Нийтлэл 05 сарын 05, 2015

ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТӨЛӨӨ ХУУЛИАР ЗУЛ ӨРГӨЕ!

Хаврын чуулган үргэлжилж  байна. Хаврын чуулганаар сайн балиашиглаж батлуулмаар нэг хуулийн төсөл байна.

Саяхан даа, сар шинийн дараагаар бусдыг ах дүүсдээ золгож, амгалан сайхныг ерөөж байхад аав ээждээ зодуулж амиа алдсан гэгдэх бяцхан охины тухай мэдээ олныг хэрдхийлгэж, араас нь өвлийн уралдаанаар морины хөлд дэвсүүлж буй хүүхдүүдийн зураг нэмэгдсэнээр олон нийтийн бухимдал туйлдаа хүрч, олныг хамарсан зултай жагсаал зохион байгуулагдсан. Энэ мэтээр хүүхдийн эрхийн төлөө олон нийт  дуу хоолойгоороо нэгдэж  байгаа ч энэ нь сэтгэл хөдөлгөөний чанартай, үе үе дүрэлзэж асаад унтрах маягтай байна. Урдаа ажил амьдралтай иргэд өдөр бүр жагсаад, шаардлага тавиад байх боломж хомс. Угтаа энэ бүхнийг зохицуулах нь иргэдээс сонгогдсон  төрийн түшээдийн үүрэг юм. Төрийн функцыг сайн шахаж ажиллуулж, хуулиа  батлуулаад хэрэгжүүлбэл хүүхдийн ирээдүйн төлөө асааж чадах хамгийн том зул болох учиртай.

 

Морь унах уу, мориноос унах уу?

Ялангуяа өвлийн уралдааны үеэр хүүхдүүд бэртэх аюулд их өртөж байна. Үүний гол шалтгаан нь хальтиргаа гулгаатай холбоотой. Хэдийгээр уралдаан зохион байгуулж байгаа газар зам засч, мөсийг нь цэвэрлэдэг ч адууны туурай хуруу дарам газрын мөсөнд л хальтирдаг. Морь хальтрахаас гадна уралдааны морь унаж буй хүүхдүүдийн хөл, хацар хайрагдаж хөлддөг.

Үндэсний спорт морин уралдаан сайнаар хэлбэл шинэчлэгдэн өргөжиж, нэрэмжит ой, тахилга, бүсийн, хаврын гэх тодотголтой хурдан морины уралдаанууд иргэд, орон нутгийн санаачилга, улирал харгалзахгүй олноор зохион байгуулагдах боллоо. Уламжлал хэмээн өмөөрөх тал, хүүхдийн хүчирхийлэл гэж эсэргүүцэх талын маргаан үргэлжлэх зуур сүүлийн хоёр жилийн хугацаанд гэхэд хүүхэд хэрхэн хохирч байгааг дараах зургаас харж болно.

 

Гэтэл уламжлал гэдэг маань юу билээ?  Төрийн их баяр наадмаасаа морь уралдуулахыг хасах, хөдөө орон нутагт овоогоо тахихдаа цөөн хэдэн морь уралдуулж, жинхэнэ уламжлалаа хадгалж байгааг таслах гээгүй. Гагцхүү  өвлийн цагт  морь уралдуулахыг л болиулах. Ерөөсөө хэзээнээсээ манай уламжлалд өвөл морь уралдуулдаг зэрлэг балмад уламжлал байгаагүй. Уламжлал гэж маргах зуур томчуудын “УНА” гээд явуулсан хүүхдүүдийн зарим нь морио унаж давхисаар барианд ордог, зарим нь мориноос унаж бүр хорвоогоос унах эмгэнэл ч гарсаар байна. Балиашиглая гээд байгаа хуулийн төсөл маань хүн уна гэснээр унадаг хүүхэд насанд биш унах эсэхээ өөрөө хариуцаж шийдэх чадамжтай 16 нас хүрээгүй бол өвөл хаврын уралдаанаар хурдны морь унуулахыг хориглохоор хуульчлах төсөл юм.

 

Төр юу хийж байна?

Гэм үйлдэх тал, хүлцэх тал ижил гэмтэй. Манай төр засаг тэгвэл хүлцэх нь бүү хэл уралдааны тов, журам албан ёсоор гарган зарлах мэтээр “идэвхитэй” хүлцдэг хам нүгэлтэн. Хавсралтад жагсаасан нэр төрлийн төрийн зохицуулалтууд байдаг ч хийтэй “өрсөн” элдэв дүрэм журмын завсраар хүүхдүүд унасаар. Жишээ нь, хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд энгийнээр хэлвэл “хүүхдийг аюултай тоглоом наадамд оролцуулахыг” хориглосон. Гэхдээ энд нэг хийдэл бий, юу гэвэл төрийн байгууллагаас гаргасан ямар ч журамд хориглоод байгаа тоглоом наадамд юу юу орох нь тодорхойгүй. Иймээс хориотой тоглоом, спорт, уламжлалын аль нь мэдэгдэхгүй хавар өвлийн уралдааны нэмэлт зохицуулалт зайлшгүй шаардлагатай байна.

 

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн агуулга

С.Одонтуяа гишүүний өргөн барьж буй хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл нь хүүхдийн нас, бие сэтгэхүйн хөгжлийн онцлогийг  харгалзан 16 нас хүрч иргэний үнэмлэх олгогдсон хүүхэд сайн дурын үндсэн дээр уралдаанд оролцож болохыг, чингэхдээ уралдааны бүхий л үе шатанд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хамгаалахтай холбоотой хамгаалах, хувцас, хэрэгслийг заавал хэрэглүүлэх, ослын даатгалын үйлчилгээнд заавал хамруулсан байх шаардлагыг хуульчлахаар зорьж байна. Хориг 11 дүгээр сарын 01-ээс 5 дугаар сарын 01-ний хугацаанд хамаарна.  Том жижиг толгой, ноён хатан уулын тухай хууль болоод ирмэгц асар идэвхитэй хэлэлцэж хэрэлдэгч чуулганы танхимд хүүхдийн эрхийн төлөө ганц алхам болох хуулийн төсөл өргөн баригдаад байна.    Жаргах зул барьж жагсах эмгэнэлт хэрэг дахин гаргахгүйн төлөө амархан жаргадаггүй хуулийн өөрчлөлтийг дэмжиж зул өргөе!

 

 

 

 

 

 

 

 

 

Нэмэлт мэдээлэл – Хүүхдийн эрхэд хамааралтай зарим хууль дүрэм

  • “Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг хориглох, устгах талаар хэд хэдэн баримт бичиг
  • Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах үндэсний хөтөлбөрийн 3.7.5: хурдан морь унаач хүүхдэд учруулж болзошгүй аюул, эрсдэлтэй үйлдлийг судлан тогтоох, түүнийг “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглох ажлын байрны жагсаалт”-д тусган хориглох ажлыг зохион байгуулах” тухай заалт
  • Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд даатгал хийлгэх тухай нэг зүйл хуулийн зохицуулалт
  • Монголын морин спорт уяачдын холбоо төрийн бус байгууллагаас гаргасан Хурдан морины уралдааны дүрэм
  • Монгол Улс Хүүхдийн эрхийн НҮБ ын конвенц болон “Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах тухай” Олон Улсын хөдөлмөрийн байгууллагын 182 дугаар конвенцийг хэрэгжүүлэх засгийн газрын амлалт

 

 

Хавсралт: Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль

Сэтгэгдэл бичих

arrow icon