Нийтлэл 04 сарын 17, 2015

Оросын худалдан авагчдад бид юу зарах вэ?

Оросын Холбооны Улс (ОХУ) руу манайхан өдөр шөнөгүй явж байна, өөрөөр хэлбэл тэдэнд манайхны сонирхлыг татах бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ нэлээдгүй байгаа бололтой. Цагаан сарын үеэр Оросын архи, жимс, чихэр олон айлын ширээн дээр байсан. Саяхан хөдөөнөөс хэсэг хүмүүс Итгэлт хамбад мөргөөд буцаж байгаатай тааралдсан. Тэд архи, чихэрнээс гадна аяга таваг, гал тогооны хэрэгсэл гээд нэлээдгүй бараа худалдан авсан, бүр зарим нь хөдөө аваачиж худалдаалахаар авснаа надад ярьж өгсөн.

 

ОХУ руу 2 өдөр, 3 шөнийн аялал хийгээд ирэхэд хамгийн багадаа хэдэн төгрөгийн зардал гарахыг энд тооцьё. Галт тэрэгний зардал (УБ-Сэлэнгэ-УБ) 36000 төгрөг, микро автобус (Сэлэнгэ-Улаан-Үд-Сэлэнгэ) 60000 төгрөг, Сэлэнгэд нэг өглөөний цай, буцах үеийн нэг оройн хоол, нийтдээ 24000 төгрөг болно. Энэ бүх зардал нийт 120000 төгрөг бол Монгол улсдаа зарцуулах тооцоо.

 

Оросын нутагт 1 хоноход зочид буудалд ойролцоогоор 25000 төгрөг, 3 удаагийн хоолонд 36000 төгрөг, Итгэлт хамбад орох тасалбар 8500 төгрөг, энэ бүх зардал нийлээд 69500 төгрөг, хэрэв та 100000 төгрөгөөр чихэр жимс, архи хувцас, мөн бэлэг дурсгал худалдан авах юм бол нэг хүн ОХУ-д нийт 169500 төгрөг төлнө.

 

Дээрх тооцоо бол хамгийн хурднаар хувиараа явж байгаа иргэд дээр тулгуурласан тооцоо. Аялал жуулчлалын зарим компани 3 өдөр 3 шөнө явж ирэх аялалд 250000 төгрөгийн үнэ зарласан байгаа. Эдгээрээс гадна бараа материал татан авчирч худалдаалах, мөргөл хийх, амралтын зорилгоор аялж байгаа манайхны тоо маш их байна. Ялангуяа Оросын компаниудаас Монголчуудад зориулсан ямар нэгэн програм, баяр ёслолын үеэр маш ихээр манай иргэд ОХУ руу зорчиж байна. Зун болно, Байгаль нуур болон Оросын хотуудаар аялах аялал нэмэгдэнэ.

 

2015 он гарснаас хойш эхний 3 сарын статистик судалгааг авч үзвэл Алтанбулагийн хилээр өдөрт дунджаар 2047 Монгол хүн ОХУ-д зорчиж байна. Өөрөөр хэлбэл өдөр бүр Монголчууд ОХУ-д 347 сая төгрөгийн экспортыг хамгийн багадаа хийж байна.

 

Эсрэгээрээ ОХУ-аас өдөрт дунджаар манай улсад 261 хүн тус хилээр орж ирж байна. Нэг Орос жуулчин, худалдан авагч манайд ямар хэмжээний худалдан авалт хийж байгаа, манай улс ОХУ-ын худалдан авагчдад зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргаж чадсан уу, ноолууран эдлэлийн экспорт огцом нэмэгдсэн гэх чихэнд чимэгтэй мэдээнээс бусдаар энэ бүхэн тодорхой бус байна. Тодорхой бус, өөрөөр хэлбэл хөгжүүлэлт хийгээгүй, өнгө аясаа тодорхойлоогүй мөртлөө бид аялал жуучлал, чөлөөт бүс ярьсаар, сурталчилсаар байна. Нөгөө талаар оросын худалдан авагчдад зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлж бизнес хийх өргөн боломж баялаг бүтээгчдэд байна.

Сэтгэгдэл бичих

    • З
    • 2019-08-24

    Орос т үзэх юм бий.Голын эрэг дээр пиво ууж суусан их гоё бсан гэж бичих юм хайран мөнгө!!!

arrow icon