Нийтлэл 04 сарын 09, 2015

Хамгийн том эдийн засгуудын эрүүл мэнд 2020 он хүртэл сайнгүй

Олон улсын валютын сангаас өндөр хөгжилтэй болон шинэ тутам хөгжиж буй орнуудын инфляци, дифляцын нөлөөг хассан потенциал өсөлтийн анализ нийтэллээ. Япон, АНУ, Европ зэрэг 10 өндөр хөгжилтэй орны өсөлт 2013-2014 онд 1,5 хувь болж, Лееман шоок,  санхүүгийн хямралаар 2 хувь болж унасан үеэс ч бага гарчээ. Санхүүгийн хямралын ул мөрөөс гадна хүн амын насжилт, бүтээмжийн өсөлт зогссонд учир байна. 2015-2020 онд жил тутам 1,6 хувь болж арай сайжрах боловч 2001-2007 оны 2,25 хувиас хамаагүй бага байх төлөвтэй. Нэн ялангуяа евро зоон, Японд хэрэглээ хэмнэгдэх хандлага үргэлжилж, энэ таамгаас ч бага өсөх магадлал өндөр байна.

ОУВС өсөлтийн потенциал ийм бага байх нь төсвийн шинэчлэлд садаа болно гэж үзжээ. Ямар нэг жижиг шоок үүсэхэд л бизнес орчин муудаж, хэрэглээ хумигдах эрсдэлтэй тул албан ёсны зээлийн хүү аль хэдийн нойл байгаа орнуудад түүний эсрэг тэлэх, сэргээх арга хэрэгсэл хязгаарлагдмал байх болно. Улмаар ОУВС-аас хэрэглээ нэмэгдүүлэх бодлогоос гадна, хөдөлмөрийн зах зээлийн бүтцийг шинэчлэх, технологийн дэвшил авчрах судалгаа хөгжүүлэлтээ идэвхитэй явуулах зөвлөгөө өгөв.

 

Хятад болон ОХУ-г оруулсан шинэ тутам хөгжиж буй 6 орны хувьд ч 2013-2014 онд 5,5 хувь орчимд өссөн дүнтэй гарч, 2006-2007 оноос даруй 2 хувиар бага гарлаа. 2015-2020 онд 5,2 орчим хувьтай, өмнөх таван жилийн өсөлтийг гүйцэхгүй гэж дүгнэсэн байна.

 

Хятад, ОХУ-руу гаргах түүхий эдийн экспортын орлогоос хамааралтай манай орны хувьд дараагийн 5 жилд хоёр хөршийн эдийн засаг ийм аажим хурдаар өсөх, зогсонги байх эрсдлийг тооцох шаардлагатай. Ерөнхийдөө ДНБ-ий өсөлт шүтсэн дэлхийн эдийн засгийн загвар эрт эдүгээгийн хамгийн тулгамдсан үедээ ирээд байна. Дэлхийн нөөц хомсдож, баялаг хуваарилах зөрчил хурцдаж ирэхийн хамт дэлхийн санхүүгийн хамгийн том байгууллагаас хэрэглээ өдөөх зөвлөгөө өгөх нь хэрэглээ ба нөөцийн дунд үүсээд буй үндсэн зөрчлийг шийдвэрлэхгүй.  Тэртэй тэргүй 2 хувь хүрэхгүй өсөлттэй, системийн ирээдүй бүрхэг дэлхийд улс орнууд дотоодын нийт бүтээгдэхүүн хэмээх тоон үзүүлэлтээс гадна хөдөлмөр эрхлэлт, орлого хуваарилалт, нийгмийн сайн сайхан, төсөв мөнгөний эрүүл мэнд зэрэг эдийн засгийн чанарын талын зорилт дотооддоо боловсруулж дэвшүүлэх, хэрэгжүүлэх өөрийн гэсэн чиг шугам бодлоготой байх шаардлага буй.  

Сэтгэгдэл бичих

arrow icon