Хан Ресурсын захирал, BNN зэрэг бизнес сувгаар комментатор хийдэг нэр хүндтэй бизнесмэн Жим Доак Улаанбаатарт зочид буудалд нас барсан гэж мэдээллийн эх сурвалжууд мэдээлж байна.
The Globe and Mail медиагаас уран олборлож, хөгжүүлдэг Хан Ресурс компанийн захирал Пүрэв гарагийн өглөө зочид бууудлын өрөөнд нас барсан байдалтай олдсон гэж мэдээллээ. Хан Ресурсаас одоогийн байдлаар ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна. Канадын засгийн газраас мэдээллийг үнэн гэж хариу өгсөн ч өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнгүй. Улаанбаатар дахь консулын албатууд орон нутгийн засаг захиргаатай холбоо барьж мэдээлэл бүрдүүлж байна.
2010 онд Монголын засгийн газар Дорнодод тусгай лиценз гаргаж өгөхөөс татгалзсаны улмаас компанийн хөрөнгийг 100 хувь үнэгүйдүүлсэн гэж компанийн вэбсайтад мэдээлсэн ба байдаг. Улмаар олон улсын арбитрын шүүхээс Монголын засгийн газар 100 сая долларын төлбөр төлөх шийдвэр гарсан байсан юм.
Одоогийн байдлаар үхлийн шалтгаан тодорхойгүй байгаа ч Рио Тинто, Шенхуа зэрэг олон хөрөнгө оруулагчидтай хийх хамтын ажиллагаа, харилцаа ээдрээтэй нөхцөл байдалд буй цаг үед Монголын нэр холбогдсон томхон маргааны нэг дүр манай улсад нас барж, энэ тухай мэдээ олон улсын бүх томхон медиагаар цацагдаж байгаа нь манай засгийн газар буланд шахагдах эрсдлийг улам нэмэгдүүлж байна.
Сэтгэгдэл бичих