Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь ӨМӨЗО-ны Хөх хот, Эрээн хотын Үйлдвэр худалдааны Засаг захиргааны товчоотой хамтран “Монголд үйлдвэрлэв” гэсэн хуурамч шошготой бараа бүтээгдэхүүнийг таслан зогсоох, хяналт тавих арга хэмжээнүүдийг харилцан мэдээлэл солилцож шийдвэрлэж байхаар болсон билээ. Энэ дагуу Монголын хувцас үйлдвэрлэгчдийн үндэсний нэгдсэн ассоцциийн тэргүүн, Аж үйлдвэрийн тэргүүний ажилтан Жаргалмаа ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайханд хандсан байна.
Аж үйлдвэрийн тэргүүний ажилтан Жаргалмаа: Импортоор орж ирж буй сурагчийн дүрэмт хувцас зах зээлийг эзэлж байна
2012 онд, тухайн үеийн Засгийн газар Монгол улсад үйлдвэрлэсэн даавуугаар сурагчийн дүрэмт хувцасыг оёж улс даяар хангахаар шийдвэр гаргасан. Мөн Боловсролын тухай хуулинд ч Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хувцас нэг загвар, стандарттай байна гэж заасны дагуу энэ асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр ярилцаж төсөл хэрэгжүүлсэн. Төсөл хэрэгжсэн эхний жилдээ 3000-4000 хүнийг ажлын байраар хангаж, төсөл үр дүнтэй байсан ч удалгүй импортоор орж ирж буй сурагчийн дүрэмт хувцас зах зээлийг бүрэн эзэлж борлуулалт хийхэд хүндрэлтэй болсон. Уг нь энэ бүтээл нь БСШУЯ-ын оюуны өмч. Эл дүрэмт хувцасыг Монголд үйлдвэрлэж зах зээл дээр гаргасан байтал яг адилханыг дуурайлгаж Хятадад хийлгээд “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошго нааж зах зээлд гаргах болсон. Бид улсаас маш их зээл авсан. Бас татвараа төлөөд үйл ажиллагаа явуулж байна. Тиймээс энэ асуудлыг шалган нягталж дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжиж ажиллаасай гэсэн үүднээс ШӨХТГ-т хандаж байна.
ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан: Хуурамч бараа бүтээгдэхүүнтэй хатуу тэмцэнэ
Улс эх орноо хөгжүүлье, импортын бараа бүтээгдэхүүнээс татгалзаж үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлье хэмээн зүтгэж, хүн амаа ажлын байраар хангаж байгаа иргэд, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих нь бидний ажлын гол хэсэг. Хүн амыг ажлын байраар хангаж, дотооддоо бүтээгдэхүүн үйлдвэрлэж, баялгийг бүтээж яваа энэ хүмүүсийг дэмжсэнээр эргээд тэтгэвэр тэтгэмж, цалин хөлс нэмэгдэх нь зүйн
хэрэг. Ийм хүмүүсийн хажуугаар үндэсний үйлдвэрлэгч нарын бараа бүтээгдэхүүнийг хуурамчаар үйлдвэрлэх, шошго тэмдгийг хууль бусаар хийж дотоодын болон гадаадын зах зээлд борлуулж байна гэсэн өргөдөл гомдол манай байгууллагад их ирж байна. Тиймээс ШӨХТГ хуурамч бараа бүтээгдэхүүнтэй тэмцэх, таслан зогсоох асуудлыг бодлогын төвшинд авч үзэж, үр дүн гаргаж ажиллана.
Сэтгэгдэл бичих