Нийтлэл 04 сарын 27, 2015

Солонгорсон эдийн засаг ба сайхан амьдрал

Эдийн засгийн хэмжээ ба сайхан амьдрал, Өсөлт ба сайхан амьдрал нийтлэлүүд маань 2014 оны Монголын эдийн засгийн хэмжээ, бүтэц, өсөлт ямар байсан, эдгээр үзүүлэлтүүд нь бидний амьдралд хэрхэн нөлөөлсөн талаар байсан. Тэгвэл энэ удаа арай урт хугацааны чиг хандлагыг авч үзээд, эдийн засаг маань хэрхэн явж ирсэн, цаашид яах хэрэгтэй вэ? гэдэг талаар бодож үзэцгээе.

 Уул уурхай, барилга Монголын эдийн засгийг хөдөлгөгч мотор мөн үү?

Монголын эдийн засгийн сүүлийн 5 жилийн хандлагыг авч үзвэл бодит өсөлт жилд дунджаар 11% байсны үр дүнд 2014 оны эцэс гэхэд 2010 онд байснаасаа 59% том эдийн засагтай болсон дүр зураг харагдаж байна. 

Харин энэхүү 59 хувийн өсөлт бий болоход хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн дараах 3 салбар хэр их хувь нэмэр оруулсныг харвал:

  • Уул уурхай: 16 нэгж ( 27%).  2013 онд байв; Оюутолгойн ил уурхайн олборлолт эхэлснээс хойш жилд 20% давж өсч байгаа уул уурхайн салбар эдийн засгийн өсөлтийн гол мотор
  • ХАА: 8 нэгж ( 13%). 2009-10 оны их зуднаар нийт малын 20% хорогдож, ХАА салбар 16% агшсан. Харин түүнээс хойш бороо хуртай зун, өнөтэй өвлийн ачаар сүүлийн 3 жилд дунджаар бараг 20% өсч байгаа Хөдөө аж ахуйн салбарын эдийн засагт оруулсан хувь нэмэр өндөр байв;
  • Барилга: 4 нэгж ( 6%). Сүүлийн 1 жил зогсонги байдалд ороод байгаа ч 2012 оны ид үедээ 85% өсч, байрны дундах хүүхдийн тоглоомын талбай болгон дээр шахуу "бүтээн босголт" хийсэн Барилгын салбарын хувь нэмэр ч багагүй байжээ.

Идэвхитэй ѳрнѳж буй Уул уурхай болон барилгын салбаруудыг дагаад бүтээн байгуулалтын санхүүжилтийг нь олгодог банкууд, ачааг нь зөөдөг тээврийн компаниуд болон хэрэглээг нь хангадаг худалдаа эрхлэгчдийн орлого ч өсдѳг. Тиймээс, хэрэв энэ 2 салбар сүүлийн жилүүдэд урагш яваагүй бол Санхүү, Тээвэр агуулах болон Худалдааны салбарууд жилд 10%-30% өсөхгүй, улмаар эдгээр салбаруудын улсын эдийн засагт оруулах хувь нэмэр нь ч хязгаарлагдмал байх байсан болов уу. Харин Уул уурхай, барилгын салбарын ѳсѳлт нь бусад салбаруудын үйл ажиллагаа идэвхжихэд нѳлѳѳлснѳѳр зэрэг олон салбарууд өндөр өсөлттэй байж,  Бүтээгдэхүүний цэвэр татварын орлого ч 5 жилийн дотор 81% өсчээ. Улмаар улсаас эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамжаас эхлээд зам гүүр, дэд бүтцэд зориулагдах мөнгө ч тэр хэмжээгээр нэмэгджээ гэж үзэж болно.

2010-2014 онд эдийн засагт бий болсон 59% өсөлтийн маань 90% нь хэрхэн бий болсон дүр зураг товчхондоо иймэрхүү. Харин энд нэг асуудал байна. Бусад салбарууд маань яасан бэ..? 

 

"Бүх өндөгөө 1 сагсанд хийвэл" яах вэ? Хэрэв Оюутолгой, цас багатай дулаан өвөл, Улаанбаатарт баригдсан хэдэн шинэ орон сууц байгаагүй бол эдийн засаг маань бараг л 5 жилийн өмнөх хэмжээндээ байх байж

59%-ийн өсөлтийн үлдсэн 10% буюу ердөө л 6 нэгжийг эдийн засгийг маань бүрдүүлдэг бусад бүх салбарууд нийлээд бүтээжээ. Хэрэв Оюутолгой, цас багатай дулаан өвөл, Улаанбаатарт баригдсан хэдэн шинэ орон сууц байгаагүй бол эдийн засаг маань бараг л 5 жилийн өмнөх хэмжээндээ байх байж. Тэгвэл дараах 2 тохиолдолд бидний амьдралын түвшнээ сайжруулах мөрөөдөл маань яах вэ? гэсэн бодол орж ирэх байх.

  • Өнөтэй өвөл үргэлжлэхгүй, зэсийн ханш өсөхгүй, барилгууд зарагдахгүй бол?

Хариултыг нь бид бараг мэдэх байх. 8.5 сая малаа зуданд алдаж 220 мянган өрх буюу 800-аад мянган хүний амьдрал нэг дор хэцүүдсэн  2009-10 оныг бид санаж байгаа. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр унахад манайд яаж нөлөөлж байгааг бид яг одоо харцгааж байна. Баригдсан байшин нь зарагдахгүй, барилгын компаниуд авсан зээлээ төлж чадахгүй бол яах вэ гэдгийг бид удахгүй харж ч магадгүй...    

  • Бидэнд аз дайраад дээрх шиг зүйл тохиолдохгүй гэж бодъё. Уул уурхай, хөдөө аж ахуй, барилга гэсэн эдийн засгийг маань чирч яваа 3 салбар үргэлж өндөр өсч чадах уу? 

Ер нь л хэцүү...Барилга 2012 онд 85%, Уул уурхай 2014 онд 24%, ХАА 2012 онд 21% гэх мэт өндөр өсөлтүүд тухайн жилийнхээ GDP-г өсгөх мотор нь болж байсан. Гэхдээ өндөр өсөлт гэдэг нь нэг талаар идэвхитэй үйл ажиллагаатай холбоотой ч нөгөө талаар суурь хэмжээ нь угаасаа жижигхэн гэдэгтэй ч мөн холбоотой. 

Жишээ нь, 10  өндөгтэй хүн нэмээд 1 өндөгтэй болоход 10% өсөлт. Харин 100 өндөгтэй хүнийн хувьд энэ нь 1%-ийн л өсөлт болно. 100 өндөгтэй болчихоод 10% өсөлтөө хадгалахыг хүссэн хүн 1 биш 10 өндөг нэмэх хэрэгтэй.  

Тэгэхээр том эдийн засагтай орны дундаж 1 компанийн борлуулалтын хэмжээтэй л тэнцүү, жижигхэн эдийн засагтай Монголд Оюутолгой шиг 1 үйлдвэр баригдах, зудны дараа мал сайн төллөх эсвэл нийслэл хотдоо хэдэн байшин нэмж барихад л энэ нь эдийн засгийн өндөр өсөлт болж хувирдаг ( => эдийн засаг 2 оронтой тоогоор өсчээ гээд сайрхаж ярьж байгаа хүнд нэг их итгээд хэрэггүй гэсэн үг). Дээрх өндөгний жишээгээр бол бага зэрэг бүтээн босголт хийхэд л жижигхэн хэмжээтэй эдийн засаг маань хурдтай өсөх нь зүй ёсны хэрэг, харин томроод ирэхийн цагт ѳндѳр өсөлт бий болгохын тулд илүү олон үйлдвэр, байшин барих хэрэг гарна.

Харин одоогийнх шиг Уул уурхай, ХАА, Барилгын салбар л эдийн засгаа чирч явах үед сайхан амьдралд хурдан хүргэх ѳндѳр өсөлтийг цаашид бий болгож чадах эсэх нь эргэлзээтэй. Учир нь:

  • Жил бүр Оюутолгой шиг уурхай баригдахгүй. Зэсийн үнэ савалдгаараа саваж, унах үед нь дагаад эдийн засаг маань ч хэцүүднэ. Хэзээ нэгэн цагт газар доорх баялаг дуусахаар ѳсѳлтийг бий болгох ѳѳр салбар хэрэгтэй;
  • Зуд бололгүй мал өслөө ч бэлчээрийн даацандаа тулаад л зогсоно;
  • Баригдах байшингийн тоо ч хүн амын хэмжээтэйгээ уялдаад зогсоно;
  • Уул уурхай, хѳдѳѳ аж ахуй, барилгын салбарууд нь ѳѳрѳѳ харьцангуй бүтээмж муутай салбарууд тул урт хугацаанд бүтээмжээ нэмэгдүүлж, эдийн засгаа ѳсгѳх боломж хязгаарлагдмал.

Тэгэхээр цаашид эдийн засгаа өсгөж, нэг хүнд ногдох баялгаа нэмэгдүүлж улмаар амьдралын түвшнээ сайжруулахад эдийн засгийг бүрдүүлж буй бусад салбарын хувь нэмрийг нэмэгдүүлэх буюу "эдийн засгаа Солонгоруулах хэрэгтэй" гэдэг нь тодорхой. Гэхдээ олон салбар зэрэг хөгжүүлэхэд Монголын цөөхөн хүн хүрэх үү?  Аль нэг салбар уналаа ч эдийн засаг нь явж л байдаг Солонгорсон эдийн засаг маань ямар өнгөтэй байх хэрэгтэй вэ? Урдах уул уурхайгаа сайн явуулж чадаагүй байж бусад салбаруудын талаар ярих нь хэр бодитой вэ? гэх мэт асуултууд гарч ирнэ. Энэ талаар дараагийн нийтлэлдээ хариулъя.

 

 

Нэмэлт : 

  • Эдийн засгийн тѳрѳлжүүлэлт (Солонгорсон эдийн засаг): Үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ тѳрѳл зүйл болон борлуулах зах зээлийг нэмэгдүүлж, орлогын олон эх үүсвэртэй болгохыг хэлнэ. Үйлдвэрлэлээ тѳрѳлжүүлэх, экспортоо тѳрѳлжүүлэх гэсэн 2 зүйлийг ихэвчлэн хамтатгаж нэрлэдэг.Үйлдвэрлэлээ тѳрѳлжүүлснээр олон тѳрлийн бүтээгдэхүүн үйлчилгээнээс зэрэг орлого олох боломжтой болно. Харин  экспортоо тѳрѳлжүүлснээр зѳвхѳн дотоодын зах зээлээс гадна гадаадын зах зээлд бүтээгдэхүүн үйлчилгээгээ зарж, орлогоо нэмэгдүүлэх боломжтой.
  • Эдийн засгаа тѳрѳлжүүлсэн жишээ:

 Эх сурвалж:

Монголын статистик /Үндэсний Статистикийн Хороо/
Сингапурын статистик /Department of Statistics Singapore/

Сэтгэгдэл бичих

arrow icon