Нийтлэл 04 сарын 30, 2015

НҮҮРСНИЙ ХЭРГИЙН ҮНЭН МӨНИЙГ МӨШГӨВӨЛ

2014 оны хавраас Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх нартай холбогдох  Нүүрсний хэрэг” гэх зүйл шуугиан тарих болсон билээ. АТГ-аас ойр ойрхон хурал зарлаж, олон нийтэд энэ хэргийн улмаас “төрийн өмчит Багануур ХК буюу улс даруй 3.6 тэрбум төгрөгөөр хохирсон нь Аудитын байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон” хэмээн буруутгаж эхлэснийг бүгд санаж байгаа байх. Бүтэн жил шуугиж, асар ихээр улс төржсөн энэ хэргийн мөрөөр мөшгиж, яг юу болсон, ямар төөрөгдөл, будлиулалт өрнөснийг тодруулахыг хичээснээ уншигч танд толилуулъя.

 

АТГ-ын хийсвэр буруутгалууд ба бодит үнэн

АТГ-аас Л.Гансүх нарыг буруутгасан заалт бүр дээр тулгуурлан бодит үнэнийг сийрүүлбэл илүү оновчтой байх бололтой.

   

Буруутгал 1

Л.Гансүх Засгийн газраас ямар ч шийдвэр гараагүй байхад албан тушаалаа ашиглан нүүрс жижиглэнгээр худалдах ажлыг зохион байгуулсан.

 Бодит үнэн 1

2012 оны 8 дугаар сарын 20-нд Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдмагцаа үнийн өсөлттэй тэмцэхийн тулд Монголбанктай хамтран шатахуун, мах, гурил гэх зэрэг өргөн хэрэглээний бүтээгдэхүүнүүдийг  үйлдвэрлэгч, нийлүүлэгчидтэй зөвлөлдөн хүү багатай зээл олгосны үр дүнд үнэ  тогтворжиж эхэлжээ. Гэтэл 10 дугаар сарын дундуур хэрэглээний нүүрсний жижиглэнгийн үнэ эрс өссөн байна.

Шалтгаан нь Улаанбаатарт нүүрс жижиглэнгээр борлуулдаг компани огт байхгүй. Харин бөөнөөр нийлүүлдэг 2 компани байжээ. Нэг нь Төрийн өмчит “Багануур илч” ХХК, нөгөө нь Алаг толгойн нүүрсийг нийлүүлдэг хувийн компани. Тэд нүүрсийг вагоноос буулган газар дээр нь том, жижиг, нунтаг чулуутай нь экскаватороор шууд хутгаад 60 гаруй мянган төгрөгөөр зардаг байсан. Үүнийг нь портертой иргэд аваад жалганд аваачин томыг нь лантуудан жижиглэж, шигшин гуравны нэг орчим нунтгийг нь хаяад үлдсэнийг иргэдэд 200 000-220 000 төгрөгөөр зарж байв. Мөн өдөрт 200 гаран машин Багануурын уурхай дээрээс тонныг нь 25 000 төгрөгөөр аваад нийслэлд авчран 200 000 мянган төгрөгөөр борлуулдаг тогтсон сүлжээ ч үүссэн байж. Тиймээс Засгийн газраас нүүрсний үнийг барих, хямдруулах шийдвэр гаргаж, үүний дагуу “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Ерөнхий сайд энэ асуудлаар Эрчим хүчний сайд М.Сономпилд үүрэг өгсний дагуу 9 сарын 26-ны өдөр "Ажлын хэсэг томилох тухай" 13 тоот тушаал гарчээ. Энэ ажлын хэсэгт Эрчим хүчний яамны төлөөлөл, Багануурын уурхайн удирдлагууд болон Багануур Илч компанийн удирдлагууд багтсан байдаг.

Ажлын хэсэг 10 дугаар сарын 23-ны өдөр танилцуулга хийхдээ Багануур ХК-ийн ТУЗ-өөс ирүүлсэн 2011 оны 04 тоот тогтоол, 2012 оны 15 тоот тогтоолуудын дагуу нэг тонн шигшээгүй нүүрсийг 27 500 төгрөгөөр тооцож нийлүүлэх болсныг мэдэгдсэн байна. Тэгэхээр Эрчим хүчний сайдын болон Багануур ХК-ний ТУЗ-ийн албан ёсны шийдвэрийн дагуу уг ажил явагдаж байжээ.

Энэ үед Багануурын уурхай нэг тонн шигшээгүй нүүрсийг:

  • Цахилгаан станцуудад 20 500 төгрөгөөр
  • Иргэн аж ахуйн нэгжүүдэд 25 000 төгрөгөөр
  • MGLSB компанид 27 500 төгрөгөөр өгч байсан байна.

Тухайн үед Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх нь ажлын хэсгийн дүгнэлт гаргахад оролцоогүй, харин хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад төр, хувийн хэвшлийн түншлэлд зохицуулагч, хянагчийн үүрэгтэйгээр оролцож байсан ажээ.

 

  

 Буруутгал 2

Л.Гансүх нар Багануур ХК нэг тонн нүүрснийхээ үнийг 39 мянган төгрөгөөр  тогтоосон байхад 27500 төгрөгөөр тооцож аваад жижиглэнгээр борлуулахдаа 80 мянган төгрөгөөр худалдаж, үнийн зөрүүгээс их хэмжээний мөнгө завшсан. 

 

Бодит үнэн 2

АТГ энэ буруутгалдаа Үндэсний Аудитын газрын аудитор Ш.Ичинхорлоогийн дүгнэлтийг үндэс болгожээ. Тэрээр Багануур ХК-ийн ТУЗ-өөс 2013 оны наймдугаар сард гаргасан тогтоолын "шигшиж, ангилсан нүүрсийг" тонн тутмыг 39 мянган төгрөгөөр борлуулах  шийдвэрт тулгуурлаж дүгнэлтээ гаргасан гэдэг. Өөрөөр хэлбэл MGLSBD компани Багануур ХК-ийн ТУЗ-ийн гаргасан шийдвэрээр бус илүү хямд үнэ буюу 27 500 төгрөгөөр нүүрс авч, үнийн зөрүүнээс нийт хоёр тэрбум гаруй төгрөгийг завшсан гэж үзжээ. Ингэхдээ Багануур ХК-ийн ТУЗ-ийн 2013 оны наймдугаар сарын 8-ны өдрийн 02 тоот тогтоолд буй 39 мянган төгрөг гэх үнэ нь Багануур ХК-ний зүгээс "өөрсдөө шигшиж ангилаад, жижиглэнгээр худалдах тохиолдол хэрэглэх үнэ" гэж заасныг санаатайгаар орхигдуулсан байна.

MGLSBD компани нь Багануур ХК- ийн ТУЗ-ийн 2013 оны 11 сарын 1-ний шийдвэрийн дагуу шигшиж ангилаагүй нүүрсийг 27500 төгрөгөөр худалдан авч, өөрсдийн техник, хүн хүчээр Багануур болон Амгалан өртөөн дээр хоёр удаа шигшиж, ангилаад шуудайлан, таван  дүүргийн гэр хорооллын гудамжуудад байгуулсан нийт 163 борлуулалтын цэгт хүргэж өгч борлуулж байжээ. Хоёр удаагийн шигшиж, ангилах ажиллагааны зардал, төмөр замын тээврийн зардал, ачих буулгах, шуудайлах, борлуулалтын цэгт машинаар хүргэх болон жилтнуудын цалин хөлс, нийгмийн даатгал, татвар зэргийг оруулан тооцсоноор нэг тонн шигшиж ангилан шуудайлж борлуулсан нүүрсний зардал 78 мянган төгрөгт хүрч, үүн дээр компани 2000 төгрөгийн ашгаа нэмсэн үнээр борлуулдаг байжээ.

Гэтэл дүгнэлт гаргасан аудитор болон аудитын компани нүүрсийг шигших, ангилах, шуудайлах, хүргэх, борлуулах явцын зардлыг огтхон ч тооцож үзэлгүй эхний болон эцсийн үнийн зөрүүгээр "завшсан, хохирол учруулсан" гэсэн дүгнэлт үйлдсэн нь санаатайгаар мушгин гуйвуулсан, ёс зүйгүй хэрэг болжээ. Багануур ХК-ийн ТУЗ-ийн шийдвэрийн дагуу нэг талаас тус компанийн гүйцэтгэх удирдлагууд бүгд гарын үсэг зурж, нөгөө талаас Нүүрс хөтөлбөрийн менежментийг хийж гүйцэтгэх MGLSB ХХК-ийн удирдлагууд гарын үсэг зурж, хүчин төгөлдөр болсон, нэг тонн шигшээгүй нүүрсийг 27500 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ 2 жил хэрэгжээд дуусч, дүгнээд гэрээ хийсэн хоёр тал гомдол гаргаагүй, хохирол нэхэмжлээгүй байхад Үндэсний аудитын байцаагч ирж, өөрт оногдоогүй эрхийг эдлэн "Та нар нүүрсээ 39 мянган төгрөгөөр борлуулах ёстой байсан" гэж цаасан дээрх хохирлыг анхлан бий болгосон. Улмаар уг гэрээний харилцаанд огт хамааралгүй Л.Гансүхийг үнийн зөрүүгээр 2 тэрбум гаруй төгрөг завшсан гэж муйхарлан буруутгасан байдаг.

   

 Буруутгал 3

Л.Гансүх нар Багануур ХК-иас ачуулсан нүүрс, борлуулсан нүүрсний хоорондох хэмжээний зөрүүгээс мөнгө завшсан. 

Бодит үнэн 3

Баганнуур ХК болон MGLSBD компаниудын хооронд байгуулсан Нүүрс худалдах, худалдан авах тухай гэрээний 3 дугаар зүйлийг 3.6 заалтыг харвал "Худалдан авагч нь вагоноос буусан нүүрсийг шигшиж, шуудайлсны дараах жингээр тооцоо хийнэ" гэж тодорхой заасан байх юм. Компани уурхайгаас нүүрс авсан даруй Багануурын уурхай дээр байрлуулсан өөрсдийн тоног төхөөрөмжөөр эхний шигшилтийг хийдэг ч чулууг ялгах боломжгүй аж. Тиймээс Улаанбаатарт ирсний дараа ахин шигшиж (Багануурын нүүрсний онцлог нь вагонд ачих, буулгах болон замын сэгсрээнд үйрч, нунтаг нэмж үүсдэг), чулууг ялгана. Нүүрсний вагон бүр дээр 14 хүнтэй шигших, савлах баг ажиллаж, нэг тоологч хянажээ. Энд шигших, чулуу ялгах, шуудайлж савлаад жинлэх, амсарыг нь оёж, тээврийн машинд ачих ажлууд хийгдэнэ. Вагоноор ирсэн нүүрс дуусмагц тоологч, бригадын дарга хоёр тухайн вагоноос хэдэн шуудай нүүрс гарсан. Хэдийг нь ямар дугаартай машинд ачсан талаарх бүртгэлийг хийж, гарын үсэг зурж баталгаажуулна. Уг  тооцоог талбайн ахлагч, “Багануур илч”  компанийн холбогдох албан тушаалтан нар  зөвшөөрч гарын үсэг зурна. Учир нь нүүрсний хэмжээг тооцохдоо шуудайлж, жинлэсний дараах цэвэр жингээр тооцно гэж гэрээн дээр заасан.

Толгойт, Амгалан өртөөнүүд дээр хийгдсэн хоёрдахь шигшилтээс үлдсэн үйрмэг, нунтаг нүүрсийг “Багануур илч” компани хүлээж аваад Цахилгаан станц, уурын зуухнуудад тонныг нь 20500 төгрөгөөр өгдөг байжээ. Энэ үед ялгасан  чулууны жин мэдээж хасагдана. Багануур илч бол Багануур ХК-ийн охин компани ажээ. Вагоны жингийн стандарт алдагдал гэж юм байдаг. Үүнийг тооцох тогтсон аргачлалтай. Тийм стандарт алдагдал болон шигшүүрээс ялгарсан чулуу, үйрмэгийн хэмжээг хасаад цэвэр шуудайлсан нүүрсний жингээр эцсийн тооцоог хийдэг байжээ. Гэтэл аудитор Ш.Ичинхорлоо гэрээнд тодорхой заасан хэмжих зарчим, стандарт алдагдал зэргийг тооцохгүйгээр эхний болон эцсийн жин хэмжээний хооронд гарсан зөрөөгөөр тэрбум гаруй төгрөгөөр Багануур ХК-ийг хохироосон гэх дүгнэлт хийсэн байна. Үүнд мөн л Л.Гансүх ямар ч холбогдолгүй бөгөөд компаниудын хооронд байгуулсан гэрээний асуудал.

   

Буруутгал 4

Л.Гансүх нар Багануур ХК-иас шатахууны зардал нэрээр их хэмжээний мөнгө луйвардсан. 

 Бодит үнэн 4

MGLSB компани “Багануур” хувьцаат компаниас экскаватор, бусад техникийн түлшийг үйл ажиллагаандаа хэрэглэн хоорондын тооцоогоор төлөөд явж байсан 399.3 сая төгрөгийг хохирол учруулсан мэтээр дүгнэсэн. Гэтэл энэ төлбөр хийгдсэн нь санхүүгийн баримтаар нотлогдсон. Мөн л Л.Гансүхэд огт хамааралгүй асуудал.

  

 Буруутгал 5

Л.Гансүхийн төрсөн охин MGLSB компанийг байгуулсан нь тогтоогдсон. 

Бодит үнэн 5

Улсын бүртгэлийн газраас өгсөн лавлагаанаас харахад MGLSB компани 2009 онд М.Сүхбаатар хэмээх ганц эзэмшигчтэйгээр байгуулагджээ. Л.Гансүхийн охин Г.Цэрэнжагзан тус компанийг байгуулах үед болон хожим ч эзэмшигчээр нэмэгдэж ороогүй нь тогтоогдсон байна. Түүгээр ч барахгүй 2012-2014 онуудад Монголд байгаагүй ажээ.

 

Үнэнийг хэн хамгаалах вэ?

Нүүрсний хэрэг гэгчийн мөрөөр мөшгих тусам гэмт хэрэг биш болох нь тодорно. Буруутгал бүхний эсрэг дэлгэх үнэн олдож байна. Эндээс надад айдас түгшүүр төрлөө. Монгол улсад үнэн гэж байна уу? Эндээс хэн нэг аудиторын алдаатай ч  юм шиг, захиалгатай ч юм шиг хийсвэр "дүгнэлтээр" мөрдөн байцаагч хэнийг ч хилс хэрэгт унагаж болох нөхцөл тодорно. Бас нэг хачирхалтай зүйл байгаа нь “учруулсан хохирол” гэх тоо нь 3,6 тэрбумаас 13 тэрбумын хооронд хэлбэлзээд байгаа явдал. Монголын хяналт шалгалт хийх, мөрдөн шалгах байгууллагуудад мөнгөний тоо хэмжээтэй холбоотой мэдэгдлүүдээ байнга өөрчилдөг хачирхалтай, зуршил гэхээр зүйл тогтоод байгаа бололтой. Ё.Отгонбаярын эхнэрийн дансаар орсон гэх мөнгөний хэмжээ, Саусгоби сэндс компаний татвараас зайлсхийсэн гэх мөнгөний хэмжээ, Оюутолгой төслийн татварын өрийн хэмжээ байнга өөрчлөгдөж байсны нэгэн адил "нүүрсний хэрэгт" дурдагдсан тоонууд ч өөрчлөгдөж иржээ.

Хамгийн аймаар нь буруу дүгнэлт хийж бусдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулж байгаа аудитор Ш.Ичинхорлоо гэгч хожим нь Л.Гансүхийн өмгөөлөгч О.Баасандоржид бусдын шахалт, дарамтаар тийм зүйл хийсэн гэж хүүрнэсэн явдал. Хүний хувь тавилан, эрүүл мэнд, нэр хүндэд төрийн байгууллага, хууль хүчний байгууллагууд дэндүү харгис хүйтэн ханджээ. Эсвэл хэвлэлийнхний хардаж бичдэг шиг улс төрийн захиалгаар хөдлөөд байна уу гэдгийг ялгаж, салгах, тодруулах, хариуцлага тооцох цаг болжээ.

 

“Үндэстний тойм сэтгүүл”

Сэтгэгдэл бичих

    • Уншигч
    • 2015-12-22

    Шүүх, прокурорынхон өөрсөддөө ажил олж хийхийн тулд шат шатны шүүхээр хүмүүсийг заавал дамжуулж, тэр бүрийд ажил хийсэн нэр зүүдэг бололтой. Дээд шүүх дээр унах нь тодорхой хэрэг...

arrow icon