Нийтлэл 04 сарын 02, 2015

ДАВС ХИЙВЭЛ УУСТАЛ НЬ ...

Бас л өнөөгийнх шиг хаврын нэгэн хохигносон жихүүн салхитай өдөр байж билээ.

Би тэгэхэд 3 дугаар ангийн сөөвгөр хүү, хаврын урт амралт эхэлчихсэн байлаа. Тэр цагт хөдөө сумдын сургуулийн хичээлийн хаврын амралт бүтэн сар үргэлжилнэ. Яг ид мал төллөх цаг тул малчдын хүүхдүүдийг эцэг эх, ар гэртээ туслуулах гэж тийн удаан амраадаг байжээ. Өглөө эрт аав сэрээгээд “Миний хүү бос, аавтайгаа хамт хөдөө явна. Гүйж гараад аль болох олон шуудай бэлдээдэх” гэлээ.

Би аавыг хаашаа л явна яг нохой шиг дагах дуртай. Шомбос хийтэл  босч гүйн, өөрийн болон өрөөлийн бага гэрүүд, амбаарыг нэгжиж байгаад 15 шуудай цуглуулав. Хөдөө явах нь гэж баярласандаа тэр... Тэр цагийн шуудай ч гэж шуудай байж. 70 кг гурил багтдаг, бидний мэтийн багачуул бол дотор нь хосоороо элбэгхээн багтаад орчихмоор том. Одоогийнхтой адил тохойн чинээ юм байсангүй. 
Тэгээд аав, аавын найз Туяахүү хэмээх хүдэр том биетэй жолооч ахтай гурвуулаа ахын 53 машинаар сумын төвөөс гараад давхичихлаа. Төд хол явалгүй элсэн нураг ихтэй бут сөөгтэй Бага Элстийн ам өгсүүлэн намайг өнөөх 15 шуудайтай маань буулгачихаад, “Миний хүү, аав ах хоёр нь оройхон ирнэ, хяр гарчхаад. Энэ шуудайнуудаа тэсэг, харганын хожуулаар сайхан дүүргээд байж байгаарай. Гартаа өргөс оруулчхав, мэдээтэй байгаарай” гэж хэлчхээд, 2 литрийн бидонтой хар цайны хамт үлдээв.
Аавыг дагаад хол явна гэж бодож байсан би бага зэрэг гонсгор үлдсэн ч бас хаврын хавсарга өдөржин хоосон янданд хонгинохыг чагнан гэрт ном тэврэн гиюүрэн хэвтсэнээс л дээр санагдана. Элсэн нураг, ганга жалгын ирмэгээрх үжир тэсэг авахад их амархан, нэг сугсрахад л, эсвэл нэг тийрэхэд л үндэстэйгээ нураад ирнэ. Уг нь харганын хожуул түүвэл хавьгүй түлүүртэй гэдгийг мэднэ л дээ. Тэсэг нэг дүрэлзээд дуусчихна, гал болж шальдаггүй юм. Гэхдээ харганын хожуулаар тэр далай шиг том шуудайнуудыг дүүргэнэ гэвэл өдөржин гүйх болно. Тэгэхээр шуудайнуудаа тэсгээр дүүргэчихсэн нь амархан болохыг анзаарав. Чихээд хийвэл нэг шуудайд нэлээд их тэсэг орж байна. Тэр олон том шуудайг бүгдийг нь чихэж дүүргэнэ гэхэд зөндөө их ажил санагдав. Чихэхгүй бол бага шиг 5 тэсэг, том нь бол 3 тэсэг л нэг шуудай... Ингээд хэдхэн жалганы ирмэг дагаж гүйн өнөөх 15 шуудайгаа тэсгээр тэгэс ингэсхийн дүүргэчихээд, өшиглөж өнхрүүлсээр машин замын дэргэд аваачин овоолж орхилоо. Майхан шиг том сүр бараатай овоолго болж байна. 
Нар яагаа ч үгүй байдаг. Аав, ах хоёрыг хүлээж, дэмий л эгч цавчим элсэн нураг руу гулгаж тоглолоо. 

Зарим элсэн нураг бараг 40-50 метр өндрөөс бууна. Тийш буухад яг л нисэж буй мэт, шонхор шувуу олзруугаа шунган дайрч буй мэт, одоогийнхоор бол галзуу хулганаар бууж буй мэт сайхан мэдрэмж төрнө.

Тоглоомондоо сатаараад цаг хэрхэн өнгөрснийг анзаарсангүй. Нэг мэдэхнээ машины сигнал гийнаж, нөгөө хоёр ирэв. Дэгдээд л очлоо. Овоолчихсон түлээний маань дэргэд элс овойтол тоормосолсон машины кабинаас аав нүүр дүүрэн инээсээр буув. Би ч шуудайнуудаа бүгдийг нь дүүргэчихсэн баатар хүн “Ааваа, энийг хараарай” гэж хийсэн ажил руугаа заасаар гүйж очин үнсүүллээ. “Миний хүү ч мундаг хүү дээ” гэсээр аав толгой илж байна. 
Аав инээсэн хэвээр овоолттой тэсэг рүү очиж захаас нь машины тэвш рүү шидэхээр барьж авснаа царай нь хувьсхийн барайгаад явчихлаа. Тэгээд над руу айхтар ширүүн харав. Гэхдээ юм хэлсэнгүй. Туяахүү ах намайг шоолов бололтой нэг үг хэлээд, том том инээсээр өнөөх шуудайтай тэсэгнүүдийг хоёр гурваар нь базаад тэвш рүүгээ хормын дотор цацаж орхив. Салхитай байсан учир Туяахүү ахын үгийг би сонсож чадсангүй. 
Гэр хүртэл аав ч, ах ч дуугарсангүй. Аавын баргар царайнд өчүүхэн ч гэрэл гийсэнгүй. Надад ч нэг л тавгүй байлаа. 
Түлээний амбаарын оёорт түүсэн "их" түлээгээ буулгачихаад гэрт ороход ээж, “Миний хүү ядрав уу?” гэсээр хошуу цорвойлгон угтав. Би уг нь гүйж очоод эрүүгээ, эсвэл хамраа өгдөг хүн. Гэтэл тэгсэнгүй, тулганы баруун өөд бушуухан зүтгэллээ. Хоймор сууж байсан аав, “Ямар юмных нь ядардаг юм. Давс хийвэл уустал нь гэдэг юм” гэж янзгүй дуугарч байна. Цайгаа хагас дутуу уугаад, аав намайг дагуулан гарлаа. Өнөөх шуудайтайг бүгдийг асгуулаад өөрөө эргүүлэн шуудайлав. Хоёр шуудай дүүрээд, гурав дахь нь дөнгөж талдаа ороход миний түүсэн бүх тэсэг дуусчихлаа. Тэгээд аав маань нэг том санаа алдсанаа, “Өнөөдрийн чиний хийсэн ажил чинь энэ” гэж чанга хэлчхээд гэр лүү эргэв. 
Би хошуугаа унжуулан жаахан зогсож байснаа, төдөлгүй хаанаас ч юм гүйгээд ирсэн нэг хүүтэй нийлж аваад бас хаа нэгтээд гүйж одов. 
Орой харин оронд орсон хойно нойр баахан хулжингуй. Сэтгэл нэг л зовууртай. Бараг анх удаа санаа зовно гэдгийг мэдэрсэн болов уу. Тэгэхэд Ильичийн гэрэл оройн 11 цагт унтардаг байлаа. Харанхуйд аав, ээж хоёр дүнгэр дүнгэр гэлцэнэ. Аав өдрийн явсан газрынхаа сонин хачныг ярьж, ээж хааяа асууна. “Жажаагийхаар орж амжив уу, хө? Нөгөө муу Түнтүүгийх хаана хаваржиж байгаа юм бол?”. “Жажаагийхаар орсоон. Баруун хатавчаар нь дүүрэн л ишиг. Ид ишиглэж байна аа. Тэдний ямаа ихэрлэж байх гэж жигтэйхэн. Нээрээ жаахан хэлгий уураг аваад яв гэж байсан, гарахдаа мартчихсан байна билээ. Түнтүүгийнх Наангийн битүүд хаваржиж байгаа юм гэсэн. Арынх нь хөтөл цас ихтэй, тийшээ орж чадсангүй” гэх мэтээр. Би чагнан, ингэж явсаар миний түүсэн түлээний тухай бас ярилцах л байхдаа хэмээн хүлээнэ. Гэхдээ нэг л түгшүүртэй. Тийн ярилцсаар миний түгшин түлээж байсан цаг ч болов. “Зайлуул, нялх амьтныг чи хээр хөдөө ганцааранг нь өнжүүтээр орхичхоод, дээр нь бас хатуурхаад байх юм. Яахав хэр чинээгээрээ л түлээ түүсэн болж” гэж ээж ярив. Ээжийн энэ үгийг сонсоод хамрын угаар шархираад ирэх... Гэтэл аав “Одоо, хий настайгаа 12 хүрлээ. Юуных нь нялх байхав. Чи бидэн 12-тойдоо яаж л явлаа даа” гээд шүүрс алдсанаа “За тэр ч яахавЭнэ хэдэн тэсэгнээс болж, өдөр Туяахүүгээс хичнээн их санаа зовов оо” гэв. 
Тэр үгийг дуулаад өөрийн эрхгүй сэрхийсэн дээ. 

Гурав хүрэхгүй шуудай түлээ түүчхээд 15 шуудайг түүчихсэн гэж би өөрийгөө хуурчихсан, түүнээ бол гадарлаад л байсан хэрэг. Түүндээ бага зэрэг гэмшээстэй. Гэтэл өөрийгөө хуураад зогсоогүй аавыгаа ч бас хуурчхаж. Аавыгаа хуурдаг хүүгийнхээ өмнөөс аав минь найзынхаа өмнө тийн ихээр санаа зовжээ. Аавыгаа хуураад ч зогсоогүй аавын дотнын найз, нутгийн ахыг ч бас хуурчхаж. Цаашлаад бүхнийг хуурчхаж... 

Өөрийн эрхгүй нулимс мэлмэрч, хөнжлөө толгой дээгүүрээ татаж байгаад чимээгүй мэгшиж билээ. 
Тэр цагаас хойш би “Давс хийвэл уустал” гэдэг үгийг мартахааргүй болсондоо. Ямар ч ажил хийсэн чадах хэмжээнд хүртлээ л хийх гэж мачийдаг болж билээ. Аяга угаасан ч чадах хүртлээ угааж, арчиж зүлгэнэ. Мод хагалсан ч зомгол залтсыг нь үлдээлгүй хамна. Ном уншсан ч дуустал нь, утга санааг нь ухан ухан уншина. Мэдээж хэрэг чадал хүрэхгүй, дутуудуулах юм зөндөө, гэхдээ л чадахыг хичээдэг, чармайдаг, ядахдаа оролддог болсон юм даа

                                                                                                                                                                                                                                                                 2015 оны 4-р сарын 1

 

Сэтгэгдэл бичих

arrow icon