Төгрөг гэж ер нь дугуй, тойрог хэлбэртэй гэсэн үг юмсанж. Тийм болохоор дээш доош, өөд уруугуй өнхрөөд байна гэсэн үг учраас Монгол улсын төлбөрийн хэрэгслийг дөрвөлжин гэж нэрлэе. Энэ хэсэг бол бэлгэдэл ярих дуртай хүмүүст зориулсан бөгөөд бэлгэдлээ бодвол ам.доллар 999 төгрөг ч юм уу, эсвэл 108, 9 999 гэх мэт байвал тун зүгээр гэх санааг өдөөж өгөх зорилготой юм.
Дэлхийн нэгдүгээр дайны дараахнаас ихэнх улс орнууд нэг нэгээрээ үндэстний мөнгөн тэмдэгтээ алтаар баталгаажуулдгаа больсноос хойш аливаа улсын
валют гэдэг нь тухайн улсын эдийн засгийн чадавх, бодит болон хийсвэр, боломжит нөөц, гадаад бодлого, улс төр, боловсрол шинжлэх ухааны төвшин, үйлдвэржилт, бараа эргэлтийн хэмжээ гэх мэт тоочиж барамгүй олон хүчин зүйлсийн нийлмэл ойлголт дээр суурилсан, хуулиар төлбөрийн хэрэгсэл гэж зарласан итгэлцлийн хэмжүүр болж хувирсан бөгөөд хөрвөх валютууд нь цэвэр зах зээлийн зарчмаас шал өөр, ихэвчлэн улс төр, эдийн засаг, ноёрхол нөлөөллийн бодлогод захирагдсан ханштай байсаар ирсэн
нь нууц биш юм. Улс хоорондох бараа нийлүүлэлтийн гэрээ хэлцлүүд ямар валютаар хийгдэв, тэр валютыг хэвлэдэг улсад шууд бусаар ашиг авчирч байдаг
.
АНУ-ын доллар бол олон улсын хэмжээнд түүхий эд, уул уурхай, ашигт малтмалын салбарын хэлцлүүдийн голлох валют бөгөөд Монгол улс Хятадад тонн нүүрс зарахад л АНУ тэрнээс тодорхой ашиг авч л байх жишээтэй.
Төмөр замынхан Швейцар франкаар тооцоогоо хөтөлдөг гэх мэт салбар салбар уламжлал болсон тодорхой валютаар тооцоогоо нийлж явахын сацуу Биткойн гэх интернетийн валют хүртэл бий болжээ. Социализмын үед гадагшаа явах гэж буй иргэн бүр 30 рублийг 4 төгрөг 18 мөнгөний албан ханштайгаар сольж авах эрхтэй байсан боловч зах дээр 5 төгрөг, капиталист буюу тэр үеийн нэршлээр гуравдагч оронд зорчих хүн 10 ам.долларыг 3 төгрөг 67 мөнгөний ханштайгаар сольж авах эрхтэй боловч зах дээр тэр нь 20-25 орчим төгрөгөөр үнэлэгдэж байснаас үзвэл гадаад валют хомсдолтой байдаг нь хэвийн үзэгдэл байжээ.
О.Чулуунбат Монгол банкны ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд дэлхийн зах зээлд ам.долларын ханш буурсан ч, төгрөг ам.долларын харьцаа хөдлөөгүй шахам байсан нь элдэв экспорт, импортын харьцаа гэхээсээ илүү, хариуцсан ажлаа сайн хийснийх гэж дүгнэх нь зөв байх. Учир тэр үед ч монголчууд гаднаас хамаг юмаа зөөдөг л байсан, гадагшаа юм зарж шальдаггүй л байсан, өнөөдрөөс тэс өмнөө байгаагүй л юмдаг. Өнөөдрийн ханшны уналтыг нийт эдийн засгийн нөхцөл байдалтай холбож тайлбарлах сонирхолтой хэсэг бүлэг хүмүүс бий. Мэдээж өөрсдийн хийсэн балаг (зарим талаар зориудаар, зохион байгуулалттай хийсэн ч байж болох магадлалтай) бусдын буруу болж харагдвал тэдэнд ашигтай. Ноднин өдийд хийж эхэлсэн нууцхан эмисс буюу зах зээлд бэлэн мөнгө нийлүүлэх процессоос болж ханш өсөж эхлэхэд өөрийгөө эдийн засагч гэж цоллохоос ичихгүй хэсэг хүмүүс төгрөгийн ханш унах сайн, экспортод сайн байдаг юм гэж төлбөртэйгөөр (төлбөрийг нь хэн төлсөн гэж бодож байна?) өдөр алгасахгүй сонин сэтгүүлд ярилцлага өгч байсан. Газар малтаж, шороо гаргадгаа хүртэл байчхаад байхад юун экспорт ярьсан юм бол? Өнөөдөр Монгол банк яг хэдэн төгрөг хэвлэж зах зээлд нийлүүлсэн бэ гэдэг асуултад үнэнээр нь хариулах хүн байна уу?!
Дэлхийн улс орнууд зарим нь хувийн банканд эмиссийн эрхээ өгчихсөн,зарим нь 3-4 банканд зэрэг өгчихсөн, зарим нь бүр гаднынханд ч өгчихсөн тууж явна. Өөрийгөө ч хуурч дөнгөдөг монголчууд хүнд өгвөл бүр баларна. Монгол улс эмиссийн тухай хуультай болохгүй бол гаднын нэг ч хувийн банк орж ирэхгүй. Төрийн мэдлийнх бол харин эрсдэлээс айхгүй орж ирнэ. Эмиссийн тухай хууль санаачлахдаа төгрөгийн тогтвортой байдлыг хангахуйц валютын сагсыг ч хуульчлаад өгөх боломжтой юм.
Монгол улсад дансанд болон бэлнээр байгаа бүх төгрөгийн нийт дүнд харьцуулсан валютын сагс бүрдүүлээд, тэр сагсны хэмжээг эдийн засгийнхаа тэлэлтэд тааруулаад нэмээд явбал төгрөг маань ингэж унах нь бүү хэл өдөр ирэх тутам чангарч, инфляц тэг рүү тэмүүлж, банкны хүү буурах нөхцөл бүрдэх юм. Энэ сагсанд ам.доллар, рубль, юань, евро, иен гэх мэт гаднын валютыг зохистой тоо хэмжээгээр оруулбал валютуудын ханш харилцан урвуу хамааралтай байдаг тул сагсны өөрийн абсолют өртөг ч бараг хөдөлгөөнгүй байх ч боломжтой.
Монгол улс уул уурхайгаа дахин сэргээж, гаднын хөрөнгө оруулагчдын итгэлийг олж чадах аваас орж ирэх валютын урсгал нь тухайн сагсны хэмжээг нэмэх хэрээр төгрөг чангарч цалин нэмэх биш хасах хэрэгтэй ч болж магадгүй нөхцөл байдалд хүрнэ. Эдийн засагч цолтой хүмүүс өөрт ашиггүй бол гадаад үг, томьёо ярьж байгаад шийдвэр гаргагчдыг айлган сүрдүүлж толгойг нь эргүүлэхдээ ихэвчлэн өөрөө ч ойлгоогүй юмаа худлаа ярьдгийг мэдэхэд илүүдэхгүй биз. Ер нь бол ам.доллар ховордсонд биш төгрөг элбэгшсэнд ханш унаад байгаа
юм. Харин элбэгших нь ард олонд халгаатай, банканд ээлтэй гэдгийг эдийн засагч биш хүн ч ойлгосон биз. Ханшны зөрүүнээс олсон олон тэрбум төгрөгөө урд хөршийн өгөх мөнгөөр ам.доллар болгож авах гээд тэчьядан суугаа нөхдүүд элбэгшсэн төгрөгийг тайлбарлахдаа тэлсэн эдийн засагт санхүүгийн эргэлтэд мөнгө дутах байсан юм, харин ч бид мундаг болохоор төгрөг хэвлэж, эдийн засагтаа цутгасны ачаар өдий зэрэгтэй яваа юм гэх мэтээр тайлбарлаж, тэрэнд нь итгээд суугаа дарга нарыг харахаар гол харлах юм даа.
Үндэстний тойм сэтгүүлийн 2014 оны 6-р сарын 2-ны өдрийн дугаарт хэвлэгдсэн.
Сэтгэгдэл бичих