Нийтлэл 03 сарын 27, 2015

Фельетон: МОНГОЛЫН УНАГАХ СЭТГЭЛГЭЭ

УНАГАХ СЭТГЭЛГЭЭ бол агуу сэтгэлгээ. Хэн нэгэн нь патентыг нь хулгайлчих ч юм билүү юмыг яаж мэдэх вэ гэж бодоод МОНГОЛЫН гэж зориуд тодотгов. УНАГАХ СЭТГЭЛГЭЭ Монголынх байсаар ирсэн, хэн ч маргах аргагүй, хэн ч булаах эрхгүй!  Уул шугамдаа бол Монголын үндэсний бѳхѳѳс гаралтай юм л даа.

Үндэсний бѳхийн механизм нь ѳрсѳлдѳгчѳѳ хазах, нүдрүү нь долоовроороо хатгахаас бусдаар ямарч хамаагүй арга мэх хэрэглэж байгаад УНАГАХ, монголчууд ѳвдѳг шороодуулах гэж онож хэлсэн байдаг.

Сүүлийн үед ч юм хѳгжѳѳд арай ч дэндүү гэмээр сайхан сайхан экстремэл мэх их орж ирсээн, юү юүгүй л дүлийртэл алгадаад, хэрлэг рүү нь балайртал мѳргѳѳд, эсвэл эмзэг эрхтний бэлчирт нь зүгээр л тийрээд нам унагадаг болсон байна лээ. Унасан бѳх нь босож ирээд зѳрүүлээд ѳшиглѳчихѳж болно, бас хойшдын хонзон болгоод араандаа зуучхаж болно.

 Камер дуран, техникийн боломж муутай болохоор ѳвдѳг шороодсон эсэх дээр маргаан үүсдийн, гэхдээ бѳхийн малгай баригчид уралдаж гүйж очоод ѳвдѳг тохойд нь шороо наалдсан эсэхийг шалгаад л асуудлыг шийдчихнэ. Шийдвэр нь, бѳхчүүдийн аль нэгний санаанд нийцээгүй бол таахалзан, баацганан алхах сонин үзүүлбэр үзүүлж наадамчин олныг шуугиулна, лааз шидүүлнэ. Тэр даруй ХѲЛИЙН ЦЭЦ гэж ҮХ-ийн цэцээс ч илүү эрх дархтай далбагарууд үзэмжээрээ шийднэ. Саяхан даа, унагах ажиллагаа их шуурхай байсан, сүүлийн үед ч унагах гэж тамладаг болсон шиг байна, уяж уяж байгаад барьцандаа хүрч авуут хонзонтойгоор чанга унагана. Унагахдаа элэг хавьд нь хүнд жингээр тохойлдож давхар кайф авна, цэцүүд палийтал инээж харагдана.

Дарж унагах гэдэг сүүлийн үеийн сонгодог мэхийг амжилттай хийхийн тулд бѳхчүүд жингээ нэмнэ, яг л сүмоч шиг. Хүнд жингээр дарж унахдаа доор нь орсон хүний яс, үе мѳч шаржигнан эвгүй дуу гарах нь үзэгчдэд тѳсѳѳлѳгдѳнѳ. 

Монголчууд бѳхдѳѳ хайртай ард түмээн,  тиймээс ч БѲХИЙН СЭТГЭЛГЭЭ-гээр, хайртай бѳхчүүдийн маань унагах сэтгэлгээгээр л бүх юм явж байнa.  Харин УНАГАХ СЭТГЭЛГЭЭ-г гагц бѳхѳд ч биш бүх юманд, бүр улс тѳрд ѳргѳн хэрэглэх болсон нь улс тѳрчдийн нѳр их хѳдѳлмѳрийн гавьяа, үнэхээр гайхалтай, бахархмаар дэвшил.

Бүр, УНАГАХ СЭТГЭЛГЭЭ гэдэг дуу гараасай гэж боддын.
 
Зангаргатай нэгийг нь мэтгээд унагана
Зарим нэгийг нь түлхээд унагана
Заяасан нэрийг нь гутаагаад унагана
Засгийн газраа бол нохой мордчихно
    Хавьтсан ойртсоноо дунгуйдна
    Хажуу хавиргаа хадарна
    Хамт яваагаа ташаадна
    Хамаг Монголын УНАГАХ СЭТГЭЛГЭЭ...энээ тэрээ гээд би үгийнх нь эхийг гаргаад ѳгье л дѳѳ! Ая зохиогч хэн ч билээ энийг аваад, ѳнгѳ аясыг нь тааруулж ѳѳлж билүүдэх юм байвал янзлаад авахад татгалзах юмгүй хѳ, зѳвшѳѳрч байна аа, сайхан дуу болох байх шүү. Зохиогчийн эрх мэрх гэж гонгиноод байх юм алга дѳѳ.
 
Ѳргѳѳ цагаан гэрийнхээ титэм хууль руу давшилна
Ѳѳлж шоолж ѳѳрсѳддѳѳ ашигтайгаар суйлна
Ѳгѳѳмѳр гэгээн ардынхаа сэтгэлийг нулимж унагана
Ѳѳдлѳх хийморь лундаагаа бүхэлд нь нураана
      Бүтээсэн байгуулалтаа түлхээд унагана
      Босгосон шовоохойгоо нураагаад унагана
      Уул уурхайгаар гэр барьж тоглоно
      Унацыг нь авсан даруйдаа мурина
Хор найруулж хавьтсан бүхнээ унагана
Хонгор нялх үрээ зодоод унагачихна
Хоолтой хоолгүйн хоорондуур ѳѳрийгѳѳ унагана
Хорвоогийн нарыг хүртэл унагах гэж оролдоно...за нэг иймэрхүү хувьслыг бас санал болгоё, энд тэндгүй л унагаад байгаа болохоор үг зэргийн юм амархаан гарчихна. Харин ая хийхдээ л бодож хийгээрэй, бас нэг гутрангуй юм болгоод тэртэй тэргүй унаж яваа ардын сэтгэлийг бүр цааш нь харуулчих юм хийчхэв! Тийм нэг эвгүй чахарсан, аймшгийн киноны арын ая шиг ч юм уу байвал ямар байдгийн бол оо! Учир нь гэвэл хаврын хавсарга түмний уур гэдэг хѳдѳлгѳдѳг ч юм уу яадын, хаврын хаварт л түмнээрээ эмоциддог болсон, энэ жилийн гудамжны ээлжит хѳдѳлгѳѳний арын фон дуу болгочихвол гэсийн

Жавхлангаар дуулуулж болно. Саяхан тэр МҮОНРТ-ийн нэг нэвтрүүлэгт сэтгүүлч Оюунчимэгтэй ярилцлага хийж байхдаа, газар шороо ярьж байснаа л 2 гараа дэлээд дараа нь уйлж байгаа харагдсан. Гадаадынхан инспирашн гээд байдаг даа, сэтгэл огшсон үе гэмээр ч юм уу, тэр нь ирчихсэн байгаа бололтой, яг энэ үед нь дуулуулчихвал, аан!

Нэр унагах. Нэр унагах бол зүгээр л хэвийн үзэгдэл болчхож. Улс тѳрийн хүрээнд, улс тѳрийн зорилготой НЭР УНАГАЛТ бол саваа халин, хэв хэмжээнээсээ аль хэдийн хэтрээд явчихсан. Ялангуяа энэ хэдэн сайтын коментыг уншихаар, уншигч би бээр ингэхэд арай хужаа биш байгаа ч гэдиймүү, эсвэл би чинь ингэхэд хүн мѳн үү, эсвэл мал юм уу гэдгээ толинд очиж харахаар тийм л тѳвшинд очсон байна, эвгүй байна шүү. Зурагдсан пянз шиг нэг үгийг нэгэн хэмийн аясаар байнга давтаад байхаар ѳѳртѳѳ ч итгэхээ больж ирж байгаа нь л энэ байх. 
Засаг унагах Ѳѳ тэр, ѳѳрсдийхѳѳ сонгосон засгийг бол ёстой бид сонгосон юм чинь, эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг юмаа гээд л унагаж орхино. Гэхдээ голдуу ѳрѳхгүйгээр шууд дайрах, довтлох, сэнжигний барьцаас доромжлох, гутаах, сэтгэхүйгээр унагах, гүтгэх, баалах голдуу мэхээр уурыг нь хүргэж байгаад барьц алдангуут нь хавсраад унагачихна. Монголын энэ мэхээр, Засаг унагах талаараа алдартай  Боливи ч билүү оронтой харилцан туршлага судалбал гоё юм болох байх шүү.
Бүгдийг нь унагах. Ер нь бол унагачихмаар юм зѳндѳѳ байна л даа, гэтэл унагачихмааргүй юмыг шуурч очоод л унагаад байдаг нь их сонин сэтгэлгээ.

Чулуужсан туйван хѳшѳѳнүүдээс айгаад байдаг ч юм уу, шѳнѳ хар дарж зүүдэлдэг ч юм уу, мѳн ч олныг унагасан даа. За барилгаар аваад үеье! Царцсан барилга гэж нэг үйлийн үртэй барилга байна аа. Тѳсвѳѳс мѳнгѳ саах сайхан арга тэнд байсныг нь хуучин засаг ноён байсан Алтанхуяг гэнэт олж мэдээж очоод царцаачихсан юм. Тэрийг худалдаад мѳнгѳ олооч ээ Сайханбилэг ээ гээд л Алтанхуяг хашхирч байна, бодвол ѳѳрѳѳ тийм л бодолтой байсан бололтой. Тогоон дотор хэдэн цагаар буцалгаж байсан тарган үхрийн хавиргыг гэнэтхэн л болкоон дээр гаргаад цочир хүйтэнд  дарайтал царцаачихсантай л адил юм даа. Одоо ч оруулж ирээд идэхийн аргагүй  нэхшээ биз дээ гэмээр удчихлаа даа.  Гэхдээ л нураахад харамсмаар, түрүүчээс нь нурааж л байна. Нэгэнт барьчихсан сайхан 12 давхар барилгыг нурааж зардал гаргаж байхаар, тэр сүүдэртчихлээ гээд гомдол гаргаад байгаа ард түмэнд нь үнэ тѳлбѳргүй ѳгчихѳѳд нийлээд гүйцээгээд бариад авцгаа гээд хэлчхэж болдоггүй ээ! Ардуудыг тэгж баярлуулахгүй шүү, алинд нь ч хүртээлгүй даший шоо! Ийм л нэг уран, унагах сэтгэлгээ.

Уран мэхтэй Монголын унагах сэтгэлгээ мандан бадрах болтугай, гэхдээ унагах ёстой, унагахаас ѳѳрѳѳр ѳѳдлѳх зам нь харагдахгүй больчихсон юмсаа л эхэлж унагацгааж баймаар байна даа!
 

Сэтгэгдэл бичих

arrow icon