Нийтлэл 04 сарын 13, 2015

Сүүлийн 5 жилд 7 сая мод тарьсан ч Улаанбаатар хотын мод бут 164 мянгаар буураад байна

       Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2010 оны 04 сарын 14 өдөр 63-р зарлигаараа Мод тарих үндэсний өдрийг санаачилж олон зуун мянган Монголчуудын мод тарих сэтгэлгээнд өөрчлөлт хийх анхны алхмыг хийснээрээ түүхэнд үлдэх нь гарцаагүй. Монгол улс мод тарих үндэсний өдөртэй болсон дэлхийн 33 дахь улс болсон бид энэ ажлыг цааш бүрэн утгаар нь хөгжүүлж өөрчлөхгүй бол олон хүмүүс, байгууллага “коммунист суботник”-ын сэтгэлгээгээр энэ ажлын ач холбогдлыг тарамдаж байгаа нь туйлын харамсалтай санагддаг.

Мод тарих үндэсний өдөртэй болсны дараа 2014 оны байдлаар нийтдээ 7 сая мод тарьсан гэсэн албан ёсны тоо байна. Гэхдээ үүний хэд нь ургасан бол? Мэргэжилтнүүд модны ургалтын хувийг 45 хувь гэж үздэг. Төв Азийн эрс тэс уур амьсгал, ус шиг хомс хуурай, үржил шим бага шар хөрсөнд МОД ургуулна гэдэг хичээнгүй тариаланч хүний тэсвэр тэвчээрийг барах ажил. Мөн 5-6 жил модыг арчилж хамгаалсны дараа байгальд даатган хүлээлгэн өгдөг гэж мэргэжилтнүүд хэлдэг. Тиймээс тоо бус чанар хамгийн чухал ажээ.

 

МОД БОЛ ДЭЛХИЙН УРАН ЗУРААЧ. Израильд Ту би-шват гэж нэрлэдэг өдөр борооны улирал дуусч байгалийн шинэ үе эхэлдэг. Еврейчүүд эх нутагтаа буцан ирсний дараа 1890 оны хаврын сарын 15-нд түүхч, зохиолч, сургуулийн захирал Зеэв Явиц сурагч нарынхаа хамт анхлан мод суулгасан байна. Эндээс уг өдөр мод тарих уламжлал үүсэн олон оронд дэлгэрчээ. Солонгосын дайн дараа нийт ой модны 80 хувь шатсан байхад 1960-аад онд Ерөнхийлөгч Пак Чжон Хее мод тарих үндэсний өдрийг хаврын ханш нээсэн өдөр болгожээ. Модыг үнэ өртөг бүхий бараа болгож “Мод зөвхөн түлш гэдэг уламжлалт сэтгэлгээг нь өөрчилж Мод бол амьдрал, амьд орчин юм” гэдэг ойлголтыг төрүүлжээ. Үүний дараа байгалийн тааламжтай нөхцөлөөсөө илүү хүний нөр их хөдөлмөр, модонд хандах сэтгэлийн үрээр Сөүл хот, Солонгос орон ногоон арал болж дахин сэргэжээ.  Ийм туршлагатай олон улс бий.

 2011 оны УБ хотын ногоон байгууламж дахь мод, бут сөөгний бүртгэлээр нийт 724.804 мод, бут сөөг тоологдож байсан бол энэ тоо жил ирэх бүр буурч 560.000 орчим болжээ. Тухайлбал, 2009 оноос зөвхөн УБ хотод 4 сая гаруй мод тарьсан боловч хотын ногоон байгууламж дахь мод, бутны тоо жил ирэх бүр багасаж байгааг харж болно. Мод тарих, ногоон байгууламжаа сэргээх нэрээр асар их зардал, мөнгө энэ хугацаанд үргүй урслаа. УБ хот жилдээ дунджаар 5 тэрбум орчим төгрөгийг ногоон байгууламждаа зарцуулж байгаагаас дийлэнх хэсгийг 3 сар настай нэг наст ургамалд зарцуулж байна. УБ хотын ногоон байгууламж дахь модны 56,6 хувь нь 5 хүртэл насны нялх мод, бут сөөг байдаг учраас хөрсний бохирдол, хүний нөлөөгөөр амьдрах чадваргүй болдог. Нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн талбай УБ хотод 1990 онд 315 га талбай байсан бол 2011 онд 142 га талбай болтлоо багасжээ. Энэ жижигхэн талбайдаа хүмүүс бужигнаад жил бүр мод булаад мартчихдаг. Дараа жилийн хавар сугалж аваад дахиад тарина. Жил бүр зарцуулдаг энэ мөнгийг үр дүнтэй болгохын хүмүүсийн сэтгэлгээг өөрчлөх, тэднийг мод тариулж сургах, хүмүүжүүлэхэд хамгийн их анхаарах хэрэгтэй байна. Эсвэл бид барилга барьж чадахгүй гадны ажиллах хүч авдаг шиг хотоо цэцэрлэгжүүлэх, ногооруулахдаа гаднаас ажиллах хүч авах юм уу??

 Хотын ногоон байгууламжийн өөр нэг тулгамдсан асуудал бол хотын барилгажилт, Эко шийдэл билээ. Хотын барилга бүтээн байгуулалт нь байгаль орчны нөлөөлөл, ландфшафтыг тооцоолдоггүй эсвэл дайвар зүйл гэж тооцдог. 2011 онд УБ хотод нийт 118 зүйлийн 724.804 мод бут байгаагаас 67,6 хувь нь Улиас, Хайлаас, Шар хуайс гэсэн 3-хан төрлийн мод эзэлдэг. Хотын цэвэр цэмцгэр үзэмжид зохистой гацуур, шинэс мод зөвхөн 5-хан хувийг эзэлж байгаа бөгөөд тэдгээр модны 90 хувь нь “Социализмын үед” тарьж ургуулсан байна. Гэхдээ УБ хотын насжилт өндөртэй модны дийлэнх хувь өвчилсөн мөн л хотын өнгө үзэмжид таарахгүй болж байгаа.  Эко орчны орон зай УБ хотод маань зөвхөн газар талбай ч бус өөр орчин байна. 

ЭКО орчныг бүгдээрээ байшин дээрээ байгуулцгаая. Ийм сайхан дээврийн талбайг ЭКО орчин болгоод Кофешоп, Ентертаймент бүс болговол их сайхан. Ийм орчин бүрдвэл эко сэтгэлгээ аяндаа бүрдэнэ. Дэлхийн дэвшилтэт хотууд аль хэдийнээ үүнийг амьдралд хэрэгжүүлээд төсөл хөтөлбөр, бодлого шийдвэр болгочихсон маш сайхан туршлагууд зөндөө байна. Харин УБ хотод хайран сайхан ашигтай талбай л гэж харамсмаар байна. Амьдрал хаашаа ч харсан ТӨСӨЛ байдаг гэдэг дээ.

Тиймээс мод тарина, эко амьдралын хэв маяг гэдэг бол зүгээр нэг сайн дурын ажил, хобби биш хүний амьдралын хэв маягаа өөрчлөх амьдралын хэмнэл бүхий маш том сэтгэлгээ юм байна.

Сэтгэгдэл бичих

arrow icon