Энэ сарын 5-наас 18-ны өдрүүдэд болж буй бүх Хятадын 12 дахь удаагийн их хурлын 3 дугаар чуулганы эхний өдөр Ши Жиньпин дарга улс төр, эдийн засгийн тайлан тавиад, оны эдийн засгийн өсөлтийг 7%-д хүргэх зорилт тавьлаа. Энэ нь өнгөрсөн оны зорилтоос 0,5%-иар буурсан үзүүлэлт юм. 2014 онд Хятадын эдийн засаг 7,3%-ийн өсөлттэй гарсан нь өнгөрсөн 15 жилийн хамгийн доогуур үзүүлэлт байсан билээ.
БНХАУ-ын суурь инфляци нэгдүгээр сард 0.8%-тай байсан нь 2009 оноос хойших хамгийн бага дүн юм. Харин хоёрдугаар сард жилийн эхэн үеэс суурь инфляци тасралтгүй өсч 1.4%-д хүрч, хүлээгдэж байсан дүнг давжээ
. Хятадын Засгийн газар хэрэглээний инфляцийг 2014 онд 3.5%-д хүргэхээр зорьж байсан ч 2%-тай байсан. Харин энэ онд 3%-д хүргэхээр зорьж байгаа. Хятадын Статистикийн газраас инфляцийн өсөлтийн цаад шалтгаан нь Хятадын цагаан сартай холбоотой хэмээн тайлбарласан ба өнгөрсөн жил ч мөн энэ явдал тохиолдож байжээ.
Эх сурвалж: tradingeconomics.com
Өнгөрсөн намар хүртэл хэрэгжүүлсэн зарим салбарыг хэсэгчлэн дэмжсэн мөнгөний бодлого нийт эдийн засгийн хурд саарахыг зогсоож чадсангүй. Улмаар 11 сарын 22 нд 4 жилд анх удаа бодлогын хүүг, 3 сарын 1-нд дахин нэмж бууруулах, 2015 оны 2-р сарын 5-нд бүх банкинд өөрийн хөрөнгийн хувийг бууруулах, мөнгөний нийлүүлэлтийг өмнөх оноос 12 хувиар нэмэх, шаардлагатай бол дахин нэмэгдүүлэх зэргээр мөнгөний уян хатан бодлого бүх эдийн засагт хандсан шинж чанартай болж ирлээ. Их хурлаар хийсэн тайланг үзвэл 2015 оны төсвийн алдагдал 270 тэрбум юанаар их 1,6 их наяд юанын алдагдалтай гарч, ДНБ-д эзлэх төсвийн алдагдал өмнөх оны 2,1 хувиас 2,3 хувь болж өссөн байна
.
Нэгдүгээр сард 4.3%-тай байсан үйлдвэрийн үнийн уналт хоёрдугаар сард 4.8% болов
. Хятад улсын үйлдвэрлэлийн салбар гурван жилийн турш уналтад ороод байгаа бөгөөд үл хөдлөх хөрөнгийн зах зээлд давхар нөлөөлж эхэлсэн. Мөн үйлдвэрлэлийн хүчин чадал багасч, орон сууц, гэр ахуйн бараанаас эхлээд өргөн хэрэглээний барааны үнэд хүртэл нөлөөлөх болжээ. Цомхтгол, ажилгүйдлийн түвшин ихсэхээс сэргийлж ихэнх ажилчид цалин багатай үйлчилгээний салбар руу шилжиж, үйлдвэрийн ихэнх ажилчид хагас цалингаар эсвэл бүр огт цалингүй ажиллаж эхэлсэн байна.
Инфляци өссөн мэдээлэл гарснаас хойш хятадын хөрөнгийн зах зээл бага зэрэг унасан байна.
CSI300 индекс өглөөний арилжаанаас 0,5%-иар унажээ. Дэлхийн хоёр дахь том эдийн засаг Хятад улсын эдийн засагт дефляци үргэлжлэх магадлал өндөр байна.
Жич: Монгол улс импортын хамаарал өндөр орны хувьд инфляци импортын барааны үнэ өсөхөд хүргэж, шууд хэрэглээний зардалд нөлөөлдөг тул бараг сөрөг утгатай муу муухай үг болж хэвшиж байгаа гэхэд хилсдэхгүй. Харин Хятад улс экспортын эдийн засгийн хувьд юанын ханш чанга байх нь бусад орны худалдан авагчдад хятад барааг үнэтэй болгохоос гадна дотоодын хэрэглээний зардал, улмаар үйлдвэрлэгчдийн орлого багасч эдийн засаг хумигдах эрсдэлтэй. Тиймээс Хятад улс дор хаяж 3% үнийн түвшинг өсгөх зорилго тавьж, мөнгөний уян хатан бодлого хэрэгжүүлж байна
гэсэн үг. Япон ч ужиг дефляцийн хавханд олон жил болсны эцэст Абэномикс хэрэгжиж, зарим үр дүнд хүрч байгаа талаар эндээс унших боломжтой.
Сэтгэгдэл бичих