Монгол улс ардчилсан тогтолцоонд шилжээд даруй 25 жил өнгөрчээ. Энэ хооронд ардчилсан тогтолцооны институц ямар байх ёстой, хэн ямар эрх үүрэг эдлэх ёстой талаар олон нийт болон төрийн эрх барьж буй улс төрийн хүчнүүд харилцан адилгүй ойлголт төсөөлөл, мэдлэгээр үйл ажиллагаа явуулж, амьдарч ирсэн. Гэтэл аливаа нэг гэр бүл нийтлэг ашиг сонирхол, нэгдмэл үзэл санаатай байхгүй бол нэг гэрт амьдрахад хэцүү байдагтай адил улс төр дэх субъектүүд, иргэд нэгдмэл нэг үзэл санаа, нэгдсэн ойлголттой байхгүй бол улс орон болж хамтран амьдрахад олон бэрхшээл, сорилт учирдаг аж. Тиймээс улс төр дэх олон янзын нам эвсэл, мөн олон нийтийн төрөө ойлгох ойлголтыг нэгтгэж хөгжлийн замаа тодорхойлох нь хамгийн чухал
гэдгийг МҮАН, ШУА хамтран зохион байгуулсан “Төрөө урлахуй” сэдэвт хэлэлцүүлэгт оролцогсод онцолж байсан бөгөөд Төр ямар байх ёстой талаар сонгодог онолоос эхлүүлэн өнөө цагийн шилдэг төр улсуудаас жишээ татан төрөө хэрхэн урлах талаар санал солилцлоо. Хэлэлцүүлэгт МҮАН-МАХН-ын Шударга ёс эвсэл, ИЗНН, МАН-ын төлөөлөл ирсэн. Уг хэлэлцүүлэг нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах цаг үетэй давхцаж байгаа нь тохиолдлын хэрэг биш бөгөөд хэлэлцүүлгээс гарсан тодорхой саналуудаас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэлэлцүүлэгт оруулах аж.
Хэлэлцүүлэгт МҮАН-ын дарга М.Энхсайхан, УИХ-ын гишүүн Н.Энхболд, ИЗНН-н дарга Ц.Ганхуяг, УИХ-ын гишүүн Г.Уянга, ШУА-ын Социологийн ухааны доктор О.Эрдэнэчимэг, МАХН-ын гүйцэтгэх товчооны гишүүн Э.Эрдэнэжамьян нар илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм. Мөн Ерөнхий сайд асан Содном, УИХ-ын дэд дарга Л.Цог, Хууль зүйн дэд сайд асан В.Удвал зэрэг төр нийгмийн зүтгэлтнүүд, мөн судлаач оюутнууд оролцож олон чиглэлээр өргөн хүрээнд санал бодлоо хуваалцлаа.
Монголд төрийн тогтолцоо гажуудалд орж, төрийн алба төрлийн алба болж, авилгал нийгмийн бүх системд газар авсан, нийгмийн үнэт зүйлийн чиг баримжаа гэх юмгүй болж хүн бүр дур дураараа аашлан хувийн ашиг сонирхлыг хэрэгжүүлэхийн төлөө улайран тэмцэж буй энэ үед бидэнд ямар сонголт байгаа талаар хуралд илтгэл хэлэлцүүлсэн илтгэгчдийн илтгэлийн гол санаануудыг буулган нэгтэн хүргэж байна.
Төр байвал халамжийн биш эдийн засгийн хөгжлийг чухалчилсан “Хөгжлийн Төр” байх ёстой.
Жишээ нь Сингапур улс эдийн засгийг чухалчлан хөгжүүлснээрээ улс орноо бүхэлд нь хөгжүүлж чадсан.- “
Төр хүчирхэг байхын үндэс нь Төрийн алба хүчирхэг, тогтвортой байхад оршино
”. Тиймээс төрийн албаны мерит тогтолцоог боловсронгуй болгож улс төрийн намын үзэмжээр төрийн албаны томилгоо хийдгийг таслан зогсоож мэргэшсэн албан хаагч удаан хугацаанд ажиллах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Төрийн албыг мерит системээр амжилттай хөгжүүлж чадсан Германд гэхэд төрийн албаны томилгоог насан туршдаа хаахаар томилдог бөгөөд хамгийн өндөр боловсрол бүхий хүмүүс нь төрийн албанд орж, өндөр цалин хангамж эдэлдэг байна. - Төрийн албаны тухай хуулийг шинэчилж, төрийн албан хаагчийн тогтвортой ажиллах эрхзүйн баталгааг гаргаж өгөх.
- УИХ-ын гишүүн Г.Уянга өөрийн илтгэлдээ
Социалист дэглэмийн үед нийгэм даяар хэрэглэдэг байсан “Улаан шугам”-ын шигшүүрийг ерөнхий боловсролын сургуулиас эхлэн төрийн алба хүртэл сэргээж нийгмийн гишүүдийг чаддаг чаддаг ажлыг нь хийлгэх тогтолцоонд шилжвэл нийгэмд эмх журам, эрүүл тогтолцоог бүрдүүлэх боломжтой хэмээн дурдсан.
- Монгол төрийн тухай, Монголыг хөгжүүлэх бодлогын асуудлыг ярихын тулд эхлээд “Монгол хүн гэж хэн бэ” гэдгийг тодорхойлох хэрэгтэй. Хэрвээ үүнийг зөв тодорхойлж чадвал “Монгол хүн” буюу Монгол улсын иргэндээ таарсан бодлогыг ул суурьтай төлөвлөх боломж бүрдэнэ.
- Улс төрд орох боломж намуудын хувьд мөнгөний өндөр босготой биш байх ёстой. Ялангуяа засгийн эрхэнд намууд хандивлагчдын их хөрөнгө мөнгөөр орж ирдэг байдлыг өөрчлөхгүйгээр төрийн эрхэнд их хэмжээний мөнгөөр гарч ирсэн нам эргээд улс төрөөс тэр мөнгөө босгодог чөтгөрийн тойрог арилахгүй. Тиймээс “Сонгуулийг бага зардлаар хийдэг тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй”.
- Төрийн бүтэцтэй хэт их зууралдах биш төрийн байгууллагууд, албан хаагчид нь ажил үүргийнхээ гол зорилгоо ухамсарлах нь илүү чухал.
- Эрх мэдлийн хуваарилалтыг хийхдээ УИХ, ЗГ, Шүүхийн байгууллагын эрх үүргийг маш сайн зааглаж өгөх. Үгүй бол нэг нь нэгнийхээ ажил руу ордог, үгүй бол хэн ч хариуцдаггүй ажлууд гарч ирдгээс үүдэн засаглалын тэнцвэртэй байдал алдагддаг.
- Эцэст нь
“Төрөө урлана” гэдэг бол ерөөсөө “Үндсэн хуулиа” л өөрчилнө гэсэн үг.
Тиймээс ч нийгэм даяар болж бүтэхгүй асуудлын шийдлийн эцсийн цэг нь Үндсэн хууль дээр ирж тулдаг. - Улс төр ч бай төрийн алба аль алиных нь бүрэн эрхийн хугацааг анхаарах хэрэгтэй байна. Ажиллах хугацаа богино байгаагаас Хоноцын сэтгэлгээтэй хүмүүс их болж, тэр хирээр төрийн бодлого замхарч байна.
- Засгийн газрын бүтцэд Хөгжлийн асуудал эрхэлсэн бүтэц заавал оруулах хэрэгтэй байна. Эдийн засаг хөгжлийн яам гэх мэт. Бодлого нь буруу байвал бүтцийг устгах биш, хүнийг нь сольдог зарчим чухал.
- Төрийн бодлого тогтвортой байх ёстой. Тухайн яамны бодлого гэж байх ёстой болохоос яамны Сайдын бодлого гэж байх ёсгүй, сайд бол зөвхөн үүрэг гүйцэтгэгч.
- Нийгэмд оюун санаа, шударга ёс гэх мэт хүний нийгмийн суурь үнэт зүйлсийн талаарх нэгдмэл ойлголт байхгүй байна. Нийгмийн оюун санаа, үнэт зүйлсийг хариуцсан албан ёсны газар байх ёстой. Үүнээс болж нийгэмд дур зоргоороо олон хүн, олон бүлэг эвсэл юу ч хамаагүй хийж байна.
- Улс орны хөгжлийн бодлогыг төлөвлөдөг шинжлэх ухааны, судалгааны “Хөгжлийн хөтөч байгууллага” -уудыг бий болгож, хөгжүүлэх хэрэгтэй.
Дээрх санаануудыг нэгтгэн буулгавал Төр оршин байхын үндэс нь Монгол хүн. Монгол хүнийг сайхан амьдруулах үндэс нь хүссэн ч эс хүссэн ч Монголын төр, Монголын төрийн бодлогыг тогтвортой хэрэгжүүлэх Төрийн алба. Тиймээс Монгол хүмүүсийг намын харьяаллаар эсвэл өөр ямар нэг нийгмийн байдлаар нь биш чадвараар нь шүүж төр, улс төрийн албанд томилох хэрэгтэй. Томилгоог хийхдээ улс төрийн намаас хараат бусаар хийх нь төрийн албыг бэхжүүлэх үндэс болно. Тухайн иргэний нийгмийн янз бүрийн байдлаас үл хамааран чадвар чадамжаараа төрийн дээд байгууллагад ажиллах, төрийг удирдалцах боломжийг эдлэх нь ардчилсан нийгмийн шударга ёсны үнэлэмжид ч зохицох тул эрхэм гишүүний хэлснээр улаан шугам татахад болохгүй гэх газаргүй.
Монгол хүндээ нийцсэн, үндэсний ашиг сонирхлыг дээд зэргээр тусгасан “Хөгжлийн бодлого”-той болж түүгээр ямар ч намын үед Төрөө удирддаг болох хэрэгтэй аж. Гэхдээ одоо болохгүй байгаа төрөө өөрчлөн шинэчилж урлах эрмэлзлээр Үндсэн хуулиа шинэчлэхдээ аль нэг нам эвсэл бүлгийн эрх ашгийг хавчуулалгүйгээр шинжлэх ухаанд хөтлөгдөх ёстойг мартах учиргүй.
Биднийг удирдан буй төрөө болж бүтэхгүй байгааг шүүмжлэн Улаан шугам ч бай ямар нэгэн цензур тавьж шинэ төр урлах талаар ярьж хөөрөн, үйл хэрэг болгох явцыг далимдуулан Монголын ард түмний 25 жилийн өмнө олж авсан ололт болох парламентын тогтолцооноос ухран Ерөнхийлөгчийн засаглалд шилжих буюу нэг хатуу гард зангидуулсан засаглалыг хүсэмжилсэн ашиг сонирхол, эсхүл сэтгэл хөөрөл, үйл ажиллагаа олон гарч магадгүйг анхаарна буй за.
Сэтгэгдэл бичих