Нийтлэл 03 сарын 12, 2015

Хэрчим хүч

Цахилгааныг ч юм уу, дулааныг дэлгүүрт ороод тоо ширхгээр авчихдаг бол амар санж. “3 хэрчим хүч авъя, хөөх, үнэд орчихоо юу?”  гэж хээвнэг мөнгө тоолж өгчхөөд торонд хийгээд гарах санж.

Аливаа зүйлсийг хамгийн зөв, ашигтай гольдрилд оруулъя гэвэл хувьд гарга, өмчийг эзэнтэй болго гэдэг зарчим өнгөрсөн зууны 80-аад онд дэлхийн олон улс гүрэнд амьдралд хэрэгжиж Төрийн мэдэлд байсан олон зуун мянган үйлдвэр хувьчлагдаж эхэлсэн бөгөөд хамгийн их маргаан дагуулсан салбаруудын тоонд эрчим хүч, харилцаа холбоо, төмөр зам орж байжээ.

Барьчихсан, ажиллаж байгаа цахилгаан станцыг хувьчлахад юунд нь маргадаг байна гэж гайхаж магадгүй. Монголоос ялгаатай нь хэн авах вэ гэж маргаан үүсээгүй. Дарга нь хэн байх тухай ч маргасангүй. Эхлээд маргасан зүйл нь юу вэ гэхээр үнийн тариф.

Цөмийн эрчим хүчний үйлдвэрийн өртөг нүүрснийхээс даруй 11 дахин бага , нарны эрчим хүч нүүрснийхээс  анхны хөрөнгө оруулалт нь 2,3 дахин их байхад хооронд нь яаж өрсөлдүүлэх вэ дээ

гэдгээс маргаан үүсэж. Цөмийн эрчим хүч эсэргүүцдэг нэгний ханан дахь залгуурт байнгын бэлэн байдалд байгаа хүчдэл нь чухам яг аль станцын үүсгэсэн потенциалын ялгавар вэ гэдгийг тодорхойлох боломжгүй юм. Учир нь эрчим хүчний нэгдсэн сүлжээ гэдэг дэд бүтцэд тэр улсын бүх л станц нь залгаатай, бүх хэрэглэгч мөн л залгаатай байдаг учраас үйлдвэрлэгчийн гаргасан эрчим хүчийг нэгдсэн тарифтайгаар борлуулах асуудал хурцаар тавигдаж. Яг энэ мөчид Сүлжээ буюу хэрэглэгч хүртэл хүргэж байгаа дэд бүтцийг хэн удирдан зохион байгуулах, хэн хөрөнгө оруулалт, засварыг хариуцах, хэн хэрэглэгчтэй тооцоо хийж, хэн шугамын алдагдлыг хариуцаж, олон арван хувийн станцуудтай борлуулалтын тооцоо хийх вэ гэдэг асуулт гарч иржээ. Холбоо дээр ч мөн л адил. Төмөр зам ч бас л нэгдсэн дэд бүтэц болохоор хэний хэдэн вагон, хэдэн зүтгүүр, өдөр шөнийн аль цагт хаашаа нэвтрэх вэ, цаг чиглэл  давхацвал хэн нь түрүүлж нэвтрэх вэ гээд уралцаж зодолдох нь халгүй маргаан гарч эхэлсэн байна. Төр л болсон хойно маргааны шалтгаан шийдлийг хайхын оронд шууд л дэд бүтцийг Төр хариуцна гээд явчихсан улс маш олон. Шийдэл олдохгүй байсандаа биш, зүгээр л хувьчлалыг түргэн хийж дуусгахын тулд олон оролцогчтой зангилаа асуудлыг ганц шийдвэр гаргагчтай, тэр нь бусад оролцогчдоо хуулиар болон бусад хүчин зүйлсээр шууд дарангуйлах чадвартай субъектэд шилжүүлэх арга замаар явсан нь тэр. Монголын хувьд ч энэ асуудлыг шийдэх цаг ойрхон ирж байна. Эрчим хүчний хуулиар хувийн станц байгуулж болох ч юм шиг боловч ямар үнээр зарахаа зохицуулах газраар заалгана , гэрээний үнээр борлуулах бол заалгах хэрэггүй гэсэн хоёрдмол утгатай заалтууд ч байна.

Эрчим хүчний хуулийг бүхэлд нь  харах юм бол бас л Төр бүгдийг шийднэ, мэднэ гэсэн байгаа нь нөгөөх л шийдэл хайхын оронд хуулиар бүх эрхээ өөртөө авч үлдээд асуудлыг хэн нэгэн улс төрч, эрх мэдэлтний ааш аяг, эрх ашигт нийцүүлж шийдэх эрсдэл бий болно л гэсэн үг.

Өнөөдөр эрчим хүчний салбарын хувьчдад гадуур дотуур яригдаагүй ч зайлшгүй хийгдэх асуудлын нэг. Ялангуяа албан тасалгааны цонхоор алхаж байгаа хүмүүсийг хоосонгүй санаж харж байгаад  үнэ тогтоож  байгаа цагт эрчим хүчний салбар хэзээ ч өөдлөхгүй. Цахилгаан , дулааны зөвшөөрөл өгдөг дарга нарын баяжиж хөрөнгөжсөн, станцуудын удирдах албан тушаалтнуудын хөрөнгөжсөн түүхийг энд сөхөх гэсэн юм биш, гэхдээ  Японоос  10 гаруй жил өгсөн тусламжийн тэрбум гаруй долларыг ганц 4 р цахилгаан станц залгичихсан , тэр мөнгөөр нь дахиад хоёр ч станц барьчих боломжтой байсан гэдгийг эргэцүүлж бодно биз. Дулаан цахилгааны зөвшөөрөл өгдөг байсан, өгдөг дарга нарын тухайд,  Төр дэд бүтцийг мэдэлдээ үлдээхэд дарга даамлууд нь яаж баяждаг тухайд эрэн сурвалжлах сэтгүүлзүйн сонгодог талбар мөн гэдгийн цухас дурдчих нь зүйтэй.

Төр ард түмэндээ таалагдах гэсэн өчүүхэн атгаг санаагаар үнийг хиймлээр барьж  20 жил эрчим хүчний салбарыг сэхээн амьдруулах тасагт хэвтүүллээ. Үхдэг  ч үгүй, сэхдэг ч үгүй өвчтөнтэй байх нь эмчид ашигтай байдаг юм болов уу? Уг нь үнийг нь чөлөөлөөд, дэд бүтцийг нь төрөөс хамааралгүй, нийтийн өмч хэлбэрээр хувьчлах, одоогийн эрчим хүчний хуулиас хавьгүй алсыг бодож ашигтай хувилбараар зохицуулалт хийгээд өгвөл эрчим хүчний салбар төрийн оролцоогүй хөгжөөд явах бүрэн боломжтой. Зөвхөн эрчим хүч гэлтгүй, дэд бүтцээс хамааралтай аль ч салбарт  хувьчлал хийгдэхээс  хойш нийтийн өмчит хувьцаат компани,  үйлдвэрлэгч дундын сан, шударга өрсөлдөөнийг хангасан хэрэглэгчийн, үйлдвэрлэгч, дэд бүтэц эзэмшигчийн эрх зүйн харилцааг хуульчлаад өгөх зайлшгүй шаардлага байна. Нүглийн нүдийг эрчим хүчний хуулиар хуурна гэдэг үг зохиосон ч болохоор доройтсон салбарт зоригтой, бодлоготой шинэчлэл хэрэгтэй байна. Тэгвэл хүн бүрт наалддагаар нь  СӨХ ба  шугам сүлжээний байнгын хэрүүл -  байр луу орсон шугам,  хоолой хэний өмч вэ гэдэг маргаангүй болно. Өнөөдөр дулаан, цахилгаан  өгөхгүй гэж айлгаад өөрийн өмчлөлийн шугам, хоолойг хүнээр засуулж, тавиулчхаад, өөрсдөө зассан сольсон гээд төсвийн мөнгийг шууд халааслаад сууж байхыг ч мэдэх л улс шүү, хэрчим хүчнийхэн...

 

/Үндэстний тойм сэтгүүлийн 2013 оны 11-р сарын 25-ны дугаарт хэвлэгдсэн./ 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon