Би ч чадахгүй дээ.... тэр ер нь бүтэхгүй..ерөөсөө хэрэг алга... тэр муу, энэ хогийн...Шинэ долоо хоногийг ийм бодлуудаар эхэлж байгаа юм биш биз?
Эсвэл ойр тойронд чинь дандаа ийм хасах цэнэг цацаж байдаг, доош чангааж байдаг хүн байна уу? Сөрөг юм бодохгүй хүн, төрөхгүй өдөр гэж байхгүй. Харин хэр хурдан орхиж чадах эсэх нь таны болоод бусдын хандлагад ялгаа гаргана. Сөрөг юм удаан, байнга бодож, сөрөг цэнэгтэй хүн болохгүйн тулд дараах аргуудыг хэрэгжүүлээрэй. Сөрөг юм бодохгүйг хичээх гэхээсээ бодох үедээ өөртэйгээ хэрхэн харилцахаас их зүйл шалтгаална.
- ӨГЛӨӨНИЙ ХҮН БОЛОХ
Хүн байгалаасаа нарны гэрлээс эерэг юм бодох хүч авдаг.
Өглөө ажилдаа яаран, нар анзаарахгүй гүйх биш аль болох тайван, аажуу уужуу алхаж үзвэл танд мэдрэгдэнэ. 30 минут, үгүй ядахад дор хаяж 10 минут алхаад үзээрэй.
- АМРАЛТЫН ӨДРӨӨР АЛЬ БОЛОХ ХҮНД СПОРТООР ХИЧЭЭЛЛЭХ
Сөрөг бодолтой хүмүүст нийтлэг байдаг онцлог, аливаа зүйлсин талаар их гүн тунгааж бодох хандлагатай. Амралтын, ажилгүй өдрөө аль болох их хөлс асгах, хүндхэн дасгал хийж дадвал тийм юм бодож байх завгүй болохын дээр хөлсөө гаргаж, бие сэргэнэ.
- СӨРӨГ БОДЛУУДАА АНАЛИЗ ХИЙЖ ҮЗЭХ
Хэзээ сөрөг зүйлс бодож байгаагаа ажиглах. Олиггүй бодлуудаа цаасанд тэмдэглэж орхиод байвал аяндаа хэв маяг ажиглагдана.
Тэгээд нэг сөрөг зүйлийн талаар эерэг хүн бол энийг юу гэж бодох бол гэж бодож үзээд, олсон хариугаа илүү тод гардаг балаар хажууд нь бичих хэрэгтэй. Тод балаар үсгээр бичигдсэн бодол хүний оюунд илүү нөлөөлж үлддэг нь батлагдсан.
- ӨӨРӨӨСӨӨ ХЭТЭРХИЙ ЯЛГААТАЙ ХҮНЭЭС ЗАЙ БАРИХ
Хорвоод ганган чамин нэгэн байхад энгийн даруу нэгэн ч бий. Өөрөөсөө хэт ялгаатай хүний дэргэд байхад үлгэр аваад илүү хичээх хүн байдаг ч өөртэйгээ харьцуулж гутрах, санаагаар унах хүн илүү олон байдаг байна. Ялгаатай хүмүүстэй ярилцах нь шинэ сэдэл, урам өгдөг ч байнга харилцах ойр дотнын хүмүүстэйгээ үзэл бодол, характер төстэй байвал сэтгэл санаа илүү тогтвортой болно
.
- ШОГ ЗОХИОЛ, ИНЭЭДМИЙН КИНО, СОНИРХОЛТОЙ ЗҮЙЛС ҮЗЭХ, ЦУГЛУУЛАХ
Сөрөг юм бодож, бухимдах ихсээд ирвэл өөрийгөө сайн ажиглаж, аргадаж, аль болох баргар зүйлсээс холхон, хөгжилтэй зохиол, кино, эд зүйлд ойр байх нь зүгээр. Хүчээр ч болов инээх нь биологийн механизмаар дамжин таны бодлыг эерэг тийш нь чиглүүлж өгнө
.
- ЯРИЛЦАХ ХҮНЭЭ ЗӨВ СОНГОХ
Адилхан баргар, шүүмж, өө хайх хандлагатай хүнтэй зөвлөж, хамаг юмаа яриад байдал дордох нь олонтаа. Ам нийлэн муулахаас илүү чимээгүй сонсож чаддаг хүн нь дээр. Хэрэв таныг хэн нэгэн сонсож, зовлонг чинь хуваалцаж өгвөл баярлалаа гээрэй. Энэ “баярлалаа”- гаас эерэг бодол чинь эхэлнэ
.
Сэтгэгдэл бичих