Нийтлэл 04 сарын 12, 2015

ТАРАГНЫ ХӨРӨНГӨӨ ТООГООР ШИНЖЬЕ

Тавантолгойн хэлэлцээр 10 хүрэхгүй хоногийн дотор УИХ-аар хэлэлцэгдэх болсны хамтаар төслийг ЭТТ, Шэнхуа нарт хариуцуулах нь зөв гэж үзэх тал, буруу гэж үзэх талын хэлэлцүүлэг маргаан идэвхижиж ирлээ. Өнгөрөгч 7 хоногт олон нийтийн дэмжлэг авах тухайд пайз консорциумд төслийг даатгахыг дэмжигчдийн талд өргөгдөх шиг боллоо. trends.mn-ийн нүүр хуудсанд асуусан УИХ-аар дэмжих эсэх нь зөв тухай санал асуулгад 71 хувь нь шууд засгийн газрын түвшинд шийдсэн нь зөв гэж үзсэн байна.  Жиргээнд зохион байгуулалттай хийж тараагдсан мэт дараах шошго олон жиргээчийн аватар болж харагдсан бол Ж.Оджаргал захирлыг дэмжье хэмээх Отгонбаяр нийтлэгчийн өнгөрсөн онд бичиж асан тэмдэглэл гэнэтхэн эргэж олон нийтийн сүлжээгээр моодонд орлоо. Нэмээд Бат инженерийн Тавантолгой тарагны хөрөнгө болохын учир дэмжих нь зөв хэмээх нийтлэл хагас бүтэн сайны трэнд нийтлэл болов. Тарагны хөрөнгө мэт Тавантолгой тусмаа бид шинэ 7 хоногт юунд анхаарвал зохих тухай аргумент хийхэд таарсан сайн нийтлэл цагаа олж гарсан тул уг нийтлэлийн үргэлжлэл  маягаар доорхыг тэрлэв. Манайд нийтлэлээр хэлэлцэх практик хараахан үүсээгүй, нэг шинэ хэв маяг үүсвэл сайн гэж санана.

 

Эхлээд ТАВАНТОЛГОЙ ХЭМЭЭХ ТАРАГНЫ ХӨРӨНГӨ нийтлэлийн агуулгыг тоймлоё: Эдийн засагт бүх зүйл уялдаа холбоотой тухай дээс томох үлгэрээр ёгтолж эхэлнэ. Улмаар багын дурсамжийг дурдаж, тарагны хөрөнгөтэй танилцсан түүхээ өгүүлнэ. Нийтлэгч бээр 5-ны бүтэн сайнд ерөнхий сайд үг хэлснээс хойш оргилдоо хүрсэн Тавантолгой тойрсон төрийн түшээдийн маргааныг шүүмжлээд тарагны хөрөнгөтэй төстэй үүрэг эдийн засагт гүйцэтгэх төслийн тухай тайлбарлахын тулд МИАТ-р жишээ татжээ.  Авиа компани ашиггүй бизнес боловч асар олон ашигтай бизнесийг чирж явдаг салбар аж. Үүнд онгоц үйлдвэрлэлийн салбар, онгоц худалдааг санхүүжүүлдэг бизнес, онгоцны хэрэглээний бараа нийлүүлэгчид, тийз борлуулахад оролцогч борлуулалтын болон маркетингийн бизнесүүд, зочид буудал, аялал жуулчлал, улмаар тээж ирсэн зорчигчид нь шинэ бизнесийн боломжийг нээж хардгийг багтаажээ. Нийтлэгчийн үзэж буйгаар Тавантолгойн төсөл МИАТ-тай төстэй, бүр 100 дахин олон бизнесийг чирж босгоно.

 

100 дахин олон бизнесийг чирж босгох боломжийг дараах байдлаар зурагласан байна:

  • Ажил, орлого нэмэгдэнэ→ Бусад бизнесийн салбарт үйлчүүлэгч үүсэх, үүний дотор барилгын салбар сэргэнэ→ Байрны захиалгын хамт банкны салбарын эргэлт түргэсч, санхүүгийн байгууллагын зээлжих зэрэглэл өснө, мөн байр нэмэгдсэнээр утаа багасна 
  • Түүхийгээр ачиж байгаа нүүрс угаагдаж, үнэтэй зарагдана. Хэмжээ нэмэгдсэнээр тонн тутмын зардал буурна. Хамтрах болсноор ЭТТ, ММС-ийн хувьцаа аль аль нь өснө, консолидац явагдсанаар хувьцаа өсдөг жишээ байдаг
  • Өрөнд орсон улс, хувьцааны үнийн уналтын хямралд орсон татвар төлөгч хоёр хоёулаа гадаадын хөрөнгө оруулагчдын зардлаар санхүүгээ эрүүлжүүлээд авчихна. Өрнөөсөө салах гэж үнэтэй нүүрсээ сул ачуулах ямар ч хэрэг байхгүй
  • Хувьцааны үнийн өсөлтийн болон бусад орлогоос Таван Толгойн нүүрснээс шингэн түлш гаргах C2L(Coal-to-Liquid) төсөл боломжтой болчихвол бензин шатахууны үйлдвэрлэл хилийн дотор орж ирнэ → Импортын шатахуунд жил бүр өгдөг 2-3 тэрбум ам.доллар Монголд үлдэж дотоодын эдийн засаг руу орно 
  • Таван толгойн хаялагад агаарын тээвэр ч сэргэж Баянгол зочид буудал зочдоор хахаж, мах комбинат экспортын боломжоо нээж авна

 

Энэ хүртэл ямар тараг бүрж болох тухай өгүүлж, их бизнесийн хаялга их тухай өгүүлсэн бол үүнээс цааш ийм хөрөнгө болох бизнесийг Ж.Оджаргалд хариуцуулах нь зөв тухай өгүүлсэн байна. Ж.Оджаргал болон М.Энхсайхан нарыг мэдлэгтэй гэж үнэлж, мэдлэгт итгэе хэмээжээ. Улмаар нөгөө талын аргументын хариуд оффшор данс бол түгээмэл практик гэж жишээ татсан байна. Оффшор дансны тухайд өмнө нь мэдээлэл хүргэсэн. Мөн УИХ-аар хэлэлцэх гэж байгаа тухайд Тавантолгойн хувьцааг 100 хувь гэж үзвэл компанийн хуулийн дагуу ТУЗ л шийдвэрлэх ёстой, УИХ-ын 76 гишүүн 80 хувиа төлөөлөх бол нэмж 20 хувийн төлөөлөл 19 хүн хамт орж хэлэлцэх ёстой гэж үзжээ. УИХ ТУЗ-ын ажлыг төлөөлөн хийх нь мөн л хууль зөрчсөн асуудал гэж хувийн өмчийн эрхийн үүднээс хандсан байна. Ерөнхийдөө Тавантолгойн тухай гэхээсээ их бизнесийн эдийн засаг дахь нөлөө хийгээд түүнийг авч явах чадварт даатгах уриалга, хувийн өмчийн хамгаалал хэмээх шинэ өнцгөөс төслийг харсан нийтлэл гэж дүгнэж болохоор байна. Одоо ийм төсөөлөл зураглагдсан дээр хоёр талын хэлэлцүүлэгт тоо хэрэгтэй байна.

 

Жишээ нь тарагны хөрөнгө нийтлэлийн жишээн дээр  ЭТТ 20 сая тонн нүүрс олборлох хүчин чадлынхаа дөрөвний нэгт хүрч ажиллаж, БНХАУ-ын нүүрсний импортын 9 хувийг дангаараа хангасан 2014 онд барилгын салбар яагаад сэргээгүйг, мөн барилгын салбар хамгийн их буцалж, байрны худалдан авалтыг дэмжих бодлого хамгийн идэвхитэй явагдсан өнгөрсөн жилүүдэд яагаад банкны зээлжих зэрэглэл хог дээр үсэрснийг, цаашид яаж сайжруулахыг тоо л тайлбарлана. Консолидац хийсэн даруйд хувьцаа өсөх үзэгдэл байдаг ч өсөхгүй тохиолдол ч бий, хөрөнгө оруулагчид гэрээний нөхцлийг илүү ажиглах болно. Мөн хамтрах гэхээсээ бүрэн хэмжээнд үйл ажиллагаагаа шилжүүлэх операц хийгдэж байгааг мартаж болохгүй. Зарагдах үнэ, өртөг, хувьцааны үнэд яаж нөлөөлөхийг ЭТТ үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх хувилбартай харьцуулсан тоо л хариу өгнө. Өрнөөсөө салахын тулд газар, орд, бүх ашиглалтын эрхийг чамгүй урт хугацаагаар нэгмөр даатгаж гэж буй тул өгөө авааг тоогоор харахаас нааш өгөөжийг баримжаалах боломжгүй. Нүүрсний үнийн хувьд угаасаа салбар уналттай үед хэлэлцэж таарсан, дээр нь эсэн бусын өртэй bargaining power-гүй тул ямар нөхцөл олгож байгааг харж байж давуу тал үүссэн эсэх нь мэдэгдэнэ. Орлоготой болж, үйлдвэр барих боломжийн хувьд ч хувьцаа өснө гэсэн assumption таамагт суурилж байгаа тул, эхний таамагт хамаарах анализыг эхлээд хийх шаардлагатай. 

 

 

Үнэхээр ч их бизнес манайх шиг эдийн засагт нөлөөлөх үлэмж потенциалтай. Тэгэхээр эдийн засагт нөлөөтэй тусмаа ямар нөхцлөөр гэрээ хийгдэж байгаа нь илүү чухал юм. Тэртэй тэргүй УИХ-аар орох болсон тул эцсийн, эцсийн бус гэж элдвээр тайбарлагдсан гэрээний нөхцлүүд л энэ 7 хоногийн сэдэв байх учиртай. Оджаргал, Шэнхуа, Энхсайхан, Энхболд... хүмүүсийг, талыг бүгдийг нь мартаад зөвхөн тооцоо харъя, нэхье! ТОМ төслийг дэмжье, ТОМ төсөл хэрэгтэй, ТОМ бизнесмэн сайн гэж зөндөө ярьлаа. Гэхдээ жижиг тоонууд л ТОМ-ыг бүтээж, хэн нь ТОМ хүртэхийг шийддэг.  Хэр томыг толгойдоо тооцож харахгүй бол ямар сумо үзэж байгаа биш том улаан пайз нүүрэндээ хадаад яах билээ? Ийм ТОМ тарагны хөрөнгө тусмаа хэн нэгнийг халуун эмоцоор дэмжих, талд орох биш хүйтэн ухаанаар ЖИЖИГ үсэг, тоог унших, нийтлэл, ярилцлага ямар нэг хэлбэрээр хамтран сайн хэлэлцэх, синтез шийдэл олох, улмаар УИХ-д нөлөөллийн хэмжээнд шаардлага тавих, ингэж байж иргэний нийгэм бодитой хяналтын машины функц гүйцэтгэж, иргэд өөрсдийн эрх ашгийг хамгаалж чадна. Үндэсний хөрөнгөтнүүдээ дэмжих учиртай тухай нийтлэл ч ямар гэрээ хийгдэх гэж байгаа тухай гэхээсээ ерөнхийдөө их бизнес улс орныг босгож ирдэг тухай агаад энэ талаар мөн амжвал хариу тэрлэмз. Тал хамгаалах, дайтахад биш сэдэвт төвлөрөх,  хэний ч төлөө биш өөрийн болон үр хүүхдийнхээ ирээдүйд  үйлчлэх хамгийн сайн синтез шийдлийн төлөө тоо нэхэх, тоогоор хэлэлцэх чадвар шалгах 7 хоног эхэллээ.

Сэтгэгдэл бичих

arrow icon