За, уран бүтээлч нөхдөө баахан хатгаж, өдөөд орхие..
1987 онд ЗХУ-ын хоёр удаагийн, ЗОУ-ын гурван удаагийн төрийн шагналт, ЗХУ-ын хөдөлмөрийн баатар зохиолч В.Астафьевийн “Гунигт явдал” роман хэвлэгдэн гарч, социалист систем даяараа шуугиж билээ. Соц системийн нэгэн бүрэлдхүүн хэсэг байсныхаа хувьд Монголчууд ч энэхүү зохиолыг яаравчлан орчуулж, /орчуулагч нь зохиолч, сэтгүүлч, орчуулагч Р.Ганбат/, тухайн үеийн сэхээтнүүд энэхүү номын талаар энд тэнд хэсэг бүлгээрээ хэлэлцэн мэтгэлцэж, мухардалд орсон соц системийн мөн чанарын тухай, гарах гарцын тухай эргэцүүлэн шүүж байлаа. Энэ завсар монголын зохиолчид ч зүгээр байсангүй, тухайлбал С.Жаргалсайхан, Ц.Балдорж, С.Доржготов нарын зарим бүтээлд соц системийн дотоод зөрчлийн мөн чанарыг нээн үзүүлэх гэсэн оролдлогууд гарч ирж, “Цог” сэтгүүл болон бусад хэвлэлээр өргөн хэлэлцүүлэг ч өрнөж байв.
Үүнээс өмнөхөн ЗХУ-н хөдөлмөрийн баатар, ЗОУ-ын төрийн шагналт зохиолч Валентин Распутины “Түймэр” тууж монгол хэлээр орчуулагдчихсан байв (Орчуулагч нь олон улсын тоймч, орчуулагч Ц.Даваажав). Чухам энэ багавтархан тууж л Горбачевийн эхлүүлсэн “Өөрчлөн байгуулалт-шинэ сэтгэлгээ” зайлшгүй хэрэгтэй болохыг олон түмний сэтгэл зүрхэнд гарцаагүй шивнэн өгүүлж, соц системийн доторх яагаад ч аргалшгүй болсон зөрчлийг нээн үзүүлсэн байна. Хүний натур чанарт өөрчлөлт дэвшил гараагүй тохиолдолд оюун санааны эзэнт гүрнийг цогцлоон босгох боломжгүй, ямар нэгэн “Түймэр” гарахад л соц системийн доторх хүмүүсийг хооронд нь холбож байсан “соц хайр сэтгэл”-ийн хэлхээ холбоос ямар сул хэврэг, хиймэл хоосон, ёс зүйн үүрэг хариуцлага нь ямар ч үнэ хүндгүй болох нь харагдаж, тас тас үсрэн унаж байгааг харуулсан. Үнэхээр ч тийм байсныг дараахан нь өрнөсөн түүхэн үйл явц, соц системийн задрал бүрнээ нотлон харуулсан “ГУНИГТ ЯВДАЛ” болсон билээ. Чухам “Түймэр”, “Гунигт явдал” хэмээх энэ хоёр багавтар тууж Соц системийн мухардлын үнэн дүр төрх, мөн чанарыг таниулж, ард түмний нүдийг нээж өгсөн нь өөрчлөн байгуулалтын дотоод нэгэн чухлаас чухал хөдөлгөгч хөдөлгүүр болсон ба харин гадаад хүчин зүйл нь огт өөр утга агуулга, зорилготой байсан юм. Энэ нь өнөөдрийн манай сэдэв биш тул түр орхие.
Уран зохиол гэгч нийгмийн оюун санаанд ямархан их үүрэгтэй болохын ойрмогхон бөгөөд бидний амьдралтай хамгийн хамаатай, үр дүнг нь бодитойгоор мэдэрсэн жишээ энэ.
Жаахан өмнөх үеийн нэгэн тод жишээ авая. 1850 онд АНУ-ын конгресс “Оргодол боолын тухай хууль”-ийг батлан гаргажээ. Энэ хуулиар эзнээсээ оргосон боолыг хатуу чанга шийтгэнэ. Тухайн үед боолчлолын нөхцөл байдал хүнд байсан өмнөд мужуудаас боолууд олноороо оргон, умардын аж үйлдвэржиж эхэлсэн хотууд руу амьдрал хайн дүрвэдэг байжээ. Тэдний эсрэг гаргасан хууль. Оргодол боолыг ангуучилдаг буутай, үнэрч нохойтой ангуучдын хүчирхэг баг ихэд моодонд орж байсан гэдэг. Тэд хөөрхий оргосон боолыг бууны сүмбээр нохой шиг занчиж, төмөр гав зүүж, гахайтай хамт хонуулах нь ердийн үзэгдэл байж. Алчихад их сайндаа эзэнд нь таван доллар төлнө. Тухайн үед АНУ-д хар боолын зах зээл ид байсан үе. Энэ байдалд сэтгэл шимширсэн нэгэн эх боолын энэхүү хүнд хэцүү, гашуун хувь тавилангийн тухай зохиол бичжээ. “Том авгын овоохой” гэх энэхүү зохиолыг манай ахмад орчуулагчид аль 50-иад оны үед эх хэлээрээ орчуулан гаргасан санагдана. 1851 оны эхээр тогтмол хэвлэлүүдэд цувралаар гарсан энэ зохиол жилийн дараа бие даасан ном болон хэвлэгдэж, хоромхон зуурт эхлээд 5000, дараа нь бүр 300 000 ширхэгээр зарагджээ. Тэр үеийн Америкт 300 000 ширхэг ном гэдэг асар том тоо. Ном дахиад, бас дахиад хэвлэгдэв. Түүнээс ч хачирхалтай зүйл болсон нь Боолчлолыг эсэргүүцсэн умард, дэмжсэн өмнөд хоёр талд Америк орон хуваагдаж, улмаар иргэний дайны гал дүрэлзэн асчээ. 1862 оны 11 сарын 25-нд Ерөнхийлөгч Абрахам Линкольн Цагаан ордонд Бичер Стоу-г хүлээн авч уулзахдаа
Энэ аугаа их дайны галыг асаасан гайхамшигтай номыг зохиогч тэр бяцхан эмэгтэй та мөн гэж үү?
хэмээн дуу алдаж байсан гэдэг.
Ер нь хүн төрөлхтний түүхэнд уран зохиолын хүчирхэг нөлөөтэй эгнүүлж харьцуулах салбар гэж үгүй
юм. Бүүр эрт цагт Эртний Грект хүчирхэг төр улс үүсэж, Афины ардчилал мандаж, Спартууд эр зоригоо гайхуулж байв. Гэвч Хомергүйгээр, түүний “Илиада, Одессиа”-гүйгээр ийм зүйл болох боломжгүй байсан. Яагаад гэвэл Афинчууд бүгд найрамдах улсын үзэл санаагаа Хомероос авч, Спартчууд эр зоригоо Хомероор тэжээлгэж байв. 1762 онд шил дараалан хэвлэгдсэн Ж.Ж.Руссогийн “Эмили” роман, “Нийгмийн гэрээ” хоёр нь Францын аугаа их хувьсгалын угтал, оюун санааны хөрс суурийг бүрдүүлж өгсөн гэж үздэг. Энэтхэгийн үндэсний сэргэн мандал, тусгаар тогтнолын удирдагч, оюун санааны эцэг Махатма Ганди өөрийн цөхрөшгүй, шантрашгүй, эвлэрэшгүй боловч энэрэнгүй их тэмцэл, оюун сэтгэлгээнийхээ эх ундаргыг “Рамаяана”-гаас авч байсан ба тэнгэрийн орноо одохынхоо өмнө уруул хөдөлгөн шивнэсэн сүүлчийн үг нь РААМА байсан гэдэг. Өөрөөр хэлбэл Энэтхэгийн хүч хэрэглээгүй үндэсний их хувьсгалын үзэл санааны эх сурвалж нь бидний хэлж заншсанаар “Раамын үлгэрийн цоморлог” байж.
Дундад эриний балар харанхуйн хөшгийг Дон Кихотын урт чөргөр гар сөхөж, Шекспир тайзан дээр тэр хөшгийг бүрэн дэлгэн хаяж, Бальзакаас Европ дахин эдийн засгийн системийн язгуур шинжээ олж харан, Шиллер, Гөте, Гэгель, Маркс нар бодомж болгон боловсруулж, тэгээд оюун санааны энэхүү баялаг хөрс суурин дээр хөгшин Европ хүчирхэгжин өндийж байв. Тэр үеийн Барууны ертөнцийн мундагчуул болох Бальзак, Флобер, Стандель, Мопассан, Драйзер... Тэд уран бүтээлдээ, романууддаа амьдарч асан нийгмээ бүхий л талаас нь задлан шинжилж, дүгнэн цэгнэж, тэгээд эрс хатуу эсэргүүцэн шүүмжлэгчид байв.
Яагаад гэвэл нийгмийн аливаа хөгжил дэвшлийн суурь нь оюун санаа байдаг, чухам оюун санаанд ямар нэгэн юм өрнөж, бужигнаж, эрж хайж, танин мэдэж байж л дараа нь нийгмийн дэвшил бий болдог
нь түүхэн зүй тогтол. Тэр оюун санааны эрч хүч, тэжээл гэрэл гэгээ, унал сэхэлийн нэгэн ундарга нь урлаг, уран зохиол болж ирсэн нь ч мөн л зүй тогтол. Уран зохиол бол нийгмээсээ шууд болон шууд бус хамааралтай цэвэр нийгмийн үзэгдэл, хичнээн цэвэр субьектив бүтээл туурвилаа ч тэр туурвигч нь өөрөө тухайн цаг үеийнхээ, нийгмийнхээ бүтээгдхүүн л байдаг гарцаагүй хууль бий. Марианы хонхорт төрж, Саран дээр өсөж, Ангараг гариг дээр л боловсрол эзэмшээгүй тохиолдолд шүү дээ. Ямар ч эрхэм дээдцэвэр уран зохиолч нийгэм, цаг үеийнхээ золиос нь, бүтээл нь, урлаг нь, нулимс нь, бас дуу хоолой, цуурай нь
л байна. Тиймээс ч ухаарч сэхээрсэн хүчирхэг төртэй улс үндэстнүүд уран зохиолын соён гэгээрүүлэх, сэхээрүүлэх үүргийг онцгойлон анхаарч, бүхий л боломжоороо ашиглахыг хичээдэг.
Энэ хүчирхэг нөлөөг өөрийн үзэл суртлын, оюун санааны мөрөөдлийн их улс байгуулах үйлстээ хэрхэн ашиглахаа В.И.Ленин тов тодорхой харж байсан байдаг. Тэрбээр 1914 онд бичсэн “Намын байгууллага ба Намч утга зохиол” бүтээлдээ нийгмийг машин механизм гэж үзэх юм бол утга зохиол бол тэр механизмын эрэг шураг нь гэж тодорхойлж байв. Тэр утга зохиолыг өөрийн эзэнт улсынхаа эрэг шураг, боолт болгож чадсан. Мөн Их Толстойг “Оросын хувьсгалын нэвтэрхий толь” хэмээн нэрлэж байлаа. Үнэхээр ч Их Толстойн бүтээлүүдэд тэр цагийн Орос орны нүүр царай, мөн чанар нь мөхөл сэхэл, итгэл мөрөөдөлтэйгээ тодоос тод тольдогдон байсан. Энэ бүхэн утга, уран зохиолын нийгмийн үр нөлөө, ач холбогдол ямар хүчтэйг харуулна. 1990 оноос өмнөхөн утга зохиол чухам хүйтэн дайны нэгэн гол зэвсэг нь болж байв. Соц систем нь системээ хамгаалж үлдэхийн тулд чардайтлаа тэмцэж, утга зохиолын намч, ангич, ардач чанарт байдгаараа анхаарч байхад нөгөө талаас нь энэ системийг сөхрүүлж авах гэсэн хүчин ч улайран, энэ улайралдаа утга зохиолыг ч өргөн ашиглаж байв. Нэгхэн жишээ нь ур чадвар, мэргэжлийн түвшний хувьд овойж оцойх зүйлгүй, ядмагхан А.Солженыцины “Гулаг олтриг”-т Нобелийн шагнал хүртэл өгч байв. Соц нийгмийн гүнд буй муу муухай бүхнийг өсгөн мандуулж, гайхан шагшруулж, жигшүүлж байлаа. Үр дүн нь ч гарсан. Чухам утга, уран зохиол гэгч зөв үйлд, зөв хэрэглэх аваас тунчиг сайхан үйлийг бүтээнэ. Харин буруу үйлд, буруу гарт, буруу хэрэглэх аваас ямар ч балаг балчиг тарьж мэдэх тийм л хүчирхэг зэвсэг.
Харин 1990 оноос хойш нэг хачирхалтай, согогтой үзэл манай уран зохиолын ертөнцөд түгээмэл дэлгэрсэн нь нийгмийн шинж чанараас ангид “цэвэр уран зохиол”-ын тухай үзэл. Уран зохиолд нийгмийн шинэ чанар гэж байх ёсгүй, зохиолч, уран бүтээлч хүн нийгмийн өмнө, хэлний өмнө, ард түмний өмнө ямар нэгэн хариуцлага хүлээх ёсонгүй гэсэн үзэл. Үзэл ч гэж, төөрөгдөл, туйлшрал юм. 25 жилийн өмнө урлаг, утга зохиолд байсан намч, ангич, ардач чанарыг таягдан хаях хэрэгтэй байсан, угаасаа тэр бол зохиомол, хиймэл зүйл, цаг зуурын чимэг зүүлт байсан. Харин утга зохиолын нийгмийн чанарыг нь, улс үндэстний оюун сэтгэлгээний суурь болж байдаг мөн чанарыг нь яагаад ч авч хаях боломжгүй. Уран бүтээлч хүн үндэснийхээ хэлний өмнө, түүгээр дамжуулаад үндэснийхээ оюун сэтгэлгээний өмнө, бас цаашлаад улс орныхоо сэргэн мандлын өмнө томоос том хариуцлага үүрч байдаг. Энэ үүрэг хариуцлагыг намч, ангич, ардач чанартай хольж хутгаад хогтой зуурч болохгүй.
Соц үзэл сурталтай зохиолыг “Пий, паа” хэмээн түлхэж, үзэл сурталгүй цэвэр уран зохиолын тухай сайхан ярих атлаа жинхнээсээ нул барууны туйлширсан либерал үзэл суртал болсон Айн Рэндийн “Атлантын нуруу тэнийв” зохиолыг “Миний ширээний ном” хэмээн үсээ сүгсэгнүүлэн толгойгоо сэгсчиж, шүлсээ үсчүүлэн шогширно. Өхөөрдмөөр ч юм шиг. Танин мэдүүлэх, соён гэгээрүүлэх үүрэггүй уран зохиолыг бүтээх тухай шогшрон чухалчлах атлаа Жорж Орвелийн “Амьтны ферм”-ийг гайхан шагшрах... Гэтэл гажуудсан нийгмийн мөн чанарыг гахайн Ферм дээрх дэг журмаас, дарангуйлагчийн араншинг Удирдагч гахайнаас олж харцгаана... Хөөрхөн гэдэг нь. Иймэрхүү гэнэн төөрөгдлийн үр дүнд манай үндэстний утга зохиол ард түмний оюун сэтгэлгээний чинадад, нийгмийн гүнд өрнөж буй үйл явцыг задлан шинжилж, дэлгэн үзүүлдэг, танин мэдүүлдэг, сэхээрүүлдэг чадвараа бүрэн алдсан.
Уг нь “Хүн төрөлхтний зовлон шаналал, баяр гуниг бүхэн яруу найрагчийн сэтгэл зүрхэн дундуур гардаг”
гэдэгсэн... Үүнийг яруу сайхан илтгэсэн Махтумкулийн тухай нэгэн сайхан домог байдагсан. Харин манай яруу найрагчдийн хувьд, хүн төрөлхтний бүү хэл үндэс угсаа, эх орон нэгтнүүдийнх нь зовлон гуниг, баяр жаргал сэтгэл зүрхнээс нь нэлээд холуур урсдаг бололтой... Нийгэм цаг үе өөрийгөө танин мэдэх, тольдон харахад нийгмийн романы үүрэг нэн чухал. Цаг үе өөрийгөө танин мэдэж байж, хаана байгаагаа анзааран сэхээрч байж урагшлан хөгждөг жамтай. Бидний бузартай буртагтай гаталж ядан буй энэ ёс зүйн баримжаагүй болчихсон, үзэл санааны төөрөгдөлд хөтлүүлчихсэн цаг үе өөрийгөө нэг анзаарч харах зайлшгүй хэрэгцээ шаардлага бий. Харамсалтай нь яг энэ цаг үед иймэрхүү цаг үеэ, туулж буй нийгмийнхээ туршилтийг ултайхан шиншилж, шинжиж үзсэн роман, уран зохиол аргагүй ихээр үгүйлэгдэж байна.
Өнөөгийн бидний цаг үед оюун санааны үнэт зүйл гэдэг юм ихэд бүдгэрэн баларчээ... Монгол хүн өөрийгөө хэн гэдгээ, ямар байх учиртайгаа мэдэхээ больсон. Бидэнд шинэ үнэт зүйл, эрхэмлэн дуурайх ёс зүй, итгэл үнэмшил хамгийн түрүүнд хэрэгтэй байна.. Үнэт зүйлгүй нийгэмд хүн алга болдог.
Хүн алга болж байгааг, өөрөөр хэлбэл хүн чанар сульдан тамирдаж буйг бид өдөр тутам харж байна. Тиймээс эрхэм уран зохиолч нөхөд минь, энэ үнэт зүйлгүй болчихсон нийгмийнхээ, цаг үеийнхээ үнэт зүйлийг бүтээх хэрэгтэй. Яагаад гэвэл энэ үнэт зүйлийг бүтээгчид нь улс төрчид биш, эдийн засагчид бол бүр ч биш, зөвхөн уран бүтээлч, сэтгэгч нар л байдаг юм.
Товчхондоо нийгмийнхээ, цаг үеийнхээ оюун санааг араасаа дагуулах шинэ дэвшилт үзэл санаа, үнэт зүйлийн үндсийг бий болгох хэрэгтэй байна. Ингэхэд дэлхийн бүх сонгодгууд томоохон сэтгэгчид байсан юм шүү.. Харин манай уран зохиолчдын нэг хэсэг нь их сайндаа “Болор цом”, “Утгын чимэг” гэх мэтийн уралдаан тэмцэлдээнд уран яруугаар уншиж, зүрх нь хөөрсөн олны алга ташилтаар тэжээгддэг шүлгэнцэр, өгүүллэнцэрээс цааш гарч чадахгүй байна. Хараагаад, цээрлэж жийрхээд байдаг соц үеийнхээ нуль уриа лоозон болсон хоосон цулгай бүтээлүүдээс огтхон ч дээрдэх юмгүй байна. Түүнээ утга зохиолын хэмжүүр гэж өөрсдөө ч итгэцгээж, ард түмнээ ч итгүүлэн төөрөлдүүлж, мунхруулж байна. Дотоод эрчим хүч, оюуны тэсрэлт, тэмүүлэлгүй, хий хоосон гунигласан, нялагнасан, үгээр наадсан, яг л өнгөөр угалзлуулсан авдрын хээ шиг шүлгэнцэрүүдээс, утга авцалдаа, түүхэн үнэн, ур чадвараас нэлээд хол төсөө романцаруудаас хэтэрч чадахгүй байна. Нэг бол олны анхаарал татсан сэдвээр бизнес хийж, эсвэл шалдар сулдар сэдэв тойрон гунганалддахаас хэтрэхгүй байна.
Арай дөмөгхөн нөгөө хэсэг нь “Цэвэр уран зохиол”-ын тухай сэршгүй гүн бат зүүдэн нойрондоо умбацгаажээ. Эргэн тойронд нь юу болж, ард түмэн нь юунд баярлаж, юунд хөөрч, юунд гутарч, юунд зовж шаналан, юуг хүсэж мөрөөдөж буйг анзаарах ч сөхөөгүй, цэвэр утга зохиолынхоо тухай аугаа их мөрөөдлийн зүүдэндээ мансуурцгаажээ. Хүйтэн дайнд ялагдаж явсан тэр цаг үед хүйтэн мэсэнд үхлийн мэт гүн гүнзгий шарх авчээ. Энэ цаг үе бол нэн сонирхолтой цаг үе, хүн болоод түүний мөн чанар, нийгэм болоод түүний олон хувилбарыг таньж мэдэх боломж уран зохиолчдод нэн өргөн нээж өгсөн цаг үе. Алах ял заагдан шонд дүүжлүүлж, цөллөгт хатаж, өлсгөлөн, өрд таталдаж явсан Ф.Достоевский хэцүү бурангуй тэр цаг үеэ “Энэ цаг үед төрсөн минь юутай аз вэ” гэж халаглан бичиж байсан нь чухам түүнд тэр хэцүү цаг үе нь хүн, түүний мөн чанарыг танин мэдэхэд ямар ч номоос, эрдэмтнээс, гүн ухаантнаас илүү багшилж байсанд оршино.
Манай энэ цаг үед чухам энэ л цаг үеийнхээ, энэ нийгмийнхээ, ард түмний оюун сэтгэлгээний гүнд болж буй үйл явдлыг задлан шинжилсэн, нээн үзүүлсэн уран зохиол нэн хэрэгтэй байна. Яагаад гэвэл, өнөөдөр, Монгол Улсад нийгмийн томоохон хөгжил дэвшил зайлшгүй хэрэгтэй цаг үе, өөрөөр хэлбэл оюун санааны их хувьсал өөрчлөлтийн цаг үе тулж ирээд байна. Харин тэр цаг үеийг урин дууддаг түүчээ нь, Данко нь болсон эрхэм уран зохиолчид, оюун билиг, сэтгэлгээний их мастерууд маань хаана байна? Том эргэлтийн, дэвшлийн оюуны суурийг тавьдаг тэр хүмүүс маань хаачив... Монголын Бальзак, Толстой нар...
Нийгэм харанхуй мунхаг болох хэрээр, зэрлэгшиж, задрах хэрээр, нийгмийн хөгжил гажих хэрээр утга зохиол цэвэршдэг тийм теором ч гэж байхгүй. Хэрвээ тэгдэг ахул утга зохиолын ч хэрэг алга. Цаг үеийнхээ ачаанаас үүрэлц, уран зохиолчид, яруу найрагчид минь.
Яагаад гэвэл тийм цаг үе нь ирчихсэн байна. Дахин олдохгүй насанд чинь дахиад олдохгүй үүрэг хариуцлага, ачаа хүлээж байна. Зөвхөн та бүхний л үүрэх тэр ачаа... Нийгэм цаг үе дандаа ийм байгаад байдаггүй, ийм онцгой шилжилт өөрчлөлт тэр бүр болоод байдаггүй, нойрмоглон нозоорох цаг нь ихэнхдээ байдаг.
“Болор цом” зүүдлэн зүүдлэх сайхан зүүднээсээ сэрцгээ, эрхэм Болор цомтонгууд аа... Улс орон чинь уруудан доройтсоор нэг л мэдэхэд мөрөөдөл болсон Болор цом чинь Зоос зуусан ногоон мэлхийгээр солигдчихвол яах гээ вэ? “Зүлгэн дээр гэрээ бариад Зүгээр л нэг амьдрахсан” хэмээн зүүдлэх сайхан зүүднээсээ сэрцгээ, Яруу найрагчид аа... Газар шороо чинь цөлмүүлэн ухуулсаар, цөлжиж, гандсаар нэг л өдөр гэрийн буурийн чинээ ч зүлэг олдохгүй болчихсон байх ахул ямар баллад, риквиемээ бичих гээ вэ? “Цэвэр уран” зохиол зүүдлэн зүүдлэх сайхан зүүднээсээ сэрцгээ, Уран зохиолчид оо... Эх оронгүй, эх хэлгүй, элгэн ард түмэнгүй болчихвол эзгүй цөлд очиж элсний ширхэгэнд шүлгээ уншиж, үнс нурманд зохиолоо шивнэж өгөх гээ юу?
2015.2.28
Ёстой чухам загатнасан газар маажив гэгчээр тун хэрэгтэй зайлшгүй чухлыг тодорхой өгүүлжээ, баярлалаа.
Чадраабалын Лодойдамбын зууны шилдэг роман Тунгалаг тамирын дайтай роман ахиад зохиогдоосой сүүлйин үед гарч байгаа монгол кинонуудыг харахаар л үзэхээр л ер нь цагийн гарз болчоод байх юмаа
ЗӨВ ШҮҮ
Номинчимэдийн бичсэн энэхүү өгүүлэл үнэхээр юм бодуулахаар болжээ. Баяр хүргэе. Томчууд нь томроод, жижигчүүд нь мөрөөдөөд сууж байтал эх орон хэцүүдэх нь ээ. Тэгэхдээ аугаа ихийг ойлгодог тархи байна уу , үгүй юу. Мөнгө ярьсан хэд, сонгууль мөрөөдсөн хэд, мөлхөж ядарсан ард, харийнханд үйлчилсэн түшмэд л монголоор нэг байна бус уу. ардын хувьсгалын 50 жилийн ойгоор романы уралдаан зарлаж Тунгалаг тамир түрүүлж байсан санагдана. Одоо роман бичвэл аль талаас нь шүүх вэ. Ямар сэдвээр бичсэн роман манлайлах бол. Тэгэхдээ номинчимэдэд баяр хүргэе. Сайн болжээ. Бас чимх
ЗӨВ ШҮҮ
Зохиолчид минь ард түмэндээ ном уншихын сайхныг уран зохиолоор хүн төлөвшихийн сайхныг мэдрүүлээч
Тэгээд өөрөө л бичээч дээв Таднын үлгэрүүд хулгайгаар орчуулж зарж байхаар, өөрөө л бич. эс чадвал бусдыг шүүмлэхээ боль. коммунизм зүүдлэхээ боль. тиийм зохиолууд зөндөө байнав ЗАМ,АЯНГА, ДУРЛАЛ...
Ёстой үнэнийг чухам сайхан тайлбарлан бичжээ, нээрээ л гоё чамин үгээр гангалж олныг төөрөгдүүлснээс, голыг нь олж үгээ зөв хувиарлсан богино өгүүллэгч хүнд нэгийг бодогдуулж, нөгөө хэсэгт нь урам, дэм, ухаарал болох байх шүү
Унших явцдаа зүрхний цохилт нэмэгдээд, яг л миний бодол харуусал дурдагдаад өнгөрлөө.. ядаж ийм сайхан үзэл бодол олж уншсандаа сэтгэл тэнийх шиг боллоо. Хэлээд байгаачлан Монгол хүн гэж яг ямар хүн юм бэ гэдэг асуултанд хариулахад хүндхэн цаг үе болчихоод байгааг би ч мэдэрдэг. Өөрсдийн гэсэн соёл хэв шинж маягаа хадгалж хөгжүүлэхгүй байгаагаас болж, гадны соёлд илүү татагдаж дуурайж холилдон уусаж буй нийгэмд буйдаа харамсаж явдаг. Япон улсад сурж буйн хувьд жишээлбэл Япон эрт цагаас эхлээд бусад улсаас хилээ хааж тэр тусмаа барууны шашин соёлоос татгалзаж ирсэний үр дүнд одоогийн буй энэ өвөрмөц, өөрсдийн гэсэн хэв шинжийг хадгалж үлдсэн улс буйг дурьдмаар байна. Мэдээж соёлын давалгаа гэж зүйл гарцаагүй байх ч, тэр давалгаанд цохигдон урсчих, бат суурьгүйдвэл тэр нь эргээд асуудал биз. Зөвхөн зохиолчид ч гэлтгүй сэтгээч гэдэг бол чухам цөм багтана гэдгийг санаарай.
Энэ чинь л байна шдээ. Зохиолчид яруу найрагчид нийгмийг харанхуйгаас сэрээж чаадахгүй болхоор Саарандаавуу хүмүүсий харанхуй мунхаг рүү түрүүвчээр нь даллуулаад оруулчиж байгаам шдээ.
Үнэхээр гоё бичжээ. Үнэн ш дээ. Атлантын нуруу тэнийв-ийг уншаад нэг хэсэг ээж аавдаа ч дургүй болж байсан. Эйн Ранд угаасаа АНУ-д их шүүмжлэл авдаг. Харин моод монголоор дуусдаг гэдэг шиг манайхан гэнэт либертариан болоод л хэхэ.
bravo
Сонирхолтой байлаа.
Сонирхолтой байлаа.