Төр дэмжинэ гэнэ. Энэ удаад төрийн албан хаагчдыг орон сууцтай болгож, гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэгч компаниудын борлуулалтын нэмэгдүүлж.
Нэг талаас шинэ орон сууцны борлуулалт эрс буурсантай холбогдуулан гэр хорооллын дахин төлөвлөлт төслийн хэрэгжүүлэгч компаниуд борлуулалтын асуудалд нийслэлээс тодорхой дэмжлэг хүсчээ. Нөгөөтэйгүүр төрийн албан хаагчид орон сууцны зээлд хамрагдах хүсэлтэй ч, урьдчилгаа мөнгөө төлөх чадваргүй байдаг нь энэ хүсэлтийг дэмжих шалтгаан болсон хэмээн Баатар дарга мэдэгджээ. Энэ нь ч үнэний хувьтай. Иймээс асуудалд Нийслэл ханцуй шамлан гар бие оролцохоор шийдсэн нь гарцаагүй. Ингээд л төрийн албыг 3-аас дээш жил хашсан ажилчин, албан хаагчдад орон сууц зэлээр худалдан авахад нь урьдчилгаа төлбөрийн 50 хүртэлх хувийг “Улаанбаатар-Орон сууц”-ны сангаас дэмжихээр НИТХ-аар шийдвэрлэлээ. Харин энэ шийдвэр олон арван асуулт, талархал, бас бухимдлыг араасаа дагуулж байна.
Асуулт 1: Гэр хорооллын дахин төлөвлөлтийн барилгууд бэлэн болсон уу?
Гэр хорооллын дахин төлөвлөлт төслийн хүрээний эхний барилга болох “Бэг Бүрд” ХХК-ийн 168 айлын орон сууц өнгөрөгч аравдугаар сард л ашиглалтад орсон. Тиймээс ч иргэдийн дунд баригдаагүй барилгыг худалдан авах хөрөнгийг баталчихав уу гэх сэжиг төрж буй. Харин энэ талаар Гэр хорооллын хөгжлийн газрын хэвлэлийн төлөөлөгч “Одоогоор “Бэг бүрд” компанийн 168 айл болон “Бэрэн констракшн”-ы 2000 айлын орон сууц (Сүхбаатар дүүргийн 11-р хороонд) ашиглалтад ороод байгаа. Ирэх сард “Баганат Өргөө” компанийн 140 айлын орон сууц ашиглалтад орох юм. Түүнчлэн энэ жилдээ багтаж “Моннис”, “Гангар”, “Бэрэн”, “Асар өргөө” компаниудын нийт 2000-аад айлын орон сууц ашиглалтад орно” хэмээн мэдээлсэн.
Асуулт 2: Намсрай бурхан мэт “Улаанбаатар-Орон сууц” сан гэж юу вэ?
“Улаанбаатар-Орон сууц” сангийн Намсрай бурхан чухам хэн бол? 2013 онд батлагдсан “Улаанбаатар-Орон сууц” сангийн журмаас харвал тус сангийн хөрөнгийг хаанаас эхтэйг мэдэх боломжтой. Үүнд:
- Улсын төсөв болон Засгийн газраас хэрэгжүүлж буй орон сууцны хөтөлбөрт зориулсан эх үүсвэрүүд,
- Нийслэлийн төсвөөс хуваарилсан орлого,
- Нийслэлийн өмчит газрын дуудлага худалдаанаас олсон орлого,
- Бондын санхүүжилтийн орлогоос эргэн төлөгдөх нөхцөлтэй төвлөрүүлэх орлого,
- Орон сууцны зээлийн үйл ажиллагаанаас олсон орлого,
- Орон сууцны түрээсийн орлого,
- Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2008 оны 30 дугаар тогтоолын
- дагуу Нийслэлийн орон сууцны фондод төвлөрөх орлого, орон сууц,
- Гадаад улс, олон улсын байгууллага, түүнчлэн гадаад, дотоодын аж ахуйн
- нэгж, байгууллага, иргэнээс өгсөн буцалтгүй тусламж, дэмжлэг хандив,
- Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын үйл ажиллагааны ашгаас хувь тооцон
- орон сууцны санд төвлөрүүлэх,
- Нийслэлийн өмчит газрын дуудлага худалдаанаас төсөвт орох орлогын хувь гэх 9 эх үүсвэртэй байхаар заасан байна.
“Улаанбаатар-Орон сууц”-ны сангийн халаас руу хяламхийхийн учир нь татвар төлөгчдийн мөнгийг тараагаад дуусгах вий гэсэн хардалт
. Энэ таамаг хийсвэр хардлага биш гэдгийг “Улсын төсөв болон Засгийн газраас хэрэгжүүлж буй орон сууцны хөтөлбөрт зориулсан эх үүсвэр” гэх журмын 3.1.1 дүгээр зүйл заалт батална.
Талархал:
Төрийн албан хаагчдын 37 хувь нь байр түрээслэн, харин үлдсэн 63 хувь нь гэр хороололд амьдардаг гэх судалгаа бий. Тиймдээ ч 2014 онд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд 14 000 төрийн албан хаагчдын дунд явуулсан судалгаагаар тэдний 95 хувьд орон сууц шаардлагатай хэдий ч ердөө 4 хувь нь зээлийн урьдчилгааны 30 хувийг төлөх боломжтой гэжээ.
Баатар даргын өгүүлж буйгаар бага ангийн багш нарын 80 гаруй хувь нь цалингийн зээлтэйн улмаас ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй ч урьдчилгаа төлбөр төлөх боломжгүй аж. Боловсролын газраас 11 000 гаруй багш, ажилчдын дунд судалгаа явуулахад 96 хувь нь орон сууц худалдан авах шаардлагатай хэмээжээ. Түүгээр барахгүй дахин төлөвлөлтийн орон сууцнаас худалдан авах хүсэлтэй багш, ажилчдын 31 хувь нь урьдчилгаагаа төлөх бололцоогүй, 57 хувь нь урьдчилгааны 10 хувийг л төлж чадна хэмээн хариулсан байна. Иймдээ ч цалингийнхаа дийлэнхийг зээлд төлчихдөг эмч, багш, хүчний байгууллагынхан гээд орон сууц худалдан авах хүсэлтэй урьдчилгаа төлбөр хэмээх бул чулуунд бүдэрсэн төрийн албан хаагчдын хувьд энэ нь талархууштай шийдвэр яах аргагүй мөн.
Бухимдал 1: Төр барилгачдыг алаг үзсэн үү?
Энэ шийдвэрт эмзэглэсэн бас нэг бүлэг нь барилгын салбарынхан. Эдийн засгийн хямралтай, борлуулалт бага байгаа өнөөгийн нөхцөлд хэн хүнгүй л тусламж дэмжлэг хүсч буй нь мэдээж. Харин эл дэмжлэг “Гэр хорооллын дахин төлөвлөлт төсөл”-ийн хэрэгжүүлэгч компаниуд руу чиглэсэн нь тэднийг хатгаад авлаа.
Гэсэн ч үүнд хэлэх хариулт Э.Бат-Үүл даргад бий. Тэрбээр “Гэр хорооллыг орон сууцжуулснаар агаар, хөрс, усны бохирдол, нийслэлийн иргэдийн эрүүл аюулгүй байдал алдагдаж буй асуудлыг бүхэлд нь шийднэ. Бид гэр хорооллын төсөл хэрэгжүүлэгч компаниудад дэмжлэг үзүүлэхгүй бол дахин төлөвлөлтийн компаниуд сул чөлөөтэй байгаа шинэ суурьшлын бүсэд хөрөнгө оруулах сонирхолтой байна. Энэ нь бидний өмнө тулгамдаад буй асуудлыг цогцоор нь шийдвэрлэхгүй тул дахин төлөвлөлтийн компаниудыг дэмжих нь чухал юм” хэмээн барилгачдад хариу өгч байгаа.
Бухимдал 2: Орон сууцны үнийн хөөсөнд төр дахин хувь нэмрээ оруулна
Тэнхлэг зууч, Актив зууч, Монголиан Пропертис компаниудын консорциум хамтран Монгол банкны захиалгаар хийсэн “Орон сууцны үнийн индекс”-ийн судалгаагаар 2014 оны хоёрдугаар хагаст орон сууцны үнэ дөрвөн сар дараалан буурсан гэсэн тооцоог гаргасан. Барилгын үнийн “хөөс” одоо л нэг хагарч байна гэсэн таамгийг эл судалгаа батална.
2013 онд батлагдсан орон сууц худалдан авах хүсэлтэй иргэдэд жилийн найман (нэмэх, хасах) хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай зээл олгох журам хөтөлбөрт хамрагдсан иргэдээс бусдад дарамт болсон гэхэд хилсдэхгүй. Орон сууцны хөтөлбөрүүдийг дэмжих төслүүд барилгын үнийн хөөрөгдлийг бий болгодог гэх таамаг тогтворжиж байсан орон сууцны үнэ 2013 онд буюу найман хувийн зээл батлагдсаны дараа 26 хувиар нэмэгдсэнээр нотлогдсон.
Орон сууц үйлдвэрлэгчид болоод худалдан авагчдын арилжаанд сайн дураараа оролцдог төрийн төсөл хөтөлбөрүүд улсын өр төлбөрийн балансыг улам муутгах хэрнээ орон сууцны үнийн хөөсрөлийг хөөргөдөж ирсэн атал дахин ийм хөтөлбөр нийслэлээс батлагдлаа. Өлссөн хүн харахаараа өрөвдөж хоол авч өгөөд л, өнөө хоолны үнэ нь нэмэгдээд, нэмэгдсэн үнээр нь дахиж хооллоод л... Хоолны гуанз амтшиж улам үнээ нэмж, хийх хоолныхоо хэмжээг нэмээд, илүүдлийг нөгөө буянтанд шахах гээд байх. Гуанз нь хийж чадах хоолоо хийж, өлссөн нь өөрийн хөдөлмөр, хөлсөөр хоолоо авч идэж, зах зээлийн үнэ бүтээгдэхүүний чанар худалдан авах чадавхиас хамаарч тогтдог байх заяа алга
, энэ оронд.
Сэтгэгдэл бичих