Нийтлэл 03 сарын 17, 2015

Дээгүүр ярьж шийддэг засагтай доогуур дүнгэнэж амьдардаг бидний зовлон

Монголын төр, засаг их хэмжээний мөнгөтэй холбоотой, томчуулын эрх ашгийг хөндсөн асуудлыг шийдвэрлэхдээ “дээгүүр ярьж шийддэг”. Хамгийн аюултай нь дээгүүр ярьж шийдсэн тэр асуудал нь иргэдийн сайн сайхан амьдрал, Монгол улсын хөгжил дэвшилтэй салшгүй нягт холбоотой байдаг. Ийм төрлийн асуудалд хандаж хэлсэн иргэдийн үг томчуулын чихэнд зүгээр л нэг “дүнгэнэх” мэт сонстдог бололтой. Гашуун боловч үнэн гэвэл ингэж шийдсэн асуудлын үр дагаварт цөөнх хожиж, олонх хохирдог. Олонх гэдэг нь энэ нийтлэлийг уншиж буй та, таны гэр бүл, найз нөхөд юм шүү дээ. Доогуур дүнгэнэж байна гэж хандах томчуул асуудлыг дээгүүр ярьж шийдэж буй нь хуулийн дагуух дарангуйлал гэлтэй.

Яг одоо “дээгүүр ярьж шийдэж буй нэг асуудал бол Таван толгой”

Уг хэлэлцээр 1-р сарын 1-нд эхлэв. Хөрөнгийн захын шинжээчийн хувьд тун их олзуурхаж байлаа.

Дөрвөн жил хүлээсэн 1072 хувьцаа минь амилах нь. Үүнийг эзэмшиж буй 2.2 сая хүн хувьцаа, хөрөнгийн зах зээлийг өөрийн хүсэл эрмэлзлээр судлах нь, мөн чанарыг нь ойлгох нь, үр өгөөжийг нь хүртэх нь. Биржид олон улсын анхаарлыг татах брэнд бүтээгдэхүүн гарч ирэх нь. Зах зээл идэвхжих нь. Урт хугацаандаа чинээлэг дундаж анги нэмэгдэх эхлэл тавигдах нь...

гэх мэт бодлууд ар араасаа хөвөрч ирээдүйг сайхнаар төсөөлж байв. 

Хэлэлцэх, шийдвэрлэх асуудлын жагсаалт гарчээ.

Нэгдүгээрт, Чингис бондоос төмөр замд оруулсан 280 сая ам.долларыг хэрхэн гаргах вэ?

Хоёрдугаарт, Чалкогийн өрийг төлөхөд хэрхэн ажиллах вэ? гэх зэргээр жагсаалт хөврөв. Дотор харанхуйлж эхэллээ. Нөгөө 1072 маань хаана байна вэ? Хэлэлцэх асуудлын жагсаалтад алга. Бүр орхигдчихож. Юу болоод байна???!!! Ингээд асуудлыг “дээгүүр ярьж шийдэж” байгаа нь тодорхой болов.

 

Эрдэнэс Таван Толгой бол иргэн таны компани

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэссэжээр санал асуулга авлаа. “Оюу толгой болон бусад том төслүүдийг урагшлуулах уу? эсвэл ......”. Үнэхээр иргэдийнхээ эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг төр засаг мөн л юм бол “1072 ширхэг хувьцаа чинь үнэгүйдэх нь. Одоогийн хэлэлцээрийг хийх нь зөв үү? буруу юу?” гэж асуувал шударга ёсонд нийцнэ.Учир нь

одоогийн хэлэлцээр хэрэгжвэл таны эзэмшиж буй 1072 ширхэг хувьцаанд жилдээ хамгийн ихдээ 8,600 төгрөг ногдохоор байна. Энэ бол хамгийн өөдрөг тооцоо. 1 сая төгрөгийн үнэтэй шүү гээд өгч байсныг нь би тод санаж байна. Одоогийн хэлэлцээрийн нөхцөлийн дагуу иргэн та 1,000,000 төгрөгийн өгөөжийг таван толгойн ордоос хүртье гэвэл 116 жил хүлээх нь.(1,000,000төгрөг/8,600төгрөг). Энд ирээдүйн 8,600 төгрөгийн өнөөгийн үнэ цэнийг тооцоогүйг анхаарах хэрэгтэй. Хэрэв тооцвол 150, 200 жил хүлээх бололтой.

Иргэн танд өгсөн хувьцаа үнэ цэнэгүй болох нь ээ, ард түмэндээ өгсөн амлалт нь ор үндэсгүй мартагдаж байна уу даа!!!

Таван толгойн ордын хувь заяаг шийдэхэд иргэдийн төлөөлөл заавал оролцох ёстой. Учир нь Монголын 2.2 сая хүн ЭТТ ХК-ийн 20 хувийг эзэмшиж байна. Энэ бол иргэн бидний компани. Байрныхаа гадаа зогсоолд тавьсан машиныг тань хулгайлж байвал та яах вэ? Зүгээр хараад суух уу? Арга хэмжээ авах уу? Яг одоо таны 1072 ширхэг хувьцааг хулгайлж байна. Иргэн та машиндаа эзэн болдог шигээ хувьцаандаа эзний ёсоор хандах цаг иржээ.

Төр бол муу менежер

Таны машиныг хулгайлсан этгээд зугтаж явахдаа мөргөлдүүлж орхиж. Та хохирлоо төлүүлж авах уу? Ядарсан юм хөөрхий зүгээр зүгээр гээд орхих уу? Яг энэ процесс ЭТТ ХК-ийг төр удирдаж байх үед үүслээ.

Анх байгуулагдахдаа ямар ч өргүй бас алдагдалгүй байсан бол өдгөө 850 тэрбум төгрөгийн зээлтэй, 170 тэрбум төгрөгийн алдагдалтай болчихжээ. Үүнээс гадна ЭТТ ХК-ийн бүртгэлд нэг ч иргэний хувьцаа албан ёсоор бүртгэгдээгүй нь аудит хийх үед тодорхой болсон.

Шуудхан хэлэхэд, танд 1072 ширхэг хувьцаа өглөө гэж “аман амлалт” өгчихсөн атлаа “бүртгэж баталгаажуулан хууль ёсны эзэмшигч” болгоогүй байж. Иргэн та машиндаа эзэн болдог шигээ хувьцаандаа эзний ёсоор хандах цаг иржээ. Эс бөгөөс үгэн дээрээ засварын мөнгөө өгнө гэж амлачхаад баримтжуулж баталгаажуулахгүй бол үнэн хэрэгтээ мартагнуулж, зугтах гээд байна уу даа???

Хэт төвлөрөл аюултайн адил хэт тархалт бас л эрсдэлтэй

Иргэн бүрд 1072 ширхэг хувьцаа өгч, 2.2 сая хүнд тараасан нь “хэт өргөн хүрээнд тарааж, эзэнгүйдүүлэх башир арга” мэт хааяа нэг бодогдоно. Үүний оронд, бүх хувьцааг нь нэгтгэсэн сан байгуулан ард түмний итгэл даах хүнээр удирдуулж, түүний дор мэргэжлийн багийг ажиллуулах нь зүйтэй. Ингэж чадвал буцах хаягтай, буух эзэнтэй болох юм. Үр дүнд нь, ямартай ч одоогийнх шиг байж болох хамгийн муу замаар орохгүй. Иймд иргэдийн төлөөллөөс бүрдсэн баг байгуулах хэрэгтэй. Тэр баг нь хэлэлцээрийн багт багтах ёстой.

Бид санхүүгийн боловсролоо сайжруулахгүй бол...

Монголчууд бид санхүүгийн зах зээлийг банкны хадгаламжаар төлөөлүүлэн ойлгодог энэ хандлагаасаа аль болох түргэн салж, хөрөнгийн зах зээл, үнэт цаасыг ойлгодог болохыг цаг хугацаа бидэнд тулган шаардаж байна. Учир нь Монголын газарт нутагт буй 30 гаруй ордод үндэслэн гадаадын хөрөнгийн биржид хувьцаа гаргаж хөрөнгө оруулалт татсан компаниуд бий. Тэдний хувьцааны ханш Монголын баялгийг олборлож, борлуулан ашигтай ажиллахынхаа хэрээр нэмэгдэж байдаг. Харамсалтай нь Монголчууд бид хувьцааг нь авч чадахгүй байгаа учир орд газруудаас маань баялаг гадагшилсаар байгаа ч өгөөжийг шууд хүртэж чаддаггүй. Үр дүнд нь гадаадын хөрөнгө оруулагчид хамгийн их ашгийг нь хүртэж, харин жирийн Монгол иргэн таны түрийвч зузаарахгүй байгааг анзаарсан биз ээ. Тэгвэл хөрөнгийн зах зээлээ хөгжүүлж “түүгээр урсах мөнгийг үүгээр урсгаж чадвал” бид баялгийнхаа жинхэнэ эзэн сууж чадна.

Өнөөгийн байдлаар Оюу толгой ордын 66 хувийг эзэмшиж буй Turquoise Hill Resource компанийн хувьцаа Нью Йоркийн биржид арилжаалагдаж байна. Таван толгойн хэлэлцээрийн консорциумд багтсан Энержи Ресурс компанийн толгой компани болох Mongolian Mining Corporation-ний хувьцаа Хонг Конгийн биржид арилжаалагдаж байна.

Хэрэв

Оюу толгойн далд уурхайн санхүүжилт шийдэгдэж төсөл үргэлжлэхээр болбол Turquoise Hill Resource-ийн ханш богино хугацаанд 3 ам.доллараас 6 ам.долларт хүрч өсөх бүрэн үндэслэлтэй. Таван толгойн гэрээ зурагдвал  Mongolian Mining Corporation-ний ханш 0.3 ХКД-оос 1ХКД болж өсөх боломжтой.

Үүнийг нь ч саяхан болсон SouthGobiResource компанийн хувьцааны ханшийн өсөлт баталж харууллаа. Тус компани нь Өмнөговь аймагт байрлах Овоот-Толгойн нүүрсний ордыг эзэмшдэг. Компанийн нийт хувьцааны 20 гаруй хувийг Хятадын Novel Sunrise Investment компани худалдан авч, гүйцэтгэх удирдлагад нь өөрийн талын туршлагатай хүнийг томилжээ. Хувьцааны ханш нь дөрөв хоногийн дотор 4ХКД-оос 8ХКД болж 100 хувиар өсөв. 

Энэ бүхнээс иргэд бид хэрхэн өгөөжийг нь хүртэх ёстой вэ? Зэсийн баяжмалаа экспортолж, түүнээс олсон орлогоор цалинжиж уу? Болох л юм. Гэвч Монголчуудын хэдэн хувь нь Оюу толгойд ажилладаг вэ? Нүүрсний экспортоос авсан татварын мөнгөөрөө иргэн бидэнд мөнгө тарааж уу? Хичнээхэн мөнгө ногдох юм бэ?

Хамгийн үр дүнтэй, хамгийн боломжит шийдэл бол хувьцааг нь авах. Гэвч яаж? хаанаас авах вэ? хэнд хандах вэ? Та хариултыг нь мэдэж байвал сайн байна. Харин мэдэхгүй байгаа хэдэн зуун мянган хүн бий. Цаг хугацаа зогсолтгүй урагшилж, алт, зэс, нүүрсийг тасралтгүй олборлож борлуулсаар, нөөц баялаг дундарсаар. Эцэст нь шавхагдана. Цаг хугацаа биднийг хүлээхгүй. Энэ чигээрээ үлдвэл эцэс сүүлд нь хоосон хоцорно.

Ийм л учраас хөрөнгийн зах зээл, хувьцааг сонирхдог, уншдаг, мэддэг, ойлгодог байх нь иргэн та баялгийнхаа жинхэнэ эзэн байж, түүнээсээ үр шимийг нь хүртэж чадах эсэхтэй шууд холбоотой. Таны чинээлэг амьдрах эсэх хөрөнгийн зах зээлийг хэр зэрэг ойлгодогтой хүчтэй хамааралтай болсон цаг үед амьдарч байгаагаа аль болох түргэн ухамсарлая.

 

Доогуур дүнгэнэж амьдардаг бидний зовлон

Ийм л учраас хөрөнгийн захаа хөгжүүлье. Хөгжүүлэхийн тулд эхлээд хэрхэн 1072-оо амилуулъя. Харамсалтай нь дээгүүр ярьж шийддэг томчуулын чихэнд доогуур дүнгэнэх иргэдийн эрх ашиг тийм ч чухал бус бололтой. Иргэн таны төлөө ийм сайхан зүйл хийж, тийм сайхан амьдрах орчныг нь бүрдүүлнэ гэж тэд амладаг. Бид ч түүнийгээ хий гэж сонгодог. Харамсалтай нь дээгүүр ярьж, шийддэг. Доогуур дүнгэнээд хоцордог. Үнэндээ, бид эзэд, тэд үйлчлэгчид шүү дээ.

Сэтгэгдэл бичих

arrow icon