Нийтлэл 04 сарын 02, 2015

Фельетон - БУХЫН ДООДОХЫГ ХАРЖ ҮНЭГ ТУРЖ ҮХНЭ

Бухын доодохыг харж үнэг турж үхнэ гэж монголчууд ярьдаг нь мал, амьтны үйлдлээр нийгмийн араншинг дүрсэлсэн гайхамшигтай зүйрлэл (metaphor). Энэхүү зүйр үгийн агуулгыг сонирхон монгол хэлний тайлбар толь сѳхѳѳд хартал, хэн нэгэнд хэтэрхий найдаад юу ч гүй хоцрохыг хэлнэ гэж томъёолсон байх юм. Монголын нийгмийн ѳнѳѳгийн амьдралыг яг л голоор нь хэлчихэж. 

Монгол улс гээч айл 3 том бухтай л даа.

Тѳр
Ѳнѳѳгийн үнэлэмжээр тѳр бол ёстой нѳгѳѳ үлэмж биетэн гэдэг шиг аварга том бух, ард түмэн түүний хажууд зүгээр л цэг. Бухын эд эсүүд бүгд олигархи эрхтнүүд, бас ялаа батгана шавахаас  хамгаалж үргээх зориулалттай, байнга араас нь зүүлттэй явдаг сүүл гэж бий, бухын сүүл. Бухын бааснаас нь нялгадаж үлдэх ѳчүүхэн хэсгийг эс тооцвол сүүлэнд ирэх унац гэхээр юм уг нь байхгүй л дээ, гэхдээ л сүүлний бодол ѳѳр, хэзээ нэгэн цагт сүүл байхаа болиод бух болчих ч юм шиг тѳсѳѳлнѳ, бас тээр хол бухын толгой дээр байгаа хоёр эврийг очиж арчина, зүлгэнэ гэж сайхан мѳрѳѳднѳ. Бүдүүн хүзүүтэй бух сүүлээрээ эврээ юу юугүй шавхарна гэх нь бараг л тохиолдол, тэхээр алсын талдаа л мѳрѳѳдѳл. Угтаа бол, бухын сүүл байснаас шавхуурдаж байгаа батганыхаа толгой байсан нь дээр л дээ, гэхдээ тийм заяа сүүлэнд ногдсонгүй.
 
Бухын толгой дээр данхайсан, НАМ гэх нэртэй 2 томоос том эвэр бий, хавьтсан ойртсоноо эсвэл замд саад болсон юмнуудыг, эврийн хүчээр шууд сэжээд зайлуулна. Бухын эвэр бол тархи орлогч эрхтэн, харин бухын толгой боп байнгын унталттай идэвхигүй объект. Зүй нь гэвэл, толгой хаашаа бол эвэр тийшээ байх ёстой, манай буханд урвуугаар эвэр хаашаа бол бухын толгой тийшээ. Нарийндаа бол бух мухар ч юмуу аргаа ядахад л доошоо далиу эвэртэй байвал дээр, гэхдээ манайд тийм юм болсонгүй, түүхэн балар цагийн монгол цэргийн тахир сэлмийг санагдуулсан сүртэй эвэртэй. Эвэрнүүд нь заримдаа хоорондоо таарахгүй муудалцаж, газар доргитол хэрэлдэнэ, хэрүүлдээ зон олныг татаж оруулна, талцуулна. Шуудайд хийсэн үхрийн эвэр шиг гэдэг зүйрлэл (метафора) эндээс гарсан байж ч магадгүй, эвэрнүүд ер нь л хэрүүлч талдаа. Заримдаа болохоор эвтэй нь аргагүй найзлаад авна, ишиг шиг тийм нэг тавтиргүй. 
 
Бух жилээс жилд томроно, түнтийтэл таргална, гэдэс нь язрах гэж байгаа аятай цүлхийж шалхайн газар шүргэнэ. Бух таргалах тусмаа хѳдѳлгѳѳн нь удааширч сумогийн дэвээ шаваа шиг сонин үзүүлбэр гаргана. Данхар толгойгоо ганхуулан сэжих маягаар хѳдѳлгѳж хавьтсан ойртсоныг үнхэлцгийг нь хагартал айлгана. Тэр үедээ нүд нь улаанаар эргэлдэж аймшгийн киноны вампир шиг болж ирнэ. Дургүй хүргэсэн бяруунуудыг бол сэжиж байгаад, ѳѳрийхѳѳ хэвтэж байх ёстой туйван хашаандаа ѳѳрийхѳѳ оронд аваачаад хийчихэж дѳнгѳнѳ, буруу зѳнѳчихсѳн.
Бух зѳнѳх шиг хэцүү юм байдаггүй болтой.
 
 
Тавьтаргүй бухын аргыг олох гэж хэдэн малчин үйлээ үзнэ. Малчид бухаа чадах ядахаараа л бѳѳцийлнэ, хэзээ нэгэн цагт үр тѳлѳѳ хайрлаж, ѳѳр шигээ тарган тарган тугалнууд ѳгнѳ гэж горьдон, арьсы нь угаалгын шингэнээр хуу цэвэрлэж, эвэр туруугий нь тонгоргоор засч янзална. Бүр дѳрвѳн жил тутам нэг удаа сэтэрлэнэ гээч. Тэжээлийг бол хангалттай ѳгнѳ.  Саяхан даа, сайхан жил орж, байгаль дэлхий ѳвс ногоогоор бялхаж бух их таргалсаан, их ч идсэн, харин цадаж ханаагүй. Тэр жил малчин нь ч, бух нь ч магнай тэнийцгээн, тэрүүндээ хѳѳрцѳглѳн, үүрд тийм байх юм шиг бодон, юм үзээгүйгээ харуулж баярхцгаасан. Гэнэт тэнгэр хангай зүсээ харуулж, муухайран тэжээл ховордоод ирсэн, тэглээ гээд малчид л зовсноос бух турсан юм бол байхгүй л дээ.
 
Сүүлийн үед ч малчид залхаж байна дѳѳ, бухнаас сайн хээл, үр тѳл ирнэ гэдэг зангууны ноос түүж эсгий хийхийн л үлгэр юм байна гэдгийг улам бүр мэдрээд байдаг болсон. Тэгээд ч ядарсан малчдад одоо, чадарсан бухны хэмжээгүй их тэжээл  бүү хэл ѳѳрсдийгѳѳ ч хоногийн хоолтой байлгах арга чарга хомсдсоор байна. Бух таргалж, үр шимий нь хүлээсэн малчид ядарч зүдэрч байна. Гэхдээ энэ нь буханд бол ѳчүүхэн ч падлийгүй юмдаа, яагаад гэвэл бух инстинктээрээ олигархи эрхтнээ л ѳѳд нь татахыг бодохоос малчнаа бодно гэж байхгүй л дээ. Тэгээд ч бух л болохоос тэр үхэр шүү дээ. Тэнэгийн дээд туйл нь үхэр гээ биз дээ.Биологийн хувьд хѳгширч спермгүй болоод үр тѳлѳѳ ѳхѳѳс ѳнгѳрчихсѳн, бирд царайлчихаад идэш нь дийлдэхгүй болсон, зѳнѳѳд элийрч балайраад учир зүй нь олдохоо байчихсан энэ сэтэртэй малыг яамаар ч юм дээ, монгол хүн л юм болохоор сэтэртэй малаа нядалдаг малчин гэж л лав байхгүй, тэгээд ч хатуу үдээр иддэг хүн гэж хаа байхав, нядлаад ашиггүй. Ѳѳлж тойлохоо болиод тэжээлийг нь хасаад хашааны мухар хавьд хэвтүүлчихээд, залуухан сайхан шүдлэнгээр бух тавивал нэг болмоор, гэхдээ малчин хүний монгол ухаанд эрхбиш нэг юм бодогдож л явдаг байлгүй дээ.
 
 
Оюутолгой
 Гарцаагүй том бух, харамсалтай нь гэвэл монголчууд энэ сайхан бухаа хариулж, маллаж чадсангүй харьд алдлаа. Ёстой дуучин Жавхлангийн хэлснээс санаа авахад, оюунтай толгойгоо буруу ажиллуулаад Оюутолгойгоо тавиад туучихаж байгаа юм байна. Хоёрхон жилийн дотор сая тонн зэс олборлож, 6,5 млрд долл. орлого оллоо гэнээ, энэ үүнд хѳѳрцѳглѳѳд байх юм алга. Бүх орлого нь гаднын банкаар дамжиж байгаа харийн орлого. Ѳдий тѳдий татвар тѳллѳѳ л гэнэ, тайвшраад байх үндэслэлгүй, Рио Тинто Канаддаа олборлолт хийсэн бол бас л татвар тѳлнѳ шүү дээ, манайд тѳлдгөөсѳѳ харин ч их тѳлнѳ. Гэтэл олборлож байгаа зэс нь канадых биш монголых, монголын баялаг юм байгаа биз дээ. Газар дор байгаа зэс нойл үнэлгээтэй, газар дээр гаргахад үнэтэй технологи оруулах хэрэгтэй, хүрзээр ухаад гаргахгүй гэцгээнэ. Монголчууд мега тѳсѳл хэрэгжүүлэх туршлаггүй гэж ѳѳсдийгѳѳ дэлхийгээр нэг муугаар пиардаж басамжилна. Эрдэнэт тэгээд мега тѳсѳл биш юмуу, хэн хэлчихэв ээ! Эрдэнэтийн туршлага тэгээд туршлага биш юмуу, хаанаас сонсчихов оо! Эрдэнэт тэгээд зэсээ хүрзээр ухаад гаргасан учир үр ѳгѳѳжий нь ѳнѳѳдрийг хүртэл хүртээд яваа болж таарч байна уу, сайхан бурцгааж байгаа юм шүү!  Булууны ноход шиг хэдэн олигархи нь хоорондоо арцалдсаар байтал цаг урсаж, үр ѳгѳѳжий нь харан хүлээсэн ард түмэн бух дагасан үнэг шиг л юу ч гүй үлдэх шив дээ.
 
 
Таван толгой
Сүрлэг сайхан бух, харамсалтай нь дээр миний хэлсэн үлэмжийн сайхан буханд тал талаасаа сэлэмдэж мѳргүүлсээр хэсэг суугаад авлаа. Гэмтэл нь бороолоод сажлах аядахад нь дахиад л мѳргѳх аргаа зэхчихсэн дуулдана. Монголын ард түмэн хувиа нийлүүлчихсэн энэ сайхан бухнаас юу ч олж долоохгүй тийшээ л яваад байна гэж хардахаар болчихлоо. Олигархиудын хурлаар орсон ямар ч сайхан юмнаас олигтой юм гардаггүй гэдгийг ард түмэн мэддэг болчихсон шүү дээ. Олон буудуулсан чоно ямар байдаг билээ, за нэг тиймэрхүү. Хэдэн олигархи нь тэр нь авчих гээд байна, энэ нь ч эзэмшчих гээд байна гээд буруу зѳвгүй хардацгааж, харгалдацгааж  байхад, ард түмэн юу ч гүй үлдэх нь энээ гэж хардах бас эрхтэй байхаа.
 
Бухаа маллаж чадахгүй улс бухны ч хэрэг алга дѳѳ, бухгүй л байвал таарна.

Сэтгэгдэл бичих

arrow icon