Нийтлэл 04 сарын 15, 2015

Ази-Номхон далайн орнуудын хамтын нийгэмлэгт Монголын эзлэх байр суурь

     Ерээд оны эхнээс олон улсын тавцан дээр зарчмын шинж чанартай өөрчлөлтүүд гарч байна. Энэ нь дэлхий ертөнцийг тусгаарлаж байсан үзэл суртлын хаалт нуран унаж, үүнээс улбаалан дэлхийн II дайнаас хойш бүрэлдэн тогтсон олон улсын харилцааны баримтлал өөрчлөгдөж, шинэ тогтолцоонд шилжиж байна. Өөрөөр хэлбэл дэлхийн “Шинэ дэг журам” урьдаас юугаараа ялгаатай, онцлогтой, хэр найдвартай тогтолцоо вэ гэдэг нь одоогоор манан дундах тулгамдсан асуудал болоод байна.

АНУ-ын ерөнхийлөгч эцэг Ж.Буш хэдэн жилийн өмнө Японд айлчлахдаа Васэдагийн Их Сургууль дээр хэлсэн үгэндээ Ази-Номхон далайн шинэ хамтын нийгэмлэг-ийн үзэл санааг анх дэвшүүлсэн гэдэг. Энэ нь хоосон чамирхал бус, Ази-Номхон далайн бүс нутгийн шинээр бүрэлдсэн бодит байдлын илэрхийлэл байлаа. Хэдийгээр бүс нутгийн хоорондын цэрэг стратегийн зөрчил үргэлжилсээр байгаа ч худалдаа эдийн засгийн уялдаа холбоо улам бүр нэмэгдэж байна. Одоогоор нүүрлээд байгаа эдийн засгийн хямрал нь тухайн бүс нутаг, Азийн бар орнуудын диктатурт дэглэмийн урхагтай төрийн хэт оролцоо, зохицуулалт бүхий санхүү, мөнгөний алдаатай стратегиас үүдэлтэй ч өрнөдийн орнуудын санаатайгаар явуулж буй үйлдэл болох нь бас ажиглагдаж, цаашдаа зүүн Азийн орнуудын эдийн засгийн хурдцад нэг их нөлөөлөхгүй нь тодорхой боллоо. Азийн хүн ам хоёр тэрбум гаруй хэрэглэгч бүхий асар өргөн зах зээл бөгөөд эх газрын Хятад, Тайван, Гонконгоос бүрэлдсэн нэг ёсны “Их Хятад”-ын эдийн засгийн бүс ч нэгэнт бүрэлдэж эхлээд байна. БНХАУ-ын санаачлагаар АСЕАН+3 буюу БНХАУ, БНСУ, Японы эдийн засгийн эвсэл - Азийн дэлхийн худалдааны байгууллагын загварыг бүрдүүлэхээр төлөвлөж буй сураг ч байдаг. Сүүлийн арав гаруй жилийн турш тэрбум гаруй хүн амтай Хятадын эдийн засгийн хөгжлийн хурдац жилд 10 хувиас давж байна. БНХАУ Азийн дөрвөн барын үр шимийг нь үзэж, хэрэгжүүлж чадаагүй “хөөж гүйцэх” хөгжлийн стратегийг амжилттай хэрэглэж ирсэн ч түүнийгээ халж, эдийн засгийн өсөлтөөс огцом саатал, хяналтгүй уналт руу шилжихээс сэргийлэх бодлого барьж, өөрийн гэсэн үзэл баримтлалыг боловсруулан хэрэгжүүлж байна.

 Нөгөөтээгүүр, Ази-Номхон далайн бүс нутагт ардчиллын салхи үлээх бус шуурч эхэллээ. Улс төрийн диктатур, цэргийн дэглэм ноёрхсон эдгээр оронд боловсролтой чинээлэг хүн амын давхарга нэмэгдэхийн сацуу улс төрийн ардчиллыг шаарддаг нь тодорхой болов.

 Ерөөс энэ бүс нутгийн ирээдүйн төлөвийг мэдэхийн тулд АНУ, ОХУ, Хятад, Япон зэрэг улсуудын байр суурийг мэдрэх хэрэгтэй. 

АНУ: Тус улсын Япон, Өмнөд Солонгос зэрэг орнуудтай байгуулсан гэрээ хэвээр байх эсэх, байх аваас хэнээс юуг хамгаалахад чиглэх вэ гэдэг нь бүс нутгийн гол гогцоо асуудал юм. АНУ Солонгосын хойгоос бусад нутгаас цэргээ гаргахад Азид цэргийн хүчний хоосон орон зай бий болж, тэнцвэрт бус байдал үүснэ гэдгээс АСЕАН-ийн орнууд ихэд болгоомжилж байгаа юм. Ер нь АНУ-ын цэргийн хүчний гүйцэтгэх үүрэг аажмаар өөрчлөгдөж бүс нутгийн болзошгүй аюулаас сэргийлэгч болох хандлагатай байна. Түүнчлэн Америкаас Азитай хийх худалдааны хэмжээ Америкийн гадаад худалдааны 36 хувь буюу 63 тэрбум долларт хүрээд байгаа нь худалдаа, эдийн засгийн харилцааг өргөтгөх гол нөхцөл болж байна. Азийн зарим нөлөөлөх орон Америкийн нөлөөг сулруулах бодлого явуулсаар байгаагийн зэрэгцээ АНУ-ын дотоодод буюу Конгресс, ард иргэд нь дэлхийн цэргийн цагдаагийн үүргийг дэмжихгүй болоод байна. 

ОХУ: Нэг үеэ бодвол тус улс Ази-Номхон далайн орон гэж хэлэгдэх үндэслэлтэй болжээ. Оросын эдийн засаг Сибирь, Алс Дорнодын байгалийн баялгаас улам бүр хамаарах болж, Балти, Хар далай хавийн боомтоо алдсанаас хойш Номхон далайн боомтуудын ач холбогдол нь эрс өсжээ. Цэргийн хүчний хувьд их гүрэн хэмээгддэг Орос улс бүс нутгийн эдийн засаг дахь оролцоогоо өргөтгөх зайлшгүй шаардлагатай тулгарч байна. Тэгээд ч Сибирь, Алс Дорнодыг хамруулж 1992 онд боловсруулсан Интегратор 21 төсөлд их найдлага тавьж байгаа юм. Гэвч дэд бүтэц хөгжөөгүй, хууль тогтоомж нь тодорхой бус, Япон зэрэг бүс нутгийн орнуудтай газар нутгийн маргаантай, Москва болон ерөөс орон нутгийн эрх үүргийн ялгаа тодорхойгүй, замбараагүй байгаа зэргээс шалтгаалан явц нь удаан байна. Тэгээд ч Шинэ Оросын удирдлага энэ талаар нэг их чармайлт тавьсангүй. Гэхдээ НҮБ-ын байнгын гишүүний хувиар бүс нутгийн аюулгүйн системийг боловсруулахад голлох үүрэгтэй оролцож, АСЕАН-ны удирдлагад багтдагаараа бүс нутгийн хамтын ажиллагаан дахь оролцоогоо нь бодитой болгож чаджээ. Гэвч Хятадын олон зуун сая иргэн Орост хяналтгүйгээр цагаачлан ирж байгаа нь Сибирь, Алс Дорнодоос илүүтэйгээр үндэсний нь аюулгүй байдалд нь хүчтэй нөлөөлж болзошгүй юм. Ер нь Их Оросын хэмжээнд хүрч очиход наад зах нь хагас зуун жил шаардлагатай биз.

 

Япон: Хэрвээ Орос цэргийн их гүрэн бол Япон эдийн засгийн хэт их гүрэн билээ. Гэхдээ дэлхийн дайнд ялагдсанаасаа хойш одоо болтол Оростой найрамдлын гэрээ байгуулаагүй, Хятад болон Зүүн Өмнөд Ази, далайн орнуудын өмнө нүглээ бүрэн наманчилж дуусаагүй зэргээс улбаалан Япон Улс шинэ байр сууриа тодорхойлох хэрэгтэй байгаа юм. Тэгээд ч Японы томоохон бизнесмен, нөлөө бүхий улс төрчид Японыг Азид буцаан авчрах буюу Неоэйшанизм үзлийг дэвшүүлэх боллоо. Энэ нь бүс нутгийн энх тайван байдлыг хангах механизмыг хүчтэй болгох, АНУ-тай цэрэг, стратегийн хүрээнд хийсэн гэрээг бататгах; хуучин социалист орнууд, ялангуяа ОХУ, Хятад болон Вьетнамыг бүс нутгийн хамтын нийгэмлэгийн хариуцлагатай гишүүн болгон нэгтгэх асуудлыг багтаасан үзэл юм.

Япон Улс “эдийн засгийн аварга, улс төрийн давжаа биетэн” хочноосоо салахыг чухалчилж байгаа бөгөөд НҮБ-ын байнгын гишүүн болох, дэлхийн энх тайван байдлыг хангахад хүн хүчний болоод эрх зүйн оролцоогоо өргөтгөх бодлого баримтлах боллоо. Хэдийгээр тус улсад эдийн засгийн хямрал сүүлийн 10 жилийн турш үргэлжилж, санхүү, банкны зах зээл нь цар хүрээгээ алдан хумигдсаар байгаа ч буурай хөгжилтэй улс орнуудтай түншлэх бодлого барьсны үр дүнд шинэ шинэ боломжийг олж авч байна. 

 
Хятад: 1989 оны Тянь-Аньмэний талбайд болсон явдлаас хойш одоо БНХАУ дипломат ганцаардлаас гарсан төдийгүй Ази-Номхон далайн бүс нутагт төдийгүй дэлхий нийтэд байр сууриа бэхжүүлжээ. Азийн орнуудтай харилцаагаа хэвийн болгож, зарим улстай дипломат харилцаагаа сэргээлээ. Тайвань болон Гонконгт буй хятад үндэстнээр дамжуулан асар их хөрөнгө оруулалт хийж, АНУ болон Европын орнуудтай ч харилцаагаа сэргээж чадлаа. БНХАУ-ын дарга удаа дараа АНУ-д айлчилж харилцаагаа хэвийн болгосон хийгээд АНУ-ын ерөнхийлөгч Ж.Буш “БНХАУ нь АНУ-ын стратегийн гол өрсөлдөгч” хэмээн зарласан нь тус улсыг дэлхий нийтэд албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн их гүрний зиндаанд шууд түлхэх бололцоог олгожээ. Гэсэн хэдий ч Хятадын дотоодын улс төрийн хэт нам жим байдал нь ихээхэн түгшүүр төрүүлдэг. Өөрөөр хэлбэл саяхан сэлгээ хийсэн нам, төр нь ямархуу байр суурь баримтлах, улс төрийн тогтвортой байдлын номлолоо шаргуу баримтлах эсэх нь хамаг зүйлийн гогцоо болж байна.
Одоо БНХАУ-ын нийгэмд өмчийн хэт ялгаа бүхий, өөр өөр дэглэмийг хүлээн зөвшөөрөхүйц уур амьсгал бүрэлдсэнээр удирдагчдын бодлогоор хамаг зүйл ярс хийтэл шийдэгддэг байсан нь үеэ өнгөрөөж, өнгөн талдаа, дээд давхаргадаа л бүх юм ном, журмын дагуу байгаа мэт боловч дундаас доод шатанд бүх зүйл мөнгөний үнэ цэнээр хэмжигдэн захирагдаж байна. Энэ бүхнээс үүдээд ойрын ирээдүйд Хятадын эдийн засгийг юу хүлээж байна вэ гэдэг нь анхаарал татаж байна. Статистик үзүүлэлт, судлаач, дипломатчдын дүгнэлт, жирийн ахуй, хязгаарын байдал зэрэг олон зүйлд тулгуурлан ажиглахад Хятадын дээд амжилтын үе шувтарч, нийт орныхоо аж ахуйн бүтцийг өөрчилж, дэлхийн зах зээлд зохицуулах удаан хугацааны, ээдрээтэй үе эхэлж байна. Хятадын эдийн засгийн энэ эгзэгтэй байдал тус бүс нутагт, тэр дундаа манай их хөрш Орост яаж нөлөөлөх нь бидний хувьд тун чухал асуудал юм.
 
Эцсийн дүндээ бүхий л талаас нь аваад үзвэл урд хөрш маань эдийн засгийн хэт их гүрэн болбол манай улсыг удаан хугацааны турш Хятадын нөөцийн хавсаргын байранд тавьчихдаг түүх давтагдана. Тухайлбал, манай улс эдүгээ ердөө гуравхан төрлийн стратегийн бүтээгдэхүүн экспортолж, ашигт малтмалыг эс тооцвол арьс шир, ноос ноолуурын 90 гаруй хувийг урагшаа, бүр нарийн яривал БНХАУ-ын Хэбэй мужид нийлүүлж байна. Хэбэй нь манай түүхий эдийн төвлөрсөн бэлтгэл бааз байж, дараагийн шатны хуваарилагчийн үүрэг гүйцэтгэж, “төрийн бодлого”-оор дэмжигдэж байна. 

Монгол Улсын байр суурь хэрхэн өөрчлөгдөж байна вэ?

Хэдхэн жилийн өмнө Монгол Улс ЗХУ, БНХАУ-ын дундын улс мэт, улс төр, эдийн засгийн асуудал нь Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийн хүрээнд ЗХУ, Зүүн европтой холбогдсон байлаа.Тэгвэл өнөөдөр Монгол Улс “хоёр хөршийн найрсаг харилцааны хүрээ”-нээс халин гарч дэлхийн хамтын нийгэмлэгийн бүх оронтой чөлөөтэй харилцах, Азийн орны статусаа сэргээх бололцоотой боллоо. Ардчилал өрнөсөн богинохон хугацаанд манай улс дэлхийн нөлөө бүхий улс АНУ, Япон, Өмнөд Солонгос, БНХАУ болон Ази-Номхон далайн бусад оронтой хэвийн харилцаатай боллоо. Монгол Улс ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Дэлхийн худалдааны байгууллагад гишүүнээр элсч, шилжилтийн үеийг туулахад туслах зорилготой донор орнуудын хамтлагийг ч бий болгожээ. Гэвч энэ нь хэр удаан үргэлжлэх нь анхаарал татна.
Манай орны гадаад харилцаанд гарч буй шинэ зүйл бол АНУ, Япон зэрэг Ази-Номхон далайд төдийгүй дэлхийд нөлөөлөх орнууд тодорхой үүрэг гүйцэтгэх болсон явдал юм. Үүний үндсэн нөхцөл нь Монголд өрнөсөн ардчилсан үйл явц хүний эрх, эрх чөлөөг хангах механизмыг бүрдүүлж, энэ баталгааг Үндсэн хуулиндаа суулгасан явдал юм. Энэ үндсэн дээр донор орнууд манайхыг хоёр хөршид маань ардчилсан тогтолцоонд шилжсэн орон хэрхэн хөгждөгийн жишээ болгон үзүүлэхийг зорьдог бололтой. Гэвч үнэндээ АНУ Монголыг сонирхон алдан, сонирхон алдан, авч ч болохгүй, хаяж ч болохгүй тууштай бус бодлого явуулж, өрнөдийнхөн болон бусад холбоотноо хамруулан татаад байгаагийн гол гогцоо нь ОХУ, БНХАУ хоёрын хэт ойртолтыг сэрэмжлэх зорилгын үүднээс хийгдэж буй ажиллагаа гэж ойлговол зохино. Харин нэгэнт төсөөлөгдчихсөн энэ бодлогыг өргөжүүлэх, өөрийн ашиг сонирхлоо уялдуулан хэрэгжүүлэх бололцоог хангахад өөрийн гадаад бодлогынхоо нэг том дэд хэсэг болгон ажиллаж чадах эсэх нь манай төр засаг, үндсэндээ ГХЯ-ны том шалгуур юм. Гэхдээ ийн ажиллахдаа тэрхүү их гүрнүүдийн эдийн засгийн ашиг сонирхлыг нутаг дэвсгэртээ зохиомлоор ч атугай бий болгох хэрэгтэй. Түүнээс биш Монгол Улс энэ бүс нутагт өөрийн хүндтэй байраа эзэлтэл асар их зай бий. Харин Азийн орны хувьд Японд манай орныг сонирхох газар зүйн шалтгаан бий. Ийнхүү манай гадаад харилцаа Япон, АНУ-аас хамааралтай болох төлөвтэй байна. Гэвч нөлөө нь өсч буй БНХАУ-ын АНУ-тай харилцах харилцаанаас мөн адил хамаарах төлөв ч ажиглагдаж байна. Энэ нь умард, өмнөд хөршийн нөлөөллийн баланс алдагдаж өмнөд хөршөөс үзүүлэх нөлөө, ашиг сонирхол улам бүр нэмэгдэж буйтай холбоотой. Манай төр, засаг гадаадтай харилцах бүхий л цонхоо сүүлийн арван жил Бээжинд төвлөрүүлэн түүгээр дамжуулан шийдвэрлэж байгаа нь үүнд нөлөөлөх суурь болоод байж болох юм. Хэдийгээр газар зүйн байрлал шууд хамааралтай ч зарим тохиолдолд бас бус хүчин /агаарын тээвэр, транзиттээвэр, нутаг дэвсгэр түрээслэх, энхийг сахиулах хүчин байрлуулах/ зүйл, эдийн засгийн чадавхаа золиослон байж илүү үр дүнтэй харилцаа, хамаарлыг бий болгодгийг санахад илүүдэхгүй биз ээ.
Түүнчлэн Ази-Номхон далайн орнууд, тэр дундаа Зүүн Ази манай гадаад харилцаанд тэргүүлэх нөлөөтэй. Ялангуяа энд АНУ, Япон, ОХУ, Хятад гэх мэт дэлхийн томоохон гүрний ашиг сонирхол төвлөрч байдаг төдийгүй Монгол Улс тэдний ашиг сонирхлын хүрээнд багтаж байгаа тул энэ бүс нутагт олж авсан байр сууриа улам бататгах учиртай.
 
Далайд гарцгүй Монгол орон дэлхийн улс төр, зах зээлийн харилцаанд татагдан оролцохдоо чухам аль бүс нутгаар дамжин орох вэ гэсэн асуудал хурцаар тавигдаж байна. Үүнд Ази-Номхон далайн бүс, Зүүн хойд Ази /Япон, Солонгос, ОХУ/ хамгийн ирээдүйтэй болох нь тодорхой боллоо. Газар зүйн хувьд ойр дөт, далайд түүгээр л дамжих төдийгүй, улсын цаашдын хөгжилтөд эдгээр орон шаардлагатай капитал, техник технологийн эх үүсвэрийг нийлүүлэх, ашиглах болом
ж олгодог. Ялангуяа Монголын түүхий эд голлосон экспортын бүтцийг өөрчлөхөд Япон, Солонгосын хамтын ажиллагаа шаардлагатай юм.
 
Монголд үйлдвэрлэлийн уналт үргэлжилж, үндэсний валютын ханш нэн доогуур байгаагаас нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний үзүүлэлтээр буурай хөгжилтэй орон, тэр байтугай зарим үзүүлэлтээр нэн буурай орны тоонд орж байна. Энэ байдлаас гарах хөгжлийн стратеги, үзэл баримтлалыг боловсруулж, хэрэгжүүлэх нь өнөө цаг үеийн нэн чухал зорилт болоод байна. Тэгээд ч улс орны өөрийн хүчин чармайлтыг хэн ч орлож чадахгүй билээ. Хөгжингүй орнууд эдийн засгийн хувьд бүтээх чадвартай, социал байдлын хувьд тэгш нийгэм байгуулахыг чармайж буй орнуудыг бодлогоор илүүтэй дэмждэг. Хэрэв аливаа хөгжиж буй орон хүний хувийн санаачлагыг дарангуйлж байх юм бол, жишээ нь мэдээлэл чөлөөтэй олж авах эрхийг хязгаарлаж байвал гаднаас үзүүлэх тусламж үр дүнтэй байж чадахгүй гэж үзэн тодорхой шалгуур тавьдаг. Нэн ялангуяа ядууралтай тэмцэх, хоол хүнсийг эрүүлжүүлэх, хөдөө нутгийг хөгжүүлэх, хүрээлэн буй орчноо хамгаалах, боловсрол сургалтыг сайжруулахад хэр анхаарч байгааг нь түлхүү анхаардаг. Өөрөөр хэлбэл хөгжлийн тусламжийг хэр зөв шингээж байгаагаас их зүйл хамаарна.

Өнөөдөр Монголын хувьд нээлттэй орчинд хөл алдахгүйн тулд трансформацын онолыг хөгжлийн асуудлуудтай уялдуулсан үндэсний хөгжлийн цэгцтэй үзэл баримтлал, бодлого үгүйлэгдэж байна. Шилжилт хэр хурдан, үр дүнтэй явагдаж байгааг цаг хугацаа, зардал, хүлээн зөвшөөрөх байдал, практик чадвар зэрэг олон шалгуураар шалгадаг: Цаг хугацааны хүчин зүйл нь шилжилтийн үйл явцад шаардагдах цаг хугацааны хэрэгцээ, үйл явц юм. Монголын хувьд стратегийн бодлого, үзэл баримтлалаас шалтгаалан нэлээд удаашрах төлөв ажиглагдаж байна.

Шилжилтийн зардлыг тодорхойлох нь нэлээд түвэгтэй. Хуучин тогтолцооны үр ашиггүй байдлыг арилгахтай холбогдсон зардал энд хамаарахгүй. Ийм зардал хангамжийн дутагдал, бүтээгдэхүүний чанар, экологийн бохирдлоор ихэсдэг. Хуучин тогтолцооны үргүй зардлыг арилгах нь системийн трансформацийн зорилго байх ёстой. Энэ утгаараа М.Энхсайханы Засгийн газрын явуулж байсан бодлого зөв эхлэл байсан хэдий ч дараа дараагийн ямар ч баримтлах бодлого, зорилтгүй Засгийн газрууд шаардлагатайгаас илүү зардал гаргаж балласан билээ. Харин одоо Н.Энхбаярын Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй алхмууд нь хэдийгээр зөв боловсруулагдсан ч сонгуулийн амлалтад баригдан, дараагийн алхамдаа тушаа болохоос эмээн мэргэжлийн удирдлагаар хангаж, чигч ажиллах тал дээрээ учир дутагдалтай байна. Чадах ч үгүй юм байна. Шилжилтийн зардал нь трансформацийн бодлогоос шалтгаалсан байх ёстой. Нэг үгээр хэлбэл, өмч хувьчлал, техник технологийн зардал, бүтцийн шинэ тогтолцоо бий болгох зэрэг шилжилтийн бодлогоос үүдэн гардаг байна.
 
Хүлээн зөвшөөрөх байдал буюу акцептацийн шалгуур нь системийн өөрчлөлтийг хүн ам хэрхэн зөвшөөрч, санал нийлж байгааг илэрхийлдэг. Энэ нь зөвшөөрсөн, няцаасан харьцаагаар тодорхойлогдох буюу төрийн удирдлагад итгэх итгэл, төрийн тогтвортой байдал, хуучин тогтолцоог санагалзах, улс төрийн боловсрол, ирээдүйгээ хэрхэн төсөөлж байгаа зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалнаҮнэнийг хэлэхэд шар, хар, цагаан байх нь гол бус, харин тогтвортой засаглал энүүхэн 10 жилд шаардлагатай байна. Үүнээс үндэслэн засаглалын тэнцвэржилт, бүтэц, Үндсэн хуулиар эрх мэдэл хуваарилсан байдлыг дахин авч үзэх шаардлагатай байгаа юм. Учир нь зарим нэг мэриймтгий зүтгэлтний хэт зүтгэлээс шалтгаалан анхдагч логик алдагдсан тэрхүү тодорхой бус уялдаа холбоосыг залруулах зайлшгүй шаардлага байгаа юм.
 
Практик чадвар гэдэгт тодорхой үзэл баримтлалыг бодлого болгон хэрэгжүүлэх байдал, тухайлбал бодлогын тодорхой арга хэмжээг оновчтой хэрэгжүүлэх явдлыг ойлгодог. Эдгээр шалгуурыг оновчтой ашиглан шилжилтийн бодлогыг хянаж байвал трансформацийн үйл явцын амжилтад эерэг нөлөөлөх болно.
Дээрх ерөнхий тулгуур шалгууруудыг шилжилтийн үедээ яваа хөгжиж буй орнууд дотооддоо хэрхэн хэрэгжүүлж буйгаас хамаарч тухайн улс орны гадаад бодлого, хөгжлийнх нь стратеги, үзэл баримтлал төлөвшин тогтож, цаашилбал олон улсын харилцааны төвшинд тухайн бүс нутагтаа өөрийн байр суурийг тогтооход чухал түлхэц болдог байна. Ийм л тохиолдолд Монгол Улсын үндэсний хөгжлийн цэгцтэй бодлого, үзэл баримтлал бүрэлдэх таатай нөхцөл боломж олгогдох биз ээ.
 
1998.05.07

Сэтгэгдэл бичих

arrow icon