Нийтлэл 03 сарын 25, 2015

За гэвэл ёогүй

Аливаа хязгаарлагдмал орчинд хоёр ба түүнээс дээш тооны хүн тодорхой хугацаанд хамт оршин тогтнож аж төрөх бол зайлшгүй нэг нэгнийхээ ашиг сонирхол, зан ааш, дуртай дургүйг анхаарч дүрэм зохиодог.

Хүн нь олон болох тусам тус дүрэмд хүн бүрийн онцлогийг багтаах боломжгүй болж хувь хүний нийтлэг эрх ашиг, харилцааны суурь зарчмуудыг багтаасан хүн бүр мөрдөх үүрэг бүхий дүрэм зохиож  тэрийгээ хууль гэж нэрийддэг ажгуу.

Хууль нь түүнчлэн тэр хязгаарлагдмал орчинд байгаа бүх хүний ёс суртахууны дундаж хэмжээ гэж ойлгож болно. Нүүдэлчин соёл иргэншилд хязгаарлагдмал орчин гэж ойлголт тун бүдэг бадаг, түүнчлэн бүгд мөрдөх гэдэг бас нэг нөхцөлийг хянах боломж хомс учир тухайн хүний ёс жудагт л найдахаас өөр аргагүй байдалд хүрдэг.

Тухайн хүний  тухайн өдрийн өнгө ямар байна вэ, тэрнээс шалтгаалсан харилцаа нь суурин иргэншлийн хувьд байж боломгүй зүйл, учир нь нягтрал ихтэй суурьшмал иргэншилд нэг л хүн хууль дүрмээр бус ааш зангаараа асуудалд хандвал эмх замбараа алга болж, чадалтай нь чадалгүйгээ, олон нь цөөнөө тонон дээрэмдэж, тохуурхан дээрэлхэнэ гэдгийг бүгд мэддэг.

Нийгмийн харилцаанд өмчтэй холбоотой харилцаа  давамгайлах болсон цагаас эхлээд нийтийн өмчөөс хувийн өмч тэргүүлэх байр суурь эзэлж, түүнийгээ хамгаалах сэдэл, сонирхол оролцогч бүх талуудад үүссэн байж таарна. Өмчийн анхны хэлбэр нийтийнх гэдгийг аксиом хэлбэрээр авсан бөгөөд баталж нотлох оролдлого хийхгүйгээр цааш явбал хувийн өмчөө эзэмшигч нь өөрөө хамгаалах үүрэгтэй,  хамгаалахад биеийн хүч, цаг хугацаа орон зайн болон бусад бэрхшээл учирсан бол хөрш, найз нөхөд, өөрийн өмчөө хамгаалах сонирхол бүхий бусад хүмүүсийн тусламжтайгаар хамгаална. Байнгын ажиллагаатай хамгаалалт буюу одоогийнхоор хууль сахиулах алба ийнхүү үүссэн байж болох юм. Сонирхлын зөрчилтэй 2 ба түүнээс дээш этгээд эсрэг байр суурьтай байх аваас хэнийх нь үг үнэн гэж үзэх вэ? Үүнээс үүдэлтэй маргааныг цаашид зохицуулах үүднээс гэрээ гэгч зүйлийг талууд харилцан тохирч байгуулан, ашиг сонирхол нь зөрчигдвөл бичсэн зүйлсээ гаргаж ирээд л Улаан бууртай тэмээгээ усална аа гэсэн чинь яалаа даа, Улаанхүрэнгийн зах дээр уулзана гэсэн чинь яалаа даа гээд нэхэмжлэл гаргах зэрэг эрх зүйн бичиг баримттай болж, харилцан баталдаг болсон байна.

Хүн төрөлхтөнд бичгийн хэлбэрээр олдсон эртний гэрээг дурдвал МЭӨ 2200 оны үеийн Месопотамийн үеийн боол зарж борлуулах гэрээ бөгөөд энэ гэрээний гол зорилт нь зарагдсан бараанд өвчтэй, ажлын чадваргүй боол тохиолдлоор орсон бол  үнэ төлбөргүй сольж, сайжруулах гэх мэт зүйлс орсон байдаг байна.


Яг энэ тохиолдолд хүнийг бараа гэж нэрлэх нь хэдий зэрлэг балмад санагдавч, “бараа” солилцох үед мэдэгдээгүй, мэдэгдэх боломжгүй ” барааны”  “гэмтэл согогоос”  худалдан авагч өөрийгөө хамгаалахын тулд гэрээ үйлдсэнийг ажиглаж болно. Өөрөөр хэлбэл худалдах, худалдан авах тухайн хэлцлийг урьдчилсан нөхцөл болон хойшид гарч болох үр дагварын эрсдлээс талууд хамгаалах гэрээ байгуулсан нь гэрээ эрхийн үндсэн суурь нь арилжааны чанартай байсан гэж дүгнэж болохоор. Нүүдлийн соёл иргэншилд бичиг үсэг хэрэглээд хад чулуу, мод , цаас зөөвөрлөөд нүүгээд байх боломж хомс, шууд хэлэхэд боломжгүй тул ам өчигт л найдахаас өөр аргагүй, эсвэл бараа солилцох үедээ хазаж үзэж байж л ав, авсны дараа наймаа буцахгүй гэсэн зарчим үйлчилдэг байсан байж болох. Эргээд хариуцлага тооцох гэхээр нүүгээд явчихсан, зарим тохиолдолд  хээр талд  тааралдаад арилжаа хийсэн хүнийг хаана гэж хайж явах вэ гэдэг үүднээс арилжааны шинж агуулсан гэрээ эрхийн харилцаа тун муу хөгжсөн байж болох талтай. 

Ийм болохоор монголчууд хэлсэн ярьснаасаа буцах, худлаа амлах, Суурин иргэншил нүүдлийн иргэншлээс өөрийгөө хамгаалах гэж зуун зуун дамжин бүхэл бүтэн хэрэм хана босгож байсныг бодвол бараа хангалтыг арилжаагаар биш дээрэм тонуул, дайн дажингаар зохицуулдаг байсантай ч холбоотой байж мэднэ. Харин дээрэм тонуул, дайн дажингийн тухайд хүч хамтрах, уулгалан довтлох цаг хугацаа тохирох,олон газраар зэрэг цөмрөн орох гэх мэт гэрээ эрхийн аман харилцаанууд бишгүйдээ үүсч, биелүүлээгүй бол амь нас, албат иргэдтэй нь хариуцлага тооцдог байсан тул за бол ёогүй гэдэг үг гарсан ч байж мэднэ.

 

Өнөө үед аливаа  маргааныг хуулиар, өөрөөр хэлбэл шүүхийн журмаар шийдүүлэх бүрэн боломжтой. Хууль эрх зүйн акт, стандарт, журам, дүрэм бүгд бий. Харамсалтай нь ТӨР өөрөө хуулиа сахидаггүй, гэрээгээ биелүүлдэггүй, ДАРГА хуулиа мэддэггүй, хуулиар өөрт ОЛГОГДООГҮЙ ЭРХ эдэлж тушаал заавар гаргадаг нь иргэдэд халдварлан бүхнийг өөрийн гараар хийж зохицуулах гэдэг болж. Хууль журмын дагуу газар авах биш газрын дайн, булаан эзлэлт шиг болж зуу зуугаараа давхилдан ирж дуртай газартаа хашаа хороо хатгаж, газрын албаны хэдэн хүн өрөвдөлтэй нь аргагүй зурагтын дуранд дальдчиж зогсоно.

Мэргэжлийн хяналт гэж нэг ажилгүй нөхдүүд байна. Тэднээс ажлаа зогсоо гэж бичиг аваагүй барилга, хоолны газар, дэлгүүр зах байхгүй. Үнэхээр. Юу ч болоо билээ, ажлаа зогсоо гэж нэг бичиг өгч орхи, ямар нэгэн юм болбол бичиг өгсөн шүү дээ гээд   сууж бай гэдэг үндсэн ажилтай. Тэр мөрдүүлэх гээд байдаг стандартыг нь барьдаг газар тун ховор, хэдэн цаас өгчихвөл стандарт биелнэ, өгөхгүй гэвэл ажлаа зогсоо. Сардаа нэг дайлуулна, жилдээ нэг эргэнэ.

Иргэд нь бүр долоон дор.  Хаа нэгтээ барилга барих гэхээр л хаа холоос давхиж ирээд л зам харгуйг нь хааж, элдэв арга саам хайж, мөнгө нэхэж,  Төртэйгөө нийлж шантайж хийнэ. Мөнгө өгөхөөр дараагийн нэхэгч мундахгүй,  өгөхгүй гэхээр хотын захиргаа нь нөгөө дураар авирлагчдаас эмээж зөвшөөрлийг нь цуцална. Баахан төрийн бус байгууллагууд нийлж аваад л гадна дотны компаниудыг дарамталж, хөдөө гадаа руу хорь гучин жийптэй давхилдаж очоод хаалга үүдийг нь эвдэж, хашаа хороог нь дайрч, ажилтан даргагүй байцааж зурагтаар эх орончоо гайхуулна. Уг нь бид чинь эрх зүйт ТӨР байгуулчихсан, бэхжүүлэх гээд ядаад байгаа улс шүү дээ.  Гэрээ эрхийн аливаа зөрчил, маргааныг Шүүхээр шийдвэрлүүлж байх учиртай. Харамсалтай нь цагдаа буюу хууль сахиулагч нь ихэвчлэн хууль сахиулах биш

За улс дотроо ч дүүрч, гадагшаагаа өөрийн эрхгүй худлаа яриад явна. Үндсэн хуулиар Ерөнхийлөгч Монгол улсыг төлөөлөх эрхтэй боловч ямар нэгэн гэрээ байгуулбал хэн ч биелүүлэх үүрэггүй. Учир нь Ерөнхийлөгч билэг тэмдэг. Ерөнхий сайд нь олон улсын гэрээг Их Хурлаар батлуулна. Ийм процедур алдаа мадаг гаргах нь бага боловч хэлсэн ярьснаасаа байнга буцахад хүргэж, сүүлдээ худалч Монгол нэр зүүчихсэн тууж явна. Монголд эдийн засгийн хямралаас илүү засаглалын хямрал нүүрлээд байна, шийдлээ хайгаач.

/Үндэстний тойм сэтгүүлийн 2014 оны 9-р сарын 15-ны өдрийн дугаарт хэвлэгдсэн./

Сэтгэгдэл бичих

arrow icon