Анхны сэтгэгдэл
Хоёр давхар автобус, улаан утасны бүхээг, Биг Бен гээд л аль хэдийн мэдэх зүйлс их болохоор Лондонд анх очиход ч нэг л танил санагдана. Намхан тоосгон байшингууд, хуучин чулуун замын 2 талаар эгнүүлж тавьсан машинууд, бѳѳрѳнхий малгайтай цагдаа гээд бараг л "Mистер Бин" дээр гардаг шиг л... Ньютон, Шекспир, Битлз эсвэл Шерлок Холмс, Харри Поттер гээд олон “алдартны” эх нутаг. Кино урлаг, загварын ертѳнц, мѳнгѳ санхүү, бизнес худалдааны тѳв. Орчин үеийн дэлхийг бүтээсэн улсын нийслэл гээд Лондонг тодорхойлох зүйлс олон. Тийм ч учраас үргэлж уйлагнадгаараа алдартай бүүдгэр тэнгэрийг нь үл тоон дэлхийн ѳнцѳг булан бүрээс сая сая жуулчид Лондонг зорьцгоодог байх.
Харин миний хувьд, “Нэгэн цагт дэлхийг захирч явсан Англичууд өнөөдөр хэрхэн амьдарч байна вэ?
” гэдэг асуулт Лондонг зорих гол шалтгаануудын маань нэг байв.
Тийм ч учраас богино хэдий ч хэсэг хугацаанд "жинхэнэ" цагаан Англичууд, цагаачид, оюутнууд, тэнд суурьшсан Монголчууд, жуулчид гээд өнөөгийн Англи орны ѳнгѳ тѳрхийг тодорхойлох тѳрѳл бүрийн хүмүүстэй уулзах зуураа энэ асуултынхаа хариултыг эрж явлаа. Их сургуулийн кампусаас эхлээд парк, кафе, сүм тэгээд мэдээж паб. Хотод, бас хөдөө… Ингээд асуултынхаа хариуг эрж явах зуур дараах хэдэн зүйлсийн талаар бодогдсон зүйлсээ хуваалцъя.
Түүхээ хадгалах, ѳнгѳрснѳѳ санагалзах тухай
Гайхалтай түүхтэй энэ орны хамгийн гайхалтай зүйл нь олон олон дайнууд, ширүүн бѳмбѳгдѳлтүүдийг туулж ѳнгѳрѳѳсѳн ч түүхээ маш сайн хадгалж үлдсэн явдал.
Музейд ч тэр, бодитоор нь ч тэр. Хэдэн мянган жилийн түүхтэй стонехенжээс (stonehenge) эхлээд, 1000 жилийн өмнө байгуулагдсан их сургууль (Оксфорд), Шекспирийн төрөлх гэр, Британийн эзэнт гүрний үед дэлхийн өнцөг булан бүрээс цуглуулсан сонин содон зүйлс… гээд аль л цаг үеийн юу л бол юуг, тэр чигээр нь хадгалж үлдсэн нь үнэхээр гайхалтай санагдаж байв.
Гэхдээ нөгөө талаас, өнгөрсөн түүхдээ хэт хайртай, шинэ зүйлд жаахан хойрго хүмүүс шиг санагдаж, англичууд консерватив гэгдэх нь аргагүй юм гэж бодогдох үе ч байв. Түүхээ хадгална гээд хуучин байшингийн гаднахыг ѳѳрчлѳхгүй байхыг ойлгож болох. Харин дотрoo ч хаалга цонх, бариул, крантнаас эхлээд хуучин зүйлс маш их. “Ийм тохижилттой байранд ийм ѳндѳр үнэ тѳлѳх гэж…” хэмээн Оксфордод судалгаа хийхээр очоод байсан Япон багш маань толгой сэгсэрч байлаа. Нийтийн жорлон нь хүртэл автомат угаагч хатаагчтай, гэртээ робот тоос сорогчтой байх нь жирийн үзэгдэл байдаг Токиогоос очсон хүнд Англи шиг хѳгжсѳн оронд ийм зүйл хараад толгой сэгсрэх нь ч аргагүй биз. Амьдралыг хавьгүй илүү тав тухтай болгох технологи гарчихаад байхад л дээр үеийн аргаараа үзээд байна гэдэг…
Уул нь бидний мэдэх Англи орныг бүтээсэн гол зүйл нь хуучинсаг үзэл биш
харин Ньютон, Дарвин, Черчил гээд үе үеийн суутнуудынх нь цаг үеэсээ түрүүлсэн шинэлэг сэтгэлгээнийх нь үр дүн болов уу. Иймд ирээдүйд үеэ өнгөрөѳсѳн улс болон хоцрохгүйн тулд өдийг хүртэл явж ирсэн замаа эргэн нэг харах хэрэгтэй
санагдаж байв. Гэхдээ энэ нь хуучнаа санагалзах гэсэн үг биш...
Ямартаа ч түүхээ ингэж авч үлдэж чадсан, сайнтай муутай нь түүхээ мэддэг, түүхээрээ бахархдаг, бусад хүмүүст тайлбарлаж чаддаг хүмүүс дунд ороход тэднийг үнэхээр хүндлэх сэтгэл төрж байв. Харин манайх дутахгүй сонирхолтой, баялаг түүхтэй хэрнээ үлдсэн зүйл бага, одоо ч заримдаа үргэлжлүүлэн устгаж буй гэж бодохоор харьцуулаад харамсах сэтгэл ч төрж явав. Аль ч үндэстний хувьд түүхээ мэдэхгүй хэрнээ хѳѳрцѳглѳдѳг биш, сайнтай муутай нь мэдээд,түүхээ санагалздаг биш түүхээсээ суралцдаг байх нь чухал
биш үү?
Халамж, боловсрол ба нийгмийн давхарга
Английн бас нэг гол онцлог гэвэл маш өгөөмөр гэмээр нийгмийн халамжийн тогтолцоо. Үнэгүй эмнэлэг сургууль, улсын хѳнгѳлттэй хямд орон сууцнууд. Дээр нь олон янзын тэтгэмжүүд. Сайн талаас нь харвал үнэхээр хүний төлөө байгуулсан нийгэм. Санхүүгийн боломжгүй, туслах дэмжих хүнгүй байлаа ч өвчин зовлон байвал эмчлүүлээд, ѳѳрѳѳ л хүсвэл сурч боловсроод цаашдаа ѳѳрийнхѳѳ чадлаар хангалттай сайхан амьдрах өргөн боломж нээлттэй. Улс нь иргэддээ ингэж анхаардаг болохоор дэлхийн өнцөг булан бүрээс сайхан амьдралыг эрэлхийлсэн сая сая хүмүүс Английг зорьдог байх. Үр дүнд нь цагаачилж ирсэн нь уугуул Англичуудаасаа олон Лондон хот. Гудамжинд, метронд ер нь хаана л бол хаана хар, шар, цагаан, бор гээд байж болох бүх өнгө, хэлбэр хэмжээний хүмүүс нэг дор янз бүрийн аялга, хэлээр ярьцгаана. Ямар ч царай зүс, хэл соёл, аялга, угсаа гаралтай байлаа ч дунд нь өөрийгөө гадаад гэдгээ мэдрэхгүй байх нь нэг л хачирхалтай
ч юм шиг...
Гэхдээ эдгээр олон янзын хүмүүс нэг дор цуглаад бүгд эрх тэгш, ялгарах зүйлгүй амьдардаг уу гэвэл яг ч бас тийм биш. Эртнээс язгууртан тариачнаараа тод ялгардаг классын тогтолцоог нь нураах нийгмийг нь тэгшитгэсэн том хувьсгал эсвэл дайны ялагдал түүхэнд нь байгаагүй учир одоо ч Англичууд үүсэл гарлаараа тод ялгарна. Хатан хаан, түүний хамаатан, язгууртан зэрэгтэн, цагаан арьст Англи эсвэл цагаач ажилчин байхаас их зүйл шалтгаалж, нийгмийн байр суурь, олдох боломж нь тэнгэр газар шиг зөрүүтэй. Цагаач гаралтай хүү (Обама шиг) ирээдүйд улсаа удирдана гэдэг Англид одоохондоо лав биелэшгүй зүйл. Английн энэхүү үүсэл гарлаараа ялгардаг шударга биш ч гэж хэлж болохоор нийгмийг тогтвортой хадгалж, дэлхийд ѳѳр хаана ч байхгүй камержсан системээс нь ч илүү хүчтэй хянаж байдаг гол хүч нь боловсролын систем.
Хүн энэ нийгмийн хаана юу хийж амьдрах вэ гэдгийг нь аль бага ангид байхаас нь л заагаад ѳгчихсѳн байдаг гэж хэлж болохоор.
Үнэгүй улсын сургууль ба өндөр төлбөртэй хувийн дунд сургуулиудын сургалтын чанарын ялгаа нь ийм тогтолцооны суурийг тавина. Эцэг эх нь цалин багатай хар бор ажил хийж, өдөр тутмын амьдралаа л залгуулдаг Энэтхэг хүүгийн хувьд бусад цагаачдын хүүхдүүдийн нэгэн адил сургалт тааруу үнэгүй улсын сургуульд явна. Харин тэнд цаашид нарийн мэргэжил эзэмшихэд суурь болох чанартай мэдлэг олж авна гэдэг хэцүү учир их сургуульд элсээд цааш сурна гэхээсээ тѳгсѳѳд шууд мэргэжил шаардахгүй ажилд орох нь илүү бодит сонголт байх нь их. Цагаач гаралтай дараагийн үеийн залуу ажилчин анги ихэнхдээ улсын сургуулиудад ингэж массаараа бэлтгэгдэнэ. Тэд аялгатай ярьдаг Английн нийгэмд уусаагүй ѳмнѳх үетэйгээ харьцуулахад хэлээр нь чѳлѳѳтэй ярьж, дэг жаяг, соёлд нь зохицсон Англи сэтгэхүйтэй хүмүүс болон хүмүүжсэн байдаг. Харин элит цагаан арьстан Английн хүү 6 наснаасаа зангиа зүүгээд, ѳндѳр төлбөртэй сургуульд чанартай боловсрол олж авна. Тѳгсѳѳд нэр хүндтэй их сургуульд элсэж сайн карьер хѳѳн дараа үеийн элит болох эхний үүд хаалга нь ийнхүү нээгдэнэ.
Хэн ч хаанаас ч харсан ижил хэмжүүрээр дүгнэдэг тест, шалгалт гэхээсээ зохион бичлэг, тодорхойлолт гэх мэт илүү үзэмжээр дүгнэх боломжтой их сургуулийн элсэлтийн шалгуур, маш ѳндѳр сургалтын тѳлбѳр дээрх ялгааг улам бататгаж ѳгдѳг. Учир нь ийм тогтолцоонд чадвар ижилхэн байлаа ч жирийн Энэтхэг цагаачийн хүүгээс угсаа гарал сайтай цагаан Англи хүү Кэмбриж эсвэл Оксфорд шиг сургуульд элсэх магадлал өндөр. Энэтхэг хүүгийн хувьд, хичээгээд их сургуульд тэнцэх боломжтой байлаа ч, тѳлбѳрийн асуудлаас болоод сурах мѳрѳѳдлѳѳ бүр эрт хаяж ч магад... Ийнхүү боловсролын систем нь бүхэлдээ элит классын хүүхдүүд л элит сургуульдаа сурч эргээд нийгмээ жолооддог элит болцгоох боломжийг олгоно. Харин жирийн ардын хүү хичээгээд ч жирийн ардаараа үлдэх магадлал өндөр. Ижилхэн хэлээр ярьдаг нэг улсын иргэд хэрнээ хоорондоо хѳлбѳмбѳгѳѳс ѳѳр зүйл яриад ойлголцохооргүй ондоо 2 хүнийг боловсролын тогтолцоо нь ийнхүү бий болгоно.
Энэхүү тогтолцоонд сайн боловсрол эзэмшиж, сайн карьер хөөнө гэдэг мѳнгѳгүй жирийн хүүгийн хувьд бараг л тэнгэрээс од шүүрэхтэй адил. Гэлээ ч Энэтхэг хүүгийн хувьд Англид амьдарснаар Мумбайн захад байснаасаа сайн нөхцөлд улсын үнэгүй халамжийг авч байгаа болохоор бухимдах, гомдоллох зүйл байхгүй…Ер ньхаламж их байна гэдэг нь хариуд нь үг хэлэх амаа таглуулна гэсэн үг
. Англичуудын хувьд, хөгжиж буй орны хэдэн цагаачдыг “хямдxан” тэжээж байгаад хэдэн үеэр нь хамаг хар ажлаа хийлгэчихдэг маш ухаантай улсууд.
Харин Монголын халамжийн бодлого ямар үр дүн авчирч болох бол..? Мѳн нийгмээ жолоодох элитээ бид хэрхэн бэлдэж байна вэ? Жишээ нь, нэг бүтэн ном унших, нэг шөнө хичээл хийж суух эрмэлзэлгүй оюутан 70 мянгаар тэтгүүлж, эсвэл маш хямд, болж өгвөлүнэгүй сурсныхаа хариуд чанартай боловсролыг шаардах амаа таглуулж, сурах боломжоо алдаж байгаа юу?
Боловсролын тогтолцоо маань ажилчин болон элит ангиа бэлдэхэд ямар үүрэг гүйцэгэж байна вэ? Улс нь мэдлэггүй хүмүүсийг үйлдвэрлэн, тэднээр даажигнасан бодлого гаргаад, үг дуугарах гэхээр нь үнэгүй зүйлээр амыг нь тагладаг
систем тогтоход халамжийн бодлого чухал үүрэг гүйцэтэх боломжтой...Үнэгүй зүйл гэж байдаггүй, харин алдагдсан боломж гэж байдаг.
Шашин ба цаг үе
Английн тосгон бүрт заавал байдаг 3 зүйлийн нэг нь сүм (Нѳгѳѳ 2 нь мэдээж паб & шуудан). Робингудын домгоос эхлээд шинжлэх ухааны нээлтүүд хийгддэг их сургуулийн
кампус, улсаа удирддаг хатан хаан хүртэл сүмтэй салшгүй холбоотой. Сүм болон шашны үүрэг ролийг ойлгохгүйгээр энэ орны нийгэм, соёл, хүмүүсийг нь ойлгох гэж оролдох нь учир дутагдалтай гэж Англичууд ярьцгаадаг. Англичуудын шашинд хандах хандлагад сонирхолтой зүйлүүд их. Хаан нь дахин гэрлэхийн тулд улсаараа Ромын католик (Католик шашинд дахин гэрлэх нь хориотой) шашнаас татгалзаж, шинээр үүсгэсэн нь Английн өөрийн шашин. Сүмээс авдаг татварыг дийлэхээ болин пиво уудаг паб болгочихсон сүмийн барилга ч байна. Бүтэн сайны зарим цуглаан модерн загвартай сүмд залуус цуглаад рок хөгжим тоглоод дуулах маягаар болно. Эсвэл аль нэг өдөр цайны цагаар ойролцоох сүмдээ цуглараад хоол идээд хѳгжѳѳнт тоглоом тоглох үе ч байна--Ямар ч шашингүйгээр.
Гэхдээ долоо хоногийн бас нэг өөр орой нэгнийдээ цуглаад библийн аль нэг хэсгээс уншиж, утга учрыг нь нарийвчлан ярилцаж, үнэн сэтгэлээсээ залбирцгаах үе ч бий. Дунд нь тэтгэврийн эмээ өвөөгөөс гадна Оксфорд, Кэмбрижийн боловсролтой физик, робот судалдаг докторын оюутнууд ч байж байх... Шинжлэх ухаан, улсын хөгжил, хэдэн сая хүний амийг авч одсон олон дайнуудын дараа Англичуудын бурханд итгэх итгэл суларсан гэгддэг юм билээ. Харин нийгмийн сэтгэхүйн энэ ѳѳрчлѳлтѳд тааруулаад сүм ч бас ихээхэн ѳѳрчлѳгдѳж байгаа нь энэ…
Ер нь бурханд их итгэж байгаа хүмүүсийн ярианаас анзаарахад, амьдралд нь хэзээ нэгэн цагт тохиолдож байсан ямар нэгэн том сорилт эсвэл хүнд зүйл итгэл үнэмшилтэй болоход нь нѳлѳѳлсѳн байх нь их байв. Хүн хэцүү зүйлтэй учирч хүч нь мѳхѳсдѳхѳѳр өөртөө итгэх итгэл нь суларч, чадахгүй зүйлд нь туслах ямар нэг далдын хүчинд сүүлийн найдвараа тавьдаг байх. Магадгүй энэ нь зовлон бэрхшээлийг даван туулж, ирээдүйд итгэхэд итгэл ѳгч, амьд үлдэхэд нь тус болсоор ирсэн нэгэн тѳрлийн инстинкт ч байж болох. Нэг ёсондоо сэтгэл санааны сул дорой байдлаа нөхөж, өөрийгөө тайвшруулж, сэтгэлийн тэнхээ олж авах нэг үр дүнтэй бѳгѳѳд хялбар арга нь шашин байж магадгүй. Иймд шашин цаг үеэ даган өөрчлөгдөж, хэт туйлшралгүй тодорхой нэг хэмжээнд байж байхад буруу зүйл огт байхгүй
юм байна гэсэн бодол төрж байлаа.
Монголын хувьд хуучин соц орнуудын нэгэн адил 90-ээд оноос хойш шашин хүчтэй дэлгэрсэн. Харин түүнээс хойш нийгмээ даган шашин хэр ѳѳрчлѳгдѳж байна вэ? Сүүлийн үед мухар сүсэг ихэсч, бараг л тааралдсан модондоо хадаг дарцаг даавуу уяж, хоол хүнсний зүйл цацаж байгаль эх дэлхийгээ ч бохирдуулж байна уу гэмээр...
Үүний шалтгаан нь шилжилтийн эдийн засгийн үед олон хүний амьдрал хэцүү болж, сэтгэл санааны байдал нь амар тайван биш болсонтой холбоотой байж болох
. Нийгэм хямарч, хүмүүсийн тэвчээрийг сорих үед ямар нэгэн далд хүчинд итгэх итгэлээр сэтгэл санааны тайван байдлаа нѳхѳх хэрэгцээ үүссэн нь манайхтай тѳстэй түүхийг туулсан бусад үндэстнүүдэд ч ажиглагдсан зүйл. Харамсалтай нь эрэлт нь нийлүүлэлтийг бий болгодог зарчмаар үүн дээр дөрөөлөн олон хүмүүс нийгэмд хэрэгтэй баялаг бүтээх салбарт хөдөлмөрлөхийн оронд лам хуварга эсвэл бөөгийн дүрд орж, зарим нь сайн санаа гэхээсээ залилангийн шинжтэй зүйл хийж байгаа нь дуулдах...
Архины хязгаарлалт
Ер нь Англи, Европчуудын согтууруулах ундаа, ялангуяа пивоны талаарх ойлголт Азиудынхаас их ѳѳр. Ѳглѳѳ, үдийн цай гээд хэзээ л бол хэзээ ууна. Паркт хэвтэнгээ ууна, пабын гадаа зогсож ч ууна. Их сургуулийн кампуст номын сангийнхаа хажууд пабтай, дотор нь оюутнууд уугаад байж байх. Уул нь хажуугийн байшингийн коридорт нобелийн шагналтай профессоруудынх нь зургууд ѳлгѳѳтэй сургууль… Ѳдѳрт 2 пивоны нормтой Англичуудын хувьд пиво нь согтууруулах ундаа гэхээсээ цайтай илүү тѳстэй зүйл. Дундад зууны үед пиво уух нь уснаас аюулгүй байсан нь магадгүй ийнхүү нѳлѳѳлсѳн байх… Саяхныг хүртэл 1 грушка уугаад жолоо барих хуулиар хүртэл зѳвшѳѳрдѳг байсан гэх.
Гэхдээ хачирхалтай нь пабууд 11 гээд л хаачихна. Учир нь 1 хүнд ногдох архины хэрэглээгээр хѳгжсѳн орнууд дундаа ѳндѳр, бараг л Оросуудтай ѳрсѳлдѳх түвшинд хүрснийг асуудал болгож, архитай тэмцэхээр шийдсэн нь энэ. Гэхдээ ардчилалтай оронд шууд 11:00 гээд мэдээж тас хорьчихгүй. Орой ажиллах сонирхолтой газрууд тусгай лиценз аваад, илүү татвар тѳлнѳ, архиа үнэтэй зарна. Гэхдээ үр дүнд нь ажлаа тараад паб ордог хүмүүс цѳѳрсѳн ч гэртээ уудаг хүмүүс ихэсч.
Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг цѳѳрсѳн үү гэвэл үгүй. Товчхондоо хорьсноор байдал сайжирсангүй.
Ер нь согтууруулах ундааны хэрэглээ асуудал үүсгэх нь бий ч асуудал нь өөрөө архи мөн үү биш үү гэдэг..?
Архи уул нь тийм жигшээд хориод байх муу зүйл биш. Үндэстэн бүр л будаа, тариа, жимс, сүү гээд л янз бүрийн зүйлээс өөр өөрсдийн аргаар архийг гарган авч, бараг л үүссэн цагаасаа өдийг хүртэл өргөнөөр хэрэглэсээр ирсэн. Цаашдаа ч хэрэглэсээр байх биз. Архийг бид хэрэгтэй болоод л зохиосон, шаардлагатай болоод л уудаг. Ѳдөр тутмын стрессээс түр холдуулж өгдөг нэг хэрэгсэл болохоор уудаг хүмүүс огт уудаггүй хүмүүсээс урт насалдаг гэсэн судалгаа ч байх...Мэдээж хэзээ, хэнтэй, хаана, яаж гэдгээ мэддэг тохиолдолд.
Хэрэв нэг хүний хувьд архи асуудал болоод байвал асуудал архинд биш тэр хүнд л бий.
Гэхдээ хорьсноор тухайн хүний асуудал шийдэгдэхгүй. Зѳвлѳх багш маань12 настайдаа гэрийнхэнтэйгээ вино уух нь хэвийн зүйл учир манай нутгийнхан архитай харьцаад сурчихсан
, архитай холбоотой гэмт хэргээрээ Америктаа хамгийн бага хотуудын нэг гэж үргэлж ярьдаг байсан санагдана. Ер нь ууснаа зѳв шингээдэггүй хүнд болон өөртөө гай тарьж тарьчихаад буруугаа архинд чихээд зогсож байдаг хүмүүс ихэвчлэн чөлөөтэй хэрэглэж үзээгүй байдаг ч байж магадгүй…Хариннэг биш, нэлээн хэсэг хүмүүс архинд живэх гээд байвал нийгэм нь өөрөө асуудалтай байна гэсэн үг.
Хорьсноор нийгмийн асуудал ч бас л шийдэгдэхгүй.
Архийг муу гээд, хорьж хязгаарлах гэж оролдох нь асуудлын шалтгааныг шийдээгүй, шинж тэмдгийг нь л дарах гэж үзээд байгаа хэрэг. Тийм ч болохоор шууд хорьсон ч, эдийн засгийн аргаар уян хатнаар хорьсон ч үр дүн муутай байдаг байх…Үр дүнгүй гэдгийг нь баталсан олон судалгаа байхад л хорих гээд үзээд байдаг нь архи ууж байгаа цаад шалтгааныг нь шийдэх нь архийг хорихоос хамаагүй хэцүү болохоор хѳгжсѳн, хѳгжѳѳгүй хаа газар зүгээр л аль амарыг нь
сонгочихдог юм болов уу..?
Нэмэлт мэдээлэл - Английн тухай зарим баримтууд:
- 8 сая: Лондон хотын хүн ам
- 18.7 сая: Лондонд 1 жилд зорчсон жуулчдын тоо (2014, хүлээж авдаг жуулчдын тоогоор дэлхийн хотуудыг тэргүүлсэн)
- 45% : Лондонгийн хүн амд эзлэх цагаан Англичууд (2011)
- 37%: Гадаадад тѳрсѳн Лондончууд
- 5.9 сая: Британид байдаг хяналтын камерын тоо (14 хүнд 1 хяналтын камер, дэлхийд хамгийн ѳндѳр үзүүлэлт)
- 54: Дунджаар Лондонгийн 1 метроны буудалд ногдох хяналтын камер
- №2 ба 3: Кэмбриж, Оксфордын их сургуулиудын дэлхийн ранк (2015)
- 150: Нобелийн шагнал хүртсэн Кэмбриж, Окфсордтой холбоотой эрдэмтдийн тоо
- 1096: Оксфордын их сургуульд хичээл заагдаж эхэлсэн он
- 85%: Оксфордын их сургуульд элсэгч Британичууд дунд эзлэх цагаан Англи (2013)
- 11.6 литр: 15-с дээш настай Англичууд жилд хэрэглэдэг цэвэр алкохол (2010, Монгол 6.9 литр)
- 25%: Шашингүй Англичууд
-------------------------------------------------------------------------------------------------
Эх сурвалж :
- Лондонгийн хүн амын тооллого 2011 http://data.london.gov.uk/census/
- Оксфордын их сургуулийн элсэлтийн статистик http://www.ox.ac.uk/media/global/wwwoxacuk/localsites/gazette/documents/statisticalinformation/admissionsstatistics/Admissions_Statistics_2013.pdf
- 24 цагийн лиценз ба гэмт хэрэг http://www.cam.ac.uk/research/news/violence-rates-unaffected-by-24-hour-licensing-laws
- Англичуудын архины хэрэглээ
- http://www.ias.org.uk/uploads/pdf/Consumption%20docs/Alcohol%20consumption%20factsheet%20August%202013.pdf
- Англичуудын шашин
- http://www.ons.gov.uk/ons/rel/census/2011-census/key-statistics-for-local-authorities-in-england-and-wales/rpt-religion.html
- Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын архины хэрэглээний судалгаа http://apps.who.int/iris/bitstream/10665/112736/1/9789240692763_eng.pdf
- Архи ба урт наслалт
- http://www.independent.co.uk/life-style/health-and-families/health-news/people-who-drink-alcohol-outlive-those-who-abstain-study-shows-8995879.html
- Хяналтын камер http://www.telegraph.co.uk/technology/10172298/One-surveillance-camera-for-every-11-people-in-Britain-says-CCTV-survey.html
- Дэлхийн их сургуулиудын ранк
- http://www.timeshighereducation.co.uk/world-university-rankings/2015/reputation-ranking?gclid=CjwKEAjwiq-oBRC9gvHCsvDdn2cSJACV3DFRmQ_JnNLKeP8V7v1VbuqssjMMBSzetHQ9ccbAVRM_phoCtZDw_wcB
Сэтгэгдэл бичих