ч гайгүй ойлгомжтой хэлээд өгөх биз. Энэ баахан оршил бол Оуютолгойн гэрээг тойрон бүжигч, яс горьдоод хоосон хоцорсон популист нохдын түгээмэл тайлбарыг няцаахад зайлшгүй хэрэгтэй санагдаж ийн мэдээжийн юм бичсэн тул уншигч авхайгаас хүлцэл өчсү

Үнэндээ Оюутолгойн түүх доктор Ч.Хурцаас хавьгүй дээр үед, магадгүй хэдэн зуун сая жилийн өмнө эхэлсэн. Сая сая жил газар доор хэвтсэн элдэв металлын хольц ихтэй бөөндүү шороо дэлхийн хаана ч бий. Чухам Оюутолгойн хувьд газрын гадаргууд ойрхон, зарим хэсэг нь бүр ил гарсан байж л дээ. Миний сонссоноор 1960 аад онд академич, геологийн ухааны доктор Ж.Дүгэрсүрэн анх тэр орчим хайгуул хийж яваад  зэсийн орд олдох боломжтой гэж дүгнэсэн гэдэг. Сүүлд 1980-аад онд Орос-Монголын хамтарсан геологийн экспедиц нэлээн дэлгэрэнгүй судалсан байдаг. www.geos.mn цахим хуудсанд  Оюутолгой дээр гадны компани дагуулж очсон хүн нь Д.Гарамжав гэсэн байна. Мөн  тус сайт дээр “Одоогоос таван мянган жилийн тэртээ хүрэл зэвсгийн үед одоогийн Өмнөд Оюугийн малахит, хризоколлоос бага хэмжээгээр зэс гарган авч байсныг жижиг тойрог хэлбэрийн ухдас, зэс хайлшны үлдэц олдсоноор баталдаг” гэжээ. Өвөг дээдэс  маань уул толгод, газар усны нэрийг оноож өгөхдөө чухам л мартахвий гэсэн шиг Оюут, Оюутолгой, Эрдэнэт овоо , Хар тарвагатай, Үнэгт гэж нэрлэсэн нь зэстэй, алттай, ямар ч байсан ховор металлтай, нүүрстэй гэж мэдэж оноосон байдаг. www.ot.мn цахим хуудсанд энэ бүх түүх алга.  Шууд л 1987 оноос бичжээ. Оюутолгой илэрц төдий байсан газар гэдэг нь 2000 оны  1: 1 000 000 масштабтай  ашигт малтмалын газрын зураг дээрээс харагдана. Тухайлбал Цагаан суврагат, Төмөртэй гэх мэтчилэн газруудыг орд гэж тэмдэглэсэн байхад Оюутолгойг илэрц гэж жижигхэн цэг хатгасан байдаг. 

Тэр цэгийг дэлхийн тав дахь том зэсийн орд болгох процесс дөнгөж эхлэх гэж байхад нь хэнхдэг цээжээ дэлдсэн хуурамч эх орончид  элдэв жагсаал цуглаан хийж мэдээллээс хол ард олны эмзэг цэгийг олж хатган, “чиний ядуу байгаа шалтгаан нь энэ гаднынхан, эд бол дээрэмчид, ашиггүй гэрээ хийж авилгал өгсөн” гэх мэтээр төөрөгдүүлэн өөрсдийн өчүүхэн шуналаа гүйцэлдүүлж суугааг хараад дуугуй сууж боломгүй. Бидэнд огт байхгүй байсан юмыг бий болгоод, ухаж гаргаад хуваагаад авъя гэхээр юу нь ашиггүй болчихдог билээ? Таван толгойг тойрч бүжсээр юу болголоо? Тонн тутмаасаа алдагдал хүлээдэг уурхайтай хоцроо биз дээ? Элдэв шантайгчид сая доллар салгачих гээд Оюутолгойг гацааж байх хооронд Монгол улс тэрбум тэрбумаар үнэлэгдэх нэр төр, итгэл, ирээдүйн боломжоо алдаад байна. Хөрөнгө оруулагч нар тогтвортой улс төр, хууль эрх зүйн орчин, нааштай татварын орчинг ашгаасаа илүү үнэлдэг болохыг дараагийн үеийн улс төрчид маань анхаарна биз, одоогийн хэдэд хэлээд сонсох биш, сонсоод ч ойлгох биш, ойлгосон ч буруу ойлгочихдог улс...

Оюутолгой төслийнхөн элдэв жагсагчид, эх оронч царайлсан хувалзууд ямар ямар хөтөлбөр зохиож, хэдэн сая төгрөг салгасан гэдгийг нэр устай нь зарламаар. Яагаад улсын төсвөөр олсон хэдэн орд одоо хувийнх болчихсон, яагаад стратегийн орд гэж марзан жагсаалтад орж гараад байдаг тухай хэн ч ярьдаггүй мөртөө амтай болгон Оюутолгойн гэрээний шинжээч болчхов гэж та өөрөөсөө асуу даа. Лондонгийн дэн буудлын жижүүр хийж гиюүрч суусан нөхөр гэнэт олон улсын гэрээг ашигтай ашиггүй гээд мэдэмхийрээд эхлэхээр энэ Монгол улсад хэн итгэж хөрөнгө оруулах вэ? Мэдэхгүй юмаа чалчиж байхаар буудлынхаа эзнээс хэдэн цаас хуулуулаад баригдаж хөөгдсөнөө ярьсан бол хожим хойно буян нүглээ дэнслүүлж зогсоход нэмэртэй байх биз. Цагтаа цалгиж хээр талдаа багталгүй садарч, цаг наргүй байлдаж явсан монголчуудын хувь тавилангаар оноосон хоёр хөрш нь гүрэн хэмээх тодотголтой том улсууд. Нэг нь түүхий эдийн асар том хэрэглэгч, нөгөө нь нийлүүлэгч. Хоёр баяны дунд нь байж ядуу хоосон сууж байгаа нь гутамшиг. Хоосон байлгах сонирхол хэн хэнд нь бий. Харин тэдний санааг даалгавартай даалгаваргүй биелүүлдэг хэдэн салбадайг хэн ч тоохгүй болтол нь илчлээд өгмөөр...

Оюутолгойн гэрээнд нэг л алдаа бий. Тэр нь төрийн өмчийн 34 хувь. Төр бүх төрлийн татвар, нөөцийн хураамж, нийгмийн даатгал болон бусад хэлбэрээр Оюутолгой төслөөс хангалттай ашиг хүртэх боломж байхад 34 хувь эзэмшинэ гэж өр зээл тавих хэрэггүй байсан юм. Ер нь төр оролцсон юм олигтой болох нь ховор. Энэ 34 хувиас л болж улс төрчид Оюутолгойд Эрдэнэт шиг шахаагаа хийж, нэг долларын барааг хоёр доллараар зарж, энэ шахаанаас болж үүссэн нэмэлт зардлыг өнөөх шахсан улс төрчид нь шалгах юм болж булайгаа хутгаж сууна. Төр үнэхээр олох мөнгөндөө цадахгүй байгаа бол хувьцааг нь худалдаж авч болох л байсан. Харин зарим нэг хувь хүмүүс Оюутолгойн төсөлд оролцсон гадаадын компаниудын хувьцааны хөдөлгөөн дээр хөөрхөн мөнгө хийсэн байх.

Энд хөлсний жагсаалыг 50 мянган доллараар хийлгээд л тэнд 500 мянгын ашиг унагах боломжтой. Учир нь энд жагсаал цуглаан хийх бүрт, тэнгэр газар ширтсэн, шуудагтай шуудаггүй гишүүд хууль өргөн барих бүрт, Сангийн сайд нь гадны бирж дээр очиж хонх цохих болгонд тэр хувьцаа дээш доош савалж байсан. Ийм савалгааг зориудаар үүсгэж хөрөнгжсөн гэдгийг Америк, Европын аль нэг улсын хуулийн байгууллага сонирхож нотолбол торны цаана нас эцэслэхээр удаан хугацааны шийтгэлтэй гэмт хэрэг.

Үндэстний тойм сэтгүүлийн 2013 оны 5-р сарын 20-ны дугаарт хэвлэгдсэн

Сэтгэгдэл бичих

    • Уул уурхайн инженер эдийн засагч
    • 2015-12-18

    Би ийм тархины тураалаас болоод Олон улсын арбитрт удаа дараа ялагдаад баялагаа ямарч рояалтигүй гадагш нь гаргаж байгаа улсуудаар багагүй явж үзлээ. Жишээ нь сомали улс, тэд буруу гэрээ хийгээд дараа нь арбитрт 3н удаа ялагдаж төсвөө шавхаад одоо иргэд нь ядуу төр нь мөнгөгүй учир иргэд нь далайн дээрэмчид болж хуулийн дагуу рояалтигүй алдаж буй баялагаа буцааж авах хувилбарт шилжсэн орноор ч явж байлаа. ОТ-г явуулахгүй гэж байгаа юм биш гэрээгээ ашигтай хийх ёстой. Иймэрхүү салбадайнууд байсан цагт ОТ ч хөдлөхгүй Монголчууд ч цааш бас хөгжихгүй. Ашиггүй гэрээ тогтвортой хөгжил авчирдаггүй.

    • Зочин
    • 2015-12-17

    argagv vnen heljee, ashigt maltmalaa zarj mungu olohgv ym bol bid yuga zarj orlogo oloh ym. baigaa bolomjoo ashiglah heregtei etssiin etsest biznes gdg 2 hj bui hvn bainu uls baina uu hamaagv 2ulaal ashig olj bh ystoi. uul uurhain mergejliin hvn bololtoi niitlelch maani. bolj bn shv

arrow icon