Монгол улс өрсөлдөх чадварын индексээр дэлхийд 3,8 оноотойгоор 98-д жагсаж байна.
Өнгөрсөн онд 107-д жагсаж байснаас 9 байраар урагшилсан дүнтэй гарсан байна. Гэвч уг тоо нь цоо шинэ үзүүлэлт биш юм. Манай улс 2011 онд 96-д, 2012 онд 93-т орж байсан. Энэ үеүүдтэй харьцуулахад Монгол улсын өрсөлдөх чадварын индекс сайжраагүй ч 2013 онтой харьцуулахад урагш ахисан дүр зураг харагдаж байна.
Дэлхийн өрсөлдөх чадварын индексийг Дэлхийн эдийн засгийн форумаас жил бүр хийсэн судалгаан дээрээ үндэслэн тайлагнадаг. Дэлхийн 144 улсын өрсөлдөх чадварыг тогтоож, өөрсдийн өрсөлдөх чадварын өсөлт бууралт, тогтмол байдлыг тодорхойлж, ижил төстэй улс орнуудтай харьцуулах, өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлох, шинэчлэх боломжийг олгодог тайлан. Өрсөлдөх чадвар нь институт, бодлого гэх мэт улсын бүтээн босголт, хөгжлийн түвшинг тодорхойлж чадахуйц 12 тулгуур асуудал дээр үндэслэн тодорхойлогддог.
Уг судалгааны дагуу Монгол улсын өрсөлдөх чадварын зэрэглэлийг 2013 онтой харьцуулан дэлгэрэнгүй танилцуулая:
Монгол улс арван хоёр тулгуур асуудлын олонхийн хувьд нэн ялангуяа институт, дээд боловсрол ба мэргэжлийн сургалт, бараа бүтээгдэхүүний зах зээлийн үр ашигтай байдал, бизнесийн боловсронгуй байдал гэсэн үзүүлэлтүүдээр үнэлгээ өсч 15-24 байраар ахисан харагдаж байна.
Институт
Өрсөлдөх чадварт хамгийн чухалд тооцогддог “үндсэн хэрэгцээ, суурь хүчин зүйлс” категорид хамаарагдах "Институт"-ын хувьд 3,4 оноогоор үнэлэгдэж 15 байраар урагш ахижээ. Дэлгэрүүлэн авч үзвэл "Институт" тулгуур асуудалд харьяалагдах оюуны өмчийн хамгаалал, төрийн сангийн шинэчлэлт, жигд бус төлбөр, хээл хахууль, Засгийн газрын бодлого боловсруулах үйл ажиллагааны ил тод байдал зэрэг дэд асуудлууд дээр өмнөх жилээс өндөр үнэлгээ авснаар ийнхүү сайн үр дүнтэй гарчээ.
Дээд боловсрол ба мэргэжлийн сургалт
Харин хөгжиж буй улсуудын хувьд чухалд тооцогддог “үр ашгийг дээшлүүлэх хүчин зүйлсийн” нэг "дээд боловсрол ба мэргэжлийн сургалт" 4,4 оноогоор 82-58-р байр луу урагшилсан байна. Дээд боловсролын үзүүлэлтээр сайжрах болсон гол шалтгаан нь боловсролын чанарын асуудал бус боловсролтой иргэдийн үзүүлэлт нэмэгдсэнээр ийнхүү 24 байраар урагш ахижээ. Дунд боловсролын элсэлт 92,6%-103.5% болон нэмэгдсэн нь үүний гол шалтгаан
юм. Түүнчлэн математик, шинжлэх ухааны боловсролын чанарын үнэлгээ 4,1 онооноос 4,5 оноо болтол өсч, сургууль дээрх интернет орчны үзүүлэлт ч мөн өндрөөр үнэлэгдсэн байна. Дээрх хоёр оны үзүүлэлтийг харьцуулсан зургаас Монгол улсын эрүүл мэнд, боловсролын салбар дахь үнэлгээ өсч буйг харж болно. Гэвч чанараас илүүтэй салбарт гарч буй тоон үзүүлэлтийн ахиц нөлөөлжээ. Жишээ нь: боловсролтой иргэдийн тоо ихэссэн, сургууль, эмнэлгийн тоо ихэссэн гэх мэт чанараас гадуурх үзүүлэлт өндөр үнэлгээтэй байна. Хөгжиж буй манайх шиг улсын хувьд тооноос илүү чанарт анхаарах нь чухал. Тиймээс цаашид чанарыг эрхэмлэх хэрэгтэйг энэхүү судалгаа харуулж байна.
Бараа, бүтээгдэхүүний зах зээлийн үр ашигтай байдал
Түүнчлэн уг категорид хамаарагдах "бараа бүтээгдэхүүний зах зээлийн үр ашигтай байдал" тулгуур асуудлын хүрээнд 96-81-р байр луу ахисан үзүүлэлттэй байна. Үүнд орон нутгийн өрсөлдөөний эрчимжилт, гаалийн дүрэм журмын дарамт, хэрэглэгчийн чиг хандлагын зэрэглэл гэсэн дэд асуудлууд дээр үнэлгээ ахьжээ. Инноваци болон боловсронгуй байдлын хүчин зүйлсэд хамаарах "бизнесийн боловсронгуй байдал"-н хүрээнд Монгол улс 3,5 оноогоор 128-113 хүртэл 13 байраар урагшилжээ. Үүнд орон нутгийн ханган нийлүүлэх чанар, сүлжээний цар хүрээний үнэ цэнэ, үйлдвэрлэлийн үйл явцын боловсронгуй байдал, маркетингийн цар хүрээ зэрэг үзүүлэлтээр ахьсан байна.
Өнгөрсөн жилийн монголын өрсөлдөх чадварыг энэ жилийнхтэй харьцуулахад "технологийн бэлэн байдал" болон "зах зээлийн хэмжээ" гэсэн хоёр тулгуур асуудлын үнэлгээ буурч, байр хойшилжээ.
"Технологийн бэлэн байдал" тулгуур асуудлын хувьд өнгөрсөн онд 3,8 оноотой 66-д жагсаж байсан бол энэ онд 3,5 оноотой 81-д жагссанаар 15 байраар хойш ухарчээ. Уг тулгуур асуудал нь 7 дэд асуудлуудад харьяалагддаг. Үүн дотор нэг хэрэглэгчид ногдох интернетийн цар хүрээ кб/сек , өргөн зурвас дахь гар утасны баталгааны үнэлгээ муудсанаар 15-р хойшилжээ. Үүний дараагаар "зах зээлийн хэмжээ" тулгуур асуудал ДНБ-нд ногдох экспортын хувь муу үнэлгээтэй байгаагаас 1 байр хойшилсон байна. "Технологийн бэлэн байдал" тулгуур асуудлаар Монгол улс 2012 онд 3,8 оноогоор үнэлэгдэж өмнөх жилээс 32 байраар зэрэглэлээ ахиулж байв. Үүнд сүүлийн үеийн технологийн бэлэн байдал, компанийн түвшний технологийн шингээлт, гадаадын шууд хөрөнгө оруулалт ба технологийн шилжүүлэг, интернет хэрэглэгчдийн өсөлт, интернетийн хурд зэрэг үзүүлэлтүүд хүчтэй эерэг нөлөө үзүүлж байсан. Харин энэ жил 15 байраар хойшилсон нь технологийн хувьд илүү их бүтээлч санаа, шинэчлэлт хэрэгтэй байгааг харууллаа
.
Хөгжиж буй орнуудын хувьд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чухалд тооцогддог “үр ашгийг дээшлүүлэх хүчин зүйлс"-ийн хөдөлмөрийн зах зээлийн үр ашигтай байдал, санхүүгийн зах зээлийн хөгжил, зах зээлийн хэмжээ гэсэн үзүүлэлтүүд дээр өмнөх оноо өөрчлөгдөөгүй байна. Мөн ахиц дэвшил шаардлагатай, хөгжингүй орны чухал үзүүлэлтүүд болох инноваци, дэд бүтэц зэрэг асуудалд өөрчлөлт гараагүй бөгөөд харьцангуй анхаарч үзэх шаардлагатай болсныг үүнээс харж болно.
Монгол улсын хувьд суурь тулгуур асуудлууд дээр нэлээд анхаарч буй нь энэхүү судалгаанаас ажиглагдаж буй ч хөгжингүй улсад зайлшгүй шаардлагатай технологийн дэвшил, санхүү, зах зээлийн хөгжил хоцрогдож, тэр дундаа үнэлгээ буурсан таагүй дүнтэй
гарчээ. Дан ганц суурь, үндсэн асуудлууд бус дээрх салбаруудад шинэчлэлт, илүү өргөн цар хүрээтэй бүтээн босголт шаардлагатайг бидэнд энэхүү тайлан анхаарууллаа.
Сэтгэгдэл бичих