Аливаа юмс үзэгдлийн шинж тэмдэг хязгаартай ч тоймгүй олон билээ. Нэг буюу түүнээс дээш шинж тэмдэг зөрвөл өөр юм, үзэгдэл эсвэл юмс үзэгдлийн хувилбар гэж таньдаг. Эдгээр шинж тэмдгийн бусдаас онцгойлох товч хураангуй жагсаалтыг тодорхойлолт гэж нэрлэнэ. Манай монголчууд амьдралын хэв маягаас шалтгаалан тодорхойлолт хэрэглэхдээ маруухан хүмүүс.
Малын зүс, байгаль цаг агаарын үзэгдэл, ахуйн хэрэглээний зүйлсийн нэр томьёо олон боловч түүнийгээ хүн хар маргахгүйгээр тодорхойлж томьёолоогүй байдаг. Нутаг нутагт давхцах малын зүс байвч нэг зүсийг өөр өөрөөр нэрлэхээс авахуулаад алдаа мадаггүй ойлголцоход бэрхшээлтэй зүйл элбэг тохиолдоно.
Монгол хүн буруу ярьж зөв ойлголцоно гэж хэлц үгээр халхавчилж ирсэн
боловч өнөө цагт нүүдэлчин ахуйгаас хэдэн зуу дахин олон юмс үзэгдлийг ойлголцож тохиролцож хэлэлцэх шаардлагатай болжээ. Хамгийн энгийн жишээ гэхэд
УИХ-аас гаргасан хуулийн аль нэг заалтыг тайлбарлах хэрэг гардаг. Уг хуулийг гаргах болсон шалтгаан сэдлээс өгсүүлээд батлах явцад гарсан зарчмын маргаан, үг хэллэгийн сонголт, томьёолол гэх мэтийг үл тоомсорлон, уг хуулийг батлалцаагүй хэдэн хүн тухайн нөхцөл байдалд тохируулан тайлбарлаж, хэрэглэж заншсан нь заримдаа нэг юмыг хоёр өөрөөр нэрлэхэд хүргэж байна.
Иймд аливаа хуулийг тайлбарлах шаардлагагүйгээр үл маргалдах хэлбэрээр бичих буюу хуулийн хэллэгийг зүгшрүүлж, зөвхөн хуулийн томьёолол тайлбар бүхий толь бичигт орсон үгээр л хуулийг найруулан гаргах шаардлагатай байна.
Томьёолол тодорхойлолт хэрэглэхгүй яригддаг бас нэг юм бол хөгжил.
Чухам яг юуг хөгжил гэх юм гэдгээ бүгдээрээ биш юм аа гэхэд хэсэг нөхөд нь тохироод цаасан дээр буулгачихмаар. Гэхдээ дээхэн эрүүл өвчтэй нь мэдэгдэхгүй хэсэг хүмүүсээр баахан юм бичүүлсэн шиг наргиа наадам, галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг юм биш, чухам тоолж болдог, хэмжиж болдог зүйл заалтуудтай, хүрч болох зорилготой баримт байвал зохилтой. Үлгэрлэвээс нэг хүнд ногдох эмчийн тоо, багшийн тоо, цэцэрлэг сургуулийн багтаамж, эмнэлэг сургуулийн хол ойр байрласан, цалин пүнлүү, тэр цалингийн хоол хүнсэнд зарцуулагдах хувь хэмжээ, хадгаламжийн хэмжээ гэх мэт харьцуулж болдог, тус тусад нь авч үзвэл хүрч болдог үзүүлэлтүүдээ жагсаагаад чухам энэ хэмжүүрүүдийг хүрвэл ийм хөгжил, ийм ийм нь биелбээс тийм хөгжил гээд ялгаж салгаад тодорхойлох ёстой юм. Ийм юмгүй байж амтай болгон нь хөгжил ярьж, эх орондоо хэр их хайртайгаа өөрөө ч гайхаж яриад байгаа нь “Явъя, явъя” гэж хашхиралдаад, хаашаа явахаа огт ярихгүй байгаатай ижил юм. Хаашаа явахаа ярьж тохирвол хаагуур явах, яаж явах, хэдүүлээ явах, юугаар явах, цуглаж хүрэх үү, цувж очих уу гэх мэтчилэн бусад зүйлсийг нь ёстой нөхцөлд нь тааруулаад өөрчлөөд явж болох юм. Гэхдээхөгжил гэдэг зүйлийг зөвхөн тоо, мөнгөөр хэмжвэл гэр бүл, удам угсаа, үндэсний соёл, залгамж чанар гэх мэт нандин зүйлс алдагдах аюултай
г эрхбиш болгооно буй заа.
Монголын төрийн байгууллагууд дотор гаалийнхан нэгэн зүйл тодорхойлолтуудтай дэвтрээс татвар ногдуулах барааны хэв шинжээ олж татвар ногдуулдаг. Яаж хэрэглэх тухай заавар заалхай ч бий гэх. Гэхдээ тэнд марзан зүйлс их болдог. Жишээ нь,
жолоочийн үнэмлэх хэвлэдэг төхөөрөмжийн хорыг дамар дээр ороосон байдлаас нь болоод хэвлэх хор гэж ангилахгүй, дамар гэж ангилна гээд зүтгээд байдаг. Тэр дамар нь хаягддаг зүйл л дээ.Иштэй чихэр оруулж ирэхээр ишнээс нь татвар авна аа гээд зүтгээд байгаатай агаар нэг юм.
Тэр марзан шийдвэрээ дээр дооргүй хамгаалаад байдаг нь бүр сонин. Их л зөв зүйтэй юмыг аливаа муйхар төрийн албан хаагч нар мугуйдуулж баллаж чаддагийн тод жишээ.
Төр юу хийж болох тухай хууль хангалттай олон бий. Боловсролын сайд Л.Гантөмөрийн хийсэн судалгаанаас иш татвал өнөөдрийнхуулиудад төр өөрөө өөртөө хуулиар олгосон 3 000 гаруй эрх байхад 600 хүрэхгүй үүрэг хүлээсэн байдаг
. Тодорхойлолт ашиглаагүйн хар гайгаар өнөөдөр төрийн алба хаагч, дарга даамал, иргэдийн төлөөлөгч нь хуулиар хориглоогүй тул гээд элдэв шийдвэр гаргаж явна. Угтаа төр өөрөө өөрөөсөө иргэдээ хамгаалахын тулд хууль гаргаж, зөвхөн хуульд зааж зөвшөөрсөн үйл ажиллагаа явуулдаг нь дэлхий нийтэд баримталдаг ёс. Харин иргэд бол эсрэгээрээ, хуулиар хориглоогүй ямар ч үйлдэл хийх эрхтэй гэж ойлгож болно. Тодорхойлолт хэрэглэдэггүйн улмаас Сүхбаатрын талбай нэг өдөр Чингисийнх болж, тэр талбай дээр нэг хүн цуглаж, нэг хүн жагсаж, нижгээд цагдаа хуулийн мэдлэггүйгээ гайхуулж өнгөрлөө. Тодорхойлолт байхгүйн улмаас салаавч гэж нэрлэж заншсан дохио зангааг тэр талбай дээр гаргасны төлөө цагдаагийнхан байцаах ч биш айлгах ч биш сонин үйлдэл хийв. Заримдаа
тодорхойлчихсон зүйлсийг хүртэл баримталдаггүй тал бий, тод жишээ нь долларын ханш, инфляцийн хэмжээ. Монгол банкны үүрэг гээд хуулиар заачихсан байхад л засгийн газраас нэхээстэй.
Монгол банкны удирдлагад хариуцлага тооцох ёстой байтал толгойг нь илээд, үнсэх нь холгүй магтаж байна.
Дүгнэж хэлэхэд, тэмээнд тэмдэг тэвнэд учиг хэрэгтэй, төрийн албан хэрэглээний үгсийн сан бий болгож, үг бүрийг нь утга төгс төгөлдөр хэрэглэж хэвших нь бидний ам мэдэн ярьдаг “хөгжил дэвшил”-д нэмэртэй болов уу.
/Үндэстний тойм сэтгүүлийн 2013 оны 11 сарын 4-ний дугаарт хэвлэгдсэн./
Сэтгэгдэл бичих