Нийтлэл 04 сарын 10, 2015

ХОЁР ЕРӨНХИЙГИЙН ИЛТГЭЛ ДЭХ МОНГОЛ ТӨРИЙН ГУРВАН АЛДАА

Тайлан эхлэхээс хэдхэн минутын өмнө засаглал, эрх мэдлийн харилцаа энэ тэр гэж ирээд Ерөнхийлөгч төрийн эрх барих хууль тогтоох дээд байгууллагынхаа өмнө тайлан тавина гээд бичээдэхсэн чинь худлаа ярьсан юм шиг боллоо. Ерөнхийлөгч 2 цаг хагасын илтгэлдээ тайлангаас гадна УИХ-аа сургамжлаад, загнаад, уриалаад,  идэвхижүүлээд буулаа.  Өмнөх удаагаас чадах уу чадна аа, алгаа ташия гэдэг үзэгдэл л дутав. Илтгэлийн сэдэв: Иргэний оролцооны тухай, Үндэсний аюулгүй байдлын асуудлаар, Хуулийн засаглалтай улс болох тухай,  Шүүх эрх мэдлийн шинэчлэл, Бүтээгчдээ дэмжих бодлогын чиглэлээр, Байгаль орчны талаар, Ёс уламжлал монгол хэл түүх, Гадаад бодлого, Олны санаа санаачлагыг хэрэгжүүлэх, цаашдын төлөвлөгөө гэсэн 9 чиглэл.

 

Хуулийг хэрэгжүүлж ажиллах ёстой. Хэрэгжих эхэллээ гэж үзэх болно, энэ ажлыг хийх шаардлагатай. Хууль хойноос нь очих болно, барих болно. Зарчмыг хатуу тогтоож явах ёстой. Хуулиас ядарсан иргэд зугтдаггүй. Задарсан иргэд зугтдаг.. дэмжих ёстой. Хариуцлага тооцох ёстой. Болж байгаа ажлын болж байна гэж хэлэх ёстой, болохгүй бол болохгүй гэж хэлэх ёстой, шаардлагатай ажлыг хийх хэрэгтэй. Хорхойтсон бааавгай шиг мөнгө рүү дайрдгийг зогсоох ёстой. Энэ ажлыг урагшлуулах ёстой. АТГ-ын ажлыг сонсгох хэрэгтэй. Үйлдвэрлэлийн орон болох бүрэн боломжтой. Төр аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг газар биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Бүтээлч хамтач чанараараа ялгарах ёстой. Эдийн засгийн чадавхитай байх ёстой. Техникийн чадавхитай байх ёстой. Ажил хийх шаардлагатай, хамтарч ажиллах ёстой. Монголдоо юм бүтээж гадагш гаргаж байгаа аж ахуйг дэмжих ёстой. Хэлж ярьснаа хийдэг ажил бидэнд шаардлагатай. Бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллах ёстой. Хүнээ боловсруулах асуудалд онцгой анхаарах хэрэгтэй, эргэлт гаргах хэрэгтэй...   Хөгжлийн асуудлаа шинээр харах хэрэгтэй.. гутрах хэрэггүй.   МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж

 

Архи сүү  олуулаа док сэив монголиан боргол хондого батаар мод тарих аймгийн хэний билээ ширээн дээр юу байгаа тухай  ... ээ тэнгэр минь хамаг монголын хавийн эд зүйл, эмч хүн, эсэн бусын асуудал, алдаа оноо, өнгөрсөн ирээдүй, хэлэх ёстой болоод хэлэхэд гэмгүй зүйлсийг хамж шимээд илтгэлээ.  Аргагүй л улс орны эцэг. Алаг үрсийнхээ алив бүхэнд санаа зовних аав ээжээс л ийм хүсэл мөрөөдөл, тайлан, төлөвлөгөө, сургаал, шаардлага холилдсон лекц гарах буй. Хэд хоногийн өмнө Ерөнхий сайдыг бичлэг цацахад хэчнээн их юм хамж шимж ярьнам бэ гэж санасан чинь элдэвт зовних эцэг хүний сэтгэлээр Эбэ ерөнхийлөгч Сайханбилэг ерөнхий сайдыг давлаа.  Гэхдээ бидэнд үглээ эцэг хэрэггүй, голч, зоримог удирдагч хэрэгтэй. Илтгэлд иргэний оролцооны хууль, орон нутгийн төсөв гэх мэт нэн чухал хэд хэдэн сэдэв бөөнөөрөө хөндөгдсөн тул энэ удаа яригдсан агуулгыг хойш тавьж, хэлбэр, аргачлалын тухайд гурван зүйл сэтгэгдэл:

 

  1. УИХ-д тайлан тавихтай холбоотойгоор 2009 оноос хойших бүх хугацааг хамарсан дэлгэрэнгүй тайланг олон нийтэд мэдээлсэн нь зөвхөн энэ удаагийн тайлан төдийгүй ерөнхийдөө 6 жилийн хугацаанд хийсэн ажлын талаар мэдээлэл авах тоймтой гарын авлага болж өгөхөөр байгаа нь сайшаалтай.  Нэг асуудал,  тайлангийн материалуудтай үзэж танилцахад ойрын үед манайхаас хэд хэдэн нийтлэлд хөндөгдөж байгаачлан ойлгомжтой, цэгцтэй, логиктой, дүгнэлттэй тайлан, “цаас” бүтээх соёл Монгол улсын Ерөнхийлөгчийн тайлангийн ажилд ч дутагдаж байна. 5 цуврал файлтай уншиж танилцвал үр дүнгийн тухай тоон болон чанарын хэмжүүр бүхий дүгнэлт, анализтай стандарт бүтэц бүхий, өгүүлбэр параграфыг үр ашигтай найруулсан чамбай бичиг баримт гэхээсээ үйл явдлын товчоо, алив бүхнийг хамж шимэн багтааж тоочсон протоколын хэлбэр давамгайлж байна.

 

  1. Үнэхээр их ажил хийжээ...(гэсэн сэтгэгдэл төрүүлж чадлаа). Гэвч төр, хувийн ямар ч байгууллагын лидерийн үүрэг их ажиллахад бус эсрэгээрээ өөрөөс нь өөр хэн ч хийж чадахгүй, өөрт нь ногдсон улс төр, эдийн засаг, мэдээллийн нөөцтэй хүн л хийж чадах тоймтой хэдэн ажилд төвлөрөх, нугалахад байдаг гэж бодож байна. Ерөнхийлөгч төдийгүй бусад төрийн институци асар олон ажил, санаачлага гаргаж, хөдөлмөрлөж зүтгэж буй хэрнээ нийгмийн сайн сайхан, үйлдвэрлэл, өрсөлдөх чадварын хэдэн гол үзүүлэлт сайжирч өгдөггүй нь үүнтэй холбоотой мэт. Фокуслах, фокусласан хэдэн ажлаа яг таг хэмжүүрээр хэмжиж мэдэх, хэмжүүрүүдэд нөлөөлөх хүчин зүйлийг удирдах. Ийм чадвар дутаж байгаа нь 5 хоногийн зайтай илтгэгдсэн хоёр илтгэлээс "үнэртлээ":

 

  1. Тайлан, илтгэлийн сэдэв хэт олон, ийш тийш хальсан, тоо тоймгүй байна. Энэ нь дээрх хоёр асуудлаас аль алинаас нь урган гарч байгаа юм. Нэгдүгээрт, угаасаа л асар олон салбар, олон талын асуудалд хандсан асар олон талын ажил хийж ирсний улмаас хийсэн ажил нь хойно тэр бүхнийгээ тоочихоос өөрцгүйд хүрч байгаа байх. Ажлын үр дүнг хэмжих, хэмжүүрийн удирдлага хийхгүй бол "үр дүн зорьсон ажил" биш юу ч л гэсэн хийе маягийн "хөдөлмөр" болно. Хоёрдугаарт анхан шатны “цаас” нь сэдвийг базаж нэгтгэж, тоймтой гол индексүүдээр үр дүнг хэмжсэн хэмжүүртэй бэлтгэгдэж чадаагүйтэй холбоотой. Бэлтгэл цаас ямар байна, илтгэл тийм байна. Олуулаа төслийн талаар гэхэд яруу найрагч нь олон хөх монголын тухай шүлгээ уншиж, төрийн алба бол хэдэн хүн уг төслийн үр дүнд эргэж ирснийг тооцоод, тоогоо хэлэх нь байвал зохих хэлбэр. Аж үйлдвэр, бүтээгчдийг дэмжих ажлын тайлан гэхэд баялаг бүтээгчдийн тухай утга уянга бус зарлигийн нөлөө ямар байдлаар тусч, аль салбарын өсөлт хэдэн хувь болсныг хэлэх жишээтэй.  Бусад орны төрийн тэргүүний илтгэл ямагт тоймтой хэдэн индекс, макро үзүүлэлтийн хөдөлгөөнийг агуулж байдаг.

 

Бодоход Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гэж ер нь жоохон буруу залах нэршил ч юм уу. Англи хэлэнд ерөнхий сайд гэдэг нь хамгийн “эрхэм сайд” маягийн утгатай байна. Япон хэлэнд ч “түлхүүр сайд” маягийн ханзаар хэлж байна. President бол тэргүүнд суух гэсэн латин үгнээс гаралтай юм байна. Ерөнхийлөн захирах ёстой мэт хоёр үгээр нэрлэж орхисон нэг хоёрдугаар хүн маань ерөнхийлөөд, сарних гээд байх шиг.

 

Тооцох, хэмжих, түүнийгээ цаасан дээр буулгаж харах нь юунд фокуслах хэрэгтэй тухай чиг өгнө. Зарим ажлыг хаях эр зориг гаргаж, фокуслах нь тоймтой индексүүдээ удирдаж, тодорхой үр дүнтэй эффектив ажиллах боломж өгнө.  Энэ хоёрыг хийж чадвал илтгэл ч өөрөө аяндаа цэмцгэр болж ирэх буй заа. Иргэд сонгогчид их юм ярьдгаас залхах, итгэл үнэмшил унтрах талдаа орж буйг анхааралдаа авч, илтгэлийн хэлбэр, тактикыг өөрчлөх болсон байж мэднэ. За тэгээд Ерөнхийлөгч гишүүдийг загнадаг шиг нэг муу иргэн би улсын тэргүүндээ заах гээд ч байгаа юм шиг болж ирлээ. Энэ хавьд ингийн “хичээл”-ээ зогсоож, цахимбараасаа салъя, зоогоод очоод боргол борхош идэж, монгол үйлдвэрлэгчдийн хондоготой ганц нэг  юм олж хүртью.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon