Нийтлэл 03 сарын 18, 2015

Цаг үе прогрессив баатруудаа нэхэж байна


          Монгол улс эдийн засаг хямралаас гадна,  улс төр , тогтолцооны хямралд нэрвэгдэн, нийгэм бухимдуу, хүлээлтийн байдалд шилжиж улмаар энэ байдал нь удаан хугацаагаар үргэлжилбэл тогтворгүй байдал үүсэхэд бэлэн болжээ. Адал явдалт киноны оргил хэсэг шиг гэнэт аз эз тохиож гайхамшиг учран сүпэрмэн гарч ирээд киног  аз жаргалтайгаар төгсгөх үү, эсвэл бүх гол баатар нь үхээд дуусдаг гунигтай тайлал байх уу гэдгийг одоо л шийдэх цаг . Харин тэр сүпэрмэн нь хэн бэ? Хийнэ, хийнэ гээд хэлээ залгичихдаг улс төрчид үү? Чадна чадна гээд шалдаа буудаг элдэв холбоо, эвслийнхэн үү? Тэдэнд найдаж, итгэж болох уу. Буруу гишгэвэл магад иргэний дайнд хөтөлчих гээд байгаа энэ эрсдэл ихтэй энэ үе өөрөө сүпэрмэн-ийг төрүүлж, улс төр, нийгэмд шинэчлэл хийхийг шаардаж эхэллээ. Амладаг хэд нь амлаад, жагсдаг хэд нь жагсаад, өлсдөг хэд нь өлсөөд “сүпэрмэн” болж чадахгүй нь ойлгомжтой боллоо. Улс төрийн мухардмал байдалд орсон үед үндэстний зөвшилцлөөс өгсүүлээд хувьсгал, шинэчлэл гэх мэт олон гарц байхаас гадна ухамсартайгаар засаглалын эрхийг тодорхой бүлэгт шилжүүлдэг арга ч байдаг. Уг нь одоогийн Засгийн газрыг бараг ийм захиалгад нийцсэн засаг гарах байх гэсэн хүлээлт талаар болсон үед өөр бусад улсад огцом шинэчлэлийг хэн яаж хийсэн туршлагыг эргэж харах хэрэгтэй санагдана.

Дэлхийн олон оронд улсаа тэр чигт нь өөрчилж чадсан, шинэчлэлийн үе гэж байдаг. Жишээ болон үргэлж дурдагддаг АНУ-ын түүхийн нэг хэсгийг сөхөж  үзье.

 Иргэний дайны дараах 1900-1912 оны үеийг АНУ-ын түүхнээ Прогрессив үе буюу дэвшилтэт эрин үе хэмээн нэрлэгддэг. Энэ үед прогрессив үзэлтнүүд улс төр болон нийгмийг шинэчлэх томоохон алхмуудыг хийн, зорилгодоо амжилттай хүрч чадсан юм. Тухайн үед АНУ-д үйлдвэржилт, хотжилтоос шалтгаалсан олон олон асуудлууд үүсээд байлаа. Прогрессив үзэлтнүүд, нийгмийн дунд давхаргынхны хийсэн уг шинэчлэлт хөдөлгөөн ард иргэдийн халамжийн асуудал болоод засгийн газрын үйл ажиллагаанд маш том өөрчлөлтийг хийж чадсан. 1912 онд дэвшилтэт үзлийнхэн өөрсдийн гэсэн улс төрийн намыг байгуулсан ч тэдний үйл хэрэг Ардчилсан үзлийнхэн, Бүгд найрамдахчуудын аль алинаар нь дэмжигдэж байлаа. Энэ нь нийгэмд шинэчлэл хэрэгтэй байсныг тод харуулж байв. Түүнчлэн шинэчлэл хийх шаардлагатай байгааг сэтгүүлчид, зохиолчид нийгэмд ил тод зарлаж, нийгмийг тэр чигт нь уриалж чадаж байлаа.

Жишээ нь хотын авилгалын сэдвийг хөндсөн Линколн Стеффенсийн “Хотын ичгүүр” (1904) болон Жон Д.Рокефеллерийн бохир бизнесийн тухай бичсэн Ида Тарбеллын Standard Oil компанийн түүх гэх мэт үнэн нүүр царайг нь илчилсэн нийтлэлүүд тухайн үеийн шинэлэг сэтгүүлүүд McClure’s болон Cosmopolitan- ий эхний нүүрнээ тогтмол гарах болов. Булхайг илчлэгч сэтгүүлч, зохиолчдийн нөлөө уг шинэчлэлийн хөдөлгөөнд чухал үүрэг гүйцэтгэж, зорилгоо ч амжилттай биелүүлсэн.

 Засгийн газрыг илүү хариуцлагатай болгосон

Прогрессив хөдөлгөөн улс төрийн үйл явцад олон нийтийг шууд оролцох боломжоор хангах, том хотуудын удирдагчдын хүчийг хязгаарлах гэсэн хоёр томоохон зорилгыг урдаа тавьсан байв. Харин-Анхан шатны, урьдчилсан сонгуульд нэр дэвших боломжийг намын бүх гишүүдэд олгож, нэр дэвшигчийг сонгоход нөлөөлж болох улс төрийн аппаратын нөлөөг хязгаарлах-Улсын хууль тогтоох байгууллагын хийхгүй эсвэл хүсэхгүй байгаа хуулийг батлахад олон нийтийг оролцох эрхтэй болгож, санал өгөх, олон нийтийн санал асуулга ажиллагааг зохион байгуулах- Санал хураалтаар эсвэл өргөдлөөр эрх мэдэлтнийг албан тушаалаас нь буулгах эрхийг олон нийтэд олгох зэрэг улс төрийн замаар зорилгоо биелүүлж байв.

Тэд “Арван долдугаар нэмэлт өөрчлөлт”-ийг хуулинд оруулж чадсанаар сенаторуудын сонгуульд иргэд шууд оролцох боломжтой болсон. Ингэснээр засгийн газрын хариуцлага нэмэгдэж, хууль тогтоох байгууллага ард иргэдийн амьдралд илүү их санаа тавих болов. Мэриландад 1902 оноос ажлын байран дээр нас барсан юм уу, тахир дутуу болсон ажилчид эсвэл түүний ар гэрийнхэнд төлбөр өгөх болжээ. 1916 онд “Ажилчдад нөхөн төлбөр олгох тухай хууль” батлагдаж, тэдний эрхийг хамгаалах хуулийн хамгаалалттай болсон байна. Ийнхүү Прогрессив үзэлтнүүдийн хөдөлгөөн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, засгийн газрын бүтцийг өөрчлөх томоохон арга болж байв.

 Хориг 

1893 онд архины эсрэг холбоо байгуулагдах хүртэл архи, согтууруулах ундааны эсрэг кампанит ажил ахиц муутай байлаа. Тус холбоо архи уухаа боль гэж хувь хүнд хандахаас илүү архины хоригийн үр өгөөжид анхаарч ажилласан юм. Энэ нь тэдний том давуу тал болсон. Түүнчлэн гол стратеги нь энгийн иргэдрүү хандахаас илүү улс төрд хандаж ажилласан. Сонгуульд оролцож буй нэр дэвшигчдээс зөвхөн “хуурай” нэгнийг сонгож байсан нь таамагласнаас илүү үр дүн авчрав.Ийнхүү 1917 оноос улсын гуравны хоёр нь архи худалдаалах болон үйлдвэрлэхийг хориглох болсон байна.

 Хүүхдийн хөдөлмөр ба эмэгтэйчүүдийн эрх

Хүүхдийн хөдөлмөрийн үндэсний хорооноос хүүхдийн хөдөлмөрийг мөлжихийн эсрэг жагсаал зохион байгуулсан. Гол зэвсэг нь гэрэл зураг байв. Льюис Хайен аюултай зэвсэг барьсан балчир хүүхдүүд уурхай, үйлдвэрт ажиллаж буй зургуудыг авч үзүүлжээ. Ингэснээр 1910 онд хүүхдийн хөдөлмөр эрхлэх боломжтой насны доод хязгаарыг тогтоосон. Хамгийн багадаа 12-16 настай хүүхэд ажил хөдөлмөр эрхлэхээр хуульчлагджээ. Мөн прогрессив үзэлтнүүд эмэгтэйчүүдийн ажил хөдөлмөрийг багасгахыг зорьж байлаа. Тэд үйлдвэрт ажиллах хугацаанд эмэгтэйчүүдийн эрүүл мэнд хэрхэн муудаж буйг нотолж чадсанаар дээд шүүхээс эмэгтэй ажилчдыг 10-с доош цаг ажиллах эрхтэй болгожээ. Тэд эмэгтэйчүүд эрчүүдээс илүү сул дорой учир ажиллах цаг нь багассан ч тэгш эрхтэй байх ёстой хэмээн шаардаж байлаа. Ийнхүү 1890 оноос зарим мужуудад эмэгтэйчүүдэд сонгох эрх олгож эхэлсэн ба 18-р нэмэлт өөрчлөлтөөр бүх эмэгтэйчүүд сонгох эрхтэй болсон байна.

Дээрх өөрчлөлтүүд өнөөгийн АНУ төрхийг бүрдүүлэхэд магадгүй Үндсэн хуулиасаа ч их нөлөө үзүүлсэн байж мэднэ. Тухайн цаг үе шаардсан ч бай, прогрессив үзэлтнүүд санаачлагаараа тэмцсэн ч бай , тэд зорилгоо биелүүлж чадсан. Монголын прогрессив үзэлтнүүд хаана юу хийж сууна вэ? Улс төр, нийгмийн шинэчлэл хэрэгтэй байгааг хүн бүхэн хүлээн зөвшөөрч байгаа өнөө цаг үеийн  “баатар” нь хэн бэ?

 

Сэтгэгдэл бичих

arrow icon