Нийтлэл 04 сарын 23, 2015

Хүүхдийнхээ амьдралд оролцоотой эцэг эх хэзээд хариулж чаддаг гурван асуулт

 

Өмнөх нийтлэлдээ би хүүхдийн хүмүүжлийн талаар энгийн хийгээд хэцүү хэдэн зөвлөгөөг эцэг эхчүүдэд хүргэх амлалт өгсөн билээ. Энэ удаа зөвлөгөө 1 буюу хүүхдийнхээ амьдралд оролцоотой байх тухай ярилцацгаая:

 

Зөвлөгөө 1. Хүүхдийнхээ амьдралд нь оролцоотой бай...

Маш энгийн сонсогдох энэ зөвлөгөө бол угтаа шаггүй хүнд ажил юм.

 Мэдээж эцэг эх болсон та ажил төрөл, амьдрал ахуй гээд завгүй л өдрийг өнгөрүүлж байгаа байх. Үүнийг нь мэдээд АНУ-н зарим мужид тусгайлан хүүхэдтэй эцэг эхчүүдийг ажлаас нь арай эрт тараадаг дүрэм гаргасан байдаг тухай сонин дээрээс уншиж байсан юм. Тэд  хүүхдийн ирээдүйн талаар маш их судалгаа хийж түүнийгээ бодит амьдрал дээр хэрэгжүүлдэг хүмүүс юм. Онол голчлон судлахаасаа илүүтэйгээр бодит байдлыг илүүд үздэг юм болов уу гэж харагдаад байдаг. АНУ-н нэгэн сэтгэл зүйчийн зөвлөгөөнд хүүхдийнхээ амьдралд оролцоотой бай гэсэн байдаг. Үүнийг би сайтар судалсан юм. Чухамдаа энэ зөвлөгөөний цаана юу өгүүлээд байна вэ? Орчин үеийн манай Монголын залуу гэр бүлүүдийн дунд хийгээд нас тогтсон хүмүүсийн хувьд ч гэсэн энэ зөвлөгөө яг тохиромжтой санагддаг юм.

 

Хүүхдийнхээ амьдралд нь оролц гэхээрээ идэж ууж байгаа юмыг нь хянадаг, яаж сууж кино үзэх, яаж хоолоо идэх, гудамжаар яаж алхаж байгаа зэргийг нь нэг бүрчлэн зааварчлахаас гадна зааварлахдаа уцаарлан зааварлах үзэгдэл бол жирийн л тохиолдол. Байдаг л үйлдэл. Энэ үйлдлийнхээ үр дүнг тэд хэзээ ч анзаарч ойшоодоггүй. Тоохгүй орхидог. Эргээд арван жилийн дараа өнөөх хүүхэд нь өөрийн гэсэн ухамсаргүй, өөртөө итгэх ямар ч итгэл үгүй, хүнд санаагаа зөвөөр ойлгуулж чаддаггүй, бие даах чадваргүй, бүхнийг хийхээс айдаг, мэгшдэг, зориггүй, зорилгогүй болсных нь дараа эцэг эхчүүд нь манай энэ ингэдгийн гэж ирээд л хоорондоо хов жив болгож ярина  Угтаа бол танай тэр тэгээгүй юм шүү дээ, та өөрөө тэгсэн юм.

 

Хүүхдийнхээ амьдралд нь оролц гэдэг бол гуравхан үндсэн зарчимд тулгуурлана. Хүүхэд тань хэдэн ч настай байсан бай дараах гурван асуултад хэзээ ч хаана ч хариулахад бэлэн байхыг л хэлээд байгаа юм. Үүнд:

  1. Миний хүүхэд хаана байгаа вэ?
  2. Миний хүүхэд хэнтэй цуг байгаа вэ?
  3. Миний хүүхэд юу хийж байгаа вэ?

 

Та хүүхдээ хэрхэн удирдаж байгаагаас хүүхэд тань өөрөө өөрийгөө мөнхүү удирдах болно. Асуултад хэзээ ч хамаагүй хариулах гээд өөрөөсөө дахин дахин өдөр бүр асуугаад үзээрэй. Та үнэхээр хүүхдээ анзаардаг уу? Дээрх даалгавар амархан хийгээд хэцүү даалгавар юм. Дийлэнх эцэг эхчүүд хэт их ажлын хэнээнээсээ болж хүүхдээ хаана, хэнтэй юу хийж байгааг тоолгүй өнгөрөөдөг. Үүнээс үүдсэн асар олон гэмт хэрэг, болоод осол аваар гардаг гэдгийг энд сануулах нь илүүц. Зүгээр л энэ гурван асуултад хариулахад үргэлжийн мөнхөд бэлэн бай гэж зөвлөмөөр байна. ингэснээр та хүүхдээ удирдах боломжтой болно. Асуултын хариулт таны сэтгэлд нийцэхгүй байвал та хүүхэдтэй тэр үед ярилц. Буруу газар буруу хүнтэй буруу зүйл хийж байвал хүүхдээ загнаж зандчихаасаа өмнө эхлээд бод, түүнийг бас сонс, ярилц, асуудлыг хамтдаа шийдвэрлэ. Түүний асуудлыг өмнөөс нь бүү шийд. Учир нь тэр чинь тусдаа ертөнцтэй хувь хүн шүү дээ... ажил ихтэй, хэнээ туссан эцэг эхчүүдийн нийтлэг гаргадаг алдааны жишээг дурдмаар санагдав. Хүүхэд нь гэрийн даалгавраа хийж чадахгүй байнга муу дүн аваад бидний хэлдгээр чихнээс хонх унаад байдаг тал бий. Энэ үед эцэг эхчүүд өөрсдөө хийж өгдөг тал бүр элбэг. Заримдаа бүр гаднын хүнээр ч хийлгэх нь бий. Үүнийгээ хүүхдэдээ тус болж байна, хүүхдийнхээ асуудлыг шийдчихлээ гэж боддог. Танд гэж хэлэх ганцхан л хариулт байна. ҮГҮЙ.

 

Хамгийн том эндүүрэл бол тэр. Хамгийн том алдаа бол тэр. Угтаа бол гэрийн даалгавар гэдэг бол багшийн хувьд сурагчаа ямар төвшинд явааг нь хянах хяналтын тоног төхөөрөмж юм. Энэ хяналтын тоног төхөөрөмжийг нь эвдсэнээр танай хүүхэд багшийн хяналтаас бүрэн гарч хичээлийн хоцрогдол үүсэх томоохон шалтгаан болж байгаа юм. Хэрэв багшийн өгч байгаа даалгавар нь хэтэрхий их байвал та багштай нь очиж уулзахыг зөвлөе  Хүүхдийнхээ төлөө ганц ч гэсэн удаа багштай нь уулзаж үз л дээ тийм ээ? Хэрэв таны хүүхэд тэр даалгаврыг өөрөө л хийхгүй бол тэр амьдрал дээр тань үгүйгээр цөхрөх болно гэдгийг олон арван туршлагаас харж болно. Бяцхан зөвлөгөөг минь сайтар тунгаан бодож үйл хэрэг болгох ажлыг танд үлдээе. Хэрхэн ахиц гарч байгаа талаарх уншигчдын сэтгэгдлийг би дараагийн удаа товчхон сийрүүлэх болно. Баярлалаа.

 

З.Төгөлдөр

Сэтгэгдэл бичих

arrow icon