Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 40 гаруй хувийг Төр санхүүжүүлж бий болгож байна. Төр татвараас санхүүждэг бөгөөд Төрийн худалдан авалт Монголын эдийн засгийн дийлэнх хувийг эзлэж байгаа учраас өнөөдөр эдийн засаг зогсонг байдалд орсон нь нууц биш. Төсөв бүрдэхгүй болохоор Төрд бараа нийлүүлдэг компаниуд мөнгөө авч чадахгүйд хүрч гинжин хэлхээгээр эргээд татвараа ч төлөхгүй гэх. Засгийн газар нь татвар цуглуулдаг газруудаа шахаж, гааль татварынхан өнгөрсөн баларсан юмаа эргэж ухан угаасаа мөнгөгүй болчихсон компаниудаа дэмий л дарамталж хаана хаанаа хөл алдаж байна. Гаальд төлөвлөгөө өгдөг нь ч бас юу вэ? Тэд ямар бараа импортлох биш. Татварынханд төлөвлөгөө өгдөг нь юу вэ? Тэд хүний бий болгосон баялагаас л хуулиар далайлгаж хувьдаа эсвэл хувьсгалдаа хэдэн бор юм олох гэж суугаа хүмүүс. Баян, ядуу айл өрхийг харьцуулж бишгүй л үзсэн биз. Олдог орлого нь өөр байхаасаа үл хамааран, зардаг зарлага хэрхэн хянаж байгаагаараа баян, ядуугийн ялгаа гардаг. Ядуу гэх тодорхойлтод ямар өрхийг оруулах вэ
гэхээр, олоогүй орлогоо зарлагдсан, гэнэт орлого орохоор байнга тийм байх юм шиг хамаа намаагүй үрж зардаг, идэх уух, зугаа цэнгэлд мөнгө хармалдаггүй, урсгал зардлаасаа бага орлоготой байж хэрэгцээгүй зүйлд (жишээ нь 00 өрөөнд зурагт тавих ) хөрөнгө оруулалт хийдэг өрхийг оруулж болно. Монгол улсын төсвийн төлөвлөлт, батлаж байгаа арга хэлбэр, гишүүдийн оролцоог харвал ядуу байхаас аргагүй
. Байнга л төсөв нь цоорхой, гишүүд нь жалга довны асуудал ярьсан, 1500 км-ийн цаана байгаа сургуулийн дээвэр засах эсэх, хэдэн төгрөгөөр засахыг УИХ хэлэлцээд сууна гэдэг бол эмгэнэл
.
Ухаалаг төр гэдэг нь тун харьцангүй ойлголт юм. Ухаалаг болох ч тийм хэцүү зүйл биш, даамай Төрийн хувьд бүр амархан. Зөв зохистой төсөв бүрдүүлэлт зарлагын системтэй болчихвол аль намын хэн гэдэг дарга байхаас үл хамааран хийгдэх ажил нь зөв гольдролоор явж, Төр өөртөө ухаалаг нэр зүүх бүрэн эрхтэй. Төсөв маань үндсэндээ урсгал зардал, хөрөнгө оруулалт гэдэг хоёр заалттай бөгөөд урсгал зардлыг нь сонирхдог хүн бараг үгүй. Жилийн жилд л нэмэгдэж байдаг урсгал зардлыг УИХ-аар хэлэлцүүлж баталдаг мөртлөө эргээд зөв зохистой зарцуулсан эсэхэд хяналт сул, хамгийн харамсалтай нь татвар төлөгчдын хяналт байхгүй. Бид хүнээр ажил хийлгэхдээ хэдийг үрж байгааг нь огт хянахгүй байна гэсэн үг. Татвар төлөгчдийн холбоо гэдэг ТББ байдаг ч хэн, хэзээ, ямар учраас байгуулаад хэнийг төлөөлөөд байгаа нь бас л эргэлзээтэй. УИХ-ын гишүүдээс эхлээд татварын мөнгөөр цалинждаг хүний тоо ихсэж, эдэлдэг ямбанаас, алдаатай оновчгүй шийдвэрээс шалтгаалсан үргүй зардал зайлшгүй гарах зардлаас хэдийг хасаж байна вэ гэдэгт аль ч шатны байгууллага анхаарал тавьж тооцдоггүй. Урсгал зардлыг эрхбиш тооцож, төлөвлөж болох учраас төсөвт зоож болох цор ганц тоо. Хөрөнгө оруулалтыг бас төлөвлөж болох боловч ухаалаг Төр маань хэдийг олох нь тодорхой биш учраас хөрөнгө оруулалтад зөвхөн зарлагаас давсан орлогоо зарцуулна гэдэг логикоор төлөвлөж бус, олсон орлогодоо багтааж хийх учиртай. Өөрөөр хэлбэл ухаалаг Төрийн төсөв нь дараа жилийн урсгал зардал, түрүү жилийн зардлаас давсан орлого хоёр байна гэсэн үг. Хөрөнгө оруулалт нэг жилээр ухрааж тооцож төсөвт тусгана гэсэн үг. Бүр оныг нь бичиж тайлбарлахгүй бол яг над шиг нөхдүүд төөрөлдөж мэднэ. 2015 оны төсвийг хэлэлцэхэд 2015 онд гарах урсгал зардлыг, 2014 онд зарлагаас давсан орлогын хэмжээтэй хөрөнгө оруулалтын төсөв өргөн барих ёстой юм. Түүнчлэн 2014 онд хөрөнгө оруулалт 0 байж орлого нь зарлагаасаа их болох юм. Олох орлогоо багцаалж мэдээлэл хэлбэртэй байлгахгүй бол нэг ам.доллар 2014 оны төсөвт 1 380 төгрөгөөр тооцоод хууль баталчихаар тэр хууль нь яаж амьдралд хэрэгжих вэ дээ? Бөө удган биш, хэн ч энэ тоонд үнэмшихгүй. Доллар гуай бүр унаж ч мэднэ л дээ, гэхдээ л хэн нэгний санааны зоргоор тоо тавиад хууль батлаж суух нь зохисгүй юм. Энэ зуны байдлыг харвал хэн нэгэн албан тушаалтны хувийн амбиц, шунал тачаал, мэдлэггүйн харгайгаар доллар хаашаа ч хэлбэлзэж, хэдэн ч хүн хохирч болхоор байна.
Зарлагаас давсан орлого буюу хөрөнгө оруулалт хийж болох мөнгөөр юу хийхийг УИХ гишүүд мэдэж батлах нь бас л зохисгүй юм. Парламентын засаглалтай улсын хувьд эдийн засгийн ахиц, хөгжил дэвшлийг тодорхойлох үүрэгтэй хүн нь Ерөнхий сайд. Энэ улсын хаана нь юу хэрэгтэй байгааг ерөнхийлөн харж, өөд нь татаж явах үүрэгтэй хүн. Салбар салбарын сайдууд нь салбарынхаа тулгамдсан асуудал болоод хэтийн төлөв, нийслэл болон аймгийн засаг дарга нар нутаг орны тулгамдсан асуудлыг танилцуулж шийдвэрлүүлэх учиртай.Ийм байтал нэг хайрханыг тойрсон дөрвөн сумын хамаатнуудыгаа гуйж гувшин байж гишүүн болсон нэг нөхөр гурван сум руу цахилгаан татуулна
. Энэ нь эх орны хөгжил дэвшил мөн гээд дэвхцэж тэрбум тэрбумаар нь төсөвт суулгуулж шугам татуулчихаад дараа дараагийнх нь жилүүдэд өнөө хэдэн сумынхан цахилгааныхаа мөнгийг төлж дийлэхгүй байна, бас төдөн төгрөг гээд чарлаад суух нь хөгжил дэвшил мөн үү? Тэгэхээр Ерөнхий сайд нь төсвөө орон нутгаасаа урсгал зардлыг нь асууж зохиогоод барьж орж ирээд л батлуулдаг, хөрөнгө оруулалтыг мөн л Ерөнхий сайд нь өөрөө мэдээд өнгөрсөн жил олсон мөнгөөрөө л хийдэг болчихвол ухаалаг Төр рүү нэг алхам ойртох нь дамжиггүй. Тэнэг балай төр л кноп даруулахын тулд гишүүдийн хүссэн хэмжээгээр хэрэгтэй хэрэггүй нь хамаагүй элдэв зүйлд хөрөнгө оруулна гэж төсөв зохиогоод барьж орж ирдэг байх. Шууд хэлэхэд энэ балар эртний аргаар Засгийн газар нь Их хурлын гишүүдээ авлигадаж, гишүүд нь төсвөөр барьцаалж шантаж хийж байна
шүү дээ. Хүнээр гэрээ засуулахын тулд мөнгө өгчихөөд ямар оймс, дотуур өмд өмсөхийг нь хүртэл зааж өгдөг солиотой хүн байх уу? Бүх юмыг нь ширхэглэн зааж өгчихөөд засвар муу хийлээ гэж загнах ер нь хэр зохистой юм? Ухаалаг Төр Ерөнхий сайдаа ухаалгаар тодруулж , ухаалгаар итгэж , ухаалгаар хянаж, ухаалгаар хариуцлага тооцдог юм. Ухаалаг Төрд ухаалаг төсөв хэрэгтэй.
Үндэсний Тойм сэтгүүлийн 2013 оны арванхоёрдугаар сарын 2-ны дугаарт хэвлэгдсэн
Сэтгэгдэл бичих