Уг гэрээний төслийн хувьд М.Энхсайхан сайд 2-р сард яригдаж байсан эцсийн бус хувилбар гэж яриа өгсөн бол З.Энхболд спикер хуулийн дагуу шаардаж авсан одоогийн байдлаар эцийн хувилбар гэж мэдэгдээд буй. Улмаар өчигдөр талууд УИХ-р оруулах хувилбарт санал нэгдэж, 14 хоногийн дотор шийдвэрлэх гэсэн явцтай байгаа. Спикерийн олон нийтэд дэлгэсэн 3 гэрээтэй танилцаж үзлээ. Эхлээд Цанхийн талбайтай холбоотой гэрээний ерөнхий агуулга, анхаарал татсан хэсгээс хүргэе.
Гэрээний ерөнхий агуулга:
- Төрийн өмчит Эрдэнэс Таван Толгой компанийн эзэмшиж буй Цанхийн орд газарт олборлолт явуулах тусгай эрх, мөн газар эзэмших эрхийг төслийн компани буюу Энержи Ресурс ХХК-д гэрээний хугацаанд шилжүүлнэ
- Төслийн компани нь орд болон Цанхийн талбайн газрыг ашиглан бүх төрлийн олборлох, боловсруулах, тээвэрлэх, борлуулах бүх төрлийн үйл ажиллагаа явуулах эрхтэй
- Үүний хариуд төслийн компани ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, байгаль хамгаалах төлбөр, хамтын ажиллагааны төлбөрийг ЭТТ болон засгийн газарт төлөх үүрэгтэй
- ЭТТ компани нь төслийн компанийн байгууламжийг ашиглах, операцад хяналт тавих эрхтэй гэжээ.
Угаасаа Чалкогийн өрийн улмаас Цанхийн талбайг 30 жилээр түрээслүүлэх санааг хэлэлцээрийн удирдагч М.Энхсайхан нэг бус удаа цухалжуулж байсан. Харин үүнээс сонин нэг заалт анхаарал татаж байгаа нь түрээсийн хугацаанд энэ Гэрээний дагуу олгогдсон ашиг сонирхлоо ЭТТ талтай зөвшсөний үндсэн дээр хэсэгчлэн болон бүтнээр барьцаанд тавих эрхийг төслийн компанид өгсөн
заалт. АШИГ СОНИРХОЛ гэдэгт юуг хамруулж ойлгох эсэх нь бүрхэг байна. Энержи Ресурсийн толгой компани ММС 2014 оны эхний хагас жилийн байдлаар 1,36 тэрбум өглөг, өртэй, энэ нь компанийн нийт хөрөнгийн 72 хувьтай тэнцэнэ гэж Тойм сэтгүүл хэлэлцээр эхлэх үеэр нийтлэсэн. Хэлэлцээрийн төслийг УИХ-р хэлэлцэхээр болсон тул хэрвээ ордыг консорциумд даатгах бол тусгай зөвшөөрөл болон газар эзэмших эрхийг ямар нөхцөлтэй шилжүүлэх, Цанхийн орд газар хэсэгчлэн болон бүтнээр барьцаанд одох, зээлийн эргэн төлөлт хийгдээгүй нөхцлийн эрсдлийг гишүүд, байнгын хороод сайн үнэлэх шаардлагатай бололтой. Мөн 3 талтай консорциум гэж анх яригдаж байсан, харин Цанхийн орд ашиглалтын эрх шилжүүлэх уг гэрээнд Сүмитомо корпорацын нэр байсангүй.
Сэтгэгдэл бичих