Нийтлэл 03 сарын 26, 2015

Сэлбэ голыг санаачлагаараа цэвэрлэдэг З.Буянхишиг хүүгийн хүмүүжлийн нууцаас

 2014 оны “Эко хүүхэд”, “Эко элч” З.Буянхишигийн ээж Нарангийн Жавзандолгортой ярилцаа. Сэлбэ голын ойр орчныг өөрийн санаачлагаараа цэвэрлэдэг З.Буянхишиг хүүг таних хүн олон болжээ. Харин З.Буянхишигийн маань ээж ямар хүн байдаг бол, гэрийнхэн нь ямар хүмүүс байдаг бол гэсэн бодол тээсээр Буянхишигийнхийг зорьсон юм. Тэднийх Салхитад хувийн хашаа байшинд амьдардаг аж. Тэдний хашаанд бөртийх ч хог харагдсангүй, цэмцгэр орчин угтав.  

-Сайхан хаваржиж байна уу? Танайхыг олоход их амархан байлаа. З.Буянхишигийнх хаана байна гээд сураглахад танайхыг заагаад өгч байна. Хүүг нь танихгүй хүн үгүй болжээ. Харин З.Буянхишигийн маань ээж ямар хүн байдаг бол. Та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Намайг Нарангийн Жавзандолгор гэдэг. Манайх ам бүл наймуулаа, гурван охин, гурван хүүтэй. З.Буянхишиг маань айлын дунд хүүхэд.  

-Та ямар ажил хийдэг вэ?

- Миний хүүхэд нас Баянхонгор аймагт өнгөрсөн. Би наймдугаар анги төгсөөд л малчин болсон. Найман жил мал маллаж байгаад хот руу шилжиж ирээд арван жил өнгөрчээ. Анх хотод шилжиж ирээд барилгын засал чимэглэлийн ажил хийж эхэлсэн. Одоо ч энэ ажлаа хийж байгаа.  

-Танайх Сэлбэ голын хөвөөнд суурьшаад хэр удаж байгаа вэ?

-Найман жил өнгөрчээ. Манайх энд амьдрах болсоноос хойш манай хүн голын ойр орчмыг цэвэрлэх болсон. Хүү маань ч аавыгаа дагаж голоо цэвэрлээд дөрвөн жил болж байна уу даа. Харин өөрөө дагнаж цэвэрлээд гурван жил боллоо.

-Танай хүн бас голын ойр орчмыг цэвэрлэдэг юм уу?

-Манай хүн ер нь гол, голын ойр орчныг цэвэрлэх дуртай. Аав нь цэвэрлээд байгаа болохоор хүүхэд нь дуурайж таарна шүү дээ.

-З.Буянхишигийн Сэлбэ голыг цэвэрлэж байгаа зургийг интернетэд хэн тавьсан юм бэ?

-Хүүг маань голоо цэвэрлэж байхад манай ойрхон амьдардаг нэг залуу зургийг нь авч интернетэд оруулсан юм билээ. Тэгж л голын ойр орчныг цэвэрлэдэг ийм хүү байдаг юм байна гэж хүмүүс мэддэг болсон. Интернетэд тавигдсан зураг нь 2000 гаруй хувь түгсэн гэсэн байхаа. Их л олон хүн талархаж, сэтгэгдэл үлдээсэн байна билээ.

-Хүүг нь олон хүн сайшааж байна лээ?

-Олон хүнд танигдъя  гэж ерөөсөө бодоогүй. Зүгээр л голоо цэвэрлээд явж байвал үйлс бүтнэ гэж боддог. Хүүгийнхээ хийж байгаа ажлыг бид их дэмждэг. З.Буянхишиг маань их л олон сайдаас бэлэг авлаа, зурагтаар ч гарлаа. Сая хүртэл эмэгтэйчүүдийн баяраар NTV телевизээр ээжийгээ баярлуулж байгаа З.Буянхишиг хүү гарсан.

-Та хүүхдүүддээ юу гэж сургадаг вэ. Ийм жаахан хүү чинь өөрийнхөө санаачлагаар гол усаа цэвэрлээд, хайрлан хамгаалж байна гэхээр таны сургаалын үр байхдаа?

-Байгаль дэлхийгээ хайрла, орчин цэвэрхэн байвал байгаль дэлхий хүртэл баярладаг юм.  Хүн байгаль хоёр хүйн холбоотой учраас орчин тойрноо сайн цэвэрлэж бай гэж хүүхдүүдээ байнга захидаг. Бас хүнд тусалж, буян хийж бай гэж сургадаг. Ээж маань их буянтай хүндээ. Би ээжийнхээ захиас, сургаалаар хүүхдүүдээ хүмүүжүүлж байна. Биднийг бага байхад ээж маань хүн байгаль хүйн холбоотой, гол ус, уул нуруу ч эзэнтэй байдаг гэж ярьдаг байсан. Хүнд хар буруу саналгүй, гол усаа хайрлан хамгаалж бай гэж сургасаар ирсэн. Байгаль дэлхий, уул усаа, гол горхио хайрлан хамгаалж байгаагийн буянаар бид сайхан амьдарч байна. Үр хүүхэд, төрөл садан маань өвчин зовлонгүй, жаргалтай амьдарч байна.    

-Та Буянхишиг хүүгээ ямар хүн болно гэж хардаг вэ?

-Манай хүү өөрөө цагдаа болно гэдэг юм. Бас байгаль орчны чиглэлийн хүн ч болно гэдэг. Энэ чиглэлээрээ л мэргэжил эзэмших байх гэж бодоод байгаа.

-Хүүг нь найзууд нь хэр дэмждэг бол?

-Дэмжих найзууд бий. Зарим нэг нь гадуурхаад, “Чи хог цэвэрлэдэг биз дээ. Наана чинь хог байна, урдах хогоо аваач гэдэг” гэсэн. Зарим нь дэмжиж байхад зарим нь тохуурхаж сэтгэл санааг нь үймүүлэх тохиолдол ч байдаг юм шиг байна лээ.

-Олон дунд ингэж хандах тохиолдол байгаа байх л даа?

-Хүү маань хэрэггүй зүйлийг хүндээр тусгаж авалгүй, сонсоогүй юм шиг өнгөрөөдөг гэж байсан. Хэрсүү, биеэ даасан хүүхэд л дээ.

-Та хүүхдүүддээ хэр зөөлөн ханддаг вэ?

-Би өөрөө их зөөлөн хүн, болж л өгвөл сургаалын үгээр хүмүүжүүлэхийг зорьдог. Аль болох уурлаад, уцаарлаад байдаггүй. Харин аав нь жаахан зандардаг юм. Хүүхдийг үгээр, үлгэрээр хүмүүжүүлвэл илүү үр дүнтэй юм болов уу гэж боддог. Би хүүхдүүддээ тэвчээртэй, хатуужилтай байх нь чухал гэж үргэлж захидаг. Хүн дотроо бодолтой байгаад, тэвчээртэй байж чадвал хүрэх зүйлдээ хүрч л таараа.  

-Хүүхдүүддээ цаг зав гаргаж анхаарч чаддаг уу?

-Бид хоёр хүүхдүүддээ анхаарал тавих нь сул даа. Ажил гээд өглөө үүрээр гараад явчихна. Тэгээд шөнийн бор хоногт орж ирдэг.  Хүүхдүүдээ бага байхад нь орой ирээд хоол ундаа хийж иддэг байлаа. Одоо бол ажлаа тараад ирэхэд хоол унд бэлэн амар болжээ. Цаг хугацаа гэдэг амархан өнгөрдөг юм байна.

-Нэг хэсэг олон жоохон хүүхэдтэй яана даа л гэж боддог байв уу?

-Тэгсэн, бужигналдаад л... Нүд ирмэхийн зуур өсчихлөө дөө. Том нь багыгаа өсгөчихдөг юм байна. Хүүхдүүдээ бага байхад нь гэртээ ч, ажилдаа ч ямар ч завгүй байж. Ажилдаа явахаасаа өмнө хүүхдүүдийнхээ хоол унд, өмсөж зүүхийг бэлдэхээс эхлээд цагтай уралддаг байсан. Олон хүүхдийн идэж уух юм, угааж арчих зүйл барагдахгүй шүү дээ.    

-Таныхаар охин хүүхдийг яаж хүмүүжүүлбэл зүгээр вэ?

-Эмэгтэй хүүхэд даруухан байх хэрэгтэй гэж боддог. Манай 2 охин гэрээс нээх гардаггүй, даруухан, даруулгатай. Одоогийн зарим охидууд их айхавтар болсон байна. Элдэв л юм сонсогдох юм байна ш дээ. Охин хүүхэдтэй хүн чинь янз бүрийн юм сонсохоороо их эмзэглэдэг. Ер нь эмэгтэй хүүхдийг багаас нь хянахгүй бол нэг буруу замаар орчихвол хэцүү гэдэг юм билээ. Юу ч мэдэхгүй цагаан цаас шиг, гэнэн хүүхдүүд аливаад уруу татагдахдаа амархан ш дээ. Тийм болохоор миний хувьд хүүхдүүддээ урьдчилаад сануулж ярилцдаг.

-Охидтойгоо их дотно уу?

-Дотно, шууд л найзууд шиг ярьдаг. Алдахаас нь өмнө анхааруулсан нь дээр гэж боддог.

-Харин хөвгүүдтэйгээ?

-Ер нь их дотно. Өөрийгөө хүүхдүүдтэйгээ сайн ярилцдаг гэж боддог ш дээ. Хүүхдэд мэдэхгүй чадахгүй зүйл их байдаг учраас асуудал тулгарсан үед нь зөвлөж, тусалж, зарим үед аргадаж тайвшруулах тохиолдол гардаг. Эрэгтэй хүүхдийн суурь хүмүүжлийг зөв тавиад өгвөл амьдралдаа алдахгүй гэж ойлгодог. Гол нь аашилж уурлах биш үгээр захиж хэлж, хүүхдүүддээ өөрөө сайн үлгэрлэх л хэрэгтэй. Аав, ээж нь хэн байна, үр хүүхэд нь тийм л хүн болж төлөвшдөг гэж би боддог. Манай хүн гол, голын ойр орчмыг цэвэрлэдэггүй байсан бол миний хүү өнөөдөр ийм ажил хийгээ ч үү, үгүй ч үү? Тэгэхээр хүүхдэд бидний үлгэр хамгийн чухал байгаа юм.

-Айлын дунд хүүхэд эрт биеэ даадаг гэдэг?

-Ер нь үнэн шүү. З.Буянхишиг ч бас их эрт биеэ даасан ш дээ. Би ч гэсэн их эрт биеэ даасан. Сургуульд байхад өглөө төрийн дуулал эхлэнгүүт ээж Догоо босоорой гээд дууддаг байсан. Дуудангуут нь год үсэрч босоод галаа түлж, цайгаа чанадаг байлаа. Ээж гэр дулаацсаны дараа л босдог байсан юм. Бусад нь унтаж л байдаг байсан.

-Айлын бага эрх байх талдаа биз?

-Өө манай бага эрх, дураараа. Манай бага дүү ч бас л эрх. Харин эсрэгээрээ айлын том хүүхэд хариуцлагатай байдаг юм билээ. Том хүүдээ их хатуу шаардлага тавьдаг. Ах нь ямар байна дүү нь тийм л байна гэдэг утгаар том хүүдээ шаардлага тавьдаг. Манай том нь хүү, удаах хоёр нь охин, тэгээд Буянхишиг. Буянхишигийн дор эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд бий. Хүүхдүүдээ ажиглаад байхад том нь хариуцлагатай болж, дунд хүүхдүүд маань биеэ эрт дааж байна. Харин хоёр бага маань эрхлээд байж байна даа.

-Одоогийн энэ нийгэмд хөвгүүдээ орхигдуулах явдал харагдаад байна. Орхигдуулах гэдэг маань их дээд сургуульд хүүхдээ сургахдаа охиноо түрүүлээд сургадаг ч юм уу. Хүүгээ за яахав энэ эрэгтэй хүүхэд гээд хойш тавих явдал байгаад байх шиг санагддаг юм. Та үүнд ямар бодолтой, хандлагатай байдаг вэ?

-Ер нь зарим айлд ийм зүйл анзаарагддаг юм билээ. Хүүгээ эрэгтэй хүүхэд яахав, болно биз гээд хойш тавьдаг. Миний хувьд аль болох л жигд байлгахыг зорьдог ш дээ. Эрэгтэй хүн гэдэг чинь айл гэрийн ноён нуруу, түшиг тулгуур гэдгийг бодолцох л хэрэгтэй. Тэгээд хамгийн гол нь зөв хүн болгох л чухал шүү дээ.     

-Залуу ээжүүдэд маань зөвлөгөө өгөөч. Хүүхдийг яаж хүмүүжүүлбэл багаасаа байгаль дэлхийгээ хайрлах сэтгэлтэй болж өсөх вэ?

-Ээж хүн гэдэг өөрөө маш их тэвчээртэй, асуудлыг олон өнцгөөс харж шийдвэр гаргадаг байх хэрэгтэй.  Тэгж байж л хүүхдийг зөв хүмүүжүүлнэ дээ.  Ер нь хүүхэд өсгөж хүмүүжүүлэхэд их тэвчээр шаарддаг юм байна. Гэр бүлийн хоёр хоорондоо яаж харьцаж байна, хүүхэд тэрийг л дуурайна. Бид хүүхдээ ямар харилцаан дунд, ямар орчинд өсгөнө хүүхэд тийм л гэр бүл зохионо. Хүүхдийн ой тогтоолт, сэтгэл санаанд нь хоногшчихдог юм шиг байгаа юм. Тэгэхээр Монголын ирээдүй болсон үр хүүхдээ зөв сэтгэлтэй, зөв хандлагатай, тэвчээртэй хүн болгон хүмүүжүүлэх л хэрэгтэй. Хүүхдэд чи байгаль дэлхийгээс эхтэй гэдгийг сайн хэлж ярьж, хоногшуулах хэрэгтэй. Энэ ухагдахууныг ойлгосон хүүхэд байгаль дэлхийгээ хайрлах сэтгэлтэй болон төлөвшинө. Нэмээд хэлэхэд гол нь эцэг эх нь өөрөөрөө үлгэрлэх л хэрэгтэй. 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon